Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/01402

 

 

 

 

 

 

 2020           04              27                                               184/ШШ2020/01402                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т /рд:11111/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХГ” ХХК /рд:2598124/-д холбогдох

Дэд захирал, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэсний хөлсөнд 500,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, гэрч Г.С, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ХГ” ХХК-д гүйцэтгэх захирлын үүргийг 2006 оноос 2010 онд 2010 оноос 2016 оны хугацаанд дэд захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан болно. Тус хугацаанд Д.Т нь “ХГ” ХХК болон түүний хамаарал бүхий “А” ХХК, “Н” ХХК, “Р”, “Их Монгол кашмер” ХХК-уудын нэрээр 150 ширхэг 40 тонн чингэлэг буюу нийт 3.300 тонн 240.000.000 ам.доллар /жишиг үнэлгээгээр/ үнэ бүхий ноолуурыг худалдан авах, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. “ХГ” ХХК-тай Монгол Улсаас худалдан авч, боловсруулж, экспортолсон ноолуурын 1 кг тутамд 1 юаны урамшуулал олгохоор тохиролцож ажиллаж байсан болно. Ажиллаж байх дээрх хугацаандаа ямар нэгэн цалин хөлс тус компаниас авч байгаагүй. 2006 онд тухайн жилийн урамшуулал 25,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш “ХГ” ХХК-ийн хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид нь барилгын бизнес рүү орсон. Миний бие тухай бүр тус урамшууллыг олгохыг шаардаж байсан боловч “Барилга баригдаад ашиг олохоор чиний урамшууллыг олгох болно” гэж хойшлуулсан. Барилга баригдаж борлуулагдсан боловч урамшуулал олгогдоогүй. Урамшуулал олгох талаар удаа дараа шаардсан боловч “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мэр, барилга хариуцсан “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар нар нь утсаа авахгүй, уулзахгүй болсон бөгөөд ямар нэгэн шалтгаан үндэслэл зааж хойшлуулсаар өдийг хүрсэн. Энэ талаар 2018 оны 10 дугаар сард “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатартай уулзахад урамшуулал, өгөх ёстой мөнгийг чинь өнөө маргаашгүй шилжүүлье гэж хэлээд миний дансны дугаарыг авсан боловч мөн л мөнгө шилжүүлээгүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Мэргэнбаатартай биечлэн уулзаж шаардахад тэрээр “компани чиний урамшууллыг олгох төлбөрийн чадваргүй байна, өгөхөөр бол үйлдвэр обьектыг зарж борлуулж байж олгоно” гэсэн. Иймд миний бие өөрийн 10 жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйд хүрсэн тул шүүхэд хандахаас өөр аргагүй байна. Миний бие “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор бүртгүүлээгүй боловч гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлж бусад байгууллагатай гэрээ хэлцэл байгуулах, төрийн болон бусад байгууллагад тус компанийг бүрэн төлөөлж гарын үсэг зурж байсан болно. Иймд Д.Т миний биеийг “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг 2006 оноос 2010 онд 2010 оноос 2016 оны хугацаанд дэд захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсныг тогтоож өгнө үү. Мөн тус ажиллаж байсан хугацаанд зөвхөн галт тэргээр 133 чингэлэг экспортолсон. Үүнээс 20 ширхэг нь 20 тонн багтаамжтай буюу тус бүрт 10 тонн ноолуур багтдаг. 113 ширхэг 40 тонн багтаамжтай чингэлэг байх бөгөөд үүнд тус бүрт 23 тонн ноолуур багтана. 40 тонн багтаамжтай чингэлэг тус бүрээс 23,000*1 юань=23,000 юань болж байна. Үүнийг нийт 113 чингэлэгт харьцуулахад 2,599,000 юанийн урамшуулал авахаар байна. 2.0 тонн багтаамжтай чингэлэг тус бүрээс 10,000*1 юань=10,000 юань болж байна. Үүнийг нийт 20 чингэлэгт харьцуулахад 200.000 юанийн урамшуулал авахаар байна. Нийт 133 тонн чингэлэг 2.799.000 юань буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ханш 392.29-оор харьцуулж үзвэл нийт 1,098,019,710 төгрөг болж байна. Үүнээс “ХГ” ХХК-ийн одоогийн санхүүгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж 500,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн тайлбарыг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Тын “ХГ” ХХК-д 2006 оноос 2010 онд дэд захирал, 2010 оноос 2016 онуудад гүйцэтгэх захирал байсныг тогтоолгох, тухайн хугацааны мөнгөн урамшуулал авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Д.Т нь дээрх онуудад манай компанийн захирлын үүргийг огт хашиж байгаагүй бөгөөд түүнийг гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалд томилох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарч байгаагүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, хариуцагч байгууллагын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсангүй. Манай компанийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл GUO JANMING, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд A.OTGONBATEER, 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс одоог хүртэл MORIGENBATEER нар тус тус ажиллаж байгаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газраас авсан албан ёсны лавлагаагаар нотлогдож байгаа. Мөн манай компани нь Нийслэлийн төрийн сан болон Нийслэлийн татварын газарт санхүүгийн болон ААНОАТ-ын тайланг жил бүр тайлагнадаг бөгөөд тухайн тайлангууд нь эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлын гарын үсгээр баталгааждаг болно. Нэхэмжпэгч Д.Т нь “ХГ” ХХК-ийн хамаарал бүхий “Алта Виста” ХХК, “Нанако” ХХК, “Р” ХХК, “Их Монгол кашмир” ХХК-уудын нэрээр 40 тонны даац бүхий 133 чингэлэг, 3300 тонн ноос ноолуур худалдан авах, экспортлох үйл ажиллагаанд оролцож байсан гэжээ. Манай компани дээрх компаниудаар ноолуур экспортод гаргуулах ямар ч үндэслэлгүй бөгөөд 2009 оноос 2013 оны хугацаанд л боловсруулсан ноолуур экспортод гаргасан. Дээрх компаниуд нь “ХГ” ХХК-тай ямар ч хамааралгүй байна. Д.Т нь 2006 оноос 2016 он хүртэлх өмнөх 10 жилийн хугацааны мөнгөн урамшуулал авах тухай, мөн манай компанитай хамааралгүй бие даасан хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлсэн гэж мөнгийг бидэнд хамааруулан нэхэмжилж байгаа нь хууль бусаар мөнгө олох зорилго агуулж байгаа нь тодорхой байна. Иймээс иргэн Д.Тын хууль бусаар мөнгө олох зорилгоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “ХГ” ХХК-д холбогдуулан 500,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.   

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг “ХГ” ХХК-д 2006 оноос 2010 оны хооронд гүйцэтгэх захирлын, 2010 оноос 2016 оны хооронд дэд захирлын үүргийг гүйцэтгэхдээ “ХГ” ХХК, “А” ХХК, “Н” ХХК, “Р”, “Их Монгол кашмер” ХХК-ийн нэрээр экспортолсон ноолуурын нэг килограмм тутмаас 1 юань авахаар тохирон нийт 133 тонн ноолуур экспортолсон гэвэл 2,799,000 юань буюу 1,098,019,710 төгрөг болох хэдий улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ их гарсан тул 500,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь “. . . 2006 онд экспортолсон ноолуурын нэг килограмм тутмаас 15 юань авахаар тохирсон, дараа нь 5 юань, 1 юань болгон бууруулсан” гээд ийнхүү тохирсон нь “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мэртай хийсэн уулзалтын харилцан ярианы дуу бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.Солонго, Д.Энхбат нарын мэдүүлгээр, “ХГ” ХХК болон бусад компаниудад гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсныг “Их монгол кашмир” ХХК болон “ХГ” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд аж ахуйн харилцааны дагуу бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ”-ээр, ноолуурын тоо хэмжээ, үнэ, ямар компанийн нэрээр экспортолсон нь олон улсын тээвэр зуучийн “Азийн зам” ХХК-ийн ноолуур экспорт хийсэн чингэлэгтэй ачааны мэдээлэл гэх баримтаар тус тус тогтоогдоно гэжээ. /хх-6-14, 26-35, 115-141/

Хариуцагч “ХГ” ХХК нь татгалзах үндэслэлийг Д.Т нь гүйцэтгэх захирал, дэд захирлаар ажиллаж байгаагүй боловч ноолуур экспортлох ажлыг хариуцаж ажиллаж, хөлсийг тухай бүр авч байсан, “А” ХХК, “Н” ХХК, “Р”, “Их Монгол кашмер” ХХК нь “ХГ” ХХК-тай хамааралгүй гэжээ.

“ХГ” ХХК нь ноолуур боловсруулах, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 8 хувьцаа эзэмшигчтэй ба компанийн дүрмийн 7 дугаар зүйлд компанийн ерөнхий захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 3 жилийн хугацаагаар сонгохоор заажээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар компанийн гүйцэтгэх захирлаар 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс А.Жамъян, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс Отгонбаатар, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Д.Мэр нарыг бүртгэжээ. /хх-44-55/

“ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, дэд захирлын албан тушаалд Д.Тыг томилсон тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Төлөөлөх удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөр /контракт/-ийн гэрээ, эсхүл компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй.

Эндээс үзэхэд Д.Т болон “ХГ” ХХК-ийн хооронд гүйцэтгэх захирал, дэд захирлын ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ч хариуцагч тал Д.Тыг ноолуур экспортлох ажлыг хариуцан ажиллаж байсан үйл баримтад маргаагүй учир тэдгээрийн хооронд энэхүү ажил үүрэгтэй холбоотой хөлс төлөх үүрэг үүссэн нөхцөлд нэхэмжлэгч хариуцагчаас харилцан тохирсон хөлсийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдан, хөлсийг ноолуур экспортолсон киллограмм тутамд 1 юань төлөхөөр харилцан тохирсон болох нь тогтоогдсон нөхцөлд шаардах эрх хэрэгжинэ.  

Нэхэмжлэгч Д.Т, “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мэр нарын уулзалтын харилцан ярианы дуу бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ноолуур экспортлох ажил үүргийг хариуцан ажилласны хөлсийг ноолуурын килограммаар тооцсон, хөлсийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн агуулга Д.Мэрын ярианд гараагүй, харин чингэлэг /контейнер/ ноолуур экспортлоход 8,000,000 төгрөг өгч байсан нь  ачаа тээврийн зардал, эрх бүхий байгууллагын татвар, хураамжаас гадна Д.Тын хөлс багтсан хэмээн удаа дараа хэлсэн, гэрч Г.Солонго, Д.Энхбат нар нь Д.Тыг “ХГ” ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй ноолуур экспортлохтой холбоотой ажлын хөлсийг тохирсныг шууд мэдэхгүй, энэ тухай Д.Таас дам байдлаар сонссон хэмээн мэдүүлснээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байна. /хх-115-141/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар, мөн нотлох үүргийн хуваарилалт ёсоор нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үнэн зөв, эргэлзээгүй баримтаар нотолж гэмээ нь нэхэмжлэлийн шаардлага хангагдана.

“ХГ” ХХК нь “А” ХХК, “Н” ХХК, “Р”, “Их Монгол кашмер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь, эсхүл тэдгээрээс улсын хилээр ноолуур экспортлох ажлын хөлсийг хариуцан төлөхөөр тохирсон болохыг гэрчлэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2000 оноос 2016 онд үүссэн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа бол эрх зүйн харилцаанд баталгаат байдлыг бий болгох зорилготой. Хэлцэл хийснээс хойш хэдий их хугацаа өнгөрнө, төдий чинээ үйл явдал баларч бүдгэрдэг тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн алинд нөхцөл байдлыг тодорхой байлгах үүднээс хууль тогтоогчоос уг зохицуулалтыг хийжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна.

Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцнэ. Нэхэмжлэгч нь “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мэртай нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзсан гэх боловч үүнийг тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн үзэхгүй. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.   

Иймд нэхэмжлэгч Д.Т нь “ХГ” ХХК-д 2006 оноос 2010 оны хооронд гүйцэтгэх захирлын, 2010 оноос 2016 оны хооронд дэд захирлын үүргийг гүйцэтгэхдээ “ХГ” ХХК, “А” ХХК, “Н” ХХК, “Р”, “Их Монгол кашмер” ХХК-ийн нэрээр экспортолсон ноолуурын нэг килограмм тутмаас 1 юань авахаар харилцан тохирч хөлс шаардах эрхтэй болох нь тогтоогдоогүй, түүнчлэн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч “ХГ” ХХК-аас 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2020/04247 дугаар захирамжаар “ХГ" ХХК, “Алта виста” ХХК, “Нанако” ХХК, “Р” ХХК, ”Их Монгол Кашмер” ХХК-аас 2006-2016 оны хооронд ноолуур экспортлох гаалийн бүрдүүлэлт, түүнтэй холбоотой баримтыг Улаанбаатар хот дах Гаалийн газраас гаргуулахаар шийдсэн боловч Улаанбаатар хот дахь Гаалийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/193 тоот албан бичигт захирамжаар шаардсан гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мэдээлэл гаалийн газрын мэдээллийн санд байхгүй гэх хариу өгсөн, хариуцагч тал нь нотлох баримт гаргуулах хүсэлтийн үндэслэлд хамаарах үйл баримт болох Д.Т нь “ХГ” ХХК-аас ноолуур экспортлох ажлыг хариуцан ажилласан, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт бичигт гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан, ноолуурын тоо хэмжээ, үнийн талаар маргаангүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлтээр татгалзсан болохыг дурдав. /хх-108-11, 152/ 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан Д.Т, Д.Мэр нарын уулзалтын ярилцлагын дуу бичлэгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтээс хариуцагч тал татгалзсан болно. /хх-113/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Таас хариуцагч “ХГ” ХХК-д холбогдуулан гаргасан 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.НЯМСҮРЭН