Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/01400

 

 

 

 

 

  2020          04           27                                            184/ШШ2020/01400                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Уранзул, шүүгч Б.Хишигбаатар, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Т /рд:1111/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Э.М /рд:2222/-д холбогдох

9,133,794 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, гэрч Г.Эрдэнэ-Очир, иргэдийн төлөөлөгч Ц.Янжинхорол, Т.Кунай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т миний бие “Бүрэн трейд девелопмент “ХХК-ийн фэйсбүүк хуудсан дээр тавьсан зарыг уншаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн ажлын байран дээр очиж, уулзаад Төв аймгийн сэргэлэн сумын 4-р баг, эрдэнэ уул бяцхан хөндлөн хийдийн 5 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах, хувийн сууцандаа мембран дээвэр хийлгэх захиалга өгсөн. Компанийн ажилчид эхлээд дээврийн материал сонгуулан, уг ажлыг гүйцэтгэхэд гарах зардал буюу төсвийн тооцоог надад хүснэгтээр гаргаж өгсөн ба 2,651,000 төгрөг болсон. Ийнхүү би тус компаниар дээврийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохирч 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2,500,000 төгрөгийг компанийн ажилтны өгсөн Хаан банкны 5429174328 дугаартай данс руу шилжүүлсэн. Маргааш нь тус компаниас 5 залуу манайд ирж, манай байшингийн дээвэр дээр мембран дээвэр хийсэн. Мембран дээвэр хийсний дараа бороо орж нөгөө дээвэрлэсэн хулдааснууд бүгд дээшээ овойж, товойсон байсан. Би тэр дор нь “Бүрэн трейд девелопмент” ХХК руу утсаар залгаж дээвэр, хана, таазны зургийг дарж фейсбүүкийн чат руу нь явуулсан. Ийнхүү хэлсний дараа өөр нэг хүн ирж, анх хийсэн хүмүүс нь буруу хийсэн байна, хулдаасыг нь бүгдийг нь хуул гэж хэлээд, яаж хийх зөвлөгөөг нь өгөөд явсан. Нөгөө хүмүүс нь хулдаасыг хуулж авалгүйгээр засах маягтайгаар янзлаад явсан ч нөгөө хулдаас нь удалгүй салхинд пөмбийгөөд, зоонтог шиг болж, доор нь дэвссэн зөөлөвч шиг хөөсөнцөр маягийн хуулга нь доороо бөөгнөрөөд, булангуудаараа урагдаж эхэлсэн бөгөөд борооны ус нэвчсэн байсан. Борооны ус нэвчсэний улмаас байшингийн хана, таазаар ус нэвчиж, хана, тааз нэвт норж, паркетан шалаар дүүрэн ус гоожсон байсан. Би тухайн газар байнга байдаггүй учраас ирээд харахад ийм байдалтай байсан. Ханын гаднах өнгөлгөө, будаг хууларч, паркетан шал норж дахин засвар хийхээс өөр аргагүй болсон байсан. Би өөрт учирсан хохирлоо “Вендо” үнэлгээний газраар үнэлүүлэхэд байшинг засварлахад нийт 5,383,594 төгрөгийн зардал гарна гэсэн. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 08-09-нд манайд ирж мембран дээвэр хийсэн хүмүүс нь уг ажлыг хийхдээ миний гарааш дээр мембран тавьж, хэмжээгээр нь тааруулан зүсэхдээ гараашийн силикон дээврийг давхар зүссэн байсан. Үүнийг засуулахын тулд 100 литр дээврийн резинэн будаг, 12 сав пигментийг худалдан авч, гараашийн  дээврийг засуулсан. Үүний зардалд надаас 1,401,600 төгрөг гарсан. Тиймээс би өөрт учирсан бүх хохирлоо нэгтгэн “Бүрэн трейд девелопмент” ХХК-аас нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг ажлыг “Бүрэн трейд девелопмент” ХХК биш харин тус компанийн ажилтан Э.М компанийн нэр барьж, хувиараа гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон. “Бүрэн трейд девелопмент” ХХК нь дээврийн ажлаа уг ажлаар мэргэшсэн газар буюу “Хас авдар” ХХК, “Хас арслан” ХХК-тай гэрээ байгуулж, гүйцэтгүүлдэг байсан байна. Гэтэл тус компанийн захирлын дүү гэх Э.М нь захирал хүргэн ахыгаа Оросын Холбооны Улс явсан хойгуур нь албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө ашиг олохын тулд манай дээврийн ажлыг мэргэжлийн байгууллагаар нь бус өөрийн танилууд, найзуудаар бага үнээр гүйцэтгүүлж, ашиг олсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Ийнхүү Э.М нь дээврийн ажлыг гүйцэтгэх ямар ч мэдлэг туршлага, дадлагагүйгээр миний байшингийн дээврийн ажлыг гүйцэтгүүлсний улмаас надад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Шүүхээс “Бүрэн трейд девелопмент” ХХК-ийг хариуцагч биш гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл энэ хэргийн хариуцагч нь тус компани биш Э.М болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний шүүхэд өгсөн мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон юм. Э.Мгээс мембран дээврийн ажлын төлбөрт өгсөн 2,500,000 төгрөг, байшингийн засварын зардал 5,383,594 төгрөг, гараашийн дээврийн засварын зардал 1,401,600 төгрөг, засварчинд өгсөн ажлын хөлс 150,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,100,000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, нийт 10,685,394 төгрөгийг Э.Мгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаан дээр гараашийн дээврийн засварын 1,401,600 төгрөг, гарааш засуулахад төлсөн 150,000 төгрөг, нийт 1,551,600 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулж, хариуцагчаас 9,133,794 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Бүрэн трейд девелоппмент” ХХК-ийн  байранд ирж хувийн сууцандаа мембран дээвэр хийлгэх захиалга өгсөн. Миний хувьд тухайн үед суралцахын хажуугаар хүргэн ах н.Болорбатын компанийн ажилд тусалж бараа бүтээгдэхүүнийг нь борлуулж борлуулалтын хувийг нь авдаг байсан. Нэхэмжлэгч Ц.Т нь ажлын талаар анх манай хүргэн ахтай өөртэй нь ярьсан байсан. Мөн компани дээр ирэхдээ ахыг ОХУ-руу ажлаар явсан гэдгийг мэдсэн байсан. Ингээд танайхаас материалаа авах гэж байгаа юм. Ажлын хөлсөө арай багасгаж болох уу гэж хэлж байсан ба энэ талаар бид мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл та нар хийж чаддаг бол хямдхан хийгээд өгчихвөл би компанитай гэрээ хийлгүйгээр материалаа л аваад та нараар хийлгэе гэсэн. Ингээд бид хоорондоо ярилцаж байгаад хүний 50,000 төгрөгөөр, нийт гурван хүн 150,000 төгрөгөөр хийе гэсэн. Мөн бид өмнө нь хийж үзэж байсан ч мэргэжлийнх биш гэдгээ хэлэхэд гайгүй байлгүй дээ гээд өөрөө зөвшөөрөөд хийлгэхээр болсон. Ингээд би найзууд болох Цог, Цогийн дүү, Батмагнай нарын хамт дөрвүүлээ очоод дээврийн ажлыг хийж өгсөн. Хэд хоногийн дараа надруу дээврээс ус гоожоод байна гээд ярихаар нь би ахын компанитай хамтарч ажилладаг мэргэжлийн дээвэр хийдэг Батмагнай ахыг дагуулан очоод буруу хийсэн зүйлээ залруулаад зөв болгож янзалж өгсөн. Түүнээс хойш надтай нэг ч уудаа яриагүй. Нийт 2,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Нийт ажлын үнэлгээг 2,651,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс 2,350,000 төгрөг нь материалын үнэ, 150,000 төгрөг нь ажлын хөлс байсан. Ажлын хөлснөөс үлдсэн мөнгөө өгөөгүй байсан ч гэрээ хийгээгүй болохоор, мөн дээврийн доголдолтой хийсэн байсан тул түүнд тооцон би нэхэж чадаагүй. Гэтэл 2019 оны эхээр ахын компанийг шүүхэд өгсөн байсан. Би тухайн шүүх дээр очиж гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч  нь намайг эрэн сурвалжилсан гэсэн байна. Ц.Т нь миний гар утасны дугаарыг мэдэж байгаа ба яагаад эрэн сурвалжлах болсныг мэдэхгүй. Би өөрийн 94999779 дугаарыг 9 жилийн хугацаанд ашиглаж байгаа. Түүнчлэн дээрх асуудлаар 2 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн бидний хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүйгээс гадна анхнаасаа л өөрөө мэргэжлийн бус хүмүүс гэдгийг мэдээд эрсдэлээ ойлгоод дээврээ янзлуулсан. Мембран дээвэр нь их хүнд тул нэг талаас нь дээш өргөөд, нөгөө талд нь хөлөө тавьж байгаад зүсдэг. Гараашийн дээврийг зүсээгүй. “Вендо” ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ нь 2018 оны 10 дугаар сард байна. Гэтэл бид 2017 оны 4 дүгээр сард хийсэн. Дээвэр хийлгэхийн өмнө дээврээс нь ус гоожсон байдалтай байсан. Тийм ч учраас мембран дээвэр хийлгэсэн. Гараашийн  дээврээс ч мөн ус гоожиж байгааг би дээвэр хийх гэж очихдоо хэлж байсан. Ц.Т ах нь янзлуулна гэж байсан. Иймд Ц.Тгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Э.Мд холбогдуулан 9,133,794 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. Анх нэхэмжлэл гаргахад 10,685,394 төгрөг шаардсан бол нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,551,600 төгрөгөөр багасгажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Эрдэнэ уул бяцхан хөндлөн хийдийн 5 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах, хувийн сууцны 80 м.кв талбай бүхий дээврийг мембран материалаар бүрүүлэх ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлсэн боловч буруу дээвэрлэсэн, мөн мембран материалыг гараашийн дээвэр дээр зүсэхдээ гараашийн силикон дээврийг зүссэний улмаас байшингийн хана, тааз, шал борооны усанд автсан хэмээн дахин засварлахад 5,353,594 төгрөг, дээврийн ажлын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 80,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,100,000 төгрөг нийт 9,133,794 төгрөг шаарджээ. 

Хариуцагч нь мембран дээврийг хийхдээ усны хаялгыг буруу суурилуулсан байсныг 2017 оны 5 дугаар сарын 20-ны үеэр очиж засварласан, түүнээс хойш доголдол гарсан талаар шаардаж байгаагүй, гараашийн дээврийг зүсээгүй, “Вендо” ХХК-ийн үнэлгээ 2018 оны 10 дугаар сард гарсан нь мембран дээврийн доголдлоос хохирол учирсан болох нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр мэтгэлцжээ.

Талууд Э.М нь 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ц.Тгийн өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Эрдэнэ уул бяцхан хөндлөн хийдийн 5 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах, хувийн сууцны 80 м.кв дээврийг мембран материалаар дээвэрлэсэн, 5 дугаар сарын 20-ны үеэр дахин засварласан, ажлын хөлсийг 2,651,000 төгрөгөөр тохироод 2,500,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь “Бүрэн трейд девелопмент” ХХК-д холбогдуулан 11,665,194 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1363 дугаар магадлалаар Ц.Т, “Бүрэн трейд девелопмент” ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол шаардах эрхгүй хэмээн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. /хх-6-11/

Ц.Т нь “Бүрэн трейд девелопмент” ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж байсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “. . . шүүхээс “Бүрэн трейд девелопмент” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Э.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна” хэмээн тайлбарласан, Ц.Т “Бүрэн трейд девелопмент” ХХК-ийн нүүр номын хуудсаар дээврийн ажлын доголдлын талаар гомдол гаргаж байсан зэргээс үзэхэд Ц.Т болон Э.М нарын хооронд хүчин төгөлдөр дээврийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Бүрэн трейд девелопмент” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн гэж итгэсэн, хариуцагч нь “Бүрэн трейд девелопмент” ХХК-д өгсөн захиалгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч өөртөө ашиг хүртэж, тухайн ажлыг гүйцэтгэсэн байдлаас дүгнэхэд тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. /хх-120-120/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажлын хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Э.Мгийн гаргасан “. . . 2017 оны 5 дугаар сарын 20-ны үеэр очиж дээврийг дахин засварлах үед дээврээс бороо бага хэмжээгээр нэвчсэн байсан, төлбөрөөс үлдэх 151,000 төгрөгөө өгөөгүй нь учирсан хохирлоо арилгахад тооцсон гэж бодсон” гэх тайлбар, Ц.Тгийн нэхэмжлэлтэй “Бүрэн трейд девелопмент” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Эрдэнэ сум бяцхан хөндлөн хийдийн 5 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах 325 м.кв хувийн орон сууц, гараашийн зориулалттай барилгын дээврийг бүрэх ажлын шинжээчийн дүгнэлт” гэх бичгийн нотлох баримтад “. . .тухайн амины орон сууцны дээврийг мембран материалаар дээвэрлэхдээ технологийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас хий, ус, чийг нэвтрэн гадаргуугаас хөндийрч барилга руу ус нэвчин орсон байна” гэх дүгнэлтээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчид хохирол учруулжээ. /хх-75-76/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч хувийн сууцанд борооны ус нэвчин дахин засварлах зардалд 5,383,594 төгрөг шаардахдаа хариуцагчийг мембран дээврийг чанаргүй гүйцэтгэсэн, мөн гараашийн силикон дээврийг зүссэн хэмээн буруутгажээ. Тодруулбал, нэхэмжлэгч гэрээний болон гэрээний бус үүргийн хохирлыг хамтатган шаарджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Хохирогчид учирсан хохирол нь гэм хор учруулсан этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой нөхцөлд шаардах эрх хэрэгждэг. Хэрэгт цугларсан баримт, гэрч Г.Эрдэнэ-Очирын өгсөн мэдүүлгээс үзэхэд Э.М нь мембран материалаар дээврийг хучихдаа гараашийн силикон дээврийг зүсэн гэмтээсэн болох нь тогтоогдохгүй байна.

“Вендо” ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээгээр хувийн сууцанд учирсан хохирол 5,383,594 төгрөг ба мембран дээвэр болон гараашийн дээврийн хэсэг тус бүр 80 м.кв хэмээн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн, хохирлын үнэлгээний 50 хувь болох 2,691,797 төгрөгийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хохиролд тооцон хариуцагч Э.Мгээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн  “Вендо” ХХК-аар хийлгэсэн хохирлын үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр 80,000 төгрөг, хариуцагч Э.Мг эрэн сурвалжлахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь хохиролд хамаарах ба гарсан зардал нь  баримтаар тогтоогдсон учир хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

Өмгөөлөгчид төлсөн 1,100,000 төгрөгийн зардлыг хохиролд тооцон гаргуулах боломжгүй. Учир нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул түүнээс гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Мгээс нийт 5,341,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгон, үлдэх 3,791,797 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мгээс нийт 5,341,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгон, үлдэх 3,791,797 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 185,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 100,421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.НЯМСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                        Д.УРАНЗУЛ

                                   

                                                ШҮҮГЧ                                        Б.ХИШИГБААТАР