Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч О.М,    

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн О-ын М-т холбогдох 2328000000171 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт:       

А овгийн О-ын М ...                             

Шүүгдэгч О.М нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг . . . тоотод иргэн Б.Мөтэй маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд буйл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.М-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр надтай цуг ажил хийдэг Огийн төрсөн өдөр болсон. Уг баярын арга хэмжээнд цуг ажил хийдэг М болон түүний эхнэр Д миний найз охин Э бид дөрөв Огийн гэрт 2023 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчимд Отэй цуг гадуур явж байгаад Огийн гэрт очиход гаднаас хүн байгаагүй. Хэсэг хугацааны дараа М эхнэрийн хамт ирж бид хэд Нийслэл нэртэй 2.5 литрийн нэг сав пиво ууж хэрэглэсэн. Мөн ногоон өнгийн шилтэй 0.75 литрийн архи ууж хэрэглэж байхад М бид хоёр маргалдсан. Тэгтэл М намайг мөргөсөн түүний улмаас миний урд талын дээд хоёр шүд унасан. Би М-ийн биед хүрээгүй, энэ талаар цуг байсан хүмүүс мэдэж байгаа. Тухайн цаг хугацаанд О, миний найз охин Э, М эхнэртэйгээ цуг байсан, өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Намайг зүгээр байхад М цохиж улмаар мөргөсөн. Түүний улмаас миний дээр хоёр шүд унасан. Өмнө нь миний шүд өвдөж, зовуурилж байгаагүй эрүүл шүд байсан. Мөргүүлсний улмаас шүд унасан. Сая шүүх эмнэлгийн эмчид үзүүлсэн. Тэрнээс өмнө нь эмнэлгийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Унасан хоёр шүд надад байгаа, цаашид гарах эмчилгээ зардлыг нэхэмжлэх бөгөөд ажил хийх чадваргүй болсон тул ажилгүй байсан хугацааны мөнгийг Мээс нэхэмжлэх болно.” /хавтаст хэргийн 10 дахь тал/       

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тухайн өдөр өөрийнхөө гэрт пиво уучихсан согтуу унтаж байхад надтай цуг ажил хийдэг Мө, М, түүний эхнэр Д тэр гурав ирсэн. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Бид дөрөв манай гэрт хоол идэж 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уусан. Тэр үед Мө-гийн эхнэр сүүлд нэмэгдэж ирсэн, хэсэг хугацааны дараа манайхаас Д хүүхдүүдээ хөхүүлэх гэж явсан. М, Мө, Мө-гийн эхнэр бид дөрөв үлдсэн. Манай гэрт пиво болон архи ууж хэрэглэсэн. Намайг Э-тай юм яриад ширээний хойд хэсэгт сууж байхад М, Мө хоёр хоорондоо юм ярьж байгаа харагдсан, миний хувьд зөндөө согтуу байсан учир үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн Мө миний шүд унасан гэж орилсон. Тэгээд юу болов гээд Мийг гэрийн ор руу би татаж суулгасан. Тэр үед Мө-гийн эхнэр Э Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” /хавтаст хэргийн 15 дахь тал/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цаг 30 минутын орчимд манай найз залуу Мө залгасан. Тэгээд ирж ав гэдгийг хэлсэн. Иймд би гэрээс гарч Огийн гэрт очсон, намайг очиход гэрийн эзэн О, М эхнэрийн хамт нийт дөрвөн хүн байсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд намайг очиход нэг том 2.5 литрийн пиво дуусаж байсан. Төрсөн өдрийн эзэн О жоохон согтуу байсан, нэмж нэг шил архи О гаргаж түүнийг ууж хэрэглэх явцад М-ийн эхнэр нь явсан. Тэрний дараа бид нар юм ярьж сууж байхад гэнэт М босож ирээд Мө-г цохисон. Чи ямар овоо бацаан вэ гэж хэлээд дайрсан тэгээд мөргөсөн. Тэгэхэд Мө-гийн шүд унасан. Миний бодлоор М санаатай манай нөхрийн шүдийг гэмтээсэн гэж бодож байсан. Тэрний дараа М-ийн эхнэр ирсэн, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Уг хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний найз залуугийн үүдэн хоёр шүд байхгүй М мөргөж унагасан.” /хавтаст хэргийн 19 дэх тал/       

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Мө-гийн биед дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд буйл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Мө-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Б.Мө-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.М нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг . . . тоотод иргэн Б.Мө-тэй маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд буйл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч С.О, Д.Э нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 19 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч О.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-гийн эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд буйл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.М, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-гийн эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд буйл, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Мтэй уулзаж эмчилгээний төлбөр болох 7 сая төгрөгийг өгөлцөж авалцсан тул гомдолгүй, ямар нэгэн нэхэмжлэлгүй болсон болно...” /хавтаст хэргийн 53 дахь тал/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.     

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч О.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.  

Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч О.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-д 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч А овгийн О-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мө-д 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ