| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 113/2025/0007/З |
| Дугаар | 221/МА2026/0019 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0019
Х.Эын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү ,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Э.Зоригтбаатар,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Э,
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3,015,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0013 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш, Ц.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн,
Хэргийн индекс: 113/2025/0007/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Эаас “Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3,015,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах”-аар маргасан.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс "2025 оны 01 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох ажиллагааг хийж цалин хөлс гаргуулахыг хариуцагч Баянтал сумын Засаг даргад даалгаж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг үндэслэн “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал зэргийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... сонсох ажиллагаа явуулсан нь Соёлын төвийн эрхлэгч Х.Эд сонсгол ажил хийсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна" гэжээ. Гэвч уг баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонссон, түүнээс тайлбар гаргах нөхцөлийг хангасан гэж үзэх баримт биш юм. Учир нь тус тэмдэглэл нь ажилтныг ажлаас чөлөөлж буйг мэдэгдсэн, мэдэгдлийн шинжтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна" гэж заасныг зөрчсөн. Мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж заасныг хариуцагч биелүүлээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч..." гэж заасан хэдий ч хариуцагч нь Х.Эд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж ажилтнаас тайлбар аваагүй байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй" гэж заасан байна. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сонсгол хийсэн тухай баримтаас үзвэл засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг “та ажлаас гарах өргөдлөө өөрөө өг... "гэж шаардсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд ажил олгогч нь хуульд заасан үндэслэлийн дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бөгөөд ажлаас гарах хүсэлт зориггүй байгаа ажилтанд ажлаас гарах өргөдөл өгөхийг тулган шаардах нь хууль бус юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Үүнээс үзэхэд нэг үйл баримтаар хоёр захирамж гарсан байх тул сонсох ажиллагааг дахин явуулж тайлбар авах шаардлагагүй байх бөгөөд сүүлд гарсан захирамжаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь дордоогүй байна” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална мөн хуулийн 29.2 дахь хэсэгт "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна” гэж зааснаас тус тус үзвэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргах бүрдээ хувийн хэрэг хөтөлж, хяналтын дагалдах хуудсыг хавсаргахаар хуульчилсан байна. Нэг үйл явдалтай бол дахин тайлбар авах, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж хуульд заагаагүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Х.Э нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 04 дүгээр сарын 16-ны өдөр, 05 сарын 15-ны өдөр, 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд засаг даргын зөвлөлийн хуралдаанд оролцоогүй, тасалсан нь нотлогдсон гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ.
Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь хурлын тэмдэглэлийн ирц биш бөгөөд хурлын тэмдэглэлтэй танилцсан гарын үсгийн жагсаалт байдаг. Энэхүү жагсаалт нь нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох хангалттай нотлох баримт биш юм. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан байна. Энэ зохицуулалтаас үзвэл хариуцагчийн сахилгын зөрчил гэж буруутгаж байгаа үйл явдлууд нь сахилгын зөрчилд тооцогдохоор хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм, хэмжээ, эсхүл ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байхыг шаарддаг. Гэтэл ийм хэм хэмжээ хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдлүүд нь сахилгын зөрчил гэж тооцсон, тогтоосон баримт байхгүй. Дээрх хэм хэмжээ байхгүй бол ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй юм.
Сахилгын шийтгэл гэж үзлээ ч хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гэтэл энэ дээр дурдсан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь хариуцагчид болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаануудад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ" гэжээ. Шүүх аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ нотолгооны онолд тулгуурлаж нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт бус хэргийн оролцогчийн аман яриаг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
3.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “ Засаг даргын тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: ... засаг даргын тамгын газрын дарга шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа би засаг даргын тамгын газрын ажлыг 2025 оны 07 дугаар сард жинхлэн хүлээж аваад удаагүй байгаа... тухай үед би үүрэг гүйцэтгэж байсан манай байгууллага дээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулж ажиллаагүй байна. Манайд ийм хороо одоогоор байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид хариу өгөх боломжгүй байсан гэж мэдүүлсэн ... Гэтэл дээрх тохиолдолд хороо байхгүй, байгуулагдаагүй үед гомдол өгсөн байна... хороо байхгүй ч уг маргааныг хуулийн дагуу шүүх хүлээн авч шийдвэрлэж байх тул” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална" гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 сарын 11-ны өдрийн 05 дүрэм батлах тухай тогтоолын 2.3 дахь хэсэгт "Нутгийн захиргааны байгууллагын төлөөллийг дараах байдлаар томилно" 2.3.1 дэх хэсэгт 44 суманд хороо байгуулах бол Засаг даргын тамгын газар болон хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан" гэж заасан байна. Гэтэл хариуцагч хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороо байгуулах үүргээ биелүүлээгүй гэдгийг хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс засаг даргын тамгын газрын дарга нь тухайн үед жинхэнэ орон тоонд ажиллаагүй байсан гэж мэдүүлсэн тул нэхэмжлэлийг шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс мөн эрх хэм хэмжээний үйлчлэх хүчин чадлын дарааллыг буруу тайлбарлан хэрэглэж үр дүн, ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэж шийдвэрлэжээ. Хуулиас давсан хүчин чадалтай хэм хэмжээний акт байх боломжгүй юм. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг буруу дүгнэж шийдвэрлэжээ.
Иймээс “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3 Нэхэмжлэгч Х.Эаас “Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3,015,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах”-аар маргаж байна.
4. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс "2025 оны 01 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох ажиллагааг хийж цалин хөлс гаргуулахыг хариуцагч Баянтал сумын Засаг даргад даалгаж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг үндэслэн “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал зэргийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд:
Маргаан бүхий акт болох Баянтал сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх заалтад “ Засаг даргын зөвлөлийн хуралдаан, Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд тус тус гурваас дээш удаа ирж оролцоогүй, Засаг даргын гурвалсан гэрээний үүргийг хангаж ажиллаагүй, ажлын цагаар чөлөө зөвшөөрөл аваагүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Соёлын төвийн дарга Хатанбаатарын Эд сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ.
Баянтал сумын Засаг даргын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03[1], 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10[2], 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13[3] дугаартай хурлын тэмдэглэлүүд, 2024 оны 02 дугаар сарын 20[4], 2024 оны 04 дүгээр сарын 16[5], 2024 оны 05 дугаар сарын 15[6]-ны өдрийн Сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцсон “Хурлын тэмдэглэл”-тэй танилцах хуудас тус тус хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар “ ... хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь хурлын тэмдэглэлийн ирц биш бөгөөд хурлын тэмдэглэлтэй танилцсан гарын үсгийн жагсаалт байдаг. Энэхүү жагсаалт нь нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох хангалттай нотлох баримт биш юм.” гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн танилцсан тухай баримтыг иш татаж байх бөгөөд хэрэгт хурлын тэмдэглэлтэй танилцсан гарын үсгийн жагсаалтаас гадна дээрх хурлын тэмдэглэлүүд авагдсан бөгөөд хурлын ирцийн мэдээлэл хэсэгт нэхэмжлэгчийг хурал тасалсан тухай тэмдэглэн үлдээжээ.
Нэхэмжлэгчийн сүүлийн зөрчил нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөлийн хуралдааныг тасалсан үйлдэл байх бөгөөд маргаан бүхий акт нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасанд нийцэж байна.
6. Сонсох ажиллагааны тухайд:
Нэхэмжлэгч Х.Эыг Баянтал сумын Засаг даргын Б/01 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар дээрх Б/01 захирамжийг хүчингүй болгож сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх Б/01, Б/03 дугаартай захирамжуудын үндэслэл болсон “ Засаг даргын зөвлөлийн хуралдаан, Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд тус тус гурваас дээш удаа ирж оролцоогүй, Засаг даргын гурвалсан гэрээний үүргийг хангаж ажиллаагүй, ажлын цагаар чөлөө зөвшөөрөл аваагүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үйл баримтад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засаг дарга Э.Б, нэхэмжлэгч Х.Э нар оролцон сонсох ажиллагаа явуулсан байна. Б/03 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид ногдуулах сахилгын арга хэмжээний төрлийг хөнгөрүүлэн өөрчилсөн бөгөөд маргааны үндсэн үйл баримт хэвээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:”, 27.4.3-д “биечлэн уулзах;”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж зохицуулсан.
“Соёлын төвийн эрхлэгч Х.Эд сонсгол хийсэн тухай” тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч Х.Э нь мэдэгдлийг хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Засаг даргын өрөөнд хүрэлцэн ирж сонсох ажиллагаанд оролцсон байна. Мөн сонсох ажиллагааны үеэр тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд холбогдуулан эсрэг санал гаргаагүй төдийгүй ажлаа өгнө гэх агуулгатай тайлбар гаргажээ.
Иймээс анхан шатны шүүх “... нэг үйл баримтаар хоёр захирамж гарсан байх тул сонсох ажиллагааг дахин явуулж тайлбар авах шаардлагагүй бөгөөд сүүлд гарсан захирамжаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “... 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сонсгол хийсэн тухай баримтаас үзвэл засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг “та ажлаас гарах өргөдлөө өөрөө өг... " гэж шаардсан байдаг.” гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Соёлын төвийн эрхлэгч Х.Эд хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд Засаг дарга Э.Б “ ... та бас өөрийн хүсэлтээ өгч болно ийм боломжийг танд нээлттэй үлдээж байна. Албан ёсоор таны саналыг сонсъё. ... өөрийн хүсэлтээр өгвөл яахаар байна боломж бололцоог асуугаарай.” зэргээр зөвлөсөн шинжтэй байх бөгөөд тулган шаардсан гэж үзэх боломжгүй.
7. Иймээс анхан шатны шүүх “... Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна.
8. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг Баянтал сумын Засаг дарга мөн оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжаараа хүчингүй болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасны дагуу “2025 оны 01 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно”, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.7-д “Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй.” гэж зохицуулсан.
Тиймээс ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3,015,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.” гэж заасан нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлүүдийн төрлийг давхардуулан оногдуулахгүй гэсэн утгатай бөгөөд ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал олгоогүйг сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч нь сануулах сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд хандсан боловч байгаа эсэх нь тодорхойгүй тул засаг даргын тамгын газарт хандсан боловч хариу өгөөгүй тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн “Үндэсний хорооны бүрэн эрх” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “хөдөлмөрийн арбитр, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах” бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална.”, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар "Дүрэм батлах тухай" тогтоолын 2.3-т "Нутгийн захиргааны байгууллагын төлөөллийг дараах байдлаар томилно" 2.3.1-т "суманд хороо байгуулах бол Засаг даргын тамгын газар болон хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан” гэж заажээ.
Тодруулбал, Баянтал сумын Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороог байгуулах үүрэггүй бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд багтахаар зохицуулсан байна.
Нөгөөтээгүүр, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороо байгуулагдаагүй байсан ч нэхэмжлэгчийн шүүхэд хандан зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэх боломж хязгаарлагдаагүй төдийгүй ийнхүү хороо байгуулаагүй нь түүний эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Тиймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх “... уг маргааныг хуулийн дагуу шүүх хүлээн авч шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
11.Баянтал сумын Засаг даргын Б/03 тоот захирамж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны гарсан бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 24-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байжээ. Гэвч Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бус харин Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, мөн зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2.-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заасны дагуу сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаад улмаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өоос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР