Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1313

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Цд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 2 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Шинэбаяр,

Хариуцагч: Г.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сард иргэн Г.Цаас “Норд бенз” маркийн 36-00 УНН улсын дугаартай автомашин болон 56-98 БЧ чиргүүлийн хамт 45 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үүний дараа надаас манай эхнэр, хүү нарын нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн Дүүрэн ам гэдэг газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газрыг 15 000 000 төгрөгт бодож худалдаж авсан. Ингээд бидний тооцоо дууссан. Гэтэл надаас дахин 2017 оны 8 дугаар сард 800 000 төгрөг, 9 сард 1 500 000 төгрөгийг тус тус авсан. Иймд илүү төлсөн 2 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч худлаа яриад байна. Машиныг 45 000 000 төгрөгөөр зараад 30 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Газрын гэрээг дүр үзүүлж хийсэн. Бид худалдах худалдан авах гэрээ хийснээ мэдээгүй. Мөнгөө өгөөд газраа буцааж авна гэж анх ярьсан байсан. Хэрэв газраар төлбөрийг төлсөн бол яагаад нэмж 2 300 000 төгрөг төлсөн нь ойлгомжгүй. Мөнгөө төлөхгүй байсан тул нотолгоо болгож зээлийн гэрээ хийсэн. Би газар дээрээ хөдөлгөөн хийчих байх гэж бодоод газрын албанд тэмдэглэгээ хийлгэх гэж хүртэл явж байсан. Мөнгө өгөх ёстой байсан тул зээлийн гэрээ хийсэн. Газрыг би үзээгүй. Мөнгөө өгөөд газрыг буцааж авна гэж байсан. Уг газар одоо хүртэл өмнөх нэрээрээ байгаа. Би газрын албанаас баримт авах гэтэл өгөөгүй. Утсаар ярихаар шалтаг хэлээд олддоггүй. Газрыг түр барьцаалсан гэчихээд миний мөнгийг хэрэглээд байгаа. 2 300 000 төгрөг дансаар өгсөн. Үлдэгдэлээ нэхэхээр шалтаглаад байдаг. Иймд газрыг буцааж өгөөд 12 700 000 төгрөгийн үлдэгдэлээ авах хүсэлтэй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Х.Э нь машины үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Дүүрэнгийн хөндий 81-р гудамж, 3444 тоот, мөн 38-р гудамж, 1577 тоотод байрлах өмчлөлийн газрын гэрчилгээнүүдийг надад түр барьцаалсан юм. Х.Э нь дансаар нийт 2 300 000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл 12 700 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөх баталгаа болгон бид хоорондоо тохиролцон үлдэгдэл төлбөрийн нөхцлийг зааж 2017 оны 10 сарын 04-ны өдөр зээлийн гэрээ байгуулж наториатаар батлуулсан юм. Гэтэл Эрдэнэбат нь зээл төлөх хугацаа болсноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байгаа ба улмаар надад төлөх ёстой байсан 15 000 000 төгрөгийг нэхэж шаардуулж байж, 2 300 000 төгрөгийг машины үнийн үлдэгдэл гэж банкаар шилжүүлчихээд, одоо надаас 2 300 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг ч одоо миний утсыг авахгүй улмаар утасны дугаараа өөрчилж, надаас санаатайгаар зугтааж байна. Иймд үндсэн нэхэмжлэлтэй хамт худалдах худалдан авах гэрээний биелэлтийг хангуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл 12 700 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2 газрыг 15 000 000 төгрөгөөр авсан. Гэтэл зээлийн гэрээ гарч ирсэн. 2017 оны 10 сард хариуцагч нь нэхэмжлэгч дээр ирж уулзаад би хүнд өглөгтэй юм. Иймд надтай зээлийн гэрээ хийгээд өгөөч, би хүнд үзүүлье гэж гуйгаад зөвшөөрүүлсэн. Улмаар нотариат дээр очиход зөвшөөрөхгүй байсан. Улмаар Алимаа гэдэг нотариат дээр очиж зээлийн гэрээ хийсэн. Гэтэл сарын дараа хариуцагч нь мөнгөө авья гэж шаардахаар нь мөнгө аваагүй тул өгөхгүй гэсэн. Ийм учраас уг зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  • : Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Цд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн гэх 2 300 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Эаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 12 700 000 төгрөг гаргуулж, хариуцагч Г.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 51 770 төгрөг, хариуцагчийн 257 962 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт байгаа материалыг бүрэн дүүрэн үнэлж шийдээгүйгээс гадна нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний эрх актын хувьд үндэслэлгүй, шударга ёсонд нийцээгүй, процессийн болон материаллаг эрх зүйн хэм хэмжээнд зохицсон агуулгатай байх шаардлагыг хангаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Г.Цд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 2 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2017 оны 6 сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Г.Ц нь  “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт худалдах, худалдан авагч Х.Э нь автомашины үнэ 45 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг бэлнээр төлж, 15 000 000 төгрөгийг 2017 оны 7 сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгт тооцож гэр бүлийн хэрэгцээний газрыг Г.Цд өгсөн, төлбөрөө бүрэн барагдуулсан байхад 2 300 000 төгрөгийг илүү авсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн хөндий 81 дүгээр гудамж, 3444 тоотод байрлах 500 м.кв, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн хөндий 38 дугаар гудамж, 1577 тоотод байрлах 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрууд нь иргэн Х.Пүрэвсүрэн, Э.Хүсэлцэл нарын өмчлөлийн газар болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 56, 63 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх газруудыг худалдан авагч Х.Э нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, харин уг газрыг гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй боловч уг барьцааны гэрээ бодитоор хэрэгжээгүй талаар анхан шатны хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Хэдийгээр 2017 оны  6 сарын 15-ны өдөр иргэн Х.Пүрэвсүрэн, Э.Хүсэлцэл нар нь хариуцагч Г.Цтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж дээрх нэр бүхий газруудыг түүнд худалдсан гэрээ хэрэгт авагдсан байх боловч уг гэрээ нь дүр үзүүлж байгуулсан, уг гэрээний дагуу өмчлөх эрх Г.Цд шилжээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгч Х.Эаас нийт 2 300 000 төгрөгийг “Хаан” банк дахь Г.Цын дансанд “автомашины төлбөрийн үлдэгдэл” гэж шилжүүлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгөөс хасч, үлдэх 12 700 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлтэй. /хх-ийн 22-23 дугаар тал/

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс илүү төлсөн гэх 2 300 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Эаас 12 700 000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Цд олгож,  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА                                           

                                                          ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                                                                                        

                                                                                                       Г.ДАВААДОРЖ