Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

             Х.Д-д  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                      Н.Ц 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Г.Э

Нарийн бичгийн дарга    Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.Д-д холбогдох 1812006070176 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Хангай сумын 1 дүгээр багийн Чандмань гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Д

 

Яллагдагч Х.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг Бор үзүүр гэх газарт асфальтан зам дээр 66-58 АРА улсын дугаартай Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 44-16 ЗАН улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулж, Пробокс маркийн  44-16 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Ц, Д.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Х.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар: 

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:

Нэгдүгээр хавтаст хэргийн 201 хуудсанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай дахин шинжилгээг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэх тухай прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэхээр Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарыг томилсугай гэжээ.

Уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй байх тул тухайн прокурорын тогтоолыг шүүх хүчингүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлж, дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох боломжгүй байна. 

Х.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэх албан бичиг хэрэгт авагдаагүй байна. 

Иймд Х.Д-д холбогдох эрүүгийн 1812006070176 тоот хэргийг дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 1812006070176 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,  Хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Х.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг Бор үзүүр гэх газарт асфальтан зам дээр 66-58 АРА улсын дугаартай Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 44-16 ЗАН улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулж, Пробокс маркийн  44-16 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Ц, Д.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Х.Д-д холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:

Нэгдүгээр хавтаст хэргийн 201 хуудсанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай дахин шинжилгээг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэх тухай прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэхээр Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарыг томилсугай гэжээ. Уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй байх тул тухайн прокурорын тогтоолыг шүүх хүчингүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлж, дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох боломжгүй байна. Х.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэх албан бичиг хэрэгт авагдаагүй байна. 

Иймд Х.Д-д холбогдох эрүүгийн 1812006070176 тоот хэргийг дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаажээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглууж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана” гэж, мөн энэ хуулийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэхээр хуульчилсан байх тул 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай прокурорын тогтоолыг нотлох баримтаар тооцохгүй байх, шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлах эсэхийг шийдвэрлүүлэхээр заасан байх тул шүүх уг тогтоолыг шүүх хуралдааны явцад прокурорын саналыг үндэслэн нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байна. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул яллах дүгнэлтэнд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхээр байна. 

Уг хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь өөр хоорондоо илт зөрүүгүй, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхөөргүй байх тул уг дүгнэлтүүдийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэв шүүх болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэрэгт дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу саналаа гаргаж, шүүхээс дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой юм. 

Иймд яллагдагч Х.Д-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн ослыг тогтоох зорилгоор прокуророос 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, тээврийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Харин зам тээврийн цагдаагийн байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй талаар аман байдлаар мэдэгдэж, хариуг нь бичгээр ирүүлээгүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Х.Д-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжтой байсан. Мөн прокурорын шинжээч томилох тогтоолыг шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтаас хасуулах боломжтой байсан. Өмнө нь уг хэрэг дээр аймгийн цагдаагийн байгууллагын замын цагдаагийн шинжээч дүгнэлт, мөн дахин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж байсан. Уг хоёр шинжээчийн дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүгүй гарсан. Нөгөө талаараа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь тухайн хэргийн хэмжээ хязгаарыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлттэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол талуудын хүсэлтийг харгалзан шүүхээс дахин шинжээч томилох бүрэн боломжтой юм. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэлийг заавал прокурорт хэргийг буцаахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Хавтаст хэргийн 201 дүгээр хуудсанд дахин шинжээч томилуулах тухай миний хүсэлт хавсаргагдсан байдаг. Миний хүсэлтийн дагуу дахин шинжээч томилохдоо ойлгомжгүй зүйлийг тодруулж чадаагүй, миний асуулгах гэсэн зүйлийг асуугаагүй нөхцөл байдал үүссэн байсан. Тэгэхээр нь миний хувьд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд аймгийн прокуророос надад хүсэлтийг хүлээж авсан тухай хариу ирсэн. Тухайн хариуг ирснээс хойш удаад байхаар нь би дахин шинжээч томилуулах асуудлаар хүсэлт гаргасан. Тэгтэл надад прокуророос 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүсэлтийг хүлээж авахаас татгалзах тухай хариу өгсөн. Тэгээд тэр хариу өгсөн өдрөө хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байсан. Тухайн хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан прокурор Э.Б-ий өгсөн хариу бичигт аймгийн прокурор болон дараа дараагийн шатанд нь гомдол гаргах эрх хуулиар надад олгогдсон. Тэгтэл миний энэ эрхийг зөрчсөн бөгөөд нэгэнт хэргийг шүүх рүү шилжүүлсэн тул би прокурорын байгууллагад гомдол гаргах боломжгүй болсон. Миний хувьд шүүгдэгч Х.Д-ийн нөгөө талд явсан жолооч уг хэрэгт буруутай юм уу, эсхүл буруугүй юм уу гэдгийг л шалгуулах гэж хүсэлт гаргаж байсан. Нөгөө талын жолоочийн буруутай, эсхүл буруугүй нь тогтоогдвол хэргийн зүйлчлэлд маш их нөлөөлнө. Тэгэхээр 2 хүний амь нас хохирсон энэ хэрэг дээр шалгуулах зүйлсийг нэг мөсөн мухарлуулахаар миний хувьд хүсэлтээ удаа дараа гаргаж байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд ихэнх хохирлоо төлсөн бөгөөд хэргийн гол маргаантай зүйлийг шалгуулах шаардлагатай байна. Манай талын зүгээс дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Ямар ч байсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт  гаргах тухай  прокурорын тогтоол нь хүчинтэй бөгөөд шүүхийн зүгээс прокурорын ажлыг хийгээд байх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Би ч гэсэн хуульд заасан эрхээ эдэлж, дараа дараагийн шатны прокурорт нь гомдлоо гаргах хүсэлттэй байна. Тухайн хэргийн шалгах ажиллагаа удаад байгаа явдал бол Х.Д-тэй ямар ч хамаагүй. Үнэхээр хэрэг шалгах ажиллагаа удаж байгаа бөгөөд тээврийн цагдаагийн байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй талаарх хариуг ирүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байна. Харин амаар хариу ирсэн гээд хэргийг шийдэх боломжгүй бөгөөд бичгийн хүсэлт өгсөн бол бичгээр л хариу ирэх ёстой юм. Хэрэг шийдвэрлэх ажиллагаа удаж байгаа явдал нь хохирогч болон шүүгдэгч талуудад аль алиндаа л хэцүү байгаа гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ л шалгах ёстой зүйлсийг шалгуулаад хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх нь хэн хэндээ хэрэгтэй юм. Өмнө гарсан шинжээчийн дүгнэлтийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал харагддаг. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолоор 181200607 дугаартай хэрэгт 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарыг томилжээ.

 

Гэтэл шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, дүгнэлт гаргах боломжгүй талаарх баримт ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор...Мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн ослыг тогтоох зорилгоор прокуророос 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, тээврийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэн...гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэхээр байна.

 

Харин прокурор...Тээврийн цагдаагийн байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй талаар аман байдлаар мэдэгдэж, хариуг нь бичгээр ирүүлээгүй...гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Мөн шинжээч нь дүгнэлт гаргах боломжгүй бол энэ талаар мэдэгдсэн түүний тайлбар, прокурорын шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа болно.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                                                              ШҮҮГЧИД                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ