| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/00384/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 457
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1985 онд Дархан хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Д овогт С.Ц -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 439 дүгээр ангид ял эдэлж буй Т овогт Э. Р -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00384/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц , хариуцагч Э.Р , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Э.Р тай ханилан гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч тэрбээр буруу замд орж, 2012 онд онд ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, 25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. Э.Р нь одоо Булган аймгийн Хорих 439 дүгээр ангид ялаа эдлэж байна. Миний бие 2012 оноос хойш өрх толгойлон, үр хүүхдээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, амьдралаа өөд нь татахыг хичээж амьдарч байна. Түүнчлэн 2 хүү маань ухаан сууж эцэг эхийн талаарх ойлголт нь өөрчлөгдөж, эцэг болох Э.Р аас татгалзаж, харилцаа хамааралгүй болгож өгөхийг хүсдэг болсон. 2012 оноос хойш би өөрийн үр хүүхдүүдээ эцгийн хайр, халамжаар дутаахгүйг хичээсэн бөгөөд цаашид Э.Р тай гэр бүлийн харилцаа хамааралгүй болж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу гэрлэлт цуцлаж, асрамж тогтоолгож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2008 онд С.Ц той гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн буруутай үйлдлээс болоод 25 жилийн онцгой дэглэмд ял эдлэхээр шийтгэгдсэн. Мөн миний бие өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн чадвараа 75% алдсан. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд болох Р.Б , Р.Б нарыг эхийн асрамжид үлдээх саналтай. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Э.Р аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
С.Ц , Э.Р нар нь 2003 онд танилцаж, 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Р.Б , 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Р.Б, 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Р.Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 13-15 дугаар тал/
Гэрлэгчид нь 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Э.Р нь хүнд гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй болсон, харилцан гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Ц нь хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 03 дугаар сарын 12-ын өдөр хүү Р.Б , 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр охин Р.Б нарыг эх С.Ц гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдүүдийн овог өөрчлөх талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар овог, нэр өөрчлөх бүртгэлийг хийлгэх боломжтой юм.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д овогт С.Ц , Т овогт Э. Р нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2005 оны 03 дугаар сарын 12-ын өдөр төрсөн хүү Р.Б , , 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Р.Б нарыг эх С.Ц гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Э.Р аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН