Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2

       Ш.Б, Х.Ц нарт холбогдох 

        эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                               Н.Ц 

Шүүгдэгч Х.Цэрэндуламын

                                              өмгөөлөгч                             Г.Э, Ц.Б, Б.Э

                        Шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн

                                              өмгөөлөгч                              Б.Н, Ц.Б, 

                                     Шүүгдэгч                                         Ш.Б, Х.Ц

Нарийн бичгийн дарга            Г.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох 201703000097 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр,  хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш.Б

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай,,, багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х.Ц

Шүүгдэгч Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Ц-д 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

шүүгдэгч Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Б-т 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Х.Ц-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ц-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Б-ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 

хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Б-ийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай  30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд захирал ажилтай Ш.Б миний бие тус байгууллагад 17 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Ажиллах хугацаанд байгууллага 2012 онд аймгийн “Тэргүүний сургууль”, 2014-2015 онуудад сумын “Тэргүүний байгууллага” болгож, 2016 онд “Аймгийн тэргүүний захирал” болсон. 2018 оны ажлаа дүгнүүлж аймагтаа эхний 3 дугаар байрт шалгарсан. Миний хувьд ажилдаа сэтгэлээсээ хандаж, зүтгэл гарган ажилладаг. Мөн хамт олныхоо нийгмийн асуудал, гачигдал зовлон, баяр жаргал дээр хамт байж хэнийг ч алаг үзэж ялгаварлахгүй, адил тэгш байж, асуудалд шударга  хандахыг эрхэмлэж ирсэн. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа миний эрхэлж буй ажил, албан тушаалд санаархаж, надтай хамт ажилладаг бага анги хариуцсан сургалтын менежер Д.Н гомдол гаргаж, төрөл садангийн холбоотой гэх Х.Ц-ыг энэ гомдолдоо татан оруулж, надад 1.000.000 төгрөг өгсөн гэх хэргийг үүсгүүлэн шалгагдсан. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурлаар хэлэлцэж, гэмт хэрэг мөн байна гэж үзэж 2019/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад миний бие эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 

1. Хууль тогтоогч хээл хахууль авах гэмт хэргийн гол шинжийг “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах  буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авах” гэж зааж тодорхойлсон байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх” гэж хууль тогтоох буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар  огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  байхыг хэлнэ гэжээ. Мөн зүйл, хэсэгт заасан “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно гэжээ. Би монгол хэлний багш мэргэжилтэй Х.Ц-г Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, 20.1.2-т заасан багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэсэн хуульд заасан эрх, 20.2.3-т заасан сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх гэсэн хуульд заасан үүргийнхээ хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр багшийн ажилд томилсон шийдвэр гаргасан. Мөн энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжих ёстой байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/220 тоот тушаал болно. Уг тушаалын хавсралт хэсэгт 6 дугаар ангиас эхлэн 7 хоногт 2 цагаар үндэсний бичиг заахаар тусгагдсан байсан учир 2013-2014, 2014-2015 оны хичээийн жилүүдэд сургуульд монгол хэлний хичээлийн цагийн багшаар ажиллаж байсан Х.Ц-ыг үргэлжлүүлэн үндсэн багшаар томилсон явдал хууль зөрчөөгүй, хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл байсан тул Х.Ц-аас хахууль өгөхийг шаардах, улмаар авах шаардлага байгаагүй болно. Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудсанд бичигдсэн нотлох баримтаар тооцогдож байгаа 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаал гарах болсон учир шалтгаан болон хууль зүйн үндэслэл нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой үйлдэл байсан болохоос биш хахууль өгч, энэ албан тушаал дээр томилогдсон гэж гүтгээд байгаа Х.Ц-ын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаад байсан асуудал огт байхгүй, бас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байхад 268.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчим хангагдахгүй байхад анхан шатны шүүх хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол гаргаж байгаа нь бас учир дутагдалтай юм. 

2. Анхан шатны шүүх миний өмгөөлөгч Г.Б, Б.Н нарын цагаатгах хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж Ш.Б хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч гэх Т.Б /Х.Ц-ын нөхөр/, Т.О /Х.Ц-ын хадам эгч/, Д.Н /Х.Ц-ын ээжийнх нь төрөл/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн байна. Дээрх нэр бүхий гэрчүүд гэж мэдүүлэг өгсөн хүмүүс Х.Ц-тай гэр бүлийн болоод төрөл садангийн холбоотой хүмүүс юм. Тэд бүгд “Х.Ц-ын ярьсныг хэлж байна” гэж мэдүүлдэг бөгөөд тэд түүний амнаас сонссон зүйлээ л мэдүүлж байгаа болохоос бус гэрт нь очиж мөнгө өгсөн гэх үйл явдлыг нүдээр хараагүй, хамт байгаа хүмүүс юм. Энэ шийтгэх тогтоолын 20 дугаар хуудсанд бичигдсэн Д.Н-ын ...Х.Ц надад ярьсан болохоос биш, хэдэн төгрөг хаана, ямар байдлаар хахууль болгон өгч байсныг нь хараагүй, зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм ... гэх мэдүүлэг, мөн 20 дугаар хуудсанд бичигдсэн Т.Б-ын...тухайн өдрийг сайн санахгүй байна. Зээл авсны дараа 08 дугаар сарын эхний 7 хоногт байх, би эхнэрээ захирлын  гэрийн гадаа мотоциклиор  хүргэж өгчихөөд явсан. Удаагүй эхнэр маань 1000.0 төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсан... гэх мэдүүлэг, мөн 21 дүгээр хуудсанд бичигдсэн Т.О-ын ...хичээлийн шинэ жил эхэлж бэр ажилдаа орсны дараа би уулзаж ярилцахад гэрт нь 1000.0 төгрөг  аваачиж  өгсөн гэж байсан гэх мэдүүлгүүд нь Ш.Б-ийн гэрт Х.Ц мөнгө өгсөн гэх үйл явдлыг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь Х.Ц-ыг манайд ирж мөнгө өгсөн гэх өдөр миний нөхөр П.М миний дэргэд, надтай хамт байсан бөгөөд П.М-аас авсан гэрчийн мэдүүлгээр  дээрх үйл явдал бүрэн дүүрэн үгүйсгэгдэж, няцаагдаж байхад дэргэд минь хамт байсан гэрч П.М-ийн мэдүүлгийг шүүх үнэлж үзэхгүй байгаа мөртлөө бид нартай хамт байгаагүй Х.Ц ингэж ярьсан, ярьсныг нь сонссон гэх хамаарал бүхий энэ хүний мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцож, нотлогдож байна гэж үзэх нь туйлын учир дутагдалтай, өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Энэ хүний мэдүүлгийн эх сурвалж  нь хахууль өгсөн гэх Х.Ц-ын  мэдүүлэг бөгөөд миний өмгөөлөгч Ц.Б, Б.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан ...Х.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэж, Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасаж, энэ захирамж дээр давж заалдах эрхгүй болохыг дурдаж, шүүгчийн захирамжийг танилцуулсан болно. Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж гэх Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзсэн хирнээ ярьсныг нь сонссон гэх ашиг сонирхол нэгтэй, гэр бүл, төрөл садангийн  холбоотой хүмүүсийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгох нь хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэж байна. 

3. Түүнчлэн шүүх Х.Ц-ын Өгийнмандал ХЗХ-ноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан 5250.0 төгрөгийн зээлийн баримтыг энэ хэргийн нотлох баримт гэж үзсэн байна. Гэтэл Х.Ц 08 дугаар сарын 25-нд Ш.Б-т мөнгө өгөхийн тулд 1 сарын өмнө зээл авах шаардлага гарсан, 1000.0 төгрөг өгөхийн тулд 5250.0 төгрөг авах болсон зэрэг нь цаг хугацаа болон мөнгөн дүн  зэргээрээ эргэлзээ  төрүүлэх асуудлын нэг бөгөөд зээлийн зарцуулалтыг нарийвчлан тогтоогоогүй байдаг зэрэг нь мөнгө өгснийг  нотлох баримт  гэж тооцогдоход бас л учир дутагдалтай. 

4. Нотлох баримтаар тооцогдоод явж байгаа шийтгэх тогтоолын 8, 21 дүгээр хуудсанд бичигдсэн Ш.С, С.Н нарын мэдүүлэг, 12, 21 дүгээр хуудсанд бичигдсэн Ш.Б-ийн мэдүүлгийг няцаасан няцаалт бүхий нотлох баримтыг хүсэлтийн хамт 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт өмгөөлөгчөөр дамжуулан хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүйгээр  үл барам хууль сануулж, байцаалт авсаар байтал намайг буруутгах гэж илт худал мэдүүлэг өгч, миний хувийн байдлыг дордуулж, мэдүүлэг өгсөн дээрх нэр бүхий хүмүүсийн мэдүүлгийг дахин нягталж, нотлох баримтыг үнэлж үзээгүйгээс болж, шийтгэх тогтоолын нотлох баримт хэсэгт дээрх хүмүүсийн мэдүүлэг энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хирнээ  тооцогдоод явж байгаад туйлын гомдолтой байна. 

Хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, гэм буруутайд тооцож шийтгэхэд тухайн хэрэг ямар ч эргэлзээгүйгээр нотлогдсон байх хуулийн зарчим бий. Нэг нь хахууль өгсөн, нөгөө нь аваагүй гэх эсрэг байр суурьтай, хахууль өгснийг нь нотолсон гэх нотлох баримтууд өмнө нь дурдсанаар нь хангалтгүй, эргэлзээтэй, мөн нотлох баримтаар тооцогдож прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж байсан Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасчихсан атлаа гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. Би Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх байгууллагыг хүний нэр төр, алдар хүнд, ажил амьдралыг  шийдвэрлэх асуудалд  хариуцлагатай хандаж, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль эрх зүйг удирдлага болгон эргэлзээгүйгээр нотолсон байх зарчмыг үндэслэн хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргадаг байгууллага гэж боддог гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд: Манай үйлчлүүлэгч Ш.Б-ийг хээл хахууль авсан гэм буруутай хэмээн анхан шатны  шүүх дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилээр хасч нэмэгдэл ял хэрэглэлээ. Өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл тогтоогдлоо. Энэ нь анхан шатны шүүх Х.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5.3 дахь хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтаас үнэлэлгүй хасаж тооцсон мөртлөө Х.Ц-ын бусдад ярьсан гэх гэрч н.Н, н.О, н.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, Ш.Б-ийг яллан гэм буруутай хэмээн ял халдаасан нь туйлын учир дутагдалтай байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчмууд болох хууль ёсны дагуу шударга байх, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй  тогтоох, гэм буруугүйд тооцох гэх мэт зарчмууд алдагдсан байна гэж үзэж байна. 

2. Анхан шатны шүүх Ш.Б-ийг хийх ёстой ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн боловч энэ нь гэрч А.А-ын мэдүүлэг /хх-1-231-р хуудас/, Д.А-ийн /хх-1-231-р хуудас/ мэдүүлгээр няцаагдаж байна. 

Шүүх хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний  хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд төлбөр авсан байна хэмээн Ш.Б-ийг буруутгасан боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний 

А. Албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх,

Б. Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр гэсэн объектив үйлдлүүд үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ш.Б-ийг ямар ч хахууль аваагүй гэдгийг тухайн цаг үед хажууд нь хамт байсан гэрч П.М мэдүүлдэг. Гэтэл энэ мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэснээ  шүүх тогтоолдоо дурдсангүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг  шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэг нь үндэслэлтэй гарсан боловч прокурорын зүгээс шийтгэх тогтоолын зарим хэсэгт дээр нь санал нийлэхгүй байгаа. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас Ш.Б, Х.Ц нарт холбогдуулан авлига, хээл хахуулийн гэмт хэрэг өгсөн, авсан нь тогтоогдсон гэсэн үндэслэл дээр прокурорын зүгээс санал нийлж байгаа. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан зүйл, ангийг баримталж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь шүүгдэгч Ш.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийг улсын төсөвт төлөхийг даалгасан байхад үүнийгээ төлөөгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-т тэнсэн хянан харгалзах арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул тус шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр хүчингүй болгуулах саналтай байна. Харин давж заалдах журмаар гомдол гаргасан хэргийн оролцогч нарын гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Х.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасахаар шийдвэрлэсэн. Холбогдох хууль хяналтын байгууллагаас Ш.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн эх сурвалжийг тогтоож чадаагүй. Өмгөөлөгч миний хувьд Ш.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн эх сурвалж тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Ш.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэх гол эх сурвалж нь Х.Ц-ын мэдүүлэг байсан. Нэгэнт  Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хассан тул энэ хэрэг нь эх сурвалжгүй болж байна. Гэтэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэхэд учир дутагдалтай болсон. Өмгөөлөгч миний хувьд Ш.Б-т холбогдох хэргийн нотолбол зохих байдал хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсч гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх эх сурвалжийг нь тогтоож чадаагүй гэрч О, Б, Н нарын мэдүүлэг болон энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн бүхий л хүмүүсийн мэдүүлгийг шийтгэх тогтоолдоо жагсааж бичээд эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Ш.Б-ийн гэм буруутай болохыг тогтоогдсон гэж үзээд үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. Эндээс харахад анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлсэн эсэх нь учир дутагдалтай байна. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг ялгаж, салгаж үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бүх гэрчүүдийн мэдүүлгийг жагсааж бичсэн мөртлөө уг тогтоолын тодорхойлох буюу үндэслэх хэсэгтээ аль гэрчүүдийн мэдүүлгээр Ш.Б-ийн үйлдэл нотлогдож байгаа юм, мөн аль гэрчүүдийн мэдүүлгээр түүнд холбогдох үйлдэл үгүйсгэгдэж байгааг ялган салгаж, үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Шүүгдэгч Ш.Б-ийн гэм бурууг хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргуулах тухай саналтай байна. Харин прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн талаар дурдаж байгаа бөгөөд энэ нь арай өөр ойлголт байдаг. Прокурорын зүгээс шинэчилсэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар  зүйлд заасан гэм  буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршигийг арилгасан зэрэг үндэслэлийг дурдаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг нь олон жил, олон ч шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Монгол Улсын Дээд шүүхээс энэ хэргийг авлигын хэрэг мөн байна гэж буцаагаагүй бөгөөд холбогдох шатны шүүхүүд үнэлэлт, дүгнэлт, няцаалтаа тодорхой бичээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхийн 127 дугаартай шийтгэх тогтоолын үнэлэлт, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх Ш.Б-ийг албаны үүргээ хэрэгжүүлсний  хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд төлбөр авсан байна гэж үзэж түүнийг буруутгасан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр гэсэн объектив үйлдлүүд үгүйсгэгдэж байна. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан өгүүлбэрээр шүүгдэгч Ш.Бийн үйлдэл тогтоогддоггүй. Харин Ш.Б нь зохих ёсоор ажлаа хийсэн. Яг Ш.Б-тэй адилхан авлигатай холбоотой эрүүгийн хэргийг би хэрэгсэхгүй болгуулж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд Х.Ц-ыг үндсэн багшийн орон тоонд томилохдоо хууль ёсоор хэрэгжүүлэх ёстой үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан байдаг. Гэтэл шүүхээс 1.000.000 төгрөг авч байгаа үйлдлийг зохих ёсоор гэж дүгнээд байгаа юм уу, эсхүл түүний хийж байгаа үйлдлүүдийг зохих ёсоор гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ш.Б-ийг ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг гэрч А, А нар гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Ш.Б-т холбогдуулан шалгаж байгаа зүйлчлэлийн объектив үйлдэл тогтоогдохгүй байна гэдгийг би удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Хэдийгээр гадуур авлигын хэргийн талаар их яригдаж байгаа боловч бид хуульч хүний хувьд зөвхөн хуулинд захирагдах ёстой. Шинэ Эрүүгийн хуулинд эргэлзээгүй байдлыг нотлохыг тусгасан байдаг бөгөөд эргэлзээтэй бол гэм буруугийн зарчмыг барих талаар хуульчилсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулсан. Өнөөдөр шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх талаар хуулинд тусгасан. Гэтэл Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хассан байхад шүүх яллаад яваад байгаа нь  логик зөрчлийг үүсгэж байна. Мөн шүүгдэгчид ял халдааж байгаа нь хууль зөрчсөн ноцтой зөрчлийг үүсгэж байна. Бусад зүйлсийн талаар миний үйлчлүүлэгч сая шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарлаж ярилаа. Миний хувьд яллах дүгнэлтэд бичигдсэн Ш.Б-ийг гэм буруутайг нотолж мэдүүлсэн гэх тэр төрөл садангийн холбоотой 3 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж бодож байна. Мөн гэрч М-ийн мэдүүлгийг яаж няцаах юм бэ гэдэг асуудал урган гарч байна. Миний хувьд уг хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлтээ илэрхийлж байсан. Эрхэм шүүгч нарт хэлэхэд энэ хэргийн ард хоёр намын асуудал яригддаг юм. Тэр Н гэдэг хүн захирлын суудалд санаархаж байгаа бөгөөд 17 нэр бүхий гомдлыг авлигатай тэмцэх газарт гаргасан байдаг. Тухайн гаргасан бүх гомдлууд нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болсон. Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж  байна. Дахин дахин яриад яахав гэж бодож байна. Ер нь бол Ш.Б-т холбогдох хэргийг цагаатгах үндэслэлтэй юм шүү гэдгийг хэлье. Прокурорын зүгээс шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байгаа юм байна. Миний хувьд шүүгдэгч Ш.Б-ийн эрх зүйн байдлыг прокурорын тайлбарласанаар хүндрүүлж болохгүй. Учир нь  шинэ, хуучин хоёр Эрүүгийн хуулийн ялын бодлого бол өөр юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр прокурорын санал хуулинд нийцээгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан гэм буруугүй гэсэн зарчмыг шүүхийн зүгээс Ш.Б-т холбогдох хэрэгт хэрэглэж өгөхийг хүсэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч нарын хувьд  хоёр үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм шиг байна. Анхан шатны шүүх Х.Ц-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хассан мөртлөө Х.Ц-ын бусдад ярьсан гэх гэрч Н, О, Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон нь дутагдалтай байна гэжээ. Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хассан нь түүнийг өөрийг нь яллаж болохгүй л гэсэн ойлголт бөгөөд Ш.Б-ийг яллах нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт биш юм. Н, О, Б нарын мэдүүлэг нь тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлгийн эх сурвалжаа зааж өгсөн байдаг. Эдгээр гэрчүүд өөрсдөө мэдүүлгийн эх сурвалжаа зааж хэлсэн бөгөөд харин Х.Ц-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэж хэлээгүй. Энэ хоёр зүйл бол хоёр агуулгатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл хооронд холбож бичээд байгаа нь буруу юм. Тэгэхээр уг гурван гэрчийн мэдүүлгүүд нь нотолгооны ач холбогдолтой бөгөөд нотлох баримтын эх сурвалжаа зааж өгсөн. Дараагийн асуудлын хувьд Ш.Б нь хууль тогтоомжид нийцүүлэн багшийг томилж байгаа бол тэр нь хууль ёсны үйлдэл болно. Харин тэр хууль ёсны үйлдлийг хэрэгжүүлэхдээ бусдаас мөнгө авч болохгүй. Гол нь Ш.Б-ийг мөнгө авсан үйл явдал дээр нь буруутгасан байгаа. Тэгэхээр үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ш.Б-ийн хувьд өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Гэхдээ хэргийн нотлогдож байгаа үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тэрээр өөрийнхөө гэрт Х.Ц-ыг ирсэн, мөн тухайн үед нөхөр нь байсан, Х.Ц сүү, айраг авчирсан зэргээр түүний ирсэн өдрийг нотлоод байна ш дээ. Харин мөнгө авсан гэдгээ л үгүйсгэж байна. Тэгэхээр мөнгө өгч байгаа байдал нь үйл баримтаар нотлогдож байна. Уг үйл баримтыг нь Ш.Б-ийн хувьд үгүйсгэхгүй байна. Миний үйлчлэгчийн хувьд хэргийн болсон үйл явдлыг эхнээс нь эхлээд дуустал нь үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Х.Ц-ын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан зүйл, ангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байна. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч хараагүй. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулинд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөлийг хуульчилсан бөгөөд мөн хууль тогтоогчоос тайлбарлаж өгсөн байдаг. Уг хууль тогтоогчоос тайлбарлаж өгсөн тайлбарыг өнөөдөр бид нар 2002 оны Эрүүгийн хуулинд буцаан хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл хуулийг ашигтай байдлаар хэрэглэж болно. Х.Ц-ын хувьд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд хясан боогдуулсан, эрх бүхий байгууллагад хийсэн хэргээ сайн дураараа илчлэн ирсэн үндэслэлүүд тогтоогдож байгаа. Хэрэв прокурорын гаргасан санал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг анхан шатны шүүх хэрэглэсэн нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэвэл хэргийг анхан шатны шүүхэд буцаах байх. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өөрчилж, эрүүгийн хариуцлагаас түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Мөн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудын Х.Ц-тай холбоотой хэсгүүдэд өөрчлөлт оруулж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Ц.Б өмгөөлөгчийн сая хэлсэн Х.Ц-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг дэмжиж оролцодог. Өмгөөлөгчийн хувьд хэргийн үйл явцыг нотлогдсон гэж үзэж байгаа. Х.Ц-ын хувьд цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд зайлшгүй тэрээр жинхэнэ багшаар томилогдох эрмэлзэл байсан. Үүний тулд тушаал гаргадаг захирлын саналыг хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Захирлын зүгээс Х.Ц-д “надад чи 2.000.000 төгрөг өгчих, тэгвэл би чамайг жинхэнэ багшаар томилно” гэсэн санал гаргасан. Тухайн үед Х.Ц-д 2.000.000 төгрөг байхгүй байсан тул нөхөртэйгээ зөвлөх шаардлагатай болсон байдаг. Х.Ц-ын хэлснээр О нь тэдний гэр бүлтэй холбоотой амьдардаг бөгөөд залуу хүмүүст зөвлөж, зааварчилдаг хүн нь юм байна лээ. Х.Ц нь банкнаас 1.000.000 төгрөг зээлээд нөхрийн хамт Ш.Б-д очсон гэдэг. Тэгээд Ш.Б-ийг гэртээ ганцаараа байхад нь 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд түүний нөхөр нь тухайн үед гадаа байсан гэдэг. Хэдийгээр М гэртээ тухайн үед байхгүй байсан хэдий ч гэсэн сүүлд нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. М нь Ш.Б-гтэй гэр бүлийн гишүүн тул эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. М нь хуульч хүн тул түүний мэдүүлгийг үнэ цэнэтэй байна гэж, харин Б-ын мэдүүлгийг энгийн иргэн тул үнэ цэнэгүй гэж үзэх боломжгүй юм. Болсон үйл явдал болон мөнгөний эх сурвалжийг гол мэдэх хүн нь Бөхбат байгаа юм. Х.Ц нь угаасаа Ш.Б-д мөнгө өгөх гэж орсон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх нь нээлттэй байдаг тул хуульд нийцүүлэн Х.Ц-д холбогдох эрүүгийн хариуцлагыг тохиромжтой зүйл, заалтыг хэрэглэн хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Прокурорын яриад байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан заалт нь шүүгдэгч Х.Ц-д хамаарахгүй гэж бодож байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хангалттай баримт хавтаст хэрэгт авагдсан гэж бодож байна. Учир нь авлигын хэргийн тухайд ил хэлбэрээр явагддаггүй бөгөөд далд хийгдэж байдаг. Өнөөдөр хэн ч хахуулийн мөнгийг дансаараа авдаггүй. Х.Ц-ын мэдүүлэгт “Би Ш.Б захиралд мөнгөө данс руу чинь явуулъя гэхэд захирал надад хэрэггүй ээ, чи мөнгөө бэлнээр аваад ир” гэсэн байдаг. Тэгэхээр шууд мөнгийг авсан гэсэн баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэж болохгүй. Ш.Б гэдэг хүний албан тушаалаа ашиглаж байгаа байдлын тухайд жижиг зүйлсээс харагдаж байдаг. Жишээ нь сүү, цагаан идээ аваачиж өгөхөд тэрээр сайхан ааштай болдог талаар Х.Ц мэдүүлсэн байдаг. Ш.Б-ийн тухайд Бага, дунд боловсролын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу Х.Ц-ыг ажилд авсан гэж мэдүүлдэг. Гэвч тухайн хуулинд багшийг ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулж, сонгож авахаар заасан байдаг. 2016 оноос хойш сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг багш, ажилтанг хэрхэн шалгаруулж авах талаар Засаг даргатай байгуулдаг гэрээнд тусгайлан тусгадаг болсон. Уг гэрээндээ сонгон шалгаруулалт зарлаж, уг шалгаруулалтаас шалгарсан хүнийг боловсролын газартай зөвшилцөж томилохоор тусгасан байдаг. Тухайн үед Ш.Б-ийн зүгээс Х.Ц-ыг сонгон шалгаруулалтанд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр шахан боогдуулж, авлига авах гэсэн  нь хэргийн үйл баримтаас харагддаг. Шүүгдэгч Х.Ц-ын хувьд хээл, хаууль өгсөн гэдгээ илчилж, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарласан байр суурин дээр байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр санал гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн тул тухайн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Б нь хээл хахууль авсан, шүүгдэгч Х.Ц нь хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ш.Б-ийг хээл хахууль авсан, шүүгдэгч Х.Ц-ыг хээл хахууль өгсөн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс Ш.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Х.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх Х.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаас үнэлэлгүй хасаж тооцсон мөртлөө Х.Ц-ын бусдад ярьсан гэх гэрч Д.Н, Т.О, Т.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, Ш.Б-ийг яллан гэм буруутай хэмээн ял халдаасан нь туйлын учир дутагдалтай, анхан шатны шүүх  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд төлбөр авсан байна хэмээн Ш.Б-ийг буруутгасан боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр гэсэн объектив үйлдлүүд үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ш.Б-ийг ямар ч хахууль аваагүй гэдгийг тухайн цаг үед хажууд нь хамт байсан гэрч П.М мэдүүлдэг. Гэтэл энэ мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэснээ шүүх тогтоолдоо дурдсангүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 838 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Н-ийн... Х.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан хоёр мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах ...тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. 

Мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Х.Ц-ыг сэжигтнээр тооцох тухай тогтоол үйлдэж түүнийг сэжигтнээр тооцсон, 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Х.Ц-ыг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж яллагдагчаар татаж улмаар түүнээс сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй   хуулийн шаардлагыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зөрчил боловч сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах тогтоолууд нь хуульд нийцсэн, дээрх зөрчлийг засуулахаар хэргийг буцаах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч Х.Ц түүний өмгөөлөгч нараас энэ талаар гомдол гаргаагүй, Х.Ц нь анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа хуульд заасан журмын дагуу мэдүүлэг өгсөн түүний мэдүүлэгт зөрүүтэй, эргэлзээтэй зүйл байхгүйг зөв дүгнэж хэргийг буцаахгүйгээр нотлох баримтаас хасч тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.   

  Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ц-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаас хассан боловч шүүгдэгч Ш.Б, шүүгдэгч Х.Ц нарын үйлдэл бусад нотлох баримтаар нотлогдсон,  дээрх хоёр мэдүүлэг нотлох баримт биш болоход хууль ёсны дагуу хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нотлох баримтын шинж чанараа алдах гэсэн ойлголт биш бөгөөд тухайн гэрчүүдийн хувьд Х.Ц шүүгдэгч болохоосоо өмнө буюу хээл хахууль өгөхөөсөө өмнө тэдгээр гэрчүүдэд Ш.Б үндсэн багш болгохын тулд мөнгө нэхсэн, дээрх мөнгийг хэрхэн олж өгөх, өгсөн талаар ярьсан, өгөхөд хүргэж өгснийг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх нь үндэслэлтэй. 

  Ш.Б нь 2015 оны хичээлийн жилд үндсэн багшийн орон тоо тус сургуульд бий болоход үндсэн багш болох болзол шаардлагыг хангасан хүнийг тус орон тоонд томилж ажлуулах эрх, үүргийг хуулиар хүлээсэн байсан.

Дээрх эрхийг эдэлж, үүргийг хүлээхдээ Х.Ц-аас 1.000.000 төгрөгийн хээл хахууль авч түүнийг томилсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон,  хууль ёсны дагуу эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхдээ бусдаас хээл хахууль авсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. 

Өөрөөр хэлбэл Х.Ц үндсэн багш болох болзол шаардлагыг хуульд зааснаар хангасан бол Ш.Б захирлын хувьд ямар нэгэн хээл хахууль авахгүйгээр томилох үүрэгтэй байсан боловч 1.000.000 төгрөгийн хээл хахууль авч томилж байгаа нь эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж хуульчилжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч П.М... Ш.Б хээл хахууль аваагүй... гэж мэдүүлсэн боловч хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нараас өөр хүн хажууд нь байгаагүй, хараагүй, Ш.Б нь өөрийн болон Х.Ц-ын нөхөрт дээрх үйлдлийн талаар мэдэгдэхгүй байхыг сануулж байсан болох нь Х.Ц-ын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог.

Харин гэрч Т.О, Т.Б, шүүгдэгч Х.Ц нарын хооронд хээл хахууль болох 1.000.000 төгрөгийг хэрхэн олж өгөх талаар яриа болж улмаар зээл авч, Т.Б нь Х.Ц-ыг Ш.Б-ийн гэрийн гадаа хүргэж өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзсэн болно. 

Шүүгдэгч Х.Ц-ын өмгөөлөгч Ц.Б, Г.Э нар эрх бүхий байгууллагад хийсэн хэргээ сайн дураараа илчлэн ирсэн үндэслэлүүд тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өөрчилж, эрүүгийн хариуцлагаас түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Мөн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудын Х.Ц-тай холбоотой хэсгүүдэд өөрчлөлт оруулж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхэд санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шүүгдэгч Х.Ц гаргаагүй, хэргээ сайн дураараа илчилээгүй болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан этгээдэд худал мэдээлвэл хүлээлгэх хариуцлагыг сануулсан тухай тэмдэглэл, зохих байгууллагад гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа болно. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

                                                            ШҮҮГЧИД                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ

       Ш.Б, Х.Ц нарт холбогдох 

        эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                               Н.Ц 

Шүүгдэгч Х.Цэрэндуламын

                                              өмгөөлөгч                             Г.Э, Ц.Б, Б.Э

                        Шүүгдэгч Ш.Бадамцэцэгийн

                                              өмгөөлөгч                              Б.Н, Ц.Б, 

                                     Шүүгдэгч                                         Ш.Б, Х.Ц

Нарийн бичгийн дарга            Г.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох 201703000097 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр,  хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш.Б

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х.Ц

Шүүгдэгч Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Ц-д 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

шүүгдэгч Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Б-т 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Х.Ц-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ц-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Б-ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 

хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Х.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Б-ийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай  30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ш.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд захирал ажилтай Ш.Б миний бие тус байгууллагад 17 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Ажиллах хугацаанд байгууллага 2012 онд аймгийн “Тэргүүний сургууль”, 2014-2015 онуудад сумын “Тэргүүний байгууллага” болгож, 2016 онд “Аймгийн тэргүүний захирал” болсон. 2018 оны ажлаа дүгнүүлж аймагтаа эхний 3 дугаар байрт шалгарсан. Миний хувьд ажилдаа сэтгэлээсээ хандаж, зүтгэл гарган ажилладаг. Мөн хамт олныхоо нийгмийн асуудал, гачигдал зовлон, баяр жаргал дээр хамт байж хэнийг ч алаг үзэж ялгаварлахгүй, адил тэгш байж, асуудалд шударга  хандахыг эрхэмлэж ирсэн. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа миний эрхэлж буй ажил, албан тушаалд санаархаж, надтай хамт ажилладаг бага анги хариуцсан сургалтын менежер Д.Н гомдол гаргаж, төрөл садангийн холбоотой гэх Х.Ц-ыг энэ гомдолдоо татан оруулж, надад 1.000.000 төгрөг өгсөн гэх хэргийг үүсгүүлэн шалгагдсан. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурлаар хэлэлцэж, гэмт хэрэг мөн байна гэж үзэж 2019/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад миний бие эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 

1. Хууль тогтоогч хээл хахууль авах гэмт хэргийн гол шинжийг “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах  буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авах” гэж зааж тодорхойлсон байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх” гэж хууль тогтоох буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар  огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  байхыг хэлнэ гэжээ. Мөн зүйл, хэсэгт заасан “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно гэжээ. Би монгол хэлний багш мэргэжилтэй Х.Ц-г Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, 20.1.2-т заасан багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэсэн хуульд заасан эрх, 20.2.3-т заасан сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх гэсэн хуульд заасан үүргийнхээ хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр багшийн ажилд томилсон шийдвэр гаргасан. Мөн энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжих ёстой байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/220 тоот тушаал болно. Уг тушаалын хавсралт хэсэгт 6 дугаар ангиас эхлэн 7 хоногт 2 цагаар үндэсний бичиг заахаар тусгагдсан байсан учир 2013-2014, 2014-2015 оны хичээийн жилүүдэд сургуульд монгол хэлний хичээлийн цагийн багшаар ажиллаж байсан Х.Ц-ыг үргэлжлүүлэн үндсэн багшаар томилсон явдал хууль зөрчөөгүй, хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл байсан тул Х.Ц-аас хахууль өгөхийг шаардах, улмаар авах шаардлага байгаагүй болно. Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудсанд бичигдсэн нотлох баримтаар тооцогдож байгаа 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаартай тушаал гарах болсон учир шалтгаан болон хууль зүйн үндэслэл нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой үйлдэл байсан болохоос биш хахууль өгч, энэ албан тушаал дээр томилогдсон гэж гүтгээд байгаа Х.Ц-ын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаад байсан асуудал огт байхгүй, бас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байхад 268.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчим хангагдахгүй байхад анхан шатны шүүх хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол гаргаж байгаа нь бас учир дутагдалтай юм. 

2. Анхан шатны шүүх миний өмгөөлөгч Г.Б, Б.Н нарын цагаатгах хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж Ш.Бадамцэцэг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч гэх Т.Б /Х.Ц-ын нөхөр/, Т.О /Х.Ц-ын хадам эгч/, Д.Н /Х.Ц-ын ээжийнх нь төрөл/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн байна. Дээрх нэр бүхий гэрчүүд гэж мэдүүлэг өгсөн хүмүүс Х.Ц-тай гэр бүлийн болоод төрөл садангийн холбоотой хүмүүс юм. Тэд бүгд “Х.Ц-ын ярьсныг хэлж байна” гэж мэдүүлдэг бөгөөд тэд түүний амнаас сонссон зүйлээ л мэдүүлж байгаа болохоос бус гэрт нь очиж мөнгө өгсөн гэх үйл явдлыг нүдээр хараагүй, хамт байгаа хүмүүс юм. Энэ шийтгэх тогтоолын 20 дугаар хуудсанд бичигдсэн Д.Н-ын ...Х.Ц надад ярьсан болохоос биш, хэдэн төгрөг хаана, ямар байдлаар хахууль болгон өгч байсныг нь хараагүй, зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм ... гэх мэдүүлэг, мөн 20 дугаар хуудсанд бичигдсэн Т.Б-ын...тухайн өдрийг сайн санахгүй байна. Зээл авсны дараа 08 дугаар сарын эхний 7 хоногт байх, би эхнэрээ захирлын  гэрийн гадаа мотоциклиор  хүргэж өгчихөөд явсан. Удаагүй эхнэр маань 1000.0 төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсан... гэх мэдүүлэг, мөн 21 дүгээр хуудсанд бичигдсэн Т.О-ын ...хичээлийн шинэ жил эхэлж бэр ажилдаа орсны дараа би уулзаж ярилцахад гэрт нь 1000.0 төгрөг  аваачиж  өгсөн гэж байсан гэх мэдүүлгүүд нь Ш.Б-ийн гэрт Х.Ц мөнгө өгсөн гэх үйл явдлыг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь Х.Ц-ыг манайд ирж мөнгө өгсөн гэх өдөр миний нөхөр П.М миний дэргэд, надтай хамт байсан бөгөөд П.М-аас авсан гэрчийн мэдүүлгээр  дээрх үйл явдал бүрэн дүүрэн үгүйсгэгдэж, няцаагдаж байхад дэргэд минь хамт байсан гэрч П.М-ийн мэдүүлгийг шүүх үнэлж үзэхгүй байгаа мөртлөө бид нартай хамт байгаагүй Х.Ц ингэж ярьсан, ярьсныг нь сонссон гэх хамаарал бүхий энэ хүний мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцож, нотлогдож байна гэж үзэх нь туйлын учир дутагдалтай, өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Энэ хүний мэдүүлгийн эх сурвалж  нь хахууль өгсөн гэх Х.Ц-ын  мэдүүлэг бөгөөд миний өмгөөлөгч Ц.Б, Б.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан ...Х.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэж, Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасаж, энэ захирамж дээр давж заалдах эрхгүй болохыг дурдаж, шүүгчийн захирамжийг танилцуулсан болно. Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж гэх Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзсэн хирнээ ярьсныг нь сонссон гэх ашиг сонирхол нэгтэй, гэр бүл, төрөл садангийн  холбоотой хүмүүсийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгох нь хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэж байна. 

3. Түүнчлэн шүүх Х.Ц-ын Өгийнмандал ХЗХ-ноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан 5250.0 төгрөгийн зээлийн баримтыг энэ хэргийн нотлох баримт гэж үзсэн байна. Гэтэл Х.Ц 08 дугаар сарын 25-нд Ш.Б-т мөнгө өгөхийн тулд 1 сарын өмнө зээл авах шаардлага гарсан, 1000.0 төгрөг өгөхийн тулд 5250.0 төгрөг авах болсон зэрэг нь цаг хугацаа болон мөнгөн дүн  зэргээрээ эргэлзээ  төрүүлэх асуудлын нэг бөгөөд зээлийн зарцуулалтыг нарийвчлан тогтоогоогүй байдаг зэрэг нь мөнгө өгснийг  нотлох баримт  гэж тооцогдоход бас л учир дутагдалтай. 

4. Нотлох баримтаар тооцогдоод явж байгаа шийтгэх тогтоолын 8, 21 дүгээр хуудсанд бичигдсэн Ш.С, С.Н нарын мэдүүлэг, 12, 21 дүгээр хуудсанд бичигдсэн Ш.Б-ийн мэдүүлгийг няцаасан няцаалт бүхий нотлох баримтыг хүсэлтийн хамт 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газарт өмгөөлөгчөөр дамжуулан хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүйгээр  үл барам хууль сануулж, байцаалт авсаар байтал намайг буруутгах гэж илт худал мэдүүлэг өгч, миний хувийн байдлыг дордуулж, мэдүүлэг өгсөн дээрх нэр бүхий хүмүүсийн мэдүүлгийг дахин нягталж, нотлох баримтыг үнэлж үзээгүйгээс болж, шийтгэх тогтоолын нотлох баримт хэсэгт дээрх хүмүүсийн мэдүүлэг энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хирнээ  тооцогдоод явж байгаад туйлын гомдолтой байна. 

Хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, гэм буруутайд тооцож шийтгэхэд тухайн хэрэг ямар ч эргэлзээгүйгээр нотлогдсон байх хуулийн зарчим бий. Нэг нь хахууль өгсөн, нөгөө нь аваагүй гэх эсрэг байр суурьтай, хахууль өгснийг нь нотолсон гэх нотлох баримтууд өмнө нь дурдсанаар нь хангалтгүй, эргэлзээтэй, мөн нотлох баримтаар тооцогдож прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж байсан Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасчихсан атлаа гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. Би Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх байгууллагыг хүний нэр төр, алдар хүнд, ажил амьдралыг  шийдвэрлэх асуудалд  хариуцлагатай хандаж, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль эрх зүйг удирдлага болгон эргэлзээгүйгээр нотолсон байх зарчмыг үндэслэн хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргадаг байгууллага гэж боддог гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд: Манай үйлчлүүлэгч Ш.Бадамцэцэгийг хээл хахууль авсан гэм буруутай хэмээн анхан шатны  шүүх дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, удирдах тушаал эрхлэх эрхийг 1 жилээр хасч нэмэгдэл ял хэрэглэлээ. Өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл тогтоогдлоо. Энэ нь анхан шатны шүүх Х.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5.3 дахь хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтаас үнэлэлгүй хасаж тооцсон мөртлөө Х.Ц-ын бусдад ярьсан гэх гэрч н.Н, н.О, н.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, Ш.Б-ийг яллан гэм буруутай хэмээн ял халдаасан нь туйлын учир дутагдалтай байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчмууд болох хууль ёсны дагуу шударга байх, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй  тогтоох, гэм буруугүйд тооцох гэх мэт зарчмууд алдагдсан байна гэж үзэж байна. 

2. Анхан шатны шүүх Ш.Б-ийг хийх ёстой ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн боловч энэ нь гэрч А.А-ын мэдүүлэг /хх-1-231-р хуудас/, Д.А-ийн /хх-1-231-р хуудас/ мэдүүлгээр няцаагдаж байна. 

Шүүх хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний  хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд төлбөр авсан байна хэмээн Ш.Б-ийг буруутгасан боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний 

А. Албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх,

Б. Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр гэсэн объектив үйлдлүүд үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ш.Б-ийг ямар ч хахууль аваагүй гэдгийг тухайн цаг үед хажууд нь хамт байсан гэрч П.М мэдүүлдэг. Гэтэл энэ мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэснээ  шүүх тогтоолдоо дурдсангүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Б, Х.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг  шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэг нь үндэслэлтэй гарсан боловч прокурорын зүгээс шийтгэх тогтоолын зарим хэсэгт дээр нь санал нийлэхгүй байгаа. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас Ш.Б, Х.Ц нарт холбогдуулан авлига, хээл хахуулийн гэмт хэрэг өгсөн, авсан нь тогтоогдсон гэсэн үндэслэл дээр прокурорын зүгээс санал нийлж байгаа. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан зүйл, ангийг баримталж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь шүүгдэгч Ш.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийг улсын төсөвт төлөхийг даалгасан байхад үүнийгээ төлөөгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-т тэнсэн хянан харгалзах арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул тус шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр хүчингүй болгуулах саналтай байна. Харин давж заалдах журмаар гомдол гаргасан хэргийн оролцогч нарын гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс Х.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасахаар шийдвэрлэсэн. Холбогдох хууль хяналтын байгууллагаас Ш.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн эх сурвалжийг тогтоож чадаагүй. Өмгөөлөгч миний хувьд Ш.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн эх сурвалж тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Ш.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэх гол эх сурвалж нь Х.Ц-ын мэдүүлэг байсан. Нэгэнт  Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хассан тул энэ хэрэг нь эх сурвалжгүй болж байна. Гэтэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэхэд учир дутагдалтай болсон. Өмгөөлөгч миний хувьд Ш.Б-т холбогдох хэргийн нотолбол зохих байдал хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсч гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх эх сурвалжийг нь тогтоож чадаагүй гэрч О, Б, Н нарын мэдүүлэг болон энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн бүхий л хүмүүсийн мэдүүлгийг шийтгэх тогтоолдоо жагсааж бичээд эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Ш.Б-ийн гэм буруутай болохыг тогтоогдсон гэж үзээд үнэлэлт, дүгнэлт хийсэн байдаг. Эндээс харахад анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлсэн эсэх нь учир дутагдалтай байна. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг ялгаж, салгаж үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бүх гэрчүүдийн мэдүүлгийг жагсааж бичсэн мөртлөө уг тогтоолын тодорхойлох буюу үндэслэх хэсэгтээ аль гэрчүүдийн мэдүүлгээр Ш.Б-ийн үйлдэл нотлогдож байгаа юм, мөн аль гэрчүүдийн мэдүүлгээр түүнд холбогдох үйлдэл үгүйсгэгдэж байгааг ялган салгаж, үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Шүүгдэгч Ш.Б-ийн гэм бурууг хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргуулах тухай саналтай байна. Харин прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн талаар дурдаж байгаа бөгөөд энэ нь арай өөр ойлголт байдаг. Прокурорын зүгээс шинэчилсэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар  зүйлд заасан гэм  буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршигийг арилгасан зэрэг үндэслэлийг дурдаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг нь олон жил, олон ч шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Монгол Улсын Дээд шүүхээс энэ хэргийг авлигын хэрэг мөн байна гэж буцаагаагүй бөгөөд холбогдох шатны шүүхүүд үнэлэлт, дүгнэлт, няцаалтаа тодорхой бичээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхийн 127 дугаартай шийтгэх тогтоолын үнэлэлт, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх Ш.Б-ийг албаны үүргээ хэрэгжүүлсний  хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд төлбөр авсан байна гэж үзэж түүнийг буруутгасан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр гэсэн объектив үйлдлүүд үгүйсгэгдэж байна. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан өгүүлбэрээр шүүгдэгч Ш.Бийн үйлдэл тогтоогддоггүй. Харин Ш.Б нь зохих ёсоор ажлаа хийсэн. Яг Ш.Б-тэй адилхан авлигатай холбоотой эрүүгийн хэргийг би хэрэгсэхгүй болгуулж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд Х.Ц-ыг үндсэн багшийн орон тоонд томилохдоо хууль ёсоор хэрэгжүүлэх ёстой үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан байдаг. Гэтэл шүүхээс 1.000.000 төгрөг авч байгаа үйлдлийг зохих ёсоор гэж дүгнээд байгаа юм уу, эсхүл түүний хийж байгаа үйлдлүүдийг зохих ёсоор гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ш.Б-ийг ажил, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг гэрч А, А нар гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Ш.Б-т холбогдуулан шалгаж байгаа зүйлчлэлийн объектив үйлдэл тогтоогдохгүй байна гэдгийг би удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Хэдийгээр гадуур авлигын хэргийн талаар их яригдаж байгаа боловч бид хуульч хүний хувьд зөвхөн хуулинд захирагдах ёстой. Шинэ Эрүүгийн хуулинд эргэлзээгүй байдлыг нотлохыг тусгасан байдаг бөгөөд эргэлзээтэй бол гэм буруугийн зарчмыг барих талаар хуульчилсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулсан. Өнөөдөр шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх талаар хуулинд тусгасан. Гэтэл Х.Ц-ын мэдүүлгийг нотлох баримтаас хассан байхад шүүх яллаад яваад байгаа нь  логик зөрчлийг үүсгэж байна. Мөн шүүгдэгчид ял халдааж байгаа нь хууль зөрчсөн ноцтой зөрчлийг үүсгэж байна. Бусад зүйлсийн талаар миний үйлчлүүлэгч сая шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарлаж ярилаа. Миний хувьд яллах дүгнэлтэд бичигдсэн Ш.Б-ийг гэм буруутайг нотолж мэдүүлсэн гэх тэр төрөл садангийн холбоотой 3 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж бодож байна. Мөн гэрч М-ийн мэдүүлгийг яаж няцаах юм бэ гэдэг асуудал урган гарч байна. Миний хувьд уг хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлтээ илэрхийлж байсан. Эрхэм шүүгч нарт хэлэхэд энэ хэргийн ард хоёр намын асуудал яригддаг юм. Тэр Н гэдэг хүн захирлын суудалд санаархаж байгаа бөгөөд 17 нэр бүхий гомдлыг авлигатай тэмцэх газарт гаргасан байдаг. Тухайн гаргасан бүх гомдлууд нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болсон. Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж  байна. Дахин дахин яриад яахав гэж бодож байна. Ер нь бол Ш.Б-т холбогдох хэргийг цагаатгах үндэслэлтэй юм шүү гэдгийг хэлье. Прокурорын зүгээс шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байгаа юм байна. Миний хувьд шүүгдэгч Ш.Б-ийн эрх зүйн байдлыг прокурорын тайлбарласанаар хүндрүүлж болохгүй. Учир нь  шинэ, хуучин хоёр Эрүүгийн хуулийн ялын бодлого бол өөр юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр прокурорын санал хуулинд нийцээгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан гэм буруугүй гэсэн зарчмыг шүүхийн зүгээс Ш.Бадамцэцэгт холбогдох хэрэгт хэрэглэж өгөхийг хүсэж байна гэв. 