Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х**** 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т***** 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б****  нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*** нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***, Б.Б***8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Б.Г****-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Г***-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу амины орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд тус газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10/08 дугаар тогтоолын хавсралтын 3 дугаар бүлгийн 9 дэх заалтыг үндэслэжээ.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар иргэн Б.Г****-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга, байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж, хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дүгээр захирамжийг гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Г**** нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжийг хуулбарлан авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж уулзах үедээ газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон тухай мэджээ.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай гомдлоо Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/4283 дугаар албан бичгээр “Маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул шүүхэд хандах шийдвэрлүүлэх тухай” хариуг авснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Иргэн Б.Г**** миний бие Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг амины сууцны зориулалтаар эзэмшихээр зохих баримт материалыг бүрдүүлж, газрын тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэд 7,640,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлсний үндсэн дээр Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар дэмжигдэж, холбогдох хууль тогтоомжид тавигдсан шаардлагыг хангасан тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Үүний дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу амины сууц барихаар холбогдох ажиллагаа хийгдэж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн үндэслэлээр Б.Г**** миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Тухайн газар дээр цахилгааны болон дулааны шугам сүлжээ байхгүй, хамгаалалтын бүсэд хамаарахгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамж нь үндэслэл бүхий юм.

Иргэн Б.Г*** миний бие тухайн газрыг эзэмших дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр, тухайн газарт хийгдэхээр төлөвлөгдсөн ажилтай холбоотой зардал зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргаж, миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Энэ хэрэг маргаан үүссэнээс хойш, мөн энэ хэрэг маргаан үүсэх болсон шалтгаантай холбоотойгоор дараах хэд хэдэн зүйлс шүүхэд тогтоогдож байна гэж үзэж байна. Анх энэ газрыг нэхэмжлэгчид олгохдоо мэргэжлийн зөвлөл хуралдаад, дуудлага худалдааны анхны үнэ болох 7,640,000 төгрөгийг төлүүлсэн бөгөөд уг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаж өгсөн.

Газар эзэмших эрхийг олгохдоо хууль бусаар олгосон гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглана гэж заасан. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг хууль бусаар олгоно гэсэн агуулгатай ямар зохицуулалт байгаа талаар хариуцагч тайлбарлаж чадахгүй байна.

Иргэн хүн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр төрийн байгууллагад хандахад тухайн хүсэлтийг хүлээн авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газар олгох боломжтой гэж үзэж, холбогдох баримтуудыг нь бүрдүүлж авсан бөгөөд түүний дагуу шат шатны мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэр гарч, Нийслэлийн Засаг дарга 2020 оны А/913 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо нэг шаардлага тавьсан нь дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байх юм. Иймд нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг төлөхдөө гэрээний дагуу төлсөн.

Өөрөөр хэлбэл, 2020 онд ямар нэгэн төлбөрийн өр, тооцоогүй болсон. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга яагаад маргаан бүхий захирамжийг гаргасан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас асуухад тайлбарлаж чадахгүй байна. Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн захиргааны акт гаргах бүрд Засаг даргын орлогч Ж.С*** гэж хүн хариуцаж ажилладаг юм.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газартай холбоотой хувийн хэргийн төлөвлөгөө, энэ актыг гаргах болсон шалтгаан, нөхцөл зэрэг бүх зүйлсийг судалсны үндсэн дээр захиргааны актыг гаргах ёстой. Гэтэл хариуцагчийн хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний асуултад тодорхой хариулт өгөхгүй байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргасан шалтгаан гээд хувийн хэргийг нь гаргаж байгаад мэтгэлцэх ёстой. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг бодлого бодуулж байгаа мэт хандаж болохгүй. Иймд захиргааны акт хууль бус гарсан нь нотлогдсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь судалгаа, тайлан, мэдээ цуглуулах зэргээр ямар ч ажиллагаа хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Хууль тогтоогчийн зүгээс Газрын тухай хуулийн зөвхөн 40 дүгээр зүйлд Нийслэлийн Засаг даргад эрх олгосон байдаг боловч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй. Ийм захиргааны акт гаргаж, түүнийгээ хамгаалж байгаа бол хууль бус гэж үзэж байна. Зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Уг хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч Б.Г***-д болон бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд адил тэгш үйлчилнэ гэж үзэж байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа огт хийгээгүй. Албан бичиг явуулсныгаа сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөөл сумын Засаг дарга хүртэл сонсох ажиллагааг ингэж хийхгүй гэж үзэж байна. Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгчтэй холбоотой ямар ч хаяг, холбогдох утасны дугаар байхгүй. Нэхэмжлэгч нь одоо ашиглаж буй утасны дугаараа ашиглаад гурван жил болж байгаа бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээнд  хаяг нь байгаа. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д тодорхой заасан.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаас үзвэл ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй буюу Үндэсний Их баяр Наадмын өдрийн өмнө нэг мэдэгдэх хуудас явуулсан. Ийм байдлаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэж газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна...” гэж заасан. Энэ бол тодорхой асуудал буюу автозам, шугам сүлжээ, гэр хорооллын зам бүгд шугам сүлжээтэй байгаа. Шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигч гэж хэнийг хэлж байна вэ гэвэл “У*****” ТӨХК нь шугам сүлжээг эзэмшдэг юм. Нийслэлийн Засаг даргыг төлөөлж, итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс хамгаалалтын зурвас хэдэн метр байдгийг, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 1000 м.кв газрын яг аль хэсгээр хамгаалалтын зурвас дайран өнгөрч байгаа талаар болон энэ хэсгээрээ давхцалтай байна гэх зэргээр тайлбар гаргах ёстой. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан албан бичигт “...хамгаалалтын зурвас дотор байхгүй” гэж байгаа буюу нэхэмжлэгч Б.Г***-н газрын ар талаар бохирын шугам, сүлжээ явж байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулахаар “Ертөнцийн зүгээр аль тал нь вэ?” гэж асуухад хариулж чадахгүй байна. Ийм байдлаар иргэний газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгож болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захирамж нь хууль бус бөгөөд тодруулбал илт хууль бус захирамж юм. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан тул маргаан бүхий А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг иргэн Б.Г***-д амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар иргэн Б.Г****-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Иймд Нийслэлийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нийтийн эзэмшилд авсан. Нийтийн эзэмшилд авч байна гэдэг нь нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэсэн үг юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой зааж өгсөн.

Энэ үндэслэлийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байвал эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заасан тул хуулийн тус зохицуулалтын дагуу Б.Г****-д газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүх, нэхэмжлэгч иргэн Б.Г****-с гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

9. Нийслэлийн Засаг даргаас “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар иргэн Б.Г****-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга, байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн” гэж үзэж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болсонд тооцжээ.

10. Дээрх А/604 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

11. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4. “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 56 дугаар зүйлийн 56.1. “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг үндэслэн гарчээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Г****-н газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд тайлбар, санал авах хугацааг заасан байдаг. Тухайн хугацаанд тайлбар ирүүлээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

13. Энэ тохиолдолд хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “... газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ...” гэж заасны дагуу “газрын тухай хууль тогтоомж” нь Газрын тухай хуулийн 56.1 гэж тайлбарлах атлаа маргаан бүхий захирамжид Б.Г****-д газар эзэмшүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 33.1 “шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор ... зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, захирамжийн үндэслэл нь хариу тайлбар татгалзлын үндэслэлтэй зөрчилдсөн, агуулгын хувьд зөрүүтэй тайлбар гаргаж буйгаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг хангаж гараагүй гэж үзнэ.

14. Хэрэгт авагдсан “У****” ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/529 дүгээр албан бичгээр “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г**** /РД:****/-ын эзэмшлийн ******* нэгж талбарын дугаартай газарт ...эзэмшлийн шугам тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй” гэж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй болохыг нотолж байна.

15. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02-06/7020 албан бичигт: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02-06/4472 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн” гээд ийнхүү мэдэгдлийн хүргүүлсэн талаар явуулсан баримт бичгийн бүртгэл ирүүлсэн байна. Уг бүртгэл ёсоор 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлснээр бичигдсэн байх ба харин мэдэгдэлд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тайлбар, саналаа ирүүлэхийг шаардсан нь Захиргааны ерөнхий 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн дээрх хуулийн агуулга, зорилгод нийцээгүй байна.

16. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх ямар тохиолдолд дуусгавар болохыг заасан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг нэрлэн заажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/-ыг үндэслээгүй нь буруутай, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

17. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4. “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзвэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан замын трасст оруулж төлөвлөсөн талаар тогтоосон баримт байхгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр нь уг төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

18. Иймд хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх байдлаар зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэлээ.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн Б.Г***-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН