| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0557/З |
| Дугаар | 221/МА2026/0017 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0017
“АП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “АП” ХХК
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “АП” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар
Гуравдагч этгээд: “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн М ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын М ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0755 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л
Хариуцагч Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0557/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч нь анх Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын М ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн М ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын М ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0755 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн М ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын М ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчид онцгой эрх ашиг байсан үндэслэлийг шүүх хүлээж аваагүй тухайд:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа "БЗД-ийн Худалдан авах ажиллагааны албаны "АП" ХХК-д хүргүүлсэн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдлийг болон "М" ХХК-д хүргүүлсэн 2025 оны 05 сарын 15- ны өдрийн 157 дугаар "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын "М" ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлон маргасан.
Маргаан бүхий 157 дугаар мэдэгдлээр "М" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. 159 дүгээр мэдэгдлээр манай компанид санхүүгийн 2024 оны тайлан баталгаажуулж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр манай компанийг тендер шалгаруулалтад шалгараагүйг тус тус мэдэгдсэн.
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт 1: Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана" гэж заасан.
Манай компани 2024 оны санхүүгийн тайлангаа 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн бөгөөд энэхүү үйл баримт нь Сангийн яамны шүүхэд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/8698 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Тус албан бичгээр манай хүргүүлсэн тайланг и-баланс цахим системд 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр баталгаажсан баримтыг шүүхэд ирүүлсэн байдаг.
Бид тендерт оролцохдоо өгөгдлийн хүснэгтэд дурдсан шаардлагын дагуу санхүүгийн тайлангаа и-баланс цахим системд оруулсан байхад хариуцагчаас үндэслэлгүй шалтгаанаар манай тендерээс татгалзаж, Сангийн яамнаас тендерийг түдгэлзүүлсэн байсан хугацаанд хариуцагч "М” ХХК-тай гэрээ байгуулсан.
Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон болон манай компанийг санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул Мөнх үсэг ХХК шалгарсан гэж мэдэгдсэн мэдэгдэлтэй маргасан байдаг. Түүнчлэн, М ХХК-ийн тендерт илгээсэн баримтууд нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн огноотой байсантай холбогдуулан тус компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлтэй маргасан.
Тодруулбал, шүүхэд ирүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-1/5135 дугаар албан бичгээр "...М" ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 18 минутад тендер илгээсэн байна" гэсэн. Үүнээс харахад тендерт материалаа илгээсэн өдрийн маргааш өдрийнх нь огноотой баримтууд байдаг. Илгээж байгаа өдрийнхөө маргаашийн огноотойгоор тендерт материал илгээсэн нь өөрөө тендерийн баримтууд шаардлага хангахгүй байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэрэгжиж дууссан байсан тул хууль бус байсан болохыг тогтоолгохоор тодорхойлсон байдаг. Шүүхийн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
3.2. Шүүх баримтыг эцэслээгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлийн тухайд:
Манай компаниас маргаан бүхий 159 дүгээр мэдэгдлийг хүлээн аваад, Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг мэдэгдсэн байдаг.
Үүний дараа Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5263 дугаар албан бичгээр "...2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан талаар дурдаж, гэрээг хавсаргаж ирүүлсэн байна. Иймд гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана. Захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно" гэж мэдэгдсэн.
Дээрхээс харахад 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгосон байна. Тендер түдгэлзүүлсэн байхад хариуцагч нь М ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамнаас тендерийг түдгэлзүүлэх тухай хэрхэн мэдэгдсэн талаарх тайлбар, холбогдох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6319 дүгээр албан захирамжаар уг хүсэлтийг хангаж, нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7502 дугаар албан бичгээр 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар албан бичгийг хэзээ, хэрхэн ямар байдлаар хүргүүлсэн, уг тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн талаарх холбогдох этгээд нарт мэдэгдсэн эсэх баримт, мэдээллийг нотлох баримтаар авахаар шаардсан.
Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/9147 дугаар албан бичгээр "...цахим системд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өдөр бүртгэгдсэн баримтын хуулбарыг хавсаргасан болно..." гэжээ. Шүүх хуралдааны явцад цахим систем гэдэг нь Сангийн яамны дотооддоо хэрэглэдэг цахим систем байх талаар талууд таамаглал дэвшүүлсэн. Шүүгчийн захирамжаар шүүхээс хэзээ, хэрхэн, ямар байдлаар мэдэгдсэн талаар баримтууд, тайлбарыг авахаар шийдвэрлэсэн боловч - Сангийн яамнаас тайлбар, баримт дутуу ирсэн. Нэхэмжлэгчээс захирамжийн биелэлтийг хангуулах талаар шүүх хуралдааны явцад тайлбарладаг.
Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүхээс шаардсан баримт дутуу ирсэн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрт "...хариуцагч тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг мөн буруутгах үндэслэлгүй" гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасны дагуу шүүх хэрэгт ач холбогдолтой баримтыг цуглуулах үүрэгтэй. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, дутуу баримтыг үндэслэн, хариуцагч тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулсныг зөв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тендерийг түдгэлзүүлсэн байхад хариуцагч хуульд заасны дагуу түдгэлзүүлсэн хугацаанд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулаагүй байсан бол манай байгууллага тус тендерт шалгарах боломжтой байсан. Учир нь, манай байгууллага 2024 оны санхүүгийн тайлангаа тендерээс өмнө буюу 02 сарын 14-ний өдөр хүргүүлсэн болох нь Сангийн яамнаас ирүүлсэн тайлбар, холбогдох баримтаар тогтоогддог. Мөн манайх тендерт хамгийн бага үнийн саналыг илгээсэн байдаг. Иймд уг хэргийг хянан шийдвэрлэхэд бичгээр Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар албан бичгийг хэзээ, хэрхэн ямар байдлаар хүргүүлсэн талаарх тайлбар, уг тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн талаарх холбогдох этгээд нарт мэдэгдсэн эсэх баримтууд нь нотолгооны чухал ач холбогдолтой байсан.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" гэж заасны дагуу маргаж буй актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа талаараа тайлбарлан, маргасан.
Тодруулбал, манай компани хэвлэх тендерт оролцдог тул энэхүү тендерийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой буюу манай компанид сэргэх онцгой эрх ашиг сонирхол байсан. Шүүхээс хууль бус байсан болохыг тогтоосноор захиргааны байгууллагын зүгээс дахин ийм алдаатай, хууль бус шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн хамгаалалт үзүүлдэг.
Манай компанид маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй, манай компанийн 2024 оны санхүүгийн тайлан и-баланси цахим системд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажсан болох нь Сангийн яамны шүүхэд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/8698 дугаар албан бичгээр тогтоогдож байхад шүүх Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр "...05 дугаар сарын 19-ний өдөр цахим системд татаж байршуулсан байна" гэсэн зөрүүтэй баримтуудыг эцэслээгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэж заасны дагуу дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн 755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0755 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн М ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын М ХХК-тай байгуулсан БЗДХААА/202501070 дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасны дагуу хэрэгт ач холбогдолтой баримтыг цуглуулах үүрэгтэй.
Тодруулбал, Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт 1: Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана" гэж заажээ.
Нэхэмжлэгчийн тухайд 2024 оны санхүүгийн тайлангаа 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн бөгөөд энэхүү үйл баримт нь Сангийн яамны шүүхэд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/8698 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Тус албан бичгээр тайланг и-баланс цахим системд 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр баталгаажсан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Үүнээс шүүхийн зөрүүтэй баримтуудыг эцэслэн дүгнэсэн гэж үзэх боломжгүй, Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгасан эсэх нь тодорхойгүй байна.
Хэрвээ “АП” ХХК-ийн тайлан татагдахгүй байсан бол шалтгааныг нь шүүх тогтоох байжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч 159 дүгээр мэдэгдлийг хүлээн аваад, Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамнаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс “Тендер түдгэлзүүлсэн байхад хариуцагч нь М ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг, ... Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тендерийг түдгэлзүүлсэн байхад хариуцагч хуульд заасны дагуу түдгэлзүүлсэн хугацаанд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулаагүй байсан бол манай байгууллага тус тендерт шалгарах боломжтой байсан.” гэж нэхэмжлэгч маргаж байгаа энэ тохиолдолд тендерийг түдгэлзүүлсэн тухай хэзээ, хэрхэн мэдэгдсэнийг цаг минутаар, М ХХК-тай хэзээ гэрээ байгуулсныг цаг минутаар нь тогтоох нь ач холбогдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг хамгийн анх хэн, хэзээ, хэнд, хэрхэн мэдэгдсэн тухай бодитой тогтоосон баримт байхгүй байна.
5. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6319 дүгээр албан захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7502 дугаар албан бичгээр 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар албан бичгийг хэзээ, хэрхэн ямар байдлаар хүргүүлсэн, уг тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн талаарх холбогдох этгээд нарт мэдэгдсэн эсэх баримт, мэдээллийг нотлох баримтаар авахаар шаардсан боловч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүхээс шаардсан баримт дутуу ирсэн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж заасны дагуу анхан шатны шүүх маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР