Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1314

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б, Г.Б нарт холбогдох

 

Д.Л, Р.Г нарын эзэмшлийн дансанд байрлах мөнгийг авсан үйлдлийг тогтоолгох, уг данс дахь мөнгөний хууль ёсны өв залгамжлалын дагуу хуваарилан шилжүүлэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Батбаатар,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Даваабилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны эхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхийн шатанд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг болон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл талийгаачийн эзэмшлийн “Голомт” банкны дансанд байршсан мөнгө эд хөрөнгийн талаарх шүүхийн шатанд шийдвэрлээгүй болно. Учир нь шийдвэрлэж байх хугацаанд энэхүү дансны талаарх мэдээлэл огт дурдагдаагүй бөгөөд хариуцагч Г.Б хурал дээр энэ байрнаас гадна өөр мөнгө хөрөнгө байгаа бол түүнийг хуваан авна гэж байсан хэдий ч “Голомт” банкны дансанд байршсан мөнгийг дурдаагүй, нуун дарагдуулсан үйлдэл нь чухам их хэмжээний мөнгө байх боломжтой байсанг илтгэж байна. Миний бие “Голомт” банкны мэргэжилтнүүдтэй эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж үзэхэд ... Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарын нэр дээр данс байна, гэхдээ танд уг дансны талаарх мэдээллийг өгөх боломжгүй учир нь хувийн мэдээлэлтэй холбоотой тул өгөхгүй та шүүхийн журмаар энэхүү дансны мэдээллийг ав гэхдээ Г.Б гэх хүн дансан доторх мөнгийг авсан... гэдгийг хэлсэн. Угтаан бол Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарын дундын өмчлөлийн буюу хамтран данс нээсэн атал түүнийг зөвхөн Г.Б авсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Иймд миний бие уг дансыг шалгуулж Г.Бат-Эрдэнийн авсан гэх мөнгөн дүнг тогтоолгох, өв залгамжлалын дагуу уул мөнгөнөөс хуваарилан авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

 Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хоёр хөгшин манай эмээгийнд залуу байхдаа амьдарч байсан юм. Би 15 настай оюутан болоод энэ хоёр хөгшнийд амьдрахаар болж нөхөрт гартлаа хамт амьдарсан. Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарыг миний бие сүүлийн хоёр жил асарсан. Биднийг хамт амьдарч байх хугацаанд дүү Ш.Б, хүү Г.Б нарын хэн ч ирдэггүй, харагддаггүй байсан. Д.Лхамжав эгч нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд ажил явдлыг би гардан зохион байгуулсан. Удалгүй 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Р./Ганбат/ ах маань мөн адил нас барсан. Нас барснаас хойш Ш.Б гуай талийгаачийн утасны кодыг Мобикомоос авч хүү гэх Г.Б рүү утасдаж хэлсэн. Г.Б, Ш.Б нар талийгаачид амьд сэрүүн байхад эргэж тойрохгүй аяга цай хоол хийж өгдөггүй байсан мөртлөө нас барсан хойно эд хөрөнгийг нь булаацалдаж байгаад харамсаж байна. Хоёр хөгшнийг өвчтэй эмнэлэгт хэвтэж байх үед энэ хоёр хүний хэн ч ирээгүй. Харин Ш.Б охин 3 удаа хоол зөөгөөд хүүхэд өвдлөө гээд дахиж ирээгүй, би л үлдэж арын бүх ажлыг амжуулж байсан. Ах, эгчийг нас барснаас хойш 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр циркийн хажууд байдаг “Голомт” банкны салбараас 10,000 доллар буюу 19 983 200 төгрөгийг авч буяны ажилд зарцуулсан. Дараа нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 54,000 долларыг авч, 50,000 долларыг буцааж 6 сарын хугацаатай өөрийнхөө нэрээр хадгалуулсан. Үлдэгдэл 4000 ам доллар тухайн үеийн ханшаар 8 000 000 төгрөг болж надад машин авч өгсөн байдаг. Надад 8 ширхэг хадгаламжийн дэвтрүүд, 1 ширхэг орон сууцны гэрчилгээ хадгалагдаж байгаа. Үүнийг шүүхэд гаргаж өгч байна, хүлээн авна уу. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй байхад намайг хариуцагч болгож шүүхэд дахин дахин өгч байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн аав Р.Ганбат, өндөр ээж Д.Лхамжав нар хамтын амьдралтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй. Миний бие 1986 онд ээж Р.Эрдэнэчимэг аав Р.Ганбат хоёрын дундаас төрснөөр энэ 3 хөгшний ганц элэг дэвтээх хүүхэд, удам залгах үр нь болж амьдарч байсан. Нэхэмжлэгч Ш.Б намайг эцгээ өнгөрснөөс хойш гэнэт гарч ирсэн, сүүлд овоглосон, бутач хүүхэд гэх мэтээр янз бүрээр доромжилж байгаад гомдолтой байна. Өндөр ээж /Д.Лхамжав/ маань 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Түүнээс 20-иод хоног буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр аав маань өөд болсон. Хөгшчүүлийг өөд болсноос хойш би гэнэт их хамаатан садангуудтай болж өв булаацалдах болсон. Ш.Б хувьд бид 2017 оны 3 дугаар сард харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа. Би дээрх өгсөн тайлбартаа дахин дахин дурдаж байгаа. Үнэндээ би энэ 3 хөгшний газар дээрх ганц үр удам. Гэр бүлийн тухай хуулиар төрсөн болон үрчилсэн, дагавар хүүхэд бүгд гэр бүлийн гишүүн бөгөөд Иргэний хуулийн 520 зүйлд зааснаар 1 дүгээр ээлжийн өвлөгч нар. 1 дүгээр ээлжийн өвлөгч байхгүй үед 2 дугаар ээлжийн өвлөгч буюу дүү гэх Ш.Б нар өвөөс хүртэх эсэх асуудал яригдах ёстой. Би хүн чанар гаргаж. Монгол хүний өв соёл жудгаараа эцэг, эх өнгөрөөд жил ч болоогүй байхад өндөлзүүлээд яахав гээд дээрх эвлэрлийн гэрээг хийж хамаг байдгаа шавхаж Ш.Бд өгч байсан. Миний бие 1 дүгээр зэргийн өв залгамжлагчийнхаа эрхийн дагуу аав Р.Ганбатын “Голомт” банк дахь хадгаламжийн дансыг өвлөх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хадгаламжийн данс дахь мөнгийг өвлөж авсан. Надад Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж надтай өв булаацалдаж шүүхэд дахин дахин зарга үүсгэж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасныг баримтлан Г.Бэс 1 105 017.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож, хариуцагч Т.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Бэс 31 070 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 39 130 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Шүүх хуралдаан эхлэхэд, талийгаач Р.Ганбат, Д.Лхамжав нарын хадгаламжийн дансны мөнгийг хэн хэрхэн зарцуулсан талаар “Голомт” банкнаас гаргуулахаар хүсэлт гаргахад, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн татгалзах захирамжийг шүүх гаргасан. Хавтаст хэргийн материалаас үзэхэд “Голомт” банкнаас талийгаач нарын нэр дээр данс байдаг эсэх талаар 3 удаа хүсэлт өгөхөд талуудад данс эзэмшдэгүй гэсэн тодорхойлолт өгсөн хирнээ сүүлийн хүсэлтийн дагуу 4 дансыг хуулгын хамт гаргаж ирсэн учир уг дансны мөнгийг хэн хэзээ хэрхэн авсан талаар хүсэлтийг гаргахад, хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ нь шүүгчийн хувийн сонирхолтой байна хэмээн үзэж шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргахад шүүгч өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд өөрийг нь татгалзаж байхад өөрөө татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хавтаст хэргийн материалын 9, 10 дахь талд эвлэрэлийн гэрээг баталсан эвлэрэлийн захирамжийг дахин хянуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах захирамжийг уг хэргийг шийдвэрлэсэн Т.Ганчимэг шүүгч өмнө нь шийдвэрлэж байсан хирнээ энэ хэрэгт хувийн сонирхолтойгоор хандаж хэргийг шийдвэрлэж байгаа нь ИХШХШТ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг зөрчсөн болно. Шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэж алдаа гаргасан. Энэ шүүгч үнэхээр хувийн сонирхолтой байгааг илтгэж байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өдрийн цагаар явуулна гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь 8:30-17:30 минутанд хурал эхлэх байтал 18 цагт дөнгөж шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэж, улмаар 18:30 хурлыг нээн эхлүүлж ажлын бус цагаар явуулж хууль зөрчсөн болно. Дээрх алдааг залруулахгүйгээр давж заалдах шатны журмаар хэргийн шийдвэрлэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т.Б, Г.Б нарт холбогдуулан Д.Лхамжав, Р.Ганбат нарын эзэмшлийн дансанд байрлах мөнгийг авсан үйлдлийг тогтоолгох, уг данс дахь мөнгөний хууль ёсны өв залгамжлалын дагуу хуваарилан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Монгол нотариатчдын танхимын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 703 тоот албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Түүнчлэн талийгаач  гэх Д.Лхамжав, Р.Ганбат нарын нас барсаны бүртгэлийн лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Хэдийгээр талууд уг үйл баримтад маргаагүй байх боловч тэдгээрийн нас барсан талаархи баримтыг үндэслэж өв залгамжлалын харилцааг шийдвэрлэх учиртай.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгчийн татгалзлыг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэх боловч энхүү гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                    

                                                                                                          Г.ДАВААДОРЖ