Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 164

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т, Д.Б, Д.М нарт холбогдох үндсэн зээл 4,99,836 төгрөг, зээлийн хүү 6,933,060 төгрөг  нийт 11,932,895 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч,  2020 оны 05 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч С.Т, Д.Б, Д.М нар нь Г хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбартай 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн шугамын ЗГ/4724 тоот зээлийн гэрээ, БГ/4724 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийг  8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан Зээлийн барьцаанд дараах хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. Бизнесийн орлого, Daewoo Laggetti автомашин зэргийг барьцаалсан

Зээлийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгчийн Х банкин дахь ... тоот дансруу шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4724 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн  хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг  бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг  зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн  хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа ... дугаарын утсаар мэдэгдсэн боловч  өнөөдрийг хүртэл гэрээнд  заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны Замын-Үүд салбарт ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,999,836 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,933,060 төгрөг нийт 11,932,895 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/5048 тоот зээлийн гэрээг үндэслэн  дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үндсэн зээл 4,999,836 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,933,060 төгрөг нийт 11,932,895 төгрөг болно. Иймд хариуцагч нартай байгуулсан ЗГ/4724 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 11,932,895 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Г ХЗХ-ны  нэхэмжлэлтэй С.Т-с 11,932,895 төгрөг гаргуулахаар өгсөн нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцаж Болортуяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн хүүгээс 1,198,000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 4,999,836, зээлийн хүү 5,735,060 төгрөг нийт 10,734,896 төгрөгийг гаргуулахаар  тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.                   

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух Д овогт С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч С.Т нь Г ХЗХ-ноос 4 сарын 20-ны өдөр гэрээ байгуулан  5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Тухайн зээлэнд  хамтран зээлдэгчээр Д.М, Д.Б нар нь орсон нь үнэн. Үүнээс үндсэн зээл 4,999,836 төгрөг нэмэгдүүлсэн хүү ,933,060 төгрөг  нийт 11,932,895 төгрөгийн дүнгээс Г нэхэмжилсэн мөнгөн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 1,198,000 төгрөгийг хасаж  нийт 10,734,806 төгрөгийг төлөхөөр  тохиролцсон болно. Энэ зээлийн гэрээнд Д.Б нь огт хамааралгүй тул  хасаж өгнө үү. Д.М, С.Т нар нь төлөх нь үнэн болно. Хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаалбар машинаар  төлбөрийг барагдуулахад  татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух Я овогт Д.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.М би Т-н Г-с авсан  5,000,000  төгрөгний хамтран зээлдэгч  мөн бөгөөд үндсэн зээл 4,999,836 төгрөг, хүү 6,933,060 төгрөг нийт 11,932,895 төгрөгнөөс 1,198,000 төгрөг хасагдаж  10,734,806 төгрөгийг хамтран төлөх нь үнэн болно. Төлөөгүй тохиолдолд барьцаалбараар хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч С.Т, Д.М, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээл 4,99,836 төгрөг, зээлийн хүү 6,933,060 төгрөг  нийт 11,932,895  төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Т, Д.М, Д.Б нар нь нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн шугамын ЗГ/4724 тоот зээлийн гэрээ, БГ/4724 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийг  8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,198,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Т, Д.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,734,806 төгрөгийг бүрэн төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Б-д  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т, Д.Б, Д.М нарт холбогдох үндсэн зээл 4,99,836 төгрөг, зээлийн хүү 6,933,060 төгрөг  нийт 11,932,895 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 1,198,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Т, Д.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,734,806 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, хэрэв төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Б-д  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 205,876.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,734,806 төгрөгийн улсын хураамж  186,708 төгрөгийн 50 хувь буюу 93,354 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 93,354 төгрөгийг  хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            А.Ц