| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0155/И |
| Дугаар | 165 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б суманд ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дгээр багт оршин суух, Б овогт Ж.Т-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 06 сард Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оны 07 сарын 01-нээс зоо техникчээр ажилд орж 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан юм. Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд 7 хүн говьд илгээлтээр очсон. Тэрний 2 хүнтэй нь Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд томилогдсон. Би Дорноговийн архивын тасгаас ажилласан хугацааны баримтыг шүүлгэхэд 1984-1986 оны цалингийн тодорхойлолт 1987 оны тушаалаас өөр баримт гарч ирээгүй, тэгээд хамт томилогдсон Б, Д гэх хүмүүсийн бичиг баримтыг гарч ирэх эсэхийг бас шүүлгэхэд гарч ирээгүй юм. Хөдөө аж ахуйн техникум төгсөхөд хөдөлмөрийн дэвтэр нээж өгч байсныг нэгдэлд өгсөн боловч олдохоо больсон. Ийм учраас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1990 оны 01 сар хүртэл ажилласанаа тогтоолгохоор хандсан. Учир нь 1990-2000 оныг нөхөн даатгалд хамрагдах байх гэж бодсон боловч болохгүй байна. Нэгэнт 1990 оныг дуустал ажилласан учраас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардлагаа өөрчилж байна. Иймд 1984 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оны 07 сараас эхлэн 1990 оны 01 сарыг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байснаа тогтоолгооор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Нэхэмжлэгч Ж.Т нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ж.Т-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн “Тус аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд ажиллаж байсан Ж.Т-н 1984-1986 онуудын цалингийн тодорхойлолтыг олгов” гэсэн 274 тоот лавлагаа
Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 24-ний өдрийн “Хэсэг дундын зоо техникч Ж.Т 1986 оны 12 сарын 30-нд амаржсан ба 2-р сарын 24-нөөс 3-р сарын 24-нийг хүртэл ээлжийн амралтаа амарсан. Хөдөлмөрийн хуулийн 159-р зүйлийг үндэслэн 1987 оны 03 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 25-ныг хүртэл 3 сарын чөлөө олгосугай” гэсэн 35 тоот тушаалын хуулбар
Гэрч Ц.Б шүүхэд өгсөн “ Ж.Т нь манай багт 1984 оноос 1990 оныг дуустал хугацаанд малын эмч зоо техникчээр ажиллаж байсан. Би нэг настай мал маллаж байгаад дараа нь төллөх хонь ямаа авч маллаж байсан. Ж.Т нь улиралд нэг удаа мал үзлэгт оруулж, өвчтэй мал гарах үед байнга ирж үзэж, эмчилгээ хийж, 8 сард мал угаалга хийж, сард нэг удаа хөдөө айлуудаараа явж малын өвчин гарч байна уу, яаж байна гэж ухуулга, танилцуулга хийж явдаг байсан. Зан харилцааны хувьд малчидтайгаа их ойрхон харилцаж, харилцаа хандлага сайн, ажилдаа сайн тийм л хүүхэд байсан. Бригадийн төв дээр амьдардаг байсан. Бригадын төв дээр хэдэн байшин байдаг байсан ба тэрэнд багийн дарга, малын эмч зоо техникч нар амьдардаг байсан. Тэр үед унаа цөөн дарга нар ирэхээр хааяа дарга нартай сумын төв орж хэд хонодог байсан. Ер нь бол голдуу хөдөө малчдийнхаараа их явж малчдийндаа хонож өнждөг байсан. Малын өвчин гарсан айлд 7-8 хүртэл хонодог ажилдаа сайн хүүхэд байсан. Малын их эмч Т, малын эмч Э, Т, Б гэх хүмүүс байсан.
Төгсжаргал нь 1984-1990 оныг дуустал хугацаанд манай багийн малын эмч зоо техникчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажлаас гарч байгаагүй, ажилдаа сайн зан харилцаа сайн хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг
Гэрч Т.Э шүүхэд өгсөн “Би 1989 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн сургуулийн малын бага эмчээр төгсөөд мөн ондоо Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд хэсгийн малын бага эмчээр ажилд ороод тасралтгүй 1993 он хүртэл буюу мал эмнэлэг хувьчлалд гартал ажилласан. Намайг 1989 онд сургууль төгсөөд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдралд хэсгийн малын бага эмчээр ажилд ороход Ж.Т нь тус нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан. Би Ж.Т-тай Шинэ Амьдрал нэгдлийн Баянмөнх багт багийн байшинд хамт амьдардаг байсан. Тухайн үед малын эмч, зоо техникч нар их ажилтай байдаг байсан. Бид хөдөө айлуудаараа хуваарийн дагуу сар болгон явж малын урьдчилан сэргийлэх үзлэг, ангилалт, заазлалт гэж явдаг байсан. Манай мал эмнэлгийн тасгийн эрхлэгч М.Т гэж хүн ажилладаг, малын бага эмчээр Д, Б, Д, Б, Б, би, зоо техникчээр Д, Ц, Э, Т, Ц нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан. Ж.Т нь Баянхонгор аймгийн хүн, илгээлтээр манай Өргөн суманд ирж ажиллаж байсан ба Баянмөнх багийн төв дээр хөдөө байшинд амьдардаг байсан. Сумын төвд тайлан мэдээ өгөх гэж ирэхдээ манайд надтай хамт ирдэг байсан. Бид ер нь ихэнхдээ хөдөө л амьдардаг байсан. Намайг ирж ажилд ороход Т нь бригадын төв дээр хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд Т нь 1990 он дуусгаад Баянхонгор аймаг руугаа нутаг буцаж байсан. Цалин мөнгийг сарын сүүлд өгдөг байсан. Бид цалингаа авах гэж ирэхдээ тайлан мэдээгээ өгч, зөвлөлийн хурлаар орж хэлэлцүүлдэг байсан. Архивын баримт одоо олдохгүй байгаа, тухайн үед нэгдлийн дарга нь архивт хүлээлгэж өгөөгүй юм шиг байна лээ. Архиваас Шинэ Амьдрал нэгдлийн баримт шүүлгэхэд байхгүй байна гэсэн хариу өгдөг. Би Ж.Т-тай 1989 оноос 1990 оныг дуустал Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн Баянмөнх багт хамт ажиллаж, нэг байранд амьдарч байсан хүний хувьд Ж.Т-г Шинэ Амьдрал нэгдэлд 1989-1990 оныг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байсныг гэрчилж байна” гэсэн мэдүүлэг
Гэрч М.Т-н шүүхэд өгсөн “Би 1984 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж амьдарч байна. Би анх 1984 оны 07 сараас эхлэн Дорноговь аймгийн Өргөн сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр 2004 он хүртэл тасралтгүй ажилласан. Ж.Т нь намайг ажил авсаны дараахан 1984 онд Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд дундын мал зүйчээр ажилд орж байсан. Тэр үед цалин хөлсийг нэгдлийн нягтлан бодогч боддог байсан ба сарын эцэст мэргэжилтнүүдийг дуудаж тайлан мэдээг нэгдлийн дарга авч, зөвлөлийн хуралд оруулдаг байсан. Цалин мөнгийг л өөр, өөр газраас авдаг байснаас ажил үүргийн хувьд надад харъяалагдаж ажилладаг байсан. Ж.Т нь 1986 онд байх төрөөд жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа орж ажиллаж байгаад 1990 оныг дуусгаад ажлаас гараад шилжиж явсан. Т нь илгээлтээр ирж ажилд орж байсан шиг санаж байна, манай Өргөн суманд 3 хүүхэд ирж байсан ба Ё.Б малын эмчээр, Д мал зүйч , Ж.Т зоо техникчээр ирж байсан юм. Энэ хэдэд нэгдлээс мал хүртэл өгч байсан. Ж.Т нь миний удирдлаганд 1984 оноос 1990 оныг дуустал Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдлийн Баянмөнх багт зоо техникчээр ажиллаж байсныг гэрчилж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Т-н 1988, 1989, 1990 оны цалингийн хуулга, ажлаас чөлөөлөгдсөн тушаал хэрэгт авагдаагүй боловч хамт ажиллаж байсан гэрч М.Т, Т.Э, Ц.Б нарын нэхэмжлэгч Ж.Т-г Шинэ Амьдрал нэгдэлд ажиллаж байсныг нотлох гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй юм.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Т нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б овогт Ж.Т-г Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ Амьдрал нэгдэлд 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоо техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц