Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 160

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Э ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,240,212.19 төгрөг, нийт 6,240,212.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Э ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Б.Ц-той 2019 оны 09 сарын 13-ны өдөр Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн №ЗГ-20190078 тоот зээлийн гэрээг харилцан тохиролцон байгуулж, 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг 3.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.Ц нь зээлийн гэрээ, түүний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүргээ үл биелүүлэн, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай байгууллагад хохирол учруулсаар байна. Иймд харицагч Б.Ц-с 5,000,000 төгрөг түүний хүү 1,240,212.19 төгрөг, нийт 6,240,212.19 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ц би Э ББСБ-аас 2019 оны 09 сарын 13-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлсэн нь үнэн. Би уг мөнгийг жилийн хүү болох 1,240,212.19 төгрөгийн хамт нийт 6,240,212.19 төгрөгийг 2020 оны 09 сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Ц-той холбоотой хэргээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн дагуу дээрх шүүхээс харилцагч Б.Ц-той холбоо тогтоон өргөдөл ирүүлснийг бид бүхэн танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай байгууллагын хувьд харилцагч Б.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны дотор нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулна гэсэн нь сайшаалтай хэдий ч уг нэхэмжилсэн дүн нь бүтэн жилийн хүүг оруулаагүй, 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хүүг тооцсон гэдгийг харилцагч Б.Ц ойлгох нь зүйтэй гэж бодож байна. Мөн бид бүхэнд харилцагчаас хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг гаргуулж авч чадаагүй, 2020 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх дөрвөн сарын хүүг тооцоолоогүй зэрэг хохирлууд байгаа хэдий ч харилцагчийн гаргасан өргөдлийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,240,212.19 төгрөг, нийт 6,240,212.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,240,212.19 төгрөг, нийт 6,240,212.19 төгрөгийг 2020 оны 09 сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч, зохигчид тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,240,212.19 төгрөг, нийт 6,240,212.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц нь 2020 оны 09 сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,793 төгрөгийн 50 хувь болох 57,396.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 57,396.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 57,396.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ       Э.Б