| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 114/2025/0038/3 |
| Дугаар | 221/МА2026/0026 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0026
Б.Баттулгын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: Г.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10, Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ч
Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч М.С
Гуравдагч Г.М, түүний өмгөөлөгч Ж.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 114/2025/0038/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10, Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 32.5.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5, 56.7, 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ч нарын зүгээс:
Шүүх ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.4-т “Нэхэмжлэгчийн хувьд Дархан багийн иргэдийн Нийтийн хуралд нэр дэвшигдсэнээр түүний тус багийн засаг даргын сонгуульд өрсөлдөх эрх хуулийн дагуу үүссэн байна” гэж дүгнэсэн нь зөв.
Тэгвэл гуравдагч этгээд болох Дархан багийн иргэн биш тухайлбал Хайрхан багийн иргэн Г.М нэр дэвшсэн нь Дархан багийн засаг даргын сонгуульд өрсөлдөх эрх үүссэн эсэх талаар шүүх эхлээд дүгнэлт хийх ёстой байхад мэдэн будилж зөвхөн авсан саналаар хязгаарласан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Өрсөлдөх эрхтэй юу эсвэл өрсөлдөх эрхгүй юу? Хариулт алга.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д "Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй." гэж маш тодорхой, салаа утгагүй заасан байхад Санжинт багийн иргэн М.Серикболд нь Дархан багийн Иргэдийн нийтийн хурлын даргад, Хайрхан багийн иргэн Г.М нь Дархан багийн засаг даргад нэр дэвшиж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг уландаа гишгэж байхад шүүх түүнд дүгнэлт хийсэнгүй. Тэгвэл Дархан багийн иргэдийн сонгох, сонгогдох хууль ёсны эрх ашиг сонирхол хаана байна вэ? Хариулт алга.
Шүүхийн шийдвэрээр бол Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэн Г.М нь өөрийн үзэмжээр Монгол улсын 21 аймгийн 333 сумын багийн засаг даргад эсвэл Нийслэлийн 9 дүүргийн хорооны засаг даргад нэр дэвших эрхтэй гэж ойлгогдож байна. Ийм байж болох уу? Үүнд Давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэл бүхий хариу өгөхийг хүсье.
Шүүх ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.3-д "... Б.Баттулгыг Дархан багийн засаг даргын сонгууль хүртэлх хугацаагаар тухайн албан тушаалд түр томилсноор түүний Дархан багийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх хуулийн дагуу үүсжээ" гэж дүгнэсэн нь зөв.
Гэтэл шүүх нэг гараараа Дархан багийн засаг даргаар гуравдагч этгээд Г.Мыг томилсон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025.05.21-ны өдрийн Б\11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон мөртлөө нөгөө гараараа нэхэмжлэгч Б.Баттулгыг чөлөөлсөн Б\10 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
Шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хэн Дархан багийн засаг даргын үүргийг түр ч бай, бүр ч бай хэн гүйцэтгэх талаар зааж өгөөгүй нь Дархан багийн ард иргэдийн төрийн үйлчилгээ авах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөсөрдүүлж байна.
Шүүхийн шийдвэр ойлгомжтой, салаа утгагүй, заавал биелэгдэх ёстой байхад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн засаг даргын албан тушаалыг эзэн биегүй, хариуцах хүнгүй болгож байгаад гомдолтой байна.
Иймд “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025.05.21-ны өдрийн Б\10 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
3.2 Гуравдагч этгээд Г.М зүгээс:
Нэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх заалтаар илт хууль бус болохыг тогтоосон.
Гэвч 2025.04.06-ны өдрийн "Багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 03 дугаар тогтоол нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар 32.8.4 дэх заалт, мөн багийн Иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдаанаас байгуулагдсан тооллогын комиссыг 02р тогтоолыг үндэслэсэн байдаг.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай 02 дугаар тогтоол нь мөн "МУЗЗНДНТУТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.8.3 дах заалт, багийн Иргэдийн Нийтийн анхдугаар Хуралдаанаас байгуулагдсан тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг үндэслэж Мишитхан овогтой Сыг даргаар сонгож баталгаажуулсан тогтоол юм.
Дархан-Уул аймгийн шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн хуралд 232 иргэн оролцсоноос 216 хүн саналын хуудас бөглөж, уг 216 саналын хуудас 100 хувь хүчинтэйд тооцогдсон төдийгүй Б.Б 107/49.5 хувь/, Г.М 109/50:5 хувь/ санал авсны дагуу тухайн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Г.Мыг тус багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжилсан.
ЗЗНДНТУТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.6. "Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.
Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна", 32.1. "Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8.2. "Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх", 32.8.3. "Хурлын хуралдааны даргыг сонгох", 32.8.4 "Баг хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх" эрхийг хуульчилсан. Өөр багийн иргэд санал өгсөн нь гуравдагч этгээд Г.Мд санал өгсөн болохыг тогтоох боломжгүй юм.
Нэр дэвшсэн гуравдагч этгээд Г.Мын хувьд сонгуульд нэр дэвших, бүхий л хуулийн шаардлагыг хангасан бөгөөд нууцаар явагдсан сонгуулийн саналын зөрүүг засаг даргад өгсөн гэж дүгнэх нь буруу юм.
Хоёр. "Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүх хоорондоо уялдаа холбоотой үйл явцын талаар хэргийг шийдвэрлэхдээ логик алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хангалттай сайн үнэлээгүй. Хоёр сонгогч гэх иргэний аль нэр дэвшигчийг сонгож, дэмжсэн гэх талаар мэдээлэлгүй буюу ардчилсан сонгуулийн суурь зарчим нууцаар явагдах сонгуулийг хэлбэр төдий бичиг баримтуудыг үндэслэж нэр дэвшигч Г.Мд санал өгсөн байж болзошгүй хэмээн тогтоолыг хүчингүй болгосон нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
2025 оны 05 сарын 21-ний өдрийн "Бат-эрдэнийн Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" Б/10 дугаар захирамжийн хулуь зүйн үндэслэл нь "МУЗЗНДНТУТХ-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Дархан багийн Иргэдийн Нийтийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны 2025 оны 04 сарын 06-ний өдрийн 03 дугаар тогтоолыг" үндэслэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн 2025 оны 04 сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг шүүх хүчингүй болгосон атал хүчин төгөлдөр бус тогтоолыг үндэслэсэн Б/10 дугаар захирамж хууль ёсны хэмээн дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай зөрчилдөж байгаа юм.
Гурав. "Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээдийн зүгээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хууль ёсны гарсан гэж үзэж байгаа тул үүнээс улбаатай бүхий л шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 60.1. "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, Дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ", 60.2. "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно", Жаранхоёрдугаар зүйлийн 62.1. "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна", 62.2. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно" гэж заасан тул “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн 2025 оны 11 сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Б.Баттулгын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, мөн сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “... Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10, Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
3. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргыг сонгох сонгууль хуульд нийцсэн эсэх тухайд:
3.1 Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:, 56.4.1-д “... багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;” 56.4.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;”, 56.4.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;”, 56.4.4 “ялгүй байх” гэсэн үндсэн 4 шаардлагыг хуульчилжээ.
Иргэн Г.Мын тухайд хуульд заасан эдгээр шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Үндсэн хуульд заасан Арванзургаа дугаар зүйлд заасан “...төрийн байгууллагад ... сонгогдох” эрхтэй гэж үзэх бөгөөд талууд дээрх үндэслэлүүдээр маргадаггүй, хэрэгт боловсролын диплом болон бусад тодорхойлолтууд авагдсан байна.
Харин нэр дэвшигч иргэний оршин суугаа хаягаар сонгогдох эрх хязгаарлагдах боломжгүй тул нэхэмжлэгчийн зүгээс “... Дархан багийн иргэн биш Хайрхан багийн иргэн Г.М ...” гэж маргаж буйг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй.
3.2 Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал,”, 32.2-д “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар М.Серболд нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум 3-р баг, Санжит ойн 2 гудамж, 8 тоот хаягт[1], П.Адъяа нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 24 байр, 86 тоот хаягт байнга оршин суугчаар бүртгэлтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд баг, хорооны иргэдийн нийтийн хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор байх тул анхан шатны шүүх “... тухайн багийн иргэн биш М.С, П.Адъяа нарын хувьд хэнд нь санал өгсөн гэдгийг шүүхийн зүгээс мэдэх болон тогтоох боломжгүй тул үүнийг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол дурдсанаар Г.М нь 109 хүний, Б.Б нь 107 хүний санал авсан байгаа энэ тохиолдолд санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч, түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүү, зөрчилтэй саналын тоотой тэнцүү, эсхүл их байхыг ойлгож хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Иймээс дээрх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдсэн нь хуульд нийцэж байна.
Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь энэхүү маргаанд нэхэмжлэгчийг хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;” гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд сонгууль нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд нийцсэн эсэх талаар маргаж байгаа буюу хуульд үндэслэсэн эсэхийг тогтоож буй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэх заалтыг баримталсан нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
4. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/16 дугаар захирамжаар Дархан багийн Засаг дарга Б.Болат нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон гэх шалтгаанаар Б.Баттулгыг Дархан багийн Засаг даргын сонгууль хүртэлх хугацаагаар тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тогтоол хууль бус байсан эсэхээс үл хамаараад нэхэмжлэгчийн хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хугацаа нэгэнт дууссан буюу үр дагаваргүй болсон байх тул уг тогтоолоор Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
5. Дээр дурдсанаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол нь илт хууль бус тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, түүнийг үндэслэн гарсан хариуцагчийн 2025 оны Б/11 дүгээр захирамж хууль бус байна.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно, 56.7-д Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно, 56.8-д Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ, 56.9-т Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 03 дугаар тогтоолыг хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/205 дугаар албан бичгээр гуравдагч этгээдийг Дархан багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллах талаар тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн энэ тохиолдолд Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж олонхын санал авсан хүнийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх үүрэгтэй, ийнхүү нэр дэвшүүлсэн тохиолдолд сумын Засаг дарга ажлын таван өдрийн дотор томилох үүрэг хүлээхээр хуульчилжээ.
Гэтэл Нийтийн Хурлын дарга 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр ...хуралд оролцсон иргэдээс гомдол, санал гаргаагүй бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах үндэслэлгүй хэмээх хариуг түүнд буцаан хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.
Дээрх тохиолдолд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор багийн Засаг даргаар Г.Мыг томилуулахаар нэр дэвшүүлснийг хүлээн аваад томилохоос татгалзсан атлаа дахин хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг хийгээгүй байхад маргаж буй 2025 оны Б/11 дүгээр захирамжийг гаргасан нь буруу болжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.М нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 141-142 дугаар тал