Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1315

 

 

 

 

 

 

 

 

 

“ХТ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХТ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТБ”ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 43 325 450 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

9 856 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Чулуунцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Отгонбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “ТБ”ХХК-тай 2013 оноос хамтран ажиллаж байна. Улмаар “ТБ”ХХК-тай 2016 оны 3 сарын 10-ны өдөр 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээ, 2016 оны 10 сарын 27-ны өдөр 12/1081 тоот “Да хүрээ” тооцооны төвийн гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 12/1209 тоот Төрийн банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу Өвөрхангай аймгийн салбарт хийх ёстой байсан хаягийг “Да хүрээ” салбарт шилжүүлж хийсэн. Дараагийн гэрээ болох “Да хүрээ” салбарын тооцооны төвийн гадна хаягийг зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр 2 давхарт байсан хаягийг буулгаж зөөвөрлөх, 4 давхарт байсан хаягийг зөөвөрлөх, буулгах ажлыг хийсэн. “Да хүрээ” тооцооны төвийн хуучин хаягийг буулгаснаар нэг дэх ажил нь дууссан. Шинэ хаягийг байрлуулснаар хоёр дахь ажил нь дууссан. Үүнээс гадна буулгасан хаягийг 4 давхарт байрлуулах нэмэлт ажлыг хийхийг “Да хүрээ” салбарын захирал хүссэний улмаас хүсэлтийн дагуу 4 давхарт нь самбар байршуулсан. Ингэхээр нийт энэ гэрээгээр 3 төрлийн ажил гүйцэтгэсэн. Тэгэхээр нэг нь 280 000 төгрөгийн, нөгөө нь 300 000 төгрөгийн, үлдсэн нь салбарын захирлын хүсэлтийн дагуу 100 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Бид гэрээний хугацаанд Орхон аймагт гадна гэрлийн 7 000 000 төгрөгийн самбар, дотор үсгэн хаяг 2 ширхэг, Өвөрхангай аймагт дотор үсгэн хаяг 450 үгийн самбар 1 ширхэг, 350 үгийн самбар 1 ширхэг гэх мэт самбаруудыг гэрээний хугацаанд хийж өгсөн. Хариуцагч хийсэн самбар, хаягийг хэзээ, хаана хүлээж авах тухайгаа мэдэгдэхгүй байсаар гэрээний хугацаа дуусах үед буюу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ТБ”ХХК-руу албан бичиг хүргүүлж, түүндээ хийсэн самбаруудыг хэрхэн авах тухай болон 7 300 000 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг төл гэсэн шаардлагыг гаргаж байсан. “ТБ”ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээний дагуу пауэр банк нь гэрээнд заасан үзүүлэлт бүхий шаардлага хангаж байгаа. “ТБ”ХХК нь энэ ажлыг тендерийн журмаар шалгаруулсан бөгөөд гэрээний хавсралтад заасан 800 ширхэг, 10400 ампер, саарал өнгөтэй, цэнэглэх чадвар, өнгө, сав баглаа, боодол зэрэг үзүүлэлтийг тусгасан. “ТБ”ХХК-иас тухайн үед нь 800 ширхэг пауэр банкыг хүлээж аваад акт үйлдсэн байдаг. Тус актад гэрээний зүйлд өөрсдөө үзлэг хийж хүлээн авсан нь үзлэгийн тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Анх “ХТ”ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 14 784 000 төгрөгийг “ТБ”ХХК өгөх ёстой гэсэн акт явуулахад танай байгууллага 6 хоног хэтрүүлсэн гэж алданги тооцоод хассан тухай актыг манайх руу имэйлээр илгээсэн байдаг. Иймд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээний төлбөрт 16 000 000 төгрөг, алдангид 6 608 100 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/1081 тоот “Да хүрээ” тооцооны салбарын гадна гэрлийн хаяг зөөвөрлөх, суурилуулах гэрээнд 580 000 төгрөг, алдангид 290 000 төгрөг, тус салбарын захирлын хүсэлтээр нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын төлбөр 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/209 тоот “ТБ”ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 044 800 төгрөг, алдангид 5 477 550 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/751 тоот хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 225 000 төгрөг, нийт 43 325 450 төгрөгийг ”ТБ”ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

 Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Да хүрээ” салбарт суурилуулсан гадна гэрлийн самбарын үндсэн төлбөрт 7 300 000 төгрөг, алдангид 3 241 200 төгрөг, нийт 10 041 200 төгрөгийг гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Да хүрээ салбарт гадна гэрлийн самбар байрлуулах гэрээг “ХТ”ХХК-тай байгуулаагүй. Нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 10-нд байгуулсан 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээнд энэ ажил тусгагдсан гээд энэ гэрээг үндэслэдэг. Гэтэл тус гэрээний хавсралтад “Да хүрээ” салбарт гадна гэрэл суурилуулах гэсэн ажил огт байхгүй. Нэхэмжлэгч энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж байгаа боловч гэрээний 7.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд заавал бичгээр тохиролцож, гэрээнд хавсаргана гэж заасан байтал гэрээнд бичгээр хавсаргасан зүйл байхгүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан “ТБ”ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан ямар нэгэн нэмэлт гэрээ байхгүй. “Да хүрээ” салбарт гадна гэрлийн самбар суурилуулах ажил гэрээнд тусгагдаагүй ажил учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийгдээгүй тул гадна гэрлийн самбарт суурилуулсан ажлын төлбөр 7 300 000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй. “ТБ”ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд тендер шалгаруулалтын журмын дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцоогүй тул үндсэн төлбөрийг мөн адил төлөхгүй. Орхон салбарын гадна гэрлийн хаяг 7 000 000 төгрөг, дотор үсгэн хаяг 900 000 төгрөг, Өвөрхангай салбарын дотор үсгэн хаяг 800 000 төгрөг, алдангитай нийлээд нийт 12 066 900 төгрөгийг мөн төлөх үндэслэлгүй. Учир нь энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний холбогдох заалтыг баримталсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа. Талуудын байгуулсан 10/238 тоот гэрээний 2.3, 2.5 зэрэг холбогдох заалтуудаар бүтээгдэхүүнийг заавал холбогдох этгээдүүдэд актаар хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл дээр дурдсан Орхон болон Өвөрхангай салбаруудын гэрлэн хаягийг холбогдох акт, баримтуудаар хүлээлгэн өгөөгүй учраас “ТБ”ХХК холбогдох төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байна. Дараагийн ажил нь “Да хүрээ” салбарт гадна гэрлийн хаяг буулгах, зөөвөрлөх ажлын хөлс 580 000 төгрөг, агуулахаас зөөх байсан гадна самбарыг 4 давхарт суурилуулсан 100 000 төгрөг гээд нийт 680 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд нэг ойлгомжгүй зүйл байгаа бөгөөд үүнд гэрээгээр 4 давхарт байсан самбарыг буулгаад агуулахад хүргэж өгөх ёстой бөгөөд үүний ажлын хөлс нь 200 000 төгрөг юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ ажлыг хийсэн гээд акт үйлдээд ажлын хөлсөнд 300 000 төгрөг нэхэмжилж байгаа атлаа дээр суурилуулсан самбараа агуулахад хүргэж өгсөн гээд дахиад нэмээд 100 000 төгрөг нэхэмжилсэн. Дээд давхарт суурилуулсан уу, эсхүл агуулахад хүргэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Талууд 2016 оны 12 дугаар сарын 09-нд “ТБ”ХХК-ийн топ харилцагчийн гарын бэлэг нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний хавсралтаар тухайн пауэр банкны чанарын үзүүлэлт, тоо хэмжээг нарийвчлан тохирсон байдаг. “ХТ”ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 20-нд нийлүүлэх ёстой байтал 26-ны өдөр нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн. Нийлүүлсэн пауэр банкыг бид хүлээж авсан акт үйлдээд салбарууддаа тараасан. Гэтэл зарим нэг харилцагчдаас пауэр банк утас цэнэглэхгүй байна, цэнэгээ удаан барихгүй байна, нэг асахаараа унтрахгүй байна, халж байна гэсэн гомдлууд ирсэн. Тэгээд бидний зүгээс дотооддоо шалгахад дээрх зөрчлүүд илэрсэн бөгөөд ердийн хэрэглээний шаардлага хангахгүй байсан тул салбаруудаар буюу нэмж харилцагчдад тараагаагүй байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангахгүй учраас Иргэний хуулийн 243.1, 254, 255, 225 дугаар зүйлүүдийн холбогдох заалтын дагуу “ТБ”ХХК нь мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. 225 000 төгрөгийн шаардлагын хувьд тайлбар байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч “ТБ”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хариу тайлбартай адил үндэслэлээр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/1209 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байх тул “ТБ”ХХК-ийн зүгээс уг гэрээнээс татгалзаж, урьд өгсөн урьдчилгаа төлбөр болох 9 856 200 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Тийм болохоор дээрх гэрээний үүрэгт 9 586 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч нь тухайн гэрээний зүйл болох пауэр банкыг доголдолтой гэдгийг нотлох ёстой. Гэрээний зүйл нь доголдолгүй тул гэрээний зүйл бүрэн биелэгдсэн. Тухайн үедээ пауэр банкыг үзэж шалгаж хүлээн авсан, бид хавсралтад заасан бүх шаардлагыг нь биелүүлж, Бээжингээс захиалан хийлгүүлж ирүүлсэн. Пауэр банк үйлдвэрлэгчээс манайх руу илгээсэн бүх баримтуудыг орчуулуулж хэрэгт өгсөн. Утас цэнэглэх бүрэн чадвартай гэж шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Мөн хариуцагч Төрийн банк нь маргааны зүйл болох пауэр банкнаас 400 ширхэгийг тараасан гэдгийг гүйцэтгэх захирал н.Цэндсүрэн хэлсэн бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлээр батлагдсан байгаа тул гэрээнээс татгалзаж байгаа байдал нь хэрэгжих боломжгүй болсон. Тухайн үед хурал хийхэд би бүтээгдэхүүнүүдийг аваад устгая гэж хэлсэн нь үнэн. Гэвч бидэнд пауэр банкуудыг буцаагаад өгөөч гээд өгөхгүй байна. Манай хаяг байршуулсан ажлын мөнгийг өг, өмнөх хийсэн байгаа хаягийг ав, тэгээд өгсөн мөнгөө суутгаад цаашдаа хамтран ажиллъя гэхэд үгүй, тийм боломж байхгүй, энэ өрөөнөөс гар гээд намайг хөөж гаргаж байсан шүү дээ. Ийм асуудал болсон болохоос би гэрээгээ буцааж, гэрээнээс татгалзсан асуудал огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-дзааснаар хариуцагч ”ТБ”ХХК-иас нийт 31 211 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХТ”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 113 768 төгрөгийн шаардлагыг, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч “ХТ”ХХК-иас 9 856 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “ТБ”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 404 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 172 646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар ... шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дараах хэсэгт гомдол гаргаж байна. И-мэйл илгээснийг бичгээр гэрээ байгуулсанд тооцохоор хууль болон гэрээнд заагаагүй тул захиалагчийн ажилтны зүгээс дээрх байдлаар и-мэйл явуулсныг гэрээний 7.4, 7.5, Иргэний хуулийн 196.1.2-т тус тус зааснаар гэрээнд бичгээр өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй тул алданги тооцох үндэслэлгүй байна. Мөн шүүх амаар хэлцэл хийсэн гэж үзэх зохицуулалт буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.3-т зааснаар 10/238 дугаар гэрээнд өөрчлөлт оруулах хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 232.3, 232.6-д заасныг үндэслэн алданги 3 241 200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т "гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ" гэж заасан. "Хос төгөл'' ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлэх ёстой повер банкийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацаа хоцроон нийлүүлэхдээ гэрээгээр тохирсон чанарт нийцэхгүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээгээр Iphone 6 утсыг 3,5 дахин цэнэглэнэ гэж тохирсон болохоос 3 удаа цэнэглэнэ гэж тохироогүй юм. Шүүх хариуцагч талаас гаргасан “ХТ”ХХК-иас нийлүүлсэн повер банк нь гэрээний шаардлага хангаж байгаа эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шинжээч томилогдсоны дараа шүүгчийн туслахаас 3 ширхэг повер банк авчирч шинжилгээнд өгөөрэй гэсэн тул 3 ширхэгийг шүүхэд хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн повер банкийг шинжлүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх өөрөө 3 ширхэгийг шаардан дүгнэлт гаргуулсан хэрнээ 800 ширхэг повер банк нь бүхэлдээ доголдолтой эсэх талаар баримт байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нь нэг үйлдвэрлэгчээс, нэг удаагийн худалдан авалтаар 800 ширхэг повер банкийг худалдан авсан байдаг тул заавал бүх повер банкийг шинжлүүлэх шаардлагагүй бөгөөд нэг повер банк нь 10400 mah үзүүлэлтэд хүрэхгүй байгаа бол бусад бүх повер банк нь тийм үзүүлэлттэй байх нь ойлгомжтой юм.  Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 31 211 682 төгрөг гаргуулах гэсэн хэсгээс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот "Хаяг хийж нийлүүлэх гэрээ"-ний дагуу алданги 3 241 200 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/1209 дугаар "Төрийн банкны топ харилцагчийн гарын бэлэг нийлүүлэх гэрээ"-ний үүрэгт 19 522 350 төгрөг нийт 22 763 550 төгрөг гаргуулах хэсгийг хасч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “ХТ”ХХК нь хариуцагч “ТБ”ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 43 325 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 9 856 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

  Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 10-нд 10/238 тоот, хаяг хийж нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “ХТ”ХХК нь нийт 14 ширхэг гадна гэрлэн хаяг, доторх үсгэн хаяг үйлдвэрлэн 9 байрлалд угсарч суурилуулах, “ТБ”ХХК нь 40 175 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг, /хх-ийн 18-20 дугаар тал/

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12/1081 тоот, Да хүрээ тооцооны төвийн гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр “ХТ”ХХК нь Да хүрээ тооцооны төвийн 2 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах, 4 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, агуулахад хүлээлгэн өгөх, “ТБ”ХХК нь 580 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг, /хх-ийн 21-23 дугаар тал/

2016 оны 6 дугаар сарын 17-нд 21/751 тоот, хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээгээр “ХТ”ХХК нь банкны хэвлэмэл реклам сурталчилгааг 2016 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 08-ны хооронд хийж хүлээлгэн өгөх, “ТБ”ХХК нь гэрээний хавсралтад заасан үнэ төлөх үүргийг, /2-р хх-ийн 34-40 дүгээр тал/

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12/1209 тоот, Төрийн банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр “ХТ”ХХК нь 800 ширхэг цэнэг хуримтлагч буюу пауэр банк /power bank/ нийлүүлэх, “ТБ”ХХК нь бүтээгдэхүүний үнэ 24 640 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 14-17 дугаар тал/

 

Талуудын байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

1.  Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот, хаяг хийж нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгэгч “ХТ”ХХК нь 24 175 000 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг хүлээн авсан талаар талуулын хэн аль нь маргаагүй. Талууд уг гэрээний зүйлийг “Өвөрхангай” салбарт зөөвөрлөж суурилуулахаар тохиролцсон боловч захиалагчийн хүсэлтээр “Да хүрээ” салбарт шилжүүлэн суурилуулсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 12, 122-129 дүгээр тал/

 

  Түүнчлэн дээрх гэрээнд заасан ажлын үр дүнгийн талаар талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр акт үйлдэж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 7 300 000 төгрөг байгаад тооцоо нийлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 12 дугаар тал/

 

  Мөн гэрээний 5.3-т “захиалагч нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүний төлбөрийг нийлүүлэгчид төлөөгүй бол төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги нийлүүлэгчид төлнө” гэж тохиролцсон байх тул 7 300 000 төгрөгөөс алданги тооцож 3 322 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

 Нэхэмжлэгч  дээрх гэрээний дагуу дахин 8 700 000 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг “Орхон, Өвөрхангай” салбаруудад хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг алдангийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

 2. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12/1081 тоот “Да хүрээ” тооцооны төвийн гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь 580 000 төгрөгийн өртөг бүхий ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 29-нд захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь ажил хүлээлцэх актаар тогтоогдсон тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг алданги 290 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь гэрээний 3.1.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 13, 21-36 дугаар тал/

 

3. 2016 оны 6 дугаар сарын 17-нд 21/751 тоот, хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэгч “ХТ”ХХК нь  4х2,5 м-ийн хэмжээтэй, модон рамтай даавуун хаяг, 4х2,5 м-ийн хэмжээтэй, тогтоолттой хулдаасан хаяг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн, ажлын хөлс 225 000 төгрөг болсон талаар талууд тооцоо нийлж акт үйлдсэн байх тул анхан шатны шүүх уг ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв. /1-р хх-ийн 138, 2-р хх-ийн 34-40 дүгээр тал/

 

4. Талуудын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 12/1209 тоот, Төрийн банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээний дагуу худалдагч “ХТ”ХХК нь 800 ширхэг цэнэг хуримтлагч буюу пауэр банк /power bank/-ийг худалдан авагч “ТБ”ХХК-д нийлүүлсэн талаар болон худалдан авагчаас гэрээний урьдчилгаа төлбөрт 9 856 000 төгрөгийг төлсөн үйл баримтын  талаар талуудын хэн аль маргаагүй. Харин гэрээний зүйл болох пауэр банк /power bank/-ийн чанарын доголдлын талаар зохигчид маргасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг  биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.

 

 Талуудын байгуулсан гэрээний хавсралтаар гэрээний зүйлийн чанарыг “хөнгөн цагаан материалтай, 10400 mah хүчин чадалтай, Iphone-6-г 3,5 удаа, ipad mini-г 1 удаа цэнэглэх чадалтай, usb оролттой, батарейны заалттай, цэнэглэгчийн оролттой, асах унтрах товчтой, цэнэглэгч буюу usb залгууртай, их бие болон гаднах хайрцаг дээр Төрийн банк-ны лого хэвлэгдсэн байх” гэж заасан байна.

 

Гэтэл шинжээчийн дүгнэлт болон МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Зоригийн гаргасан дүгнэлтүүдээр гэрээний зүйл нь дээрх гэрээгээр тохиролцсон чанар буюу 10400 mah хүчин чадалгүй болох нь тогтоогджээ. Нэгэнт талууд гэрээгээр эд хөрөнгийн чанарын талаар тухайлан зааж тохиролцсон, мөн шинжээчийн дүгнэлтээр уг эд зүйл нь уг гэрээгээр тохиролцсон чанарт нийцээгүй болох нь тогтоогдсон тул уг эд зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гар утасыг 3 удаа бүрэн цэнэглэх чадалтай байх тул ашиглах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн боловч талууд гэрээндээ худалдан авах барааны чанарын талаар тодорхой заасан, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар гэрээгээр тохирсон чанарт хүрэхгүй нь тогтоогдсон байхад шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд хариуцагч нь чанарын доголдолтой эд зүйл шилжүүлсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 9 856 000 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ТБ”ХХК-иас 11 717 500 төгрөг болон 800 ширхэг пауэр банкийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХТ”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 31 607 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ХТ”ХХК-иас 9 856 000 төгрөг гаргуулж хариуцагч “ТБ”ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 172 646 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 768 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                    

                                                                                                          Г.ДАВААДОРЖ