Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0696

 

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”

ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох, нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендэрийг хууль зөрсчөн болохыг тогтоож, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын тэргүүн Д.******* давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 32 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь “Авралын Эрэлд” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ. “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын гишүүн байгууллага болохын хувьд “Авралын эрэлд” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийн 5 дугаар зүйлд дурдсанг шүүх харгалзан үзээгүй болно.

Түүнчлэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэнд хүргүүлсэн Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/297 дугаар албан бичигт хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй байсан гэсэн хариуг өгсөн болно. Үүний дагуу “Монгол байгаль орчны иргэний зөвлөл”-өөс “үүрэг болгох тухай” 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16/4 тоот албан бичигт Монголын анчны холбооны тэргүүн Д.*******д эрх олгож үүрэг болгосныг нотлосон баримт бичиг байсаар байтал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хуулийг буруу ашигласан болно.

Мөн Дорнод аймгаас зарласан “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүх нутаг тогтоох” тендэрийн сонгон шалгаруулалтыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 152 тоот шийдвэрээр оролцсон байгууллагуудад мэдэгдсэн болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0062152 тоот тодорхойлолтын хуулбарыг хавсаргасан байсан ба уг тодорхойлолтын хугацаа 30 хоног байгаа нь “Монголын анчдын нийгэмлэг” ТББ нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүх нутаг тогтоох” тендэрт зориулсан материал биш, хугацаа дууссан хүчингүй болсон материалыг хууль бусаар бүрдүүлж тендэрт шалгарсан болох нь тус байгууллагаас ирүүлсэн албан тоот болон шүүхийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтын хуулбараас тодорхой байсан болно.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу шинжлэн судлаж нэхэмжлэл болон “Авралын Эрэлд” ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд “Эко үйлчилгээ” ТББ-ыг төлөөлж гишүүн Н.Энхжин, “Авралын Эрэлд” ХХК-ийг төлөөлж М.Зулбаяр нар оролцсон болох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбараар нотлогдсон гэсэн нь шүүх шийдвэрээ хэт нэг талыг барьж гарсан гэж үзэж байна.

Иймд Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот шийдвэрийг бүхэлд нь өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь шүүхэд “Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендэрийг хууль зөрчсөн болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь өөрийн гишүүн “Авралын Эрэлд” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн гэж үзээд түүнээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан байна.

“Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнчлэн Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д зааснаар амьтны тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, шаардлагатай тохиолдолд асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэйгээс бус дээрх нөхцлүүдэд хамаарахгүй асуудлаар буюу өөрөө дээрх тендэрийн оролцогч бус атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Учир нь тендэр шалгаруулалттай холбоотой гомдол, нэхэмжлэлийг тендэрт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54-56 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргахаар зохицуулжээ.

Тодруулбал нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь өөрөө тендэрт оролцогч бус төдийгүй тендэрт оролцогч “Авралын эрэлд” ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг аваагүй, тэрчлэн түүний гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн гаргах нэхэмжлэлд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзах байтал нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дугаар зүйлийн 121.1.3 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох “Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендэрийг хууль зөрчсөн болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН