| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0156/И |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 169
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах И ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, М овогт О.Ц-д холбогдох
Зээлийн төлбөр нийт 2,721,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Ц нь тус компаниас 2018 оны 12 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүний эргэн төлөлтийг хоног тутам төлөх байсан боловч нэг ч төлбөр төлөөгүй гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 28-ны өдөр дуссан болно.
О.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд дараах байдлаар эргэн төлөлт хийсэн байна. 2019 оны 01 сарын 10-ны өдөр нийт төлсөн 539,350 төгрө, үндсэн зээлд тооцсон 504,000 төгрөг, зээлийн хүүнд тооцсон 35,350 төгрөг, 2019 оны 05 сарын 06-ны өдөр нийт төлсөн 77,050 төгрөг, үндсэн зээлд тооцсон 72,000 төгрөг, зээлийн хүүнд тооцсон 50,50 төгрөг, нийт төлсөн 616,400 төгрөг, үндсэн зээлд тооцсон нийт 576,000 төгрөг, зээлийн хүүнд тооцсон нийт 40,400 төгрөг.
О.Ц нь удаа дараа зээлийн эргэн төлөлт төлөхийг шаардсаны улмаас дээрх эргэн төлөлтийг хийж, 2019 оны 10 сарын 09-ний өдөр “... зээлийн төв”—д уг зээлийг төлж барагдуулах талаар хүсэлт бичиж өгсөн болно.
2020 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,224,000 төгрөг, зээлийн хүү 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл 310 хоногийн хугацаанд 885,600 төгрөг, алданги 2019 оны 10 сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл 180 хоногийн хугацаанд 1,101,600 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 612,000 төгрөг, нийт 2,721,600 төгрөг байна. Иймд О.Ц-н зээлийн гэрээний үүрэгт 2,721,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч О.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д миний бие нь О.Ц-с нэхэмжилсэн 2,721,600 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 5 сарын хугацаа буюу 2020 оны 10 сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохирч эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч О.Ц-д холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2,721,600 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү 2,721,600 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “И” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч О.Ц-д холбогдох зээлийн төлбөр 2,721,600 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч О.Ц нь зээл, зээлийн хүү 2,721,600 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,495 төгрөгийн 50 хувь болох 29,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос мөн хураамжийн 50 хувь 29,247 төгрөгийг, хариуцагч О.Ц-с мөн хураамжийн 50 хувь болох 29,247 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц