| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0176/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
2023 09 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч О.Д******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Д*******д холбогдох эрүүгийн 2315002780199 дугаартай 163/2023/0176/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт О*******ийн Д*******, Улаанбаатар хотод 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Улаанбаатар хотын ******* дүүрэг, 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын 7б-34 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* үсчин, гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 3, аав, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 19 настай, эмэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002780199 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Д******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Г.Б*******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б*******ийн салсан нөхөр Г.Ч*******той хэрүүл маргаан хийхээр хохирогч Н.Г*******гийн гэр болох Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 13-1306 тоотод очиж, Г.Ч*******, Н.Г******* нартай хэрүүл маргаан хийж, улмаар Н.Г*******г хэл амаар доромжиллоо гэж түүнийг үсдэж газарт унаган зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун тахим, зүүн шилбэнд цус хуралт, баруун гуя, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун алга, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч О.Д*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...Г******* гэх эмэгтэй босож ирээд согтуу юмнууд унтаж амарч байхад гэрт орж ирлээ гээд хэл амаар доромжлоод хөөгөөд байсан болохоор нь миний уур хүрээд чи наад хэл амаа бодоорой, юу гээд байгаа юм бэ гээд бид хоёр хэрүүл хийж маргалдаж эхэлсэн. ...Цагдаад дуудлага өгчихөөд хэрүүл хийгээд байхаар нь би очоод үсдээд авсан юм. Тэгээд нүүр хэсэгт нь цохичихсон юм. Би үснээс нь зулгаачихсан байсан болохоор миний гарыг тавиулах гээд намайг бас үсдээд бид хоёр газарт уначихсан. Газарт унаад хэсэг ноцолдоод байж байхад Б намайг салгасан. Б******* бид хоёрыг газарт уначихсан байхад голоор орж ирэх гэж байгаад Г*******д жийлгүүлээд цаашаа уначихсан. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. ...Би Г*******г үсдэж авсан. Тэгээд нүүр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад гурван удаа цохичихсон юм. ...Г******* толгойны зураг авхуулна, тэрний зардал, замын зардал, мөн эмчилгээнд гарах бусад зардал гээд 500.000 төгрөг нэхэмжилснийг дансаар шилжүүлж өгсөн, ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Г*******гоос уучлал гуйж бид хоёр учир зүйгээ олсон. Нэхэмжилсэн зүйлийг барагдуулж, гомдлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хохирогч Н.Г*******гийн өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай найз Д нь “Ч******* ах бид хоёр өнөөдөр хонох газаргүй болчихлоо, танайд нэг хоночихъё” гээд гуйгаад байхаар нь тэр өдөр би хоол унд хийж өгөөд гэртээ нэг хонуулахаар болсон юм. Бид нар 22 цагийн орчим унтах гээд ор засаад унтацгаасан. Тэгтэл шөнийн 00 цаг өнгөрч байхад хашаан дотор хүмүүсийн чимээ гараад байхаар нь цонхоороо хартал Д*******, Б*******, Б, Б нар манай хашаан дотор ороод ирчихсэн, чанга чанга дуугарцгаагаад манай гэр рүү орж ирж байсан. Ч******* ах хаалга тайлж өгөөд тэд нар орж ирээд хэл амаар доромжлоод хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд гэр оронд согтуу орж ирчихээд гарахгүй байхаар нь манай гэрээс гарцгаа, гарахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлээд гарахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл гаднаас орж ирсэн Д******* гэдэг охин миний ард талаас үсдэж аваад доош дараад нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад гурван удаа цохисон. Тэгээд зууралдаж байгаад намайг газар түлхэж унагаад намайг үсдээд ерөөсөө тавихгүй байсан. Бид хоёр газар уначихсан байхад Б******* бид хоёрын голоор орох гэж байгаад жийлгүүлээд цааш унаад өгсөн. Ч******* тэвэрч аваад яах гээд байгаа юм бэ, чи гээд байх шиг байсан. Тэнд байсан хүмүүс салгаад удаагүй байхад цагдаа нар орж ирээд намайг болон Д*******, Б******* нарыг амгалан тайван байдал алдагдуулсан гээд цагдаа руу авч явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
- Гэрч Г.Дгийн өгсөн: ...Б******* цуг явсан нэг эмэгтэй хоёр Г*******г хэл амаар доромжлоод үснээс нь зулгаагаад зодоод ноцолдоод байсан. Тэгээд би босоод Ч******* ах бид хоёр тэр хэдийг салгаад хэрүүл маргаан хийгээд байхад цагдаа нар орж ирээд Б*******, Д*******, Г******* гурвыг аваад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- Гэрч Г.Б*******ийн өгсөн: ...Тухайн өдөр би гэртээ харих гээд явж байхад Г*******гийн гэр рүү манай найз залуу Ч*******, Д нар орж байсныг харсан юм. Ч******* бид хоёр салчихсан байсан ч гэсэн салаад удаагүй байхад манай хорооны дүүтэй уулзаад байхдаа яах вэ дээ гээд тэр үедээ бодоод өнгөрсөн. Орой нь найз Д*******тай хэсэг жаргал зовлонгоо хуваалцаад юм ярьж сууж байгаад оройны харсан зүйлээ хэлээд Ч*******ийн талаар юм ярьж байгаад за, за мартъя өөр юм ярья гээд бас хоёр найзыгаа дуудчихсан байсан болохоор тэр хоёр ч ирээд бид дөрөв хэсэг сууцгаасан. Тэгээд Ч*******, Г*******гийнд хоноогүй байлгүй дээ юу ч гэсэн бүгдээрээ харчихаад ирье гээд гэрийнх нь гадаа очтол Ч*******ийн машин байж байсан. Тэгээд бид дөрөв гэрт нь ортол Ч******* хаалга тайлж өгөөд би Ч*******той хэрүүл маргаан хийсэн. Тэнд байсан хүмүүс чимээгүй хараад байж байсан. Удалгүй Г******* болон Д******* хоёр маргалдаад улмаар үсдэлцээд тэр хооронд харин Д*******, Г*******гийн нүүр хэсэгт хоёр, гурван удаа цохичих шиг болсон. Тухайн үед нүүр нь зүгээр л байх шиг байсан. Манай найзууд салгаж чадахгүй тэр хоёр зууралдаж байгаад хоёулаа газарт уначихсан. Тэгээд Б, Б хоёр тэр хоёрыг салгасан байх удалгүй дуудлага өгсөн байсан цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),
- Гэрч Г.Ч*******ийн өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед дүү Дгийн хамтаар түүний найз Г*******гийнд очиж хоол унд хийж идсэн. Тэндээ байж байгаад орой болсон тул тэднийд хонохоор болсон. Би өмнөх өдөр хэдэн найзуудтайгаа салхинд гараад ядарсан байсан тул 21 цагийн үед эртхэн шиг амарцгаая гээд бид нар унтахаар болцгоосон. Тэгээд бид нар унтаж байтал шөнө 00 цаг өнгөрч байсан санагдаж байна, байшингийн гадна талд хашаан дотор дуу чимээ гараад хүмүүс шуугилдаад байхаар нь би сэрчихсэн. Тэгтэл Г******* унтаж байсан орон дээрээсээ босоод, цонхоороо хүний машиныг битгий цохиод байгаач гээд хэдэн хүмүүстэй юм яриад байсан. Тэгээд удалгүй хаалга нүдээд гаднаас Д*******, Б******* хоёр танихгүй хоёр залуутай ороод ирсэн. Орж ирээд Б******* надтай юм ярьж байтал Г******* бид хоёрын дундуур ороод та хоёр чинь салчихсан гэсэн биз дээ, яагаад харанхуй шөнө айл унтуулахгүй орилж хашгираад байдаг юм бэ гэж хэлтэл Д******* хоёулаа чимээгүй байж байя хүмүүс хоорондоо учраа олно биз гэхэд чи хэн юм гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгтэл Г******* цагдаа руу залгаад манай гэрт согтуу хүмүүс орж ирчихээд агсам согтуу тавиад байна гэж дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа тэр хоёрын хэрүүл маргаан нэлээн ширүүсээд та хоёр болиоч ээ гэхэд хамт байсан хүмүүсийн яриаг тоохгүй хэрүүл маргаан хийж байгаад Д******* Г*******г үсдэж аваад нүүр хэсэг рүү нь хоёр гурван удаа цохисон. Тэр хоёр ноцолдож байгаад хамт газар уначихсан. Тэр хоёрыг газарт уначихаар нь Б******* очоод миний найзыг яаж байнаа гээд голоор нь орох гэтэл Г******* хөлөөрөө жийгээд унагаачихсан. Тэгээд би Б*******ийг тэвэрч аваад тэнд байсан хүмүүс Д******* болон Г*******г салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
- Гэрч Б.Бын өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн орчим Б******* манай гэрт хүрээд ирээч гэж дуудаад би 23 цаг орчим найзаараа машинаар нь хүргүүлээд тэдний гэрт очсон. Намайг очиход Б, Д*******, Б******* нар пиво ууж байсан. Ууж байсан пивоноос нь би уугаагүй. Тэгээд байж байтал Б*******ийн салсан найз залуу нь Г*******гийнд байгаа гээд тэр гурав яриад байсан. Бид нар тэгээд үнэхээр тэдний гэрт байна уу, үгүй юу гэж харахаар тэдний гэрээс гараад Г*******гийн гадаа ирэхэд хашаан дотор нь Ч*******ийн машин байж байсан. Тэгээд Б******* уурлаад надаас салаад шууд Г*******той явалдаж байгаа юм байхдаа гээд уурлаад орцгооё гээд бид дөрөв Г*******гийн хашаанд ороод гэрийнх нь хаалгыг нүдээд гэрт нь орсон. Хаалгыг нь Ч******* нээж өгсөн. Г******* орон дээрээ хэвтэж байсан. Д үүдний хэсэгт сандал дээр сууж байсан. Тэгээд ортол Г******* учир зүггүй зайлцгаа гээд хараагаад байсан. Б*******, Ч******* хоёр юм яриад байж байсан. Тэгээд Г******* босож үүд хэсэг рүү ирээд Д******* тэр хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Г******* цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд согтуу гэр оронд орж ирлээ гээд бид нарыг муу муухай үгээр хараагаад байсан. Тэгээд байж байтал Д******* уурандаа Г*******г үсдэж аваад доош нь дарсан. Тэр хоёр бие биенээ үсдээд ерөөсөө салахгүй байсан. Тэр хооронд Д******* Г*******г хэд хэдэн удаа цохисон. Тэгээд ноцолдож байгаад хамт газар уначихсан. Удалгүй цагдаа нар ирээд хэрүүл маргаан хийгээд байгаа хүмүүс нь хэн бэ гээд Д*******, Г******* болон Б******* нарыг аваад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Гэрч Б.Бын өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 16-ны оройн 22 цаг орчим Б******* манайд хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа очсон. Намайг тэдний гэрт ороход Б******* болон түүний найз гээд нэг охин тэр хоёр 0.5 литрийн лаазтай пиво нэг нэгийг уучихсан сууж байсан. Тэгээд бид гурав пиво уугаад хэсэг юм ярьж байтал гаднаас Б орж ирээд бид дөрөв тэднийд хэсэг сууж байтал Б******* бүгдээрээ хальт Г*******гийнд орчихоод ирье гээд бид нар гурав дөрвөн хашааны цаана байх Г*******гийн хашааны гадаа иртэл тэдний хашаан дотор салсан найз залуу нь гээд байгаа Ч*******ийн машин байж байсан. Тэгээд Б******* гэр рүү нь хамт орчихоод ирье гээд бид нар гэрийнх нь хаалгыг тогштол Ч******* хаалга нээсэн. Тэгээд Б******* чи одоо салав уу, үгүй юу, манай дүүтэй явалдаад байгаа юм уу гээд хэлтэл Ч******* нь чи юу яриад байгаа юм бэ? хонох газар байхгүй айлд хонож байна гээд тэр хоёр бага зэрэг маргалдаад юм яриад хаалганаас холдоод цааш явсан. Тэгтэл Г******* хэвтэж байснаа босож ирээд согтуу юмнууд зайлцгаа гээд хөөж туугаад байсан. Тэгээд Ч*******, Б******* хоёр юм ярьж байхад та хоёр салчихсан биз дээ гээд хэлсэн байх. Тэгсэн чинь Д******* гээд охин хоёр хүний дундуур ороод яах вэ дээ дуугүй бай гэсэн чинь чи хэн юм гээд тэр хоёр хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад Г******* цагдаад дуудлага өгсөн санагдаж байна. Г*******г цагдаа дуудлаа гээд Д******* тэр хоёр маргалдаж байгаад үсдэлцээд эхэлсэн. Тэгээд үсдэлцэж байгаад Д******* нь Г*******гийн нүүр рүү хэдэн удаа цохичих шиг болсон. Тэр хоёрыг салгах гээд салгаж чадахгүй байсан. Бие биеэ үсдэж байгаад хоёулаа газар уначихсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад удаагүй байхад цагдаа нар орж ирээд хэрүүл маргаан хийсэн хүмүүс нь хэн, хэн юм гээд Д*******, Г******* хоёр гэтэл Б******* манай найз яагаа ч үгүй би найзуудыгаа дагуулж айлд орж ирсэн юмаа гээд цагдаа нартай явсан. Би тэгээд гэртээ харьсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 194 дугаартай: Н.Г*******гийн биед зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун тахим, зүүн шилбэнд цус хуралт, баруун гуя, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун алга, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч О.Д*******ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Г*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 194 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч О.Д*******ын атгасан гараар цохих, үсдэх үйлдэлтэй буюу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Д******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Г*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргажээ.
Шүүгдэгч О.Д******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлж, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч О.Д*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Г******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О*******ийн Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч О.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч О.Д******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Г******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ