| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0179/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
2023 09 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч М.Н******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Н*******д холбогдох эрүүгийн 2315000000203 дугаартай 163/2023/0179/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Н*******, Булган аймгийн ******* суманд 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Гуртын 1-114 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 37 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Н******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000203 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н******* нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Цагаан булан гэх газарт оршин суух иргэн Д.*******ын гэрт хохирогч М.М*******ийн бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт архины шилээр цохиж биед нь дээд урууланд, дотор талдаа хэлний үзүүрт шарх, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний гэмтэл, баруун мөрний ард, зүүн далны доор, баруун гарын бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгч М.Н*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед хуурай дүү М*******этэй хамт Уньт баг руу айлд очсон чинь байхгүй болохоор нь буцаад сумын төв рүү явж байхад М*******э надаас архи аваад өгөөч гэхээр нь би Уньт багийн дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн. Тэгэхэд М*******э ******* ахын гэрт очъё гээд байхаар нь ******* ахын гэрт явж очсон чинь ******* ах нэг танихгүй хүнтэй нэг шил архи ууж байсан. Тэгээд бид хоёр гэрт орчихоод явах гэсэн чинь ******* ах бид хоёрыг хэсэг сууж байгаад яваач гэхээр нь бид хоёр хэсэг байсан. Тухайн үед бид хоёр ******* ахын задалсан архинаас хувааж ууж дуусгаад авсан архиа задлаад цуг хувааж уусан. Тухайн үед ******* ах манай ахыг зүрх муутай гэж хэлэхээр нь хөгшин хүнийг доромжиллоо гэж хэлээд би ******* ахтай маргаад ******* ахыг гараад зодолдчих уу гэж хэлсэн чинь ******* ах сандлаасаа босохоор нь газар байсан архины шил аваад далайсан чинь хажуу талд сууж байсан М*******э миний архины шилэнд цохиулаад тонгойхоор нь би гэрээс гараад зам дагаад яваад өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол шалгах хугацаа сунгасан тогтоол (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
- хохирогч М.М*******ийн өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр багийн дарга Н*******тэй хамт Уньт баг руу яваад буцаж ирээд Цагаан буланд Сүхээ ахынд очсон. Тэгээд тэднийд нэг шил 0.75, 0.5 литрийн архи нийт хоёр шил архи уусан. Тэгээд бид гурав суугаад нөгөө архи ууж байсан чинь Н******* гэнэт ууж байсан архиараа миний уруул руу цохиод авсан. Тэгэхээр нь би тухайн үед ухаан алдсан. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Тэр үед эмнэлэгт Сүхээ ах ирсэн байсан. Харин багийн дарга Н******* тэндээсээ зугтаасан гэсэн. Намайг сэрэх үед миний дээд уруул болон хэлний үзүүр хэсэгт оёдол тавьсан байсан. ...Харин маргааш өглөө нь намайг гэртээ хэвтэж байхад Н******* ирээд явсан. Одоо миний биеийн байдал цохиулсан газар болгон нь хөндүүр өвчтэй байгаа. Мөн толгой өвдөж байна. Хоол ундаа идэж чадахгүй байгаа. Би энэ хүнд гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
- гэрч Б.*******гийн өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ******* сум руу гэр рүүгээ Хөвсгөлийн аймгийн автобусанд суугаад 22-ийн товчоо гарах гээд явж байхад ******* сумын эрүүл мэндийн төвийн их эмч гэх хүн над руу утсаар “танай хүү М*******э нь бусдад зодуулаад хэлэн дээр 2 оёдол, уруул дээрээ 4 оёдол тавиулсан төлбөрийг нь хийнэ үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би замд явж байна, өглөө очоод уулзъя гэж хэлсэн. Тэгээд гэртээ маргааш нь ирээд М*******ээс юу болсон талаар асуухад тантай утсаар яриад сууж байхад Н******* гэх хүн нь шууд шилтэй архиар цохиод авсан гэж хэлсэн. Уруул хэсэг нь томбойгоод хавдчихсан юм идэж болохгүй байсан. Хэлэндээ 2 удаа оёдол тавиулсан, урууландаа 4 удаа оёдол тавиулсан гэж хэлсэн. Би хүүгээ аваад ******* сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Бас толгойг нь 3 удаа хүнээр бариулсан, өвчин намдаах тариа өдөр болгон эмнэлэгт очиж хийлгэсэн юм. Тэгсэн эмч нь шүдний зураг авахуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний зав гарахгүй байгаад нөгөөдрөөс зав гарахаар М*******ийг аваад Орхон аймаг явж эмнэлэгт үзүүлэх гэж байгаа. Энэ хоёр хүний хувьд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Би М*******ээс энэ талаар асуухад Н******* ах ******* гэх хүнтэй маргалдаад байж байсан. Гэнэт намайг архины шилээр цохисон болохоор намайг андуураад цохисон байх гэж бодсон гэж хэлж байсан. Хэлний оёдлоо өчигдөр авхуулсан, уруулынх нь оёдлыг аваагүй байгаа. Косметик оёдол тавихгүй бол гоо сайханд нь аймар том сорви үлдэх гээд байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- гэрч Д.*******ын өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа байхад Н*******, М*******э нар ирсэн. Тэгээд энэ хоёр 1 шил архитай ирээд бид 3 уугаад сууж байхад Н******* бид хоёр маргалдаад нээх удаагүй учраа олоод сууж байсан. Харин М*******э манайд ирээд гаргаж ирсэн архинаасаа жаахан ууж байгаад унтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа босож ирээд сууж байтал Н******* нь гэнэт ууж байсан архины шилээрээ М*******ийг цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм чи, зүгээр байгаа хүн цохиод” гээд босоод иртэл Н******* нь гараад зугтсан юм. Ийм л зүйл болсон. Дахин бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Н******* нь ууж байсан архины шилээр М*******ийг уруул тус газар нь 1 удаа цохисон. Уруул ам хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь би сумын төвийн эмнэлэг рүү авч яваад их эмчид нь үзүүлээд оёдол тавиулсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- гэрч Д.ын өгсөн: Би ******* сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаад 4 сар болж байна. Би тухайн үед ажил дээрээ байх үед орой 20 цагийн үед 20 гаруй насны залуу хүнд зодуулсан гэж ирсэн. Тэгээд би анхан шатны үзлэг хийхэд дээд уруул хэсэг зүсэгдсэн, хэлний үзүүр зүсэгдсэн хэлний артерийн судас гэмтэж хэлнээс цус олгойдож байсан. Гадна талын хувцас цус болсон. Уг залуу нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би уг хүнд гадны биет байгаа эсэхийг шалгаад шархыг ариутган цэвэрлээд цус тогтолт хийж оёдол тавьж ариун боолт хийсэн. Халдвар, үрэвслээс сэргийлж эмийг жороор бичсэн. Би дээд уруулын дээд хэсэгт 6 оёдол, хэлний үзүүр дээр 2 оёдол тавьсан. Бас зөвлөгөө өгөөд гаргасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 220 дугаартай: Магадлуулагч М.М*******ийн биед дээд уруулд, дотор талдаа, хэлний үзүүрт шарх, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний гэмтэл, баруун мөрний ард, зүүн далны доор, баруун гарын бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна. Дээд уруулд, дотор талдаа, хэлний үзүүрт шарх, дээд үүдэн 11, 21, 22-р шүдний гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөрний ард зүүн далны доор, баруун гарын бугалгад зулгаралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч М.Н*******гийн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.М*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 220 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч М.Н*******гийн архины шилээр цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч М.М*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар 550.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргажээ.
Шүүгдэгч М.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 550.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан гэдгийг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хохирогч М.М*******э гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан байна. Иймд шүүгдэгч М.Н*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Н*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.М*******э нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Н******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.М*******э нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ