Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

2023          09           20                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч С.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Н*******д холбогдох эрүүгийн 2315002990206 дугаартай 163/2023/0180/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт С*******ын Н*******, Булган аймгийн Булган суманд 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 42 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Н******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002990206 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н******* нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, *******,******* тоотод байх гэртээ эхнэр Б.О*******ийг бусадтай хардаж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын тохойд шарх, зүүн гарын шуу, зүүн тал, баруун мөр, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- шүүгдэгч С.Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын хүмүүстэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 08 цагийн орчимд гэртээ найз Оын хамт харьсан. Тэгэхэд манай эхнэр үнээгээ сааж байсан. Мөн эгч Ц******* ирчихсэн байсан. Тэгээд үнээгээ сааж байхад өөрийн аав С*******т сүү аваачиж өгөхөөр эгч Ц*******ийн хамт явсан. Тэгээд би 10 цагийн орчим буцаж гэртээ ирэхэд манай эхнэр урдаас гарч ирээд би зөрөөд гэрт ороход О манай гэрт орон дээр унтаж байсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад би эхнэрийгээ ботинкоороо зүүн гарын тохой, дал хэсэг рүү нь цохисон. Тэгээд байж байхад хажуу айлын эгч юу болоод байна гэхээр нь би гарч харчихаад буцаад гэр рүүгээ орсон. Тэгэхэд О гараад явчихсан байсан. Би хэзээд нь гараад явсаныг мэдэхгүй байна, удаагүй байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1, 3 дахь тал),

- Хохирогч Б.О*******ийн өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн орчимд үнээгээ сааж байхад манай нөхөр С.Н******* нь найз Орхоо /бүтэн нэрийг мэдэхгүй/-гийн хамт гэртээ ирсэн. Тэр 2 бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхрийн эгч Ц******* сүү авах гээд ирчихсэн байсан. Тэгээд би үнээгээ сааж дуусаад үхрээ гаргачихаад байж байхад манай нөхөр Ц******* эгчтэй цуг Шинэ хороо руу аавдаа сүүг нь хүргэж өгөхөөр явсан. Орхоо нь манай гэрт унтчихсан байсан. Тэгээд би гэртээ орж гэрийн ажлаа хийж байхад 10 цагийн орчимд манай нөхөр гэртээ ирээд найз Орхоотойгоо намайг хардаад хэл амаар доромжлоод миний зүүн гарын тохой руу ботинкоор цохисон, мөн дал хэсэг рүү цохисон. Тэгээд хажуу талын айлын эгч Чимгээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ цагдаа дуудсан байсан... Урд өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй энэ анхны удаагийн асуудал гаргаж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

- Гэрч Б.С*******гийн өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байхад манай гудамжны О гэх эгч над руу залгаад О*******ийн гар нь хөдлөхгүй байна, Н*******, О******* нар хоорондоо зодоон хийсэн байна гэж ярьсан. Тэгээд би ажлаасаа төрсөн дүү болох О*******ийн гэрт ирэхэд О******* нь зодуулсан байдалтай зүүн гараа сойчихсон гэртээ сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Н******* агсан тавиад гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- Гэрч С.Оийн өгсөн: ...гэнэт О******* нэлээн орилоод ёо ёо аллаа гээд байсан. Тэгэхэд Н******* нь Орхоо та хоёр юу юм Орхоог чинь алнаа гээд л орилоод байсан. Тухайн үед би Орхоо байсан үгүйг нь мэдэхгүй байна. Би өглөө нь Орхоо Н*******гийн хашааны гадаа зогсож байгааг харсан юм. Би дотроо Орхоо, Н******* хоёрыг хоорондоо зодоон хийж байна гэж бодсон боловч О*******ийн дуу гараад байхаар нь тэдний байшин руу дөхөж очоод Н******* болио гээд нэлээн орилсон. Тэгэхэд Н******* нь хүрэн өнгийн ботинк барьчихсан гарч ирээд буцаад орчихсон. Тэгэхээр нь би нэг л биш юм болоод байна гээд шууд цагдаа дуудсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- Гэрч Ц.Оын өгсөн: ...нэг сэрэхэд Н******* ирчихсэн эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байхаар нь би босож ирээд яагаад хэрүүл хийгээд байдаг юм дээ гэж хэлээд шууд гэрээс гарч яваад гэртээ харьсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай: Б.О*******ийн биед зүүн гарын тохойд шарх, зүүн гарын шуу, зүүн дал, баруун мөр, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн гарын тохойд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн гарын шуу, зүүн дал, баруун мөр, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч С.Н*******н санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.О*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 208 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч С.Н*******н гутлаараа /ботинк/ цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгальмаа нь шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай учир хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэх байр суурьтайгаар оролцлоо.

Шүүгдэгч С.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.О*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүгдэгч С.Н*******, хохирогч Б.О******* нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр тул хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч С.Н*******г бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Н*******н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон прокурортой тохиролцсон ялын санал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.О******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт С*******ын Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******д шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Н*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч С.Н******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.О******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ