| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 21.5.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
2023 09 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ц.*******, С.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2315000000179 дугаартай, 163/2023/0181/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Ц*******ийн *******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баянтөгөл гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн зүйлийн 2.2-т зааснаар Ц.*******ыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/45 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.*******ын эдлээгүй үлдсэн 10 сар, 06 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, сулласан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, 34 настай, эрэгтэй, РД: *******.
Монгол Улсын иргэн, ******* овогт С*******гийн *******, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг д оршин суух бүртгэлтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, 37 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа цонхны хагархайд толгойгоо зүссэн ба тэр нь гэмтлийн зэрэг гээд байгаа шарх гарсан гэж зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд эрүүгийн дугаартай хэргийн хохирогч Ц.*******ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, улмаар хохирогч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000179 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа цонхны хагархайд толгойгоо зүссэн ба тэр нь гэмтлийн зэрэг гээд байгаа шарх гарсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд эрүүгийн дугаартай хэргийн хохирогч Ц.*******ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, улмаар хохирогч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн талаар:
1. Ц.*******ын гэрчээр өгсөн: ...гэнэт цонх хагараад гаднаас цонхоор хүн ороод ирэхээр нь юун хүн бэ гээд цочоод хартал бараан хувцастай хүн миний зулай хэсэг рүү тоосгоор 2 удаа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
2. Ц.*******ын хохирогчоор өгсөн: ...Шөнө унтаж байхад цонх хагарах чимээ гараад сэрэхэд цонхоор нэг хүн ороод ирсэн. Хэн бэ гээд босоод ухас хийсэн чинь миний толгойн зулай хэсэг рүү нэг хатуу юмаар цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/213 дугаартай захирамж (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
4. Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: ...шөнө цонх хагарах чимээгээр сэрсэн. Шөнө хар хувцастай хүн орж ирээд намайг цохихоор нь гараад зугтсан. ...Цонхны хагархайд толгойгоо зүссэн ба тэр нь гэмтлийн зэрэг гээд байгаа шарх гарсан... гэх мэдүүлэг (2023.06.26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 20-21 дэх тал буюу хавтаст хэргийн 11-29 дэх тал),
5. Ц.*******ын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн: ...Би шүүх хурал дээр өөр байдлаар мэдүүлэг өгсөн нь үнэн. Хэргийн холбогдогч С.******* гэдэг хүний ятгалгад орж өмнө өгсөн мэдүүлгээс өөр, худал мэдүүлэг өгсөн. Хэргийн холбогдогч С.******* гэх хүн над руу Өмнөговь аймагт байхад гар утсаар холбогдож чиний толгойг намайг хагалаагүй гээд хэлчих цонхны хагархай шилэнд би өөрөө хуйхаа зүссэн гээд хэлчих, тэгээд чамайг шүүхээс худал мэдүүлэг өгсөн гээд 400,000 төгрөгөөр торгох байх тэр мөнгийг нь би төлчихнө гээд шүүх хурал болохын урд өдөр ярьсан. Хурал болдог өдөр ч яриад гуйгаад байхаар нь би итгээд хурдан энэ хэргээс салчих байх гэж бодоод түүний хэлснээр худал мэдүүлэг өгсөн юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
6. Яллагдагч Ц.*******ын өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед С.******* нь миний 94796020 дугаарын утас руу танихгүй дугаараас залгасан. Тухайн үед запгахдаа миний хөгшин нэг гуйх юм байна, би балрах гээд байна, чи нэг тус болоод өгөөч гэсэн. Тэгээд би юу юм бэ гэхэд өмнө өгсөн мэдүүлгээ өөрчлөөд маргаашийн шүүх хурал дээр ******* миний толгойг цохиж гэмтэл учруулаагүй, харин цонхны шилэнд толгойгоо зүссэн гэж хэлээд өгөөч, чамайг худлаа мэдүүлэг өгсөн гээд 400,000 төгрөгөөр л торгоно биз. Би тэр мөнгийг нь гаргаад өгчихнө, зардал мөнгөнд санаа зоволтгүй. Энэ хэргээ хурдан шийдэж салмаар байна. Чи тэгээд мэдүүлгээ өөрчилчихвөл надад ч гэсэн хэрэгтэй, чи ч амархан сална. Шүүх цагдаагаас хурдан салсан нь дээр биз дээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед над руу өөр дугаараас ахин залгаж өчигдрийн миний хэлснээр мэдүүлгээ өгчихөөрэй хө одоо 10 цагаас шүүх хурал эхлэх гэж байнаа гэж хэлсэн. Тэгээд би за, за гээд салгасан. Би тухайн үед шүүх хуралдаанд онлайнаар оролцож *******гийн гуйсны дагуу мэдүүлгээ өөрчилж цонхны шилэнд толгойгоо зүссэн гэж хэлсэн. ...Би 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх хурал дээр *******гийн ятгалгын дагуу худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал),
Хохирогчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэргийн талаар:
1. Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: ...гэнэт цонх хагараад гаднаас цонхоор хүн ороод ирэхээр нь юун хүн бэ гээд цочоод хартал бараан хувцастай хүн миний зулай хэсэг рүү тоосгоор 2 удаа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
2. Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: ...Шөнө унтаж байхад цонх хагарах чимээ гараад сэрэхэд цонхоор нэг хүн ороод ирсэн. Хэн бэ гээд босоод ухас хийсэн чинь миний толгойн зулай хэсэг рүү нэг хатуу юмаар цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
3. Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: ...шөнө цонх хагарах чимээгээр сэрсэн. Шөнө хар хувцастай хүн орж ирээд намайг цохихоор нь гараад зугтсан. ...Цонхны хагархайд толгойгоо зүссэн ба тэр нь гэмтлийн зэрэг гээд байгаа шарх гарсан... гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлийн 11-29 дэх тал буюу хавтаст хэргийн 20-21 дэх тал),
4. Ц.*******ын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн: ...Би шүүх хурал дээр өөр байдлаар мэдүүлэг өгсөн нь үнэн. Хэргийн холбогдогч С.******* гэдэг хүний ятгалгад орж өмнө өгсөн мэдүүлгээс өөр худал мэдүүлэг өгсөн. Хэргийн холбогдогч С.******* гэх хүн над руу Өмнөговь аймагт байхад гар утсаар холбогдож чиний толгойг намайг хагалаагүй гээд хэлчих цонхны хагархай шилэнд би өөрөө хуйхаа зүссэн гээд хэлчих гээд гуйсан. Тэгээд чамайг шүүхээс худал мэдүүлэг өгсөн гээд 400,000 төгрөгөөр торгох байх, тэр мөнгийг нь би төлчихнө гээд шүүх хурал болохын урд өдөр ярьсан. Хурал болдог өдөр ч яриад гуйгаад байхаар нь би итгээд хурдан энэ хэргээс салчих байх гэж бодоод түүний хэлснээр худал мэдүүлэг өгсөн юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
5. Яллагдагч С.*******гийн өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц.******* руу залгаж намайг цохисон гэж хэлэхгүйгээр цонхны шилэнд толгойгоо цохисон гэж хэлээд өгөөч гээд гуйсан юм. Би тухайн үед залгачихаад маргааш өглөө нь залгаж мэдүүлгээ солиод хэлээд өгөөрэй хө гээд дахин гуйсан. Намайг ятгасны дагуу ******* шүүх хурал дээр онлайнаар оролцож миний гуйсны дагуу мэдүүлгээ өөрчилж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд тухайн үеийн шүүх хурал хойшилж 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болохоор болсон. Хойшилсон шүүх хуралдаан болохын өмнө 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр залгаж өмнөх мэдүүлгээрээ өгчихөөрэй хө гэж хэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болсон шүүх хуралдаан дээр Ц.******* нь болсон явдлын дагуу үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Ц.*******ын эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн энэ хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагч Ц.*******, С.******* нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/213 дугаартай захирамж, мөн тус шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ТЭ/163/2023/ШЗ/213 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа цонхны хагархайд толгойгоо зүссэн ба тэр нь гэмтлийн зэрэг гээд байгаа шарх гарсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд эрүүгийн дугаартай хэргийн хохирогч Ц.*******ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, улмаар хохирогч Ц.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлсэн болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ын худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч С.*******гийн хохирогчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.*******ын худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч С.*******гийн хохирогчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдэлд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.*******г 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас материаллаг хохирол учраагүй тул Ц.*******, С.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугааэр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нарын зүгээс нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.
шүүгдэгч Ц.*******ыг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.*******г хохирогчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******, С.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 70, 74-80, 82-101, 103-111, 114-119 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар
шүүгдэгч Ц.******* нь Булган аймгийн ******* суманд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ам бүл гурав, 10-12 насны хоёр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Баянтөгөл гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөгүй,
шүүгдэгч С.******* нь Булган аймгийн Бүрэгхангай суманд 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн ******* сумын 5 дугаар баг д оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөгүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.*******, С.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч С.******* нь урьд тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн ба тэрээр дээрх ялынхаа 144 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биечлэн эдэлж, үлдэгдэл 336 цагийн ялтай болох нь Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Удвалын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц*******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчоор шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт С*******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 336 /гурван зуун гучин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.*******, С.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ