Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

   2020           3              10                                 2020/ДШМ/285

                                                                                   

Б.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12  дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1907002700149 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Наран овгийн Б.П, 1971 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангид гэрээт харуул ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1е-18 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЛЛ71012879/,

Зүүнбаянгийн шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 угаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 1991 оны Өршөөлийн хуулиар суллагдсан,

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, уг хорих ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэгдэж байсан;

 

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 2-13 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Баянцэнгэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Наран овгийн Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Баянцэнгэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.М нь заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй гэж үзэж байна. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энэ хэргийг харсан гэх бусад гэрчүүдийг шалгаагүй. Яагаад шалгуулах гээд байгаа юм бэ? гэхээр энэ хэргийг нотлоод байгаа гэрч Б.Отгонбаатар, Л.Галаарав, Э.Одончимэг, Л.Марал нар нь хохирогчтой үй зайгүй найз нөхдүүд байдаг. Хохирогч “би цагдаа, шүүхэд найзуудтай, чамайг яаж л бол яаж шийтгүүлж чадна” гэж надтай ярьдаг учраас болсон үйл явдлыг худал мэдүүлж, намайг хийгээгүй хэрэгт яллаад байна.

Мөн тухайн хэрэг гарах үед цагдаагийн хоёр албан хаагч ирж үзээд явсан. Тэр хүмүүс ч хэн хэнийг зодсон, Баяржаргал хаана, ямар байдлаар гэмтсэн зэргийг мэдэх учир нэмж шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх шийдэхгүй байгаад гомдолтой байна. Иймд хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. Миний үйлчлүүлэгч өөрөө давж заалдах гомдол гаргаж байгаа тул гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.    

 

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.М-ийн хувьд гэм буруу дээрээ маргаж “Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хүмүүс намайг гүтгэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй” гэдэг. Өнөөдөр ч мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ийм тайлбар гаргаж байна. Гэтэл Б.М нь гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдсон. Хохирогч У.Баянцэнгэлээс “Өдөр нь Б.М-той саадан дээр таараад үл ялих зүйлээр шалтаглаж маргалдсан. Тэгээд орой нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дахин таарсан. Манай найз Б.М-той уулзаад орж ирэхдээ “чамайг нэг л мөргөнө гэж байна шүү гэж сануулж байсан. Тэгээд намайг гарахад үед Б.М гэрээс гараад нэг, хоёр алхаад шууд мөргөсөн” гэдэг. Мөн яг түүнийг мөргөх үед нь Отгонбаатар хажууд нь байснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Б.М нь өмнө 3 удаа ял шийтгэгдэж байсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, харин ч эдгээр хүмүүс намайг гүтгэж ялтан болгож байна гэж ярьж байна. Иймд анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.    

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 2-13 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн У.Баянцэнгэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч У.Баянцэнгэлийн “...Отгоо надад Б.М чамайг нэг л мөргөнө гэж байна шүү гэж хэлсэн. Түүний дараа Б.М хоёулаа уулзая гэхээр нь дагаж гарахад гэрийн баруун талд очсоноо эргэж хараад шууд уруул, ам руу тас хийтэл мөргөж, би хойшоо сууж Укагийн гэрийг нь түшиж босож ирсэн. ...Миний уруулын дотор тал язарч, баруун дээд 2 дугаар шүд унасан. ...” /14-16/,

 

гэрч Л.Галааварын “...Пүүжээ эхлээд Отгоог дагуулж гараад орж ирэхдээ Баянцэнгэлээ чамайг Пүүжээ нэг л мөргөнө гэж байна шүү гэж ярьж байсан. Түүний дараа Пүүжээ Баянцэнгэлийг гаръя гэж дагуулж гараад 1-2 минутын дараа Баянцэнгэл орж ирэхдээ шүд мөргөчихлөө гээд уруул, ам нь цус болчихсон орж ирсэн. Харахад Баянцэнгэлийн үүдэн дээд 1 шүд нь унасан байсан. Араас нь Пүүжээ орж ирээд ална гээд дайрахаар нь манай эхнэр Одончимэг замд нь түлхэж холдуулаад, би Пүүжээг барьж, хорьж байж Баянцэнгэлийг гаргаж явуулаад бид өөрсдөө гарч явсан. ...” /хх 19/,

 

гэрч Э.Одончимэгийн “...Б.М, Уука хоёр нэлээн согтсон дундаа нэг 0,75 литрийн Хараа архи дуусаж байгаа бололтой байсан. Тэгээд Б.М нэлээн согтсон Баянцэнгэл рүү үсчиж дайраад “чамайг бол ална шүү баньд минь” гээд байхаар нь би нөгөө хэдийгаа за за явцгаая гэсэн чинь Б.Мийг Отгоо дагуулаад гэрээс гарсан. Удалгүй Б.М буцаж орж ирээд У.Баянцэнгэлийг дагуулаад гарсан. Тэгээд бид нар гэрт сууж байтал Баянцэнгэл гаднаас нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон ороод ирэхээр нь “Яав юу болов” гэж асуухад Б.М намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Баянцэнгэл толинд нүүрээ харсан чинь уруул нь сэтрээд нэг шүд нь цөмөрчихсөн байсан. Тэгсэн гаднаас Б.М орж ирээд Баянцэнгэлийн араас хоолойг нь боохоор нь би “Б.М-д чи одоо Баянцэнгэлийг дагуулж гараад шүд амыг нь цөм цохичихоод, одоо араас нь хоолойг нь боож алах гээ юу” гэж хэлээд Б.Мийг цааш түлхэсэн чинь гаднаас Отгоо орж ирээд Б.Мийг чирээд гадаа гарсан. ...” /хх 24/,

 

гэрч Э.Маралын “...манай гэрт Б.М ирчихсэн манай нөхөр Уукатай нэг шил архи уугаад бараг дуусч байсан байх тэгсэн гаднаас Галаавар, Баянцэнгэл, Отгонбаатар нар орж ирсэн. Тэгээд би гадаа гарч бие засчихаад буцаад гэртээ ороод иртэл У.Баянцэнгэл, Б.М нар хоорондоо юунаас болж муудалцсан юм мэдэхгүй, хэрэлдэж байгаад гадаа гарч хоорондоо зууралдаад юм ярьж зогсож байснаа гэнэт л Б.М нь У.Баянцэнгэлийг толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөчихсөн чинь Баянцэнгэлийн ам, хамарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд Отгонбаатар Б.Мийг салгахад тэр хоёр зууралдаад газар унаж байх шиг байсан. Тэгээд удалгүй У.Баянцэнгэл цагдаа дуудна гэж байгаад л бөөнөөрөө манай хашаанаас гараад явцгаасан. ...” /хх 26/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “1. Ц.Баянцэнгэлийн биед баруун дээд 2 дугаар шүдний булгарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.            4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх 08 шэ/324 дугаартай дүгнэлт /хх 35/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.М-ийн хохирогч У.Баянцэнгэлийг зодож, түүний эрүүл мэндэд “...баруун дээд 2 дугаар шүдний булгарал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.М нь “...намайг хийгээгүй хэрэгт яллаж байгаад гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

 

Шүүгдэгч Б.М-ийн У.Баянцэнгэлийг дагуулан гарч, түүний биед гэмтэл учруулсан талаар тухайн цаг хугацаанд хохирогч болон шүүгдэгчтэй хамт байсан Б.Отгонбаатар, Л.Галаарав, Э.Одончимэг, Л.Марал нар гэрчлэн мэдүүлсэн ба тэдний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн шүүхээс үнэлэх боломжтой, хэрэгт хамааралтай нотлох баримтууд байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Мид холбогдох 1907002700149 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

 

Б.М-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                                                ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ