Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Гуравдагч этгээд: “А М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалыг хууль бус болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0736 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2025/0362/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалыг хууль бус болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0736 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалтаай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалын хэмжээ нэмэгдүүлсэн, солбицол өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Шүүхээс нэхэмжлэлд дурдсан агуулга болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг олж мэдсэн гэх буюу газраа зориулалтын дагуу ашглах 3 жилийн хугацаанд газар дээрээ барилга, байгууламж, зам талбай бариагүй, аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаагаа эрхлээгүй, хашаа, хайс бариагүй байгаа үйл баримтад дүгнэлт өгөөгүйг буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 09 дүээр сарын 25-ы өдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй, мөн нэг ч төгрөгийн алданги төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд 2023 оны 12-р сарын 15-ны өдөр нэгтгэн шилжүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн болохыг тодорхой харуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар аливаа газар ашиглагч иргэн, хуулийн этгээд өөрийн газрын төлбөрийг улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх, эсхүл дараа улиралын газрын төлбөрүүдийг урьдчилан төлж болохыг зөвшөөрснөөс бус газрын төлбөрөө төлөх ёстой хуульд заасан хугацаанаасаа хоцроох байдлаар төлөхийг зөвшөөрөөгүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын эсрэг дүгнэлт хийж алданги төлөх боломжтой байсан гэх хийсвэр үндэслэлээр нэхэмжлэгчийг зөвтгөж хуулийг нэхэмжлэгчид хэт ашигтайгаар тайлбарласан нь дээрх зохицуулалттай нийцэхгүй байна. Мөн хариуцагчаас хууль, журмын дагуу сонсох ажиллагааг хийсэн тухай холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүх 43 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотой сонсох ажиллагаа явуулахдаа газар ашиглагч тус бүрээр холбогдож, нэг бүрчлэн соносх ажиллагаа явуулах ёстой байсан буюу “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны бодит боломжоос давсан зүйл шаардсан байна. Үүнээс гадна шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан буюу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хүчингүй болгох байдлаар өөрчилж “... шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцлийг хангах, ... солбицол өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг тайлбарласантай нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр актыг мэдсэнээс хойш 5 сарын дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хуульд заасан хугацааны дотор биш байхад анхан шатны шүүх алдаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлага өөрчилж шийдвэрээ гаргасан нь “шүүхийн нотлох зарчим”-ыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзсан захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасан байх бөгөөд тухайн захирамжийн гомдлыг хэлэлцэх үед нэхэмжлэгчээс Давж заалдах шатны шүүхэд тухайн үед үйл ажиллагааг явуулсан гэх худал тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Нийслэл дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0736 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалыг хууль бус болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анх Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар “А” ХХК-д Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд 55081.3 м.кв талбайг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0211903 дугаар гэрчилгээг олгож, 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалттай бүсэд газар ашиглах тухай” 2022/025 тоот гэрээ байгуулжээ.

3.1. Гэтэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

3.2. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар дээрх маргаан бүхий газраас гуравдагч этгээд болох “А М” ХХК-ийн ашиглаж байсан 10029.5 м.кв газрын хэмжээг 55000 м.кв болгон нэмэгдүүлж, солбицлын цэгийг өөрчилснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”, мөн хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40 1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх зохицуулалт нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой байх бөгөөд энэхүү маргааны хувьд хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна.

5. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх тухайд:

5.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-д зааснаар газрын төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа нь гэрээгээр тодорхойлогдохоор тус тус зохицуулсан байна.

5.2. Харин талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалттын бүсэд газар ашиглах тухай” 2022/025 тоот гэрээний 5.5-д “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх”, 5.6-д “газар ашиглах гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж тус тус зааснаас үзвэл газрын төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд алдангийн хамт нөхөж төлөхөөр, мөн төлбөр тооцооны асуудлыг жил бүр дүгнэж тооцоо нийлж байхаар гэрээгээр харилцан тохиролцсон, тухайн тохиолдолд нэхэмжлэгч газар ашиглах эрх үүссэнээс хойш 2022 оны төлбөрөө бүрэн төлсөн, харин 2023 оны газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй боловч тухайн ондоо багтааж бүрэн төлсөн, 2023 оны төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 01122-2022/00891 тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан,  хариуцагчийн зүгээс гэрээнд зааснаар тухайн жилийн төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд  алданги тооцож болохоор харилцан тохиролцсон байхад төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим зөрчигдөхөд хүргэсэн гэж дүгнэж болохоор байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд:

6.1. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

6.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 тоот тушаалаар Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд 55081.3 м.кв газрыг нэхэмжлэгч “А” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2022/025 тоот гурван талт гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаал гарах хүртэл хуульд заасан 2 жилийн хугацаа болоогүйгээс гадна тухайн хугацаанд газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

6.3. Тодруулбал, дээрх газрыг “А” ХХК ашиглах эрхийг авах үед дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал дэгдсэн, Монгол Улсад тодорхой хугацаанд, хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоосон байсан нь нийтэд илэрхий үйл баримт байх ба хөл хорионы улмаас ихэнх аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдалд орж байсантай холбоотой Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна гэж тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий А/492 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухайд:

7.1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглаж байсан 55.081 м.кв газраас гуравдагч этгээд болох “А М” ХХК-д нэмэгдүүлж олгосон тул уг газрууд давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн нэгж талбарын газруудын давхцалыг харуулсан лавлагаа, сансрын зургуудаар тогтоогдсон, шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн А/492 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг газрыг өөр этгээдэд талбайн хэмжээ, солбицол өөрчлөх тушаал гаргах замаар ашиглуулахаар шийдвэрлэснийг мөн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах боломжгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргасан...” гэх гомдол үндэслэлгүй байна.

8. Түүнчлэн, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

8.1. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хариуцагчаас “Гэгээн ариун цамхаг” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг судлаагүй, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудад нийцэхгүй байна.

8.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

8.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ