| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 135/2020/00512/И |
| Дугаар | 001/ХТ2022/00391 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2022/00391
| 2022 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 001/ХТ2022/00391 |
Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар магадлалтай,
Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
М.Мөнхтуул, Б.Гансүх нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 98,468,948.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч М.Мөнхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч М.Мөнхтуул, Б.Гансүх нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 98,468,948.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, хариуцагч М.Мөнхтуул, Б.Гансүх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Мөнхтуул, Б.Гансүх нараас 98,485,948.71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 11 гудамж, 10В тоот эзэмшлийн 189 м.кв хувийн сууцны газар, 141,04 м.кв талбайтай, хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,580 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 720,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар магадлалаар: Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 610 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 75 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүйн улмаас хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь хариуцагч нар болох М.Мөнхтуул, Б.Гансүх нар нь аль аль нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, цалин орлогогүй болсноос шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ талаараа тухайн үед Хаан банканд мэдэгдэж байсан боловч банк үүнийг мэдсээр байж хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох ёстой байтал хүү нэмэгдүүлсэн хүүг зогсоохгүйгээр их хэжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон тухайгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйн улмаас хэргийг буруу шийдсэн гэж үзэж байна. Иймд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сумд дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 610 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 75 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж хүү, нэмэгдүүлсэн хүү 9,539,327.6 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
6. Хаан банк ХХК нь хариуцагч М.Мөнхтуул, Б.Гансүх нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийт 98,485,948.71 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 11 гудамж, 10В тоот эзэмшлийн 189 м.кв талбайтай эзэмшлийн газар, 141,04 м.кв талбайтай, хувийн сууцаар хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Мөнхтуул, Б.Гансүх нараас 98,485,948.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Гансүхийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Зохигч 2016.04.01-ний өдөр 201642592442 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Хаан банк ХХК нь ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр орон сууц худалдан авах зориулалтаар 108,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч М.Мөнхтуул, Б.Гансүх нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасны дагуу сар бүр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. Мөн 2016.04.01-ний өдөр, 2016.11.11-ний өдөр 201642592442-1 тоот Барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018508 дугаарт М.Мөнхтуулын өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 11 гудамж, 10В тоот талбайтай 141,04 м.кв талбайтай амины орон сууц, 000556426 дугаар Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 11 гудамж, 10В тоот эзэмшлийн 189 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.
Түүнчлэн, талуудын хооронд 2019.04.24-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн жилийн хүүг 21,6 хувь болгож, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. (хх-18)
9. Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч М.Мөнхтуул, Б.Гансүх нар зээлийн төлбөрт үндсэн зээлд 19,071,824.42 төгрөг, хүүгийн төлбөрт 20,976,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 602.96 төгрөг, нийт 40,048,542.38 төгрөг төлсөн, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
10. Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, цалин орлогогүй болсноос шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ талаараа тухайн үед банканд мэдэгдэж байсан боловч банк үүнийг мэдсээр байж хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох ёстой байтал хүү нэмэгдүүлсэн хүүг зогсоохгүйгээр их хэмжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна... гэжээ.
11. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зээлийн тооцооллыг зөв тооцсон, зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон тухайгаа хариуцагч нар банканд мэдэгдэж, зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоохыг удаа мэдэгдэж байсан гэх бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Шүүх хариуцагч нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн.
12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Гансүхийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 167,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН