Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 112/ШШ2022/0021

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдыг төлөөлж, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Баас тус аймгийн ******* Г.Ч-д холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар баталсан журам зөрчсөн Олон нийтийн төлөөллийг сонгосон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдыг төлөөлж, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын хувьд тус шүүхэд аймгийн Засаг даргын орчлогч Г.Чад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг даргын захирамж гарч Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай 2022 оны А/22 дугаартай захирамжаа хүчингүй болгож, олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулж миний бие комисст орж ажиллахаар болсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдыг төлөөлж, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Баас тус аймгийн ******* Г.Ч-д холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар баталсан журам зөрчсөн Олон нийтийн төлөөллийг сонгосон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд  гаргасан байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Баас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдыг төлөөлж, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Баас тус аймгийн ******* Г.Чад холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар баталсан журам зөрчсөн Олон нийтийн төлөөллийг сонгосон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ