Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1334

 

 

 

 

 

 

 

 

 

“Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00782 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э”ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 122 466 525 төгрөг гаргуулж, түрээсийн талбайг чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Аззаяа,

Хариуцагчийн төлөөлөгч: Р.Саруул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 7 сарын 1-нд гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь 29 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний төлбөрийг эхний 9 сар мкв-ыг 10 000 төгрөгөөр тооцож, сарын 7 000 000 төгрөг, дараагийн 3 сард 1 сарын төлбөр 10 500 000 төгрөг, дараагийн сар 7 000 000 төгрөгөөр тохирсон байгаа. Түрээслэгч тал нь төлбөр төлөх үүргээ нэг ч удаа биелүүлээгүй. Үйл ажиллагаагаа явуулаагүй гэж байгаа хэдий ч түрээсийн гэрээг зогсоох талаар манайд ямар нэгэн санал гаргаж байгаагүй. Одоо хүртэл тухайн талбай дээр тоног төхөөрөмж нь байгаа. Тиймээс бид нар түрээсийн төлбөрийг 2016 оны 7 сарын 1-нээс 2017 оны 12 сарын 31-нийг хүртэл тооцож, нийт 136 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс дэнчинд байршуулсан 14 033 475 төгрөгийг хасаж нийт 122 466 525 төгрөгийг нэхэмжилж  байна. Мөн түрээсийн талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч Р.Саруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс тоног төхөөрөмжөө үлдээсэн нь үнэн. Иргэний хуулийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж заасан байдаг. Ингээд бодохоор надад ямар тооцоо гарч байна вэ гэхээр 31.500.000 төгрөгөөс дэнчинд тавьсан 14.033.475 төгрөгийг хасахаар бид нар нийт 17 000 000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь эрхээ эдлэх байсан юм бол хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд асуудлаа уламжилж, намайг цагдаагаар эрэн сурвалжлуулах үйл ажиллагаа явуулаагүй. Хүлээж байгаад мөнгөн дүн ихсэх үед гэнэт 122 000 000 төгрөг өг гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдрийн хувьд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон 288.2.3-т заасан эрхээ хууль зүйн хувьд хамгаалах гэж байгаа бол хуульд заасан арга хэлбэрээ хэрэглээгүй учир 17 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээнэ, түрээсийн талбайг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Э”ХХК-иас 122 466 524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Э”ХХК нь түрээсийн талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э”ХХК-иас 770 283 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х”ХХК-д олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн түрээсийн гэрээний 1.4.заасан заасан үүргийн гүйцэтгэлийг огт авч хэлэлцээгүй, судлаагүй, үнэлээгүй. Ийнхүү судлах, үнэлэх, авч хэлэлцэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг хангасан эсэхийг тогтоогоогүй. Шүүх хуралдааны эхэнд талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотой асуудлаар харилцан ойлголцож эвлэрүүлэн зуучлах арга замаар асуудлыг шийдвэрлэх эрхийг хангасан нь боломжоор хангасан хууль зүйн үйлдэл. Харин дээр нэрлэсэн эвлэрүүлэн зуучлахаас бусад нөхцөлд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т заасан хэмжээ хязгаарын хүрээнд хуульд шууд заасан арга хэлбэрээр эрхээ хэрэгжүүлэх зохицуулалтыг ямар ч хуулиар зохицуулаагүй "Боломж" гэх нэр томъёогоор үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1."гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүргийг" зөвхөн хариуцагч талд оногдуулсан атлаа гэрээний үндсэн нөхцөлийн хүрээнд 1.4-т заасан нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлээ шударгаар хангасан, эсэхийг авч хэлэлцээгүй, үнэлээгүй, судлаагүй. Ийнхүү гэрээний 1.4.т заасан үүргээ шударгаар биелүүлээгүй нь дараа дараагийн тодорхойлсон талуудын эрх, үүрэг үүсэх буюу түрээсийн байранд нэвтрэх эрхийг хангаагүй /түлхүүр, цоож гардуулан өгч холбогдох акт үйлдэгдэж тэмдэглэлд тусгагдаагүй/, ашиглалтын зардалтай холбоотой тоолуур, хэмжих хэрэгсэлийн заалтыг харилцан хүлээлцэх асуудлыг орхигдуулсан нь түрээслүүлэгч талын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг бүхэлдээ хангахдах боломжгүй нөхцөл үүссэн буюу энэ нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нь түрээсийн талбайд автомат тоглоомын газрын тоног төхөөрөмжийг байршуулсан байгаа нь гуравдагч этгээдэд түрээслэх боломжийг хязгаарласан" хэмээсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч тал үнэхээр гуравдагч этгээдэд түрээслэх бодитой нөхцөл бүрэлдсэн тухайгаа ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүйгээр зогсохгүй тийм нөхцөл боломж бүрэлдсэн бол шүүхэд хандаж ийнхүү тоног төхөөрөмжийг гаргуулах, ашиглах боломж бололцоогоор бүрдүүлэх тухай асуудлаа тавих эрхийг хуулиар олгосон бөгөөд хэлэлцэж байгаа маргаан, нэхэмжлэлийн шаардлагатай ийнхүү нөхцөл байдал ямар ч холбогдолгүй. Түүгээр ч зогсохгүй хариуцагчийн зүгээс олдохгүй сураггүй алга болсон зүйлгүй бөгөөд нэхэмжлэл гаргасаны мөрөөр шүүхээс дуудсан цагт ирж хэргийн материалтай танилцан, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Шүүхийн даалгасанаар ямар нэг эрэн сурвалжлах ажиллагааг явагдаагүй. Гэрээний 7 дугаар зүйлд Талууд шүүхэд хандахаас өмнө өөр хоорондоо зөвшилцөх тухай асуудлыг шүүх огтоос авч хэлэлцэлгүй иргэний хэрэг үүсгэж маргааныг авч хэлэлцсэн. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч олдохгүй байсан гэх боловч яг үнэхээр хариуцагчид хандсан, түүнийг олдохгүй байсан талаарх нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т "Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж заасан буюу гэрээний 1.4-т заасан гэрээ байгуулсанаас хойш ажлын 1 өдрийн дотор хүлээлгэн өгөх акт үйлдэж түрээслэгчид хүлээлгэн өгөх түрээслүүлэгчийн үүрэг гүйцэтгэгдээгүй. Дээр нэрлэсэн үүрэг гүйцэтгэгдээгүйгээс болж хариуцагч тухайн байранд нэвтрэх буюу хууль, гэрээнд заасан тухайн талбайг эзэмших, ашиглах эрх шилжүүлэгдээгүй, үүсээгүй. Тодорхой хэлбэл гэрээний үндсэн нөхцөл болох 1.4. заалт хангагдаагүй буюу энэ нь түрээслүүлэгч талын үүрэгтэй холбоотой асуудал. Тоног төхөөрөмжөө оруулан байрлуулах нь ашиглах, эзэмших эрх биш бөгөөд ийнхүү талбайг хүлээлгэн өгч, түлхүүрийг нь гардуулаагүй байхад хариуцагч ямар нэг үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох боломжгүй. Нэгэнтээ нэхэмжлэгч үүргээ сайн дуураар, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй болохоор манай зүгээс ийнхүү сайн дураараа гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлөөгүй. Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасанчлан хуулиар шууд заасан аргаар эрх, үүргээ хэрэгжүүлэх хүрээнд 288.2.3. -т " ... эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;" гэж заасан байгаа нь шударга ёсны зарчимд нийцэх буюу гэрээг дуусан дуустал нь харж хүлээж байгаад нэг мөр 122 466 525 төгрөгийг нэхэх бус нэгэнтээ хуулиаар шууд заасан аргын хүрээнд 3 сарын хугацаа дуусаннаар мэдэгдэл, мэдзэлэл хүргүүлэх, шүүхэд хандах эрхийг шууд тодорхойлсоныг орхигдуулж дээр хэлсэнчлэн "Боломж" гэх хууль зүйн үндэслэлгүй, заалтгүй асуудлаар шийдвэрлэж байна. Ийнхүү хуулийн шаардлагын хүрээнд, хуульд заасан аргаар эрхээ хэрэгжүүлэх нь 3 сарын хугацааны түрээсийн төлбөр 31 500 000 буюу түүнээс дэнчингийн 14 033 475 төгрөгийг хасаад 17 466 525 төгрөгийн төлбөр гарах үнийн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл хуулиар шууд заасан түрээслүүлэгчид хохиролоо шаардах эрхийг орхигдуулсан асуудлыг "боломж" гэх хууль зүйн үндэслэлгүй, зохицуулалтгүй зүйлээр үндэслэсэн. Иймээс 122 466 524 төгрөгийг нэхэмжлэх эрх нь тухайлсан харилцааг буюу хохиролоо нөхөн төлүүлэх хуулиар шууд заасан аргад нийцэхгүй байх тул 104 999 999 төгрөг илүү төлөгдөхөөр тооцогдож байна. Иймд нэрлэсэн үндэслэлүүдийн хүрээнд шийдвэрийн тогтоох хэсгийн  дэх заалтад тусгасан 122 466 524 төгрөг гэснийг 17 566 525 төгрөг болгож өөрчилж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 80 000 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Э”ХХК нь 2018 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 5 000 000 төгрөг төлж барагдуулахаар эвлэрч байна. Хариуцагч нь түрээсийн байрыг чөлөөлнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х”ХХК нь хариуцагч “Э”ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 122 466 525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Э”ХХК-иас 122 466 524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Э”ХХК нь түрээсийн талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Саруул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч “Э”ХХК нь 2018 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 5 000 000 төгрөг төлж барагдуулах, хариуцагч нь түрээсийн байрыг чөлөөлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч “Э”ХХК нь 2018 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 5 000 000 төгрөг төлж барагдуулах, хариуцагч нь түрээсийн байрыг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон  зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

                                   

                                        ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Г.ДАВААДОРЖ