| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/02686/И/Т |
| Дугаар | 101/ШШ2019/02794 |
| Огноо | 2019-10-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2019/02794
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЗДИ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Бхолбогдох
8,166,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын өдөр 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б- нь манай компанийг дур мэдэн төлөөлж МГ ХХК-аас 3ш орон сууц зээлээр худалдан авах гэрээ байгуулж, тэрхүү 3ш орон сууцаа Г.Н, Э.Б, Ж.Г- гэсэн 3 иргэнд худалдахаар гэрээ байгуулсан байдаг болно.
Г.Н*******, Э.Б урьдчилгаа төлбөрөө манай компанийн дансанд шууд тушаасан байдаг бол Ж.Г-ын зүгээс Э.Б-т 30,000,000 /гучин сая/ төгрөгөө хүлээлгэн өгсөн байдаг юм.
Э.Б- нь Ж.Г-ын өгсөн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг компанийн дансанд буцаан тушаах ёстой байсан бөгөөд гэрээний дагуу МГ ХХК-д төлөх төлбөр энэхүү мөнгөнөөс хийгдэх ёстой байсан юм.
Гэтэл Э.Б- нь энэ мөнгөнөөс 21,833,700 /хорин нэгэн сая найман зуун гучин гурван мянга долоон зуу/ төгрөгийг МГ ХХК-д бэлнээр төлсөн байх бөгөөд үлдэгдэл 8,166,300 /найман сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг өөртөө авч үлдээсэн байна.
Мөн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Э.Б-ын зүгээс МГ ХХК-д-тай байгуулсан орон сууц зээлээр худалдан авах гэрээ төлбөрийг тушаана гэж 10,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн авсан боловч МГ ХХК-д төлөлгүй, мөн өөрөө авсан болно.Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 10,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул энэ шаардлагад холбогдох хэргийг тусгаарлаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн. Захирамж хүчин төгөлдөр болсон.
Э.Б- нь нийтдээ 8,166,300 /найман сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийг үндэслэлгүй өөртөө авч ашигласан байх тул түүнээс гаргуулан авах хүсэлтэй байгаа болно.
Г.Н*******, Э.Б, Ж.Г- болон МГ ХХК-тай хийх мөнгөний тооцооны асуудлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01590 тоот захирамжаар шийдвэрлэсэн болно. Э.Б-ын зүгээс эдгээр иргэд болон МГ ХХКомпанид Э.Б-ын учруулан хохирлыг манай компанийн зүгээс бүрэн хариуцахаар шүүгчийн захирамж гараад бид төлж байгаа болно гэв.
Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд ЗДИ ХХК-д менежерээр ажиллаж байсан бөгөөд захиалагч Ж.Г-оос 30,000,000 төгрөгийг бэлнээр авч 21,833,700 төгрөгийг МГ ХХК-д бэлнээр төлсөн. Харин үлдсэн 8,166,300 төгрөгийг Г ХХК , Ц х ХХК, Зди ХХК-ийн дансанд хувааж хийсэн. ЗДИ ХХК- ийн нэхэмжилсэн 8,166,300 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаарх баримтуудыг компаниудаас гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Түүнчлэн 2018 оны 5 дугаар 08-ны ЗДИ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зоос дэлгэрэх ХХК хариуцагч Э.Б-аас 8.166,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: хариуцагч Э.Б-т шүүх 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 7 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан баримт №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн 44 дүгээр тал/
Тус шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулсан байна.
Хариуцагч Э.Б-, өмгөөлөгч Ө.Одончимэг нар хэргийн материал, шүүх хуралдааны товтой танилцаж баримт №9-д гарын үсэг зуржээ.
Хариуцагч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
2. 8,166,300 төгрөгийг шаардан гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ЗДИ ХХК нь хариуцагч Э.Б-аас үндэслэлгүйгээр олж авсан 8,166.300 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч ЗДИ ХХК нь МГ ХХКийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 23- ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 0дугаар хороо, 0апертмент хотхон, 0 дугаар байрны 0тоотод байрлах Нм.кв талбайтай, тус байрны 10 тоотод байрлах 43.35 м.кв талбайтай, тус байрны 14 тоотод байрлалтай 43.35 м.кв талбайтай орон сууцуудыг худалдан авчээ./хх-ийн 35-38 дугаар талууд/
МГ ХХК-иас. Худалдан авсан дээрх орон сууцуудыг нэхэмжлэгч компани иргэн Э.Б, Ж.Г-, Г.Ннарт Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж зээлээр худалджээ./хх-ийн 20-40 дүгээр талууд/
Хариуцагч ЗДИ ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа иргэн Ж.Г-оос орон сууц зээлээр худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг хүлээн авсан нь хавтас хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагчийг төлөөлж ЗДИ ХХК-ийн Маркетингийн менежер Э.Б- гэж гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж зааснаар ЗДИ ХХК нь иргэн Э.Б-тай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй атлаа маркетингийн менежерийн албан тушаалд ажиллуулсан хууль зөрчжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/0дугаар бүхий Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ЗДИ ХХК иргэн Ж.Г нар харилцан тохиолцсон эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.\хх-ийн 15-18 дугаар талууд/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй., 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас 8,166,300 төгрөгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Э.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ЗДИ ХХК-д ажиллаж байснаа, иргэн Ж.Г-оос орон сууц зээлээр худалдан авах гэрээнд заасан урьдчилгаанд 30,000,00 төгрөгийг хүлээн авсан, түүнээс 21,833,700 төгрөгийг Монтрук групп ХХК-ний дансанд тушаасан гэж хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдав.
Иймд хариуцагчаас 8,166,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б-/рд:/-аас 8,166,300 төгрөгийг гаргуулж ЗДИ ХХК /рд:/д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,610.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 145,610.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны 101/ШЗ2019/0дугаар бүхий Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол урьд авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ