| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/03707/И |
| Дугаар | 101/ШШ2019/03333 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2019/03333
2019 оны 11 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2019/03333 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Цэцэн хангай үйлчилгээний төвийн 6 давхарт байрлах Б.С.С.А НҮТББ-д холбогдох
1,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, гэрч Я.Номинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оноос Б.С.С.Ад сэтгэл зүйч магистрын сургалтад хамрагдахаар болж А.О багштай уулзсан. Тэрээр надад нэг жилийн хугацаанд магистрын ромбо, дипломтой төгсөнө гэж хэлсэн. Би багшид итгэж сургалтын гэрээ байгуулж 1,550,000 төгрөгийг тушаасан. Би 2018 оны 4 дүгээр сард сэтгэл зүйн сургалтад суусан. Тэр сургалтаас Б.С.С.Айг зөвшөөрөлгүй бусад хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг сонсоод их цочирдсон. Энэ талаараа А.О багшид хэлэхэд сургалтын төлбөр буцааж өгөхгүй гэсэн. Б.С.С.А нь ромбо, дипломтой биш зөвхөн сертификатын сургалттай байсан бөгөөд худлаа хэлж намайг сургалтандаа суулгасан. Анхнаасаа худал мэдээлэл өгснөөс болж миний бие хөдөлмөр цаг хугацаагаар хохирсон.Цаашид суралцах боломжгүй тул 3 дугаар сараас суралцаагүй.Иймд сургалтын төлбөр 1,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: нэхэмжлэгч О.Мнь Боловсрол сэтгэл судлалын академид холбогдох сургалтын төлбөр 1,550,000 төгрөгийг нэхэмжлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ андуурч 350,000 төгрөгийн шаардлагаа үлдээчихсэн байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 1,550,000 төгрөгт бодон улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 350,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 1,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.С.С.А нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хүний нөөц, сэтгэл судлалын чиглэлээр түр сургалт зохион байгуулах үндсэн чиглэлээр байгуулагдсан. Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд Монгол улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус байх ба албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна заасан. Үүний дагуу нийтэд нэн шаардлагатай сэтгэл зүйн боловсролын талаар мэргэжлийн багш нартай хамтарсан номуудыг хэвлэн гаргаж, тухайн гарын авлагыг үндэслэн батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулж эхэлсэн. Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлэн гэрчилгээ авч Сэтгэл судлаач /мэргэшүүлэх/, Сэтгэл судлал-хүний нөөцийн менежер мэргэшүүлэх/ цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтын төрлөөр үйл ажиллагаа явуулсан. Эдгээр сургалтуудыг мэргэжлийн болон багшлах эрхийн гэрчилгээтэй багш нар явуулсан.Б.С.С.Ань 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй сонсогчтой хийх гэрээ байгуулан сургалтын хөдөлбөрт заагдсан мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл явуулсан. Энэхүү сургалтын гэрээнд нэхэмжлэгчийн дурдсан 1 жилийн Сэтгэл зүйч мэргэжил олгох магистрын сургалтыг явуулах талаар тусгаагүй байна. Нэхэмжлэгч сургалтад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сургалтад сууж байсан тул төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сургалт явуулах зөвшөөрлийн хувьд 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд зөвшөөрөл олгох яамны нэр солигдож тухайн зөвшөөрлийг олгох сургалтын индекс нь байхгүй болсон гэсэн үндэслэлээр мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангасан гэх гэрчилгээ авах боломжгүй болсон. Сэтгэл зүйн мэргэшүүлэх сургалтын зөвшөөрлийг эрх бүхий байгууллага олгохгүй тул өөрсдийн сургалтын төлөвлөгөөг үндэслэн 2018-2019 оны сургалтыг явуулсан. Энэ холбогдох хууль зөрчөөгүй бөгөөд Боловсролын тухай хуульд заасан албан бус боловсролыг суралцагчтай гэрээ байгуулан олгосон. Мэргэжлийн сургалт олгоно гэж нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн үйлдлийг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М хариуцагч Б.С.С.Ад холбогдуулан сургалтын төлбөр 1,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 01-ийн өдөр 2018-2019 оны хичээлийн жилд Сэтгэл судлал чиглэлээр оройн ангид суралцахаар харилцан тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулжээ. /хх-ийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч нь “...Б.С.С.А нь мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан, багшлах боловсон хүчин хангалтгүй, магистрын зэрэг олгохгүй, ромбо, диплом өгнө гэж хуурч элсүүлсэн учраас сургалтын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж, хариуцагч “Сэтгэл зүйч мэргэжил олгох, магистрын сургалтыг явуулна гэж нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн үйлдлийг гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг” гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөг нийт 1,550,000 төгрөгийг “Б.С.СА”-д бэлэн мөнгөний орлогын баримтаар тушаажээ./хх-ийн 3-5 дугаар талууд/
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Б.С.С.А нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “хүний нөөц, сэтгэл судлалын чиглэлээр түр сургалт явуулах” үйл ажиллагааны чиглэлээр хугацаагүй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг 5 гишүүнчлэлтэй байгуулж, 000000 улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 23 дугаар тал/
Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д”“албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг”; энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.” гэж тус тус заажээ.
Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-д “Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.” гэж зааснаар хариуцагч Б.С.С.А нь 2018-2019 оны хичээлийн жилд хөтөлсөн ангийн журналд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар шүүхээс хийсэн үзлэгт нэхэмжлэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургалтад хамрагдсан үйл баримт тогтоогдсон.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д “Сургалтын төлөвлөгөөнд заагдсан сургалтуудыг бүрэн сурч, эзэмшсэн нөхцөлд мэргэшлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.”, 3 дугаар зүйлийн 3.7-д “Сонсогч нийт хичээлийн 30%-д суусан тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.” гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагч Б.С.С.Ань албан бус сургалтын хүрээнд нийгэмд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллага биш, сургалтын индекс олгодоггүй болох нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас шүүхэд ирүүлсэн албан тоот, гэрч Я.Н нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв./хх-ийн 70 дугаар тал/
Нэхэмжлэгч шүүхэд хариуцагчтай байгуулсан сонсогчтой хийсэн гэрээний хүчин төгөлдөр бусын талаар маргаагүй, сургалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хичээлийн 30-аас дээш хувьд суусан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 –т заасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг баримтлан хариуцагч Б.С.С.А НҮТББ-аас 1,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.М.-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ