| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0722/З |
| Дугаар | 221/МА2026/0023 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0023
“ХХА” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл ,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа,
Илтгэсэн шүүгч Э.Зоригтбаатар,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “ХХА” ТББ
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “ХХА” ТББ,
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд “К” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “К” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0709 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг,
Хэргийн индекс: 128/2023/0722/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХА” ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “К” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгох”-оор маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0709 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.11, 10.1.3-д заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчийн ашиг сонирхлын тухай
"ХХА” НҮТББ нь "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох"-оор нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ "ХХА” НҮТББ нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 48/25 тоот албан бичгээр дараах байдлаар нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг тодруулан шүүхэд хүргүүлсэн. Үүнд:
Нэхэмжлэгч өөрийн дүрэм болон байгаль орчныг хамгаалах үндэсний хууль тогтоомж хийгээд олон улсын гэрээ, конвенцид заасан иргэний нийгмийн - байгууллага буюу Төрийн бус байгууллагын үндсэн зарчим, чиг үүргийг үндэслэн тухайн маргаанд хамаарах өөрийн ашиг сонирхлыг илэрхийлсэн. Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлахгүй, мөрдөхгүй, өөрийн дур зоргоор хандаж байна. Энэ нөхцөл байдал нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, зэрлэг амьтад болон нутгийн иргэдийн амьдрах хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, экосистемийн бүтэц алдагдаж, экологийн доройтол үүсэх нөхцөл үүсч байна.
2026 оны 8 дугаар 17-28-ний өдрүүдэд Улаанбаатар хотод "Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-н конвенцийн талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдах болно. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, - "Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах зорилготой. Монгол Улс хүрээлэн буй орчны хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Говийн бүс нутгийн эмзэг эко системийг хамгаалах, хүн байгалийн хамтдаа орших нөхцөлийг бүрдүүлэх нь манай төрийн бус байгууллагын онцгой ашиг сонирхол төдийгүй үндэсний ашиг сонирхолд нийцнэ. Үүний учир ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, нэг сумын нутаг дэвсгэрт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээ тухайн сумын нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөсөн байдаг.
Говийн бүс нутгийн нэн эмзэг эко системийг хамгаалахын тулд:
ХХА Төрийн бус байгууллага нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "иргэд, нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг", мөн зүйлийн 2-т “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг" хэлнэ гэж хуульчлан тодорхойлсон. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д "байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах" үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуульчилсан эрх үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.
Манай төрийн бус байгууллага нь дүрэмд заасан үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлийн дагуу Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн эрдэс баялаг түүний дэд бүтцийн төсөл хэрэгжиж буй сумдад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд иргэдийн оролцоо, байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2010 оноос иргэд болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг явуулж ирсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс үүдэн нутгийн нүүдэлчин малчин иргэдийн амьдрах орчин, байгаль орчны элэгдэл, цөлжилт, ан амьтны амьдрах орчин, нүүдлийн зам, ундаалах цэгийн хязгаарлалт, доройтолд зовниж буй санаа зовнил нь манай төрийн бус байгууллагын ашиг сонирхолд бүрэн нийцнэ.
Бидний гаргаж буй бодит хийгээд хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хангалттай.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад бүрэн дүүрэн, - үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тухай
3.2.1 Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг нотлох баримтуудад үндэслэн шүүх хуралдаанд тайлбар, үндэслэлээ гаргаж мэтгэлцсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхий л үндэслэлд хууль зүйн дүгнэлт огт өгөөгүй бөгөөд өөрсдийн байр сууринаас хандан, өрөөсгөл дүгнэлт хийсэн.
Шүүхийн шийдвэрт тэмдэглэсэн "... тухайн байршилд дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй" байх ашиг сонирхол нь нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 48/25 тоот албан бичгээр тодорхойлсон үндэслэлүүдээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн байршил нь:
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэг ашиг сонирхол нь Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан журмыг сорчлон ашиглах бус бүгдийг шударгаар мөрдөж баримтлан эрх олгох шийдвэр гаргадаг байх ёстой бөгөөд хэн нэгэн хуулийн этгээд хууль тогтоомж зөрчсөн ч хөрөнгө зарцуулсан төдийгөөр давуу эрх олгодог хууль зөрчсөн шийдвэр гаргадгийг таслан зогсоох, дахин хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд "К" ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан баримт бичгийг хуулийн хугацаа, шаардлага дагуу бүрэн хавсаргаагүй байдаг. Энэ тохиолдолд Ашигт малтмал газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасан шийдвэрийг гаргаж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл хуульд тодорхой заасан шийдвэрийг гаргахгүй хууль бус эс үйлдэхүйг гаргаж "К" ХХК-д ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж, 2 жилийн дараа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Хариуцагч дахин ийм хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргахгүй байх нөхцөлийг энэ шүүхийн шийдвэр тогтоох байсан.
Үүний учир анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлүүд хийгээд нэхэмжлэгчээс илэрхийлсэн ашиг сонирхлыг бүхэлд нэгтгэн дүгнэх нь хэргийг шударгаар, үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.
3.2.2. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ "... нэхэмжлэгчээс тухайн байршилд дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх ашиг сонирхол байгаа бол Улсын Их Хурал болон Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор маргаан бүхий газарт дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шууд шийдвэрлэх боломжгүй байна" гэж дүгнэсэн байдаг. Гэвч энэхүү дүгнэлт нь өрөөсгөл бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т "тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах;", 11.1.15-т "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;", 11.1.19-т "түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;", 11.1.25-т "энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах" чиг үүрэг нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хамаарна.гэж хуульчилсан. Улмаар эдгээр чиг үүрэг нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст хамаарахыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хуульчилсан байдаг. Хуульд заасан чиг үүргийн дагуу хаана ямар талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсхүл ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох нь хариуцагчийн чиг үүрэгт бүрэн хамаарч байгаа юм. Хариуцагч талбайг тодорхойлох бөгөөд ийнхүү тодорхойлохдоо зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх энэхүү хууль ёсны чиг үүргийг үл харгалзан дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй, хууль хэрэглээгүй байна.
Хариуцагчийн хууль бус үйлдэл байсан эсэх, байгаль орчныг хамгаалах онцгой ашиг сонирхол байгаа эсэхийг бүхэлд нь дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн дээр дурдсан "тухайн байршилд ахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх”, “дахин ижил төрлийн алдаа, агуулга бүхий захиргааны акт гаргуулахгүй байх" үндэслэл, нөхцөл бүрдэнэ.
3.3. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дэмжиж Монгол Улсын Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ." гэж заасныг нэг үндэслэл болгон мэтгэлцсэн. Монгол Улсын Усны тухай хуулийг 2012 оны 05 сарын 17-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалт нь маргаан бүхий захиргааны актыг гаргахад хүчин төгөлдөр үйлчилж байсан.
Гуравдагч этгээд "К" ХХК-н ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ Галба-Өөш-Долоодын говийн сав газарт харьяалагддаг болохыг "Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа"-ны 2025 оны 08 сарын 04-ний өдрийн 261 дугаартай албан бичгээр нотлогддог. Үүний учир хариуцагч, гуравдагч этгээд "К" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо "Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа"-ны саналыг үндэслэх ёстой байсан. Гэтэл огт саналыг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх энэ тухай огт дүгнэлт хийгээгүй, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг хэрэглээгүй.
3.4. Шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тухай
Нэхэмжлэгч нь нутгийн иргэдийн тодорхойлолт болон өөрийн байгууллагын эрхлэн явуулсан үйл ажиллагааны үр дүнд илэрч, тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгсөн.
Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "10. Иргэдийн төлөөлөгчөөс ... өөрөөр хэлбэл тухайн газар хэчнээн тооны ан амьтан бэлчээрлэдэг, өсөлт, үржлийн талаарх судалгаа харагдахгүй байна" гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэсэн байдаг. Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой нотлох баримт цуглуулах ямар ч ажиллагаа өөрийн санаачилгаар хийгээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон, ашиг сонирхлын илэрхийлэл болсон нэн ховор амьтан болох хар сүүлт зээр, ховор амьтан болох хулан маргаан бүхий захиргааны актаар олгогдсон ашигт малтмалын ашиглалтын талбайд бэлчээрлэдэг, байдаг эсэх, хэрвээ байдаг хэчнээн тооны амьтан байдаг эсэх, тэд нь өсдөг, үрждэг эсэх, эдгээр амьтадын нүүдлийн болон ундаалах цэгт очих зам мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагаас нотлох баримт гаргуулах боломжтой.
Нотлох баримт цуглуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд санамсаргүй тохиолдлоор сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж байгаад харамсаж байна.
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухай
3.5.1. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн цахимаар оролцуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх тохиолдолд заавал иргэдийн төлөөлөгч оролцуулах нь зөвхөн хэлбэрээр илэрхийлэгдэхгүй бөгөөд агуулгын асар их ач холбогдолтой зохицуулалт билээ. Энэ нь иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаар тангараг өргөх, шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцохдоо асуулт асуух, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх зэрэг идэвхтэй үйлдлээр хууль хэрэгжих ёстой. Гэтэл манай тохиолдолд иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо дүрсээ хааж оролцохын зэрэгцээ, ямар ч идэвхгүй байр суурьтай байсан. Иргэдийн төлөөлөгчийг төлөөлөгчийг оролцуулахдаа хуульд заасан журмыг мөрдөөгүй.
3.5.2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Быг болон Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг шууд байдлаар гутаан доромжилж, дээрэнгүй хандаж байхад шүүх хуралдаан даргалагч таслан зогсоогоогүй, хурлын дэгийг сахиулаагүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн ёс зүйгүй, бүдүүлэг үг хэллэг, субьектив дайралтын улмаас Н.Б дарамтад орж шүүх хуралдаанд зохих ёсоор тайлбар гаргаж чадаагүй. Шүүхийн танхимд хэргийн оролцогчид бусдын хууль бус, ёс зүйгүй байдлаас хамгаалагдаж, эрх чөлөөтэй, шударгаар мэтгэлцэх ёстой. Иргэний нийгмийн байгууллагын талаарх хоцрогдсон, бурангуй болхи сэтгэхүйгээ өөрчилж, байгаль орчин, хүний эрхийг хамгаалах гэгээн тунгалаг үйлсийг урьтал болгох ёстой.
Төгсгөлд нь:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай. Гэтэл зохигчдын маргаж буй үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн хууль бус үйлдэл байгаа тухай дүгнэсэн мөртөө онцгой ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна.
Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0709 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХХА” ТББ-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийсэн байх бөгөөд хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгч “ХХА” ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон, дээрх хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэжээ.
2.2. Энэхүү хэргийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй “ХХА” төрийн бус байгууллагын зүгээс хамгаалагдах онцгой ашиг сонирхол байгаа эсэх асуудал нь чухал байна.
2.3 Нэхэмжлэгчээс хамгаалагдах онцгой ашиг сонирхлоо говийн эмзэг экосистемд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол орны ховор, нэн ховор амьтадын гол тархац нутаг, ундаалах цэг, нүүдлийн замыг хамгаалах, Орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчныг зүй бус доройтлоос урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн амьдрах орчныг хамгаалах, тусгай зөвшөөрлийг олгохыг хүссэн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авч, хоёр жилийн хугацаанд бүрдүүлбэр хангуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож дахин хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх, ... тухайн байршилд дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэж тодорхойлсон.
2.4 Нэхэмжлэгчээс тодорхойлсон ...тухайн байршилд дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх ашиг сонирхлын тухайд: Энэхүү шаардлага нь дотроо үндсэн 2 утгаар ойлгогдохоор байна. а/Тухайн компанид тухайн байршилд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх агуулгаар дүгнэж үзвэл: “К” ХХК нь 2008 оноос хойш Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Шандын уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ба 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг өргөдөл бүртгэлийн NМ-025948 дугаарт бүртгэгдэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр тус компанид 2826,39 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
2.5 Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд “К” ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-022131 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан. “К” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0095 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0152 дугаар тогтоол гарсан байна.
Нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, “К” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй тул дахин ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл "Rotation of illegal acts" үүсэх бодит нөхцөлгүй байна.
б/Тухайн байршилд дахин хэзээ ч хэнд ч тусгай зөвшөөрөл олгохгүй байх гэсэн агуулгаар дүгнэж үзвэл: Хуулиар тодорхой газар нутагт ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон байдаг. Тухайлбал ”Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-иар тодорхой газар нутагт дээрх үйл ажиллагааг хориглосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нь дээрхийн нэгэн адил хууль батлан гаргаж шийдвэрлэгдэнэ.
Энэ талаар анхан шатны шүүх ... “нэхэмжлэгчээс тухайн байршилд дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх ашиг сонирхолтой байгаа бол Улсын Их Хурал болон Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор маргаан бүхий газарт дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шууд шийдвэрлэх боломжгүй байна” гэж зөв дүгнэжээ.
2.6 Нөгөө талаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох” гэж заасан бөгөөд энэ нь хууль тогтоогчийн бүрэн эрх бөгөөд шүүхийн зүгээс тодорхой хууль батлан гаргах, эс гаргахыг хориглох боломжгүй.
2.7. Мөн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг олгохыг хүссэн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авч, хоёр жилийн хугацаанд бүрдүүлбэр хангуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, дахин хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх онцгой ашиг сонирхлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагчийн зүгээс тодорхой зөрчил гаргаж тусгай зөвшөөрлийг олгосон байсан ч, тэрхүү зөрчлийн улмаас тухайн төрийн захиргааны байгууллагын шийдвэр хүчингүй болсон ч энэ нь тухайн байршилд дахин хэзээ ч тусгай зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй, тийм үр дагаварт хүргэхгүй.
Нөгөө талаас захиргааны хэргийн шүүх зөвхөн тодорхой нэг тохиолдолд үүссэн маргааныг шийддэг. Шүүх "Захиргааны байгууллага цаашид ер нь ийм алдаа гаргаж болохгүй шүү" гэсэн ерөнхий зааварчилгаа, зөвлөмж өгөхгүй, "Хийсвэр" шийдвэр гаргаж болохгүй.
2.8.Давж заалдах гомдолд дурдсан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх болон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулсантай холбоотой гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үүрэгтэй.
Энэхүү үүргээ анхан шатны шүүх биелүүлсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч цахимаар шүүх хуралдаанд оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш юм.
Иргэдийн төлөөлөгч “... тухайн газар хэчнээн тооны ан амьтан бэлчээрлэдэг, өсөлт, үржлийн талаарх судалгаа харагдахгүй байна" гэж дүгнэжээ. Хуулийн дагуу иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах, шүүх өөрийн гаргаж буй шүүхийн шийдвэрт тухайн дүгнэлтийг заавал тусгах учиртай. Анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, дүгнэж, шүүхийн шийдвэрт тусгасныг буруутгах боломжгүй.
2.9. Мөн хуульч, өмгөөлөгчийн ёс зүй, харилцааны талаарх гомдлоо холбогдох этгээдэд гаргах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0709 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР