Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1335

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхтүвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ганцэцэг, Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Байгалмаа Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 57-27 тоот 3 өрөө орон сууцыг Япон улсын иргэн Нишино Ёошимасад төлбөрийг төлж дуусгасан тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус байранд Б.Н болон түүний нөхөр Ч.Б нар амьдарч байсан бөгөөд сүүлд хүү нь нэмэгдэн хамт амьдарч байгаа. Энэ талаар охин нь Нишинод хэлэхэд энэ хүмүүсийг шууд гаргах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авсанаа хэлээд чөлөөлж өгөхийг хүссэн. Ингээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041 Туул гол гудамж, 57-27 тоот 3 өрөө орон суунаас хариуцагч нарыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишимо сата Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 57-27 тоот орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгөөр төлж барагдуулан, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг cap бүр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-нд төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан Б.Н, Ч.Б нар нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Голомт банкинд эзэмших 160 501 36 44 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн дууссан.  Гэвч Нишимо янз бүрийн шалтаг хэлж,  шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Б нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар авсан үл хөдлөх хөрөнгө юм. Х.Д нь бодит байдал дээр үнэхээр Нишимогоос худалдаж авсан төлбөрөө төлж барагдуулсан хүн бол өөрт учирсан хохирол болоод үлдсэн төлбөрөө Нишимогоос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Х.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцнаас Б.Н, Ч.Б, Б.Г нарыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж Х.Дд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

              Хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэж эхлэх үед "хүсэлт шийдвэрлээгүй" гэх үндэслэлээр шүүгчээс татгалзаж, уг шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, төлөөлөгч А.Энхтүвшин нар шүүх хуралдааныг орхин шүүх хуралдааны танхимаас гарсан болохыг дурдав" гэжээ. Гэтэл бодит байдал дээр хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг би хүсэлт шийдвэрлээгүй гэх үндэслэлээр татгалзаагүй бөгөөд "... таныг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж байна" гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан. Энэ нь шүүх хуралдааны бичлэг болоод шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс татгалзлаа бичиж хэрэгт хавсаргуулна гэхэд та бичиж өгөх шаардлагагүй, би угаасаа авахгүй гэсэн ба шүүх танхимаас гарч ирсэнийхээ дараа татгалзалаа шүүгчийн туслахад өгсөн.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч талаас хэд хэдэн хуудас баримт гаргаж өгсөн байдаг бөгөөд үүнийг хариуцагч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшинд танилцуулаагүй бөгөөд танилцах нөхцөл бололцоогоор ч хангаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшинд 2018 оны 03 сарын 21-ний өдөр хамгийн сүүлд хэргийн материал танилцуулсан бөгөөд 2018 оны 03 сарын 21-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн, түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэсэн шүүхийн архивын тамгатай баримтууд хэрэгт авагдсан байдаг. Эдгээр баримтуудыг түүнд танилцуулаагүй.

Хариуцагч нарын өмгөөлөгч миний бие маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар, мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Н, Ч.Б нарын нэхэмжлэлтэй Алтанзул, Х.Д нарт холбогдох маргааны гол зүйл болсон орон сууц Дулмаагын өмчлөлд шилжсэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар 117.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж иргэний хэрэг үүсгэсэн захирамж, нэхэмжлэл, мөн Х.Дгын өмчлөлд шилжсэн гэрээний хуулбарыг хавсаргаж өгсөн. Нишино Ёошимасагийн өмчлөлөөс Х.Дгын нэр дээр шилжсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг хариуцагч нарын зүгээс нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Шүүх хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргахдаа үндэслэлээ хэргийн оролцогчдод тайлбарлаагүй. Уг өмчлөгчөөр бүртгүүлсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан атал нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэв шүүхээс 2016 оны 03 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд Х.Дгын өмчлөгч биш болох бөгөөд өмнөх өмчлөгч эсхүл шударга өмчлөгчид шилжинэ. Түүнчлэн уг орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш болно. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрийн тухайд энэ нь гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал бус зөвхөн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн эсэх асуудлаар л шийдвэр гаргасан байдаг.

Хавтаст хэрэгт орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан Нишино Ёошимасагийн Голомт банкин дансанд төлсөн баримт авагдсан байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгчийн дурдаад байгаа хэрэгт нэхэмжлэл нь авагдсан Нишино Ёошимасагийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох иргэний хэрэгт шүүхийн журмаар ОӨУБЕГ-аас ирүүлсэн баримтаар уг маргааны зүйл болсон орон сууцны хөрш хаалга болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 26 тоот орон сууцыг Х.Д нь 15 000 000 төгрөгөөр худалдан авсан баримт уг хэргийг хянан шийдвэрлэсний дараагаар шүүхэд Нишино Ёошимасагийн нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох иргэний хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Д нэхэмжлэл гаргахдаа болон шүүх хуралдаан дээр өөрийн оршин суугаа хаягаа Хан-Уул дүүрэг 15-р хороо, Үйлдвэр ХД, 84-46 тоот гэж мэдүүлдэг. Гэтэл Б.Н, Ч.Б нарын нэхэмжлэлтэй Алтанзул, Х.Д нарт холбогдох иргэний хэрэг дээр хариуцагч Х.Д нь энэ хаяг дээр оршин суудаггүй талаар тодорхойлолт ирсэн бөгөөд нэхэмжлэлийг гардаж аваагүй байгаа талаар шүүх хуралдаан дээр хэлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баднайсүрэн "...энэ хүн айл айлаар амьдардаг, гэр орон байхгүй" гэж шүүхэд худал мэдүүлсэн байдаг. Энэхүү шүүх хуралдааны дараа хаягийг Б.Н, Ч.Б, Б.Г нар нь манай хажуу айлд амьдардаг, гэхдээ бүртгэлгүй байх гэсэн мэдээлэл өгсөний дагуу Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 26 тоот хаягийг шүүхэд өгч, шүүх нэхэмжлэлээ уг хаягаар дуудан ирүүлж гардуулсан байдаг. Оршин суугаа хаягаа хүртэл шүүхэд худал мэдүүлж байгаа хүн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгнө гэхэд эргэлзээтэй байна. Үүнээс гадна Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Б.Н нь Япон улсын иргэн Нишино Ёошимаса, түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан Япон улсын дээд шүүхэд хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулан, эрх үүргийг тайлбарлан, хариу тайлбарыг авах шүүхийн даалгаварыг хүргүүлсэн байдаг. Гэтэл Япон улсын дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авах боломжгүйг мэдэгдэж хариуг ирүүлсэн байдаг. Ингээд уг хэргээс Нишино Ёошимасад холбогдох хэсгийг тусгаарлаж, хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхоигүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь  Б.Н, Ч.Б нарын гэрээний дагуу төлбөрөө төлж дууссан  тул өмчлөлд шилжүүлэн авах нэхэмжлэл гаргасны дараа өөрийн нэр дээрх хоёр орон сууцаа хоёуланг нь Х.Дгын өмчлөлд шилжүүлж, Монгол улсын иргэдэд итгэмжлэл  олгон  Ч.Б,   Б.Г  нарт  холбогдуулан  2010-2014   онд байгуулсан хэлцэл хэмээн мөнгө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хоёр иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагч Б.Н, Ч.Б нарыг Алтанзул, Х.Д нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, иргэний хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь Нишино Ёошимасад холбогдуулан нэхэмжлэл гаргасан талаар олж мэдсэн бөгөөд холбогдох баримтуудыг уг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөхөөр ажиллаж байна.

Бидний 2011 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 70 000 000 төгрөгөөр худалдан авсан орон сууцыг 2016 онд 30 000 000 төгрөгөөр зарсан мэтээр дүр эсгэн гэрээ байгуулсан байдаг. Бодит байдал дээр дээрх орон сууц нь 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй байх ямар ч боломжгүй. Түүнчлэн Х.Д нь уг орон сууцыг худалдан авсан талаар ямар ч баримт иргэний хэрэг дээр ч, захиргааны маргаан дээр ч гаргаж өгөөгүй.  Нэг ч төгрөгийн төлбөр төлсөн баримт байхгүй. Үүнээс гадна улсын бүртгэлийн газраас уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг аваагүйг, мөн уг өмчлөл шилжсэн маргаан хянан шийдвэрлэгдэж байхад уг хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

                                        

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Дгийн нэхэмжлэлтэй, Б.Н, Ч.Батхуяаг, Б.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч Х.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоот орон сууцыг хариуцагч Б.Н, Ч.Батхуяаг, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.Д нь 2016 оны 03 сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

   Нэхэмжлэгч Х.Д нь маргааны зүйл болох дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тэрээр бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

 

   Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нар эзэмших болсон байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болгохдоо шүүх хариуцагч нарын эзэмшлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй  нь учир дутагдалтай болжээ.

 

   Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн эрхээр тодорхойлогдох эсэхийг тогтоохын тулд хариуцагчийн эзэмшил хууль бус буюу шударга бус болохыг тогтоох шаардлагатай.

 

   Хариуцагч нар нь Х.Д болон Л.Алтанзул нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль бус гэж маргаж, уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 89-р тал/ Гэтэл анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэгт хамааралгүй гэж, энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахгүй байх ямар үндэслэл байгааг тодорхой дурдаагүй атлаа хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь баримтаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ          

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ