Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01048

 

2020 оны 04 сарын 21 өдөр

                          181/ШШ2020/01048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД: /,

 

Нэхэмжлэгч: С.П/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

4 224 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч С.Пын итгэмжлэгдсэн төлөөлөөч Б.Бямбацогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б, С.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хбанкны зээлийн ажилтны хариуцлагагүйгээс болж даатгал хийгдээгүйн улмаас бид эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 4,224,000 төгрөг авч чадахгүй хохироод байгаа юм. Энэ нь автомашины үндсэн үнэлгээний 40% буюу үнийн дүнгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний төлбөр юм. Нэгэнт хохирлын нөхөн төлбөрөө авч чадаагүй учир хувиараа таксинд явж байсан автомашинаа засварлаж, ажил үйлчилгээ явуулж чадалгүй Хбанкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр давхар, давхар хохироод байгаа учир хариуцагч Хбанкинд холбогдуулан нэхэмжлэгч Б.Б, С.П бид:

1. Хбанк нь заавал хийх ёстой эд хөрөнгийн даатгалыг хийлгээгүй зээл олгосон буруутай учир даатгалаас авах ёстой нөхөн төлбөр болох 4 224 000 төгрөгийг Хбанкнаас нэхэмжилж байгаа юм.

Хариуцагч Хбанктай Б.Б, С.П бид нар 2014 оны 6-р сарын 28-ны өдөр 1500008522 дугаартай зээлийн гэрээ, мөн дугаартай барьцааны гэрээ, 1500008522-01 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 13,600,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан, Фидуцийн гэрээгээр NHW20-7554710 арлын дугаартай, Приус 20 маркийн суудлын автомашины өмчлөлийг банкны өмчлөлд шилжүүлсэн. Ингээд Приус 20 машинаар таксинд явж зээл, зээлийн хүүг төлж байсан. 2015 оны 1-р сарын 07-08-нд шилжих шөнө Цайз захын замд таксинд явж байгаад 02.00 цагийн үед аваар болсон. Аваарын шалтгаан нь миний урд явж байсан Приус маркийн автомашин 1-р эгнээнээс буцаж эргэхээр замын голын үргэлжилсэн цагаан зураасыг давж огцом эргэхэд араас нь хурдтай явж байсан миний машин мөргөж аваар болсон ба араас нь мөргөсөн Б.Б миний буруу болсон. Тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалаараа хохирсон жолоочийн машины төлбөрийг барагдуулсан. Өөрийн машины хохирол буюу фидуцийн хөрөнгө болох банкны эзэмшлийн автомашины хохирлыг даатгалаараа барагдуулахаар Хбанкинд хандахад Хбанк даатгал хийлгээгүй байсан учир бид даатгалын нөхөн төлбөрөө авч чадахгүй хохироод байна. Автомашины даатгал хийгдсэн байсан бол хэн ч хохирохгүй байсан юм.

Фидуцийн хөрөнгө бол Хбанкны нэр дээр бүртгэлтэй, гэрчилгээтэй Хбанкны өмч юм. Иймд өөрийн өмчийн даатгалыг үүрэг хүлээгчээр заавал хийлгэх эрх үүрэг нь Хбанкинд байсан. Хбанктай байгуулсан фидуцийн гэрээ бол Хбанкны мэргэжилтнүүдийн боловсруулсан гэрээ юм. Фидуцийн гэрээ хийж буй бүх хүмүүст энэ гэрээг тулгаж зөвшөөрүүлж хийдэг гэрээ юм. Энэ гэрээний заалтуудыг иргэд мэдэхгүй, Хбанкны ажилтнууд бол маш сайн мэднэ. Энэ гэрээгээ надад уншуулж танилцуулалгүй шууд гэрээ хийсэн юм. Иймд тухайн үедээ зээл бүтсэнд их баярлаж байсан боловч одоо бол тухайн үед гэрээг уншаагүйдээ маш их харамсаж байна. Фидуцийн гэрээний:

2.6 Фидуцийн хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, гэрчилгээ авах, фидуцийн хөрөнгө даатгагдаагүй бол даатгуулах зэрэг холбогдох ажлыг үүрэг хүлээгч хариуцна.

2.7 Банк нь үүрэг хүлээгчид Үндсэн гэрээний дагуу зээл олгохоос өмнө үүрэг хүлээгч нь энэхүү гэрээний 2.6-т заасан үүргээ биелүүлсэн байх үүрэггэй. Хэрэв үүрэг хүлээгч нь энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл олгохыг Банкнаас шаардах эрхгүй бөгөөд үүрэг хүлээгч уг үүргээ биелүүлэх хүртэл Банк түүнд зээл олгохоос татгалзах эрхтэй байна.

3.1 Банк нь дараах үүрэг хүлээнэ

3.1.1 Фидуцийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, фидуцийн хөрөнгийн даатгалын хугацааг сунгуулах болон хөрөнгөтэй холбоотой бусад арга хэмжээ авах, хуульд заасан татвар хураамжийг төлөхийг үүрэг хүлээгчээс шаардах, даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг тэргүүн ээлжинд авах гэж тодорхой заасан байна.

Гэвч эдгээр заалтанд заасан эрх үүргээ банк огт биелүүлээгүй юм. Иймд даатгалын тухай тайлбарлаж танилцуулаагүй, даатгалын тухай огт сануулаагүй, даатгал хийхийг шаардаагүй, даатгал хийлгээгүй, даатгалгүй шууд зээл олгосон учир Хбанкийг буруутай гэж бид үзэж байна.

Миний хувьд даатгалд даатгуулсан байгаа гэж бодож явсан боловч ямар ч даатгалд даатгуулаагүй байсан. Энэ асуудлыг банкны зүгээс шийдвэрлэж өгөхгүй яваад байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нүдээрээ харж 4,224,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч сүүлд цахилгаан мотор, рулийн аппаратууд эвдэрч гэмтсэн байсан. Энэ хоёр техник хэрэгслийн үнэ нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ороогүй. Тийм учраас даатгалын мөнгийг нэхэмжилсэн байгаа.

Бид нэхэмжлэлдээ “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2015.01.15-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ №70632-ийг хавсаргасан юм. Уг үнэлгээгээр аваарт орсон фидуцийн хөрөнгө болох автомашин нь хэрэв даатгалтай байсан бол даатгалаас нөхөн төлбөрт 4,224,000 төгрөг авч хохирлоо барагдуулах байсан юм. Энэ үнэлгээний дүн нь автомашины үнэлгээ буюу үндсэн зээлийн үлдэгдэл 11 054 932 төгрөгийн 40%-тай тэнцэх юм. Ингээд даатгал хийлгэсэн байсан бол даатгалаас авах ёстой байсан 4 224 000 төгрөгийн нөхөн төлбөрийг Хбанкнаас нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгаа юм.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбацогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн машин Б.Батлхагвын нэр дээр байх үед банк даатгал хийгээгүй байна. Машиныг Х банкны өмчлөлд шилжүүлээд гэрчилгээг нь гаргасан учраас даатгалын байгууллагатай гэрээ хийж даатгах ёстой байсан. Банк анхнаасаа даатгуулах талаар танилцуулаагүй учраас гэрээ боловсруулсан. Энэ нь банкны хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Тиймээс банк хариуцлагаа хүлээж даатгалын мөнгийг гаргаж өгөх ёстой. Хариуцагч тал хэлэхдээ даатгалаа хийгээгүй нөхцөлд зээл олгох эрхгүй байсан гэж хэлдэг. Эрх, үүрэг 2 хоорондоо салшгүй холбоотой учраас зээл өгөхгүй байх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй учраас банк хариуцлагаа хүлээх ёстой.” гэв.

 

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б, С.П нарын ХБанк ХХК-д холбогдуулан гаргасан “Заавал хийх ёстой эд хөрөнгийн даатгалыг хийлгээгүй зээл олгосон буруутай учир даатгалаас авах ёстой нөхөн төлбөр болох 4,224,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн тус хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дараах үндэслэлүүдийг дурдсан байна.

“Өөрийн буруугаас бусдын машиныг мөргөсөн ба жолоочийн хариуцлагын даатгалаар хохирсон жолоочийн машины төлбөрийг барагдуулсан. Өөрийн машины хохирол болох банкны эзэмшлийн автомашины хохирлыг даатгалаараа барагдуулахаар ХБанкинд хандахад ХБанк даатгал хийлгээгүй байсан учир бид даатгалын нөхөн төлбөрөө авч чадахгуй хохироод байна. Фидуцийн хөрөнгө бол ХБанкны нэр дээр бүртгэлтэй, гэрчилгээтэй ХБанкны өмч юм. Иймд өөрийн өмчийн хөрөнгийн даатгалын үүрэг хүлээгчээр заавал хийлгэх эрх, үүрэг нь ХБанкинд байсан. ХБанк нь гэрээнд заасан эрх, үүргээ огт биелүүлээгүй, даатгалын тухай тайлбарлаж танилцуулаагүй, даатгалын тухай огт сануулаагүй, даатгал хийхийг шаардаагүй, даатгал хийлгээгүй, даатгалгүй шууд зээл олгосон учир ХБанкийг буруутай байна гэж үзэж байна” гэжээ.

ХБанк ХХК нь нэхэмжлэгч Б.Б, С.П нартай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1500008522 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 13,600,000.00 төгрөгийг 365 хоногт 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар олгосон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1500008522-01 дугаартай Фидуцийн гэрээг хуульд заасны дагуу байгуулан Б.Батлхагвын өмчлөлийн Toyota Prius автомашиныг ХБанкны өмчлөлд шилжүүлэн авсан.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байх ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдагдсан автотээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгалд хамаарахаар байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Фидуцийн гэрээний 2.6-д “Фидуцийн хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, гэрчилгээ авах, фидуцийн хөрөнгө даатгагдаагүй бол даатгуулах зэрэг холбогдох ажлыг үүрэг хүлээгч хариуцна”, 2.7. “Банк нь үүрэг хүлээгчид Үндсэн гэрээний дагуу зээл олгохоос өмнө үүрэг хүлээгч нь энэхүү гэрээний 2.6-д заасан үүргээ биелүүлсэн байх үүрэгтэй. Хэрэв үүрэг хүлээгч нь энэ үүргээ биелүүлээгүй бол зээл олгохыг Банкнаас шаардах эрхгүй бөгөөд үүрэг хүлээгч уг үүргээ биелүүлэх хүртэл Банк түүнд зээл олгохоос татгалзах эрхтэй байна” гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтууд нь банк зээлийн судалгаа хийх, зээл олгох эсэхийг шийдвэрлэхтэй холбоотойгоор зээлдэгчээс фидуцийн хөрөнгийг даатгуулсан байхыг шаардах, даатгуулаагүй тохиолдолд зээл олгохоос татгапзах эрхийг олгосон зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар үүрэг болгосон зохицуулалт биш, ХБанк тухайн тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэг хүлээгээгүй байхад ийм үүрэгтэй байсан мэтээр тайлбарлаж хохирол шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Фидуцийн гэрээний 3.1.1. дэх хэсэгт “Банк нь фидуцийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, фидуцийн хөрөнгийн даатгалын хугацааг сунгуулах болон хөрөнгөтэй холбоотой бусад арга хэмжээ авах, хуульд заасан татвар хураамжийг төлөхийг үүрэг хүлээгчээс шаардах, даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг тэргүүн ээлжинд авах эрхтэй” гэж заасны дагуу сайн дурын даатгалаар даатгуулах үүргийг Б.Б, С.П нарт оногдуулсан байх бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй хэрнээ банкинд даатгалын нөхөн төлбөрөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон зохицуулалтыг үндэслэн ХБанкнаас хохирол шаардаж байгаа нь логик уялдаа холбоогүй, ойлгомжгүй байна.

Мөн ХБанкны нэхэмжлэлтэй, Б.Б, С.П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,289,932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг цалин орлогоор хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21 -ний өдрийн 08 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Фидуцийн гэрээний 3.1.1-д зааснаас үзвэл тус банк нь тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, даатгалын асуудлыг хариуцаж авч байгаа гэсэн агуулга тодорхойлоогүй. Харин шаардлага гаргах арга хэмжээг авах талаар үүргээ гүйцэтгэхийг үүрэг хүлээгчид буюу тэр фидуцийн гэрээний шууд эзэмшигч буюу Б.Бас өмчлөгчөөс шаардах агуулгатай ба зээлдэгч нь даатгалын гэрээг сунгуулах, даатгуулах, тэр эд хөрөнгийн бүх эрсдэлийг өөртөө хүлээж авахаар тохиролцсон зохицуулалт биш байна” гэж дүгнэсэн бөгөөд уг магадлал нь хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр банк фидуцийн хөрөнгийн даатгалыг хийлгэх талаар зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч даатгал хийлгүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцахаар үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардпага нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “Иргэний эрхийг учруулсан хохирлыг арилгуулах аргаар хамгаална” гэж заасан бөгөөд энд заасан хохирол нь эрх зөрчигчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ёстой буюу ХБанкны хийсэн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид шууд хохирол учирсан байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардпагатай болно. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хуулийн ямар ч үндэслэл тусгагдаагүйгээс гадна, ХБанк ямар үүргээ зөрчсөнөөс шалтгаалан ямар эрх нь шууд хөндөгдсөн болохыг дурдаагүй байгаа болно.

“ХБанктай байгуулсан фидуцийн гэрээ бол ХБанкны мэргэжилтнүүдийн боловсруулсан гэрээ юм. Энэ гэрээний заалтуудыг иргэд мэдэхгүй, ХБанкны ажилтнууд бол маш сайн мэднэ. Фидуцийн гэрээ хийж буй бүх хүмүүст энэ гэрээг тулгаж зөвшөөрүүлж хийдэг гэрээ юм. Энэ гэрээний заалтуудыг иргэд мэдэхгүй, ХБанкны ажилтнууд бол маш сайн мэднэ. Энэ гэрээгээ надад уншуулж танилцуулалгүй шууд гэрээ хийсэн юм. Иймд тухайн үедээ зээл бүтсэнд их баярлаж байсан боловч одоо бол тухайн үедээ зээл бүтсэнд их баярлаж байсан боловч одоо бол тухайн үед гэрээг уншаагүйдээ маш их харамсаж байна” гэжээ.

Банк нь холбогдох хууль журамд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд зээлийн гэрээ, фидуцийн гэрээг харилцагчид тулган шаардаж, хүч хэрэглэж байгуулаагүй, зээлдэгч, фидуцийн үүрэг хүлээгчийн хүсэл зоригийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжпэлд тусгагдсаны дагуу тулган шаардсан, хүч хэрэглэсэн гэх апиваа нотлох баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. ХБанкны нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсанаар хийсэн гэж үзнэ” гэж, 235 дугаар зүйлийн 235.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бөгөөд мөн хуулийн 200 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахаар байна. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2 дахь хэсэгт зааснаар нөгөө тал нь стандарт нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсанаар энэ нь нотлогдож байгаа болно. Энэ тохиолдолд банкны зүгээс нэхэмжлэгчид гэрээг уншиж танилцах боломж олгосон бөгөөд нэхэмжлэлийн гэрээг уншиж танилцаагүйн улмаас үүссэн аливаа хариуцлагыг хүлээхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байна.

Гэтэл нэхэмжлэгч нь тус Фидуцийн гэрээг надад уншуулж, танилцуулалгүй шууд гэрээ хийсэн гэх тайлбараа аливаа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд худал тайлбар өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банк” ХХК тухайн эд хөрөнгийг ямар нэгэн байдлаар хадгалж, ашиглалтандаа авч шилжүүлэх, өмчилж аваагүй. Авдаггүй гэдэг нь Фидуцийн гэрээгээр нотлогдоно. Иймээс Даатгалын гэрээг шууд эзэмшигч өөрөө байгуулах үүрэгтэй. Харин “Х банк” ХХК-ийн хувьд даатгалд даатгуулахыг гэрээнд үүрэг болгож оруулсан байдаг. Харин тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байх үед хохирол учирсантай холбоотойгоор хохирол учирсан гэж тайлбарлаад байгаа нь ямар ч шалтгаант холбоогүй байна. “Х банк” ХХК тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан зүйл байхгүй. Өөрөө унаж явж байгаад хохирол учруулсан. Нэхэмжлэгч даатгалын хураамжаа төлөөд явж байсан. Даатгалд хамрагдаагүй байсан байна гэх байдлаар шаардлагаа гаргасан бол арай өөрөөр хандана. Гэтэл ийм нөхцөл байдал огт байхгүй байгаад байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                       

Нэхэмжлэгч Б.Б, С.П нар хариуцагч “Х банк” ХХК-иас нөхөн төлбөрт 4 224 000 /дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Х банк” ХХК нь банк фидуцийн хөрөнгийн даатгалыг хийлгэх талаар зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч даатгал хийлгүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцахаар үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр № 1500008522 Зээлийн гэрээ байгуулсан болох нь №1500008522 Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№1500008522 Зээлийн гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-ээр хариуцагч нь нэхэмжлэгч нарт 13 600 000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, 365 хоногт 22.80 /хорин хоёр зууны ная/ хувийн хүүтэй, 36 /гучин зургаа/ сарын хугацаатай шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нар нь зээлийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн болох нь Х банкин дахь 1500008522 дансны хуулга, 1500008522 тоот Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Бтай № 1500008522-01 Фидуцийн гэрээ /цаашид “Фидуцийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Фидуцийн гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 1 дүгээр хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь NHW207554710 арлын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Фидуцийн гэрээний болон №00581351, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь NHW207554710 арлын дугаартай, 1893 УНК улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдэж, нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан болох нь зохигчийн тайлбар, № 00581351 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч заавал хийх ёстой эд хөрөнгийн даатгалыг хийлгээгүй тул зам тээврийн ослын улмаас 1893 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэх 4 224 000 /дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг төлөх ёстой гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.”, Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар жолоочийн даатгал нь албан журмын даатгалд хамаарна.

 

 Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь жолоочийн даатгалд даатгуулсан талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн буюу тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгалд хамаарна.

 

Фидуцийн гэрээний 2-ын 2.6-д “...Фидуцийн хөрөнгө даатгагдаагүй бол даатгуулах зэрэг холбогдох ажлыг үүрэг хүлээгч хариуцан гүйцэтгэх бөгөөд холбогдон гарах аливаа зардлыг үүрэг хүлээгч хариуцна.” гэжээ.

 

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар зохигчид тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн даатгалд даатгуулах эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэх эрхтэй болох нь тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Фидуцийн гэрээний 2-ын 2.6-д зааснаар нэхэмжлэгч нь 1893 УНК улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг сайн дурын даатгалд даатгуулах үүрэг хүлээсэн болох нь Фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол ... нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Фидуцийн гэрээний 2-ын 2.6-д зааснаар хариуцагч нь 1893 УНК улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг даатгуулах үүргийг хариуцагч хүлээгээгүй байх тул тус тээврийн хэрэгслийг даатгуулаагүйн улмаас учирсан гэх гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 1893 УНК улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан гэх гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас нийт 4 224 000 /дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Б, С.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас нийт 4 224 000 /дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Б, С.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б, С.П нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 

 

                                              ШҮҮГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ