Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1182

 

 

 

 

 

 

    2023         9           11                                  1182   

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Арсланбаатар,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2306 00000 2103 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б, ...., урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, ....

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 6 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Б.М-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, доод уруулд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ унтаж байсан чинь найз Ганболд над руу залгаад “манай гэрлүү такси, цуг архи уунгаа юм яриад сууя” гэж хэлсэн тул би 1 цагийн үед таксигаар гэрээсээ гараад Ганболдын гэрийн гадаа очиж уулзсан, тэндээс бид хоёр 100 айл ороод нэг үл таних эмэгтэй аваад хамт хороолол орсон, хороололд Ганболдын найз Т.Б байсан. Бид нар хорооллыг ѴІР нэртэй караокед архи согтууруулах ундаа хэрэглээд дуулж байгаад шөнө 04 цагийн үед гараад Chicago нэртэй бааранд ороод би Ганболдын найз гэх үл таних эмэгтэйтэй гэрлүүгээ явахаар гарч явсан чинь 05 цагийн үед араас Т.Б залгаад “манай гэрт хүрээд ир, тэнд дахиад ууя” гэхээр нь зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо .... тоот Т.Б-ын гэрт Т.Б, Ганболд, Т.Б-ын найз гэх залуу, мөн нөгөө эмэгтэй бид нар цугласан. Ингээд гэрт архи уугаад сууж байсан чинь нөгөө үл таних эмэгтэй “ажилтай” гэж яваад, мөн Т.Б-ын найз гэх залуу яваад өгсөн. Тэгээд Т.Б, Ганболд, бид гурав хамт байсан, би үүнээс хойш их согтсон бөгөөд нэг ухаан орсон чинь би Т.Б-тай маргалдсан, Т.Б миний ам руу цохиод шүд хугарсан, уруул язарсан, мөн Т.Б-ын нударга миний нүд рүү цохисон хэсгээрээ язарсан байсан. Би их согтсон байсан “намайг ална” гээд орилоод байсан учраас айсандаа Т.Б-ын гэрээс хувцсаа авалгүй, хөл нүцгэн, цээж нүцгэн гарч зугтаагаад явж байгаад нэг мэдсэн чинь цагдаагийн газар ирсэн байсан. ...Надад цагдаагийн байгууллагад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, одоогоор Т.Б гэх иргэнээс хохирол тооцож мөнгө аваад байх шаардлага байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би цагдаагийн байгууллагад дахин ирж мэдүүлэг өгмөөргүй байна. Уг Т.Б гэх хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-ийн 6-7, 100 дахь тал/,

шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэрээр одоогоор надад ямар нэгэн хохирлын баримт үзүүлээгүй байгаа. Мөнх-Очир надаас мөнгө нэхэмжлэхгүй гэх утгатай зүйл яриад байгаа.” гэх мэдүүлгүүд /хх-ийн 102 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2051 дүгээр “1. Б.М-н биед нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, доод уруулд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “Т.Б гэх хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүхийн шатанд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Н.ОДОНТУУЛ