Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1336

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/0783 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Тд холбогдох

 

Гэрээнээс татгалзаж нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 57 922 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т нь 2013 оны 7 сард өөрийнхөө Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр үнэлэн нийтдээ 103 400 000 төгрөгөөр, 8 хувийн зээлд хамруулж, нэхэмжлэгч Б.Гд худалдахаар болж, урьдчилгаанд 40 000 000 төгрөг авсан юм. Гэтэл 2013 оны 10 сард нөгөө зээл гаргаж мөнгөө авч надад байраа өгөх асуудал юу болсон гэж асуухад “Чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя. Чи түүнийг нь төлж байгаач гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч  байрандаа оруулсан. Ингээд Б.Г нь 2014 оны 1 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу, өгсөн дансанд нь сар бүр 474 982 төгрөг төлөөд 2014 оны 11 сарыг дуустал төлсөн. Энэ хугацааны дунд үед буюу 2014 оны 4 сарын 12-нд Туяа яриад “10 000 000 төгрөг хэрэг болоод байна. Дараа тооцоондоо оруулчихна” биз гэхээр би нөхөртөө байсан 8 000 000 төгрөгийг түүний өгсөн Худалдаа хөгжлийн банк 453082217 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл 2014 оны 12 сард А.Т надруу бас утсаар яриад “Манай нөхөр н.Нэргүй чамд энэ байрыг 8-хан хувийн зээлтэй өөрийнхөө нэр дээр зээл гаргуулж худалдлаа гэж уурлаад бид 2-н маргаан гараад төвөгтэй болоод байна, би чамаас авсан мөнгөө буцааж өгье, чи байраа буцаагаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “чи мөнгөө өгчих, би байрыг чинь суллаад өгчихье” гэж хэлээд, мөн зээлийг нь ч төлөхөө зогсоосон юм. Ингээд А.Т мөнгөө өгөхгүй цаг алдаж байснаа 2015 оны 2 сард цагаан сараас 3 хоногийн өмнө “надад миний нэр дээрх байрны зээлийг дуусгаад асуудлыг зохицуулах боломж гарлаа. 2000 ам.доллар төлчихвөл болох гээд байна. Тэгээд хүргэний чинь нэр дээр байрны зээлийг 8 хувийн хүүтэйгээр гаргаад өгчих боломжтой боллоо гэхээр нь өөрийнх нь “Аксис” ресторанд нь аваачиж өгсөн. Асуудал зохицоод болох юм байх гэж хараад бүтэхгүй болохоор нь нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 6 сарын 24-ний өдөр өмнө бүх яриагаа дуусгаж “Төлбөр барагдуулах гэрээ” хийж нотариатаар батлуулсан юм. Энэ гэрээгээр А.Тгийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ ч багасгаж 40 000 000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь ч сунгаж 2015 оны 10 сарын 01-ний өдөр болгосон юм. Гэсэн ч энэ тохиролцоо маань хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 6 сарыг хүргэсэн. Иймд А.Тгаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний “Хэлцлийн агуулга”-д заасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо нарны зам гудамж 100/2 дугаар байрны 1 тоотод байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 40 000 000 төгрөгийг, гэрээний “Талуудын хүлээх хариуцлага” хэсэгт заасан алдангийн 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2015 оны 6 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, тооцоо нийлж, 40 000 000 төгрөгийн төлбөр байгааг А.Т хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол 2012 оны 6 сарын 30-нд орон сууц захиалгын гэрээ хийж, уг байрыг А.Т авсан. 1 м.кв талбайг 1 550 000 төгрөгөөр буюу нийт 72 850 000 төгрөгөөр авсан байж уг байрыг ашиг олох зорилгоор Б.Гд 103 400 000 төгрөгөөр зарах гэж оролдсон дүр зураг харагддаг  гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 7 дугаар сард н.Цэцэгмаа буюу Б.Г хэмээх эмэгтэйтэй найзаараа дамжуулан танилцсан. Байр авах гэсэн чинь урьдчилгаа 30 хувийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь ярьж байгаад Хурдын нарны хороололд 3 өрөө байр урьдчилгаа 5 000 000 төгрөгөөр захиалж өгсөн. Гэтэл Б.Г нь авч чадахаа байлаа, чиний зарах гэж байгаа 2 өрөө байрыг авъя гэхэд охин маань хойд эцэгтэйгээ таарахгүй байна гэж уйлж орж ирэн баахан зовлон ярьсан. Тэрээр Казакын иргэн, иргэншлээ 2-3 сарын дараа авна, надад мөнгө орж ирэхээрээ 10, 20 саяаараа бөөн орж ирдэг, чи өөрийнхөө нэр дээр авчих, би 1 жилийн дотор төлж дуусгана гэж хэлсэн. Би зөвшөөрч, өөрийнхөө нэр дээр 8 хувийн зээл авч,  2 өрөө 47 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр тохирч нийт 103 400 000 төгрөгөөр байр авахаар болсон. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51 000 000 төгрөгийн зээл гарч болно гээд Б.Г нь надад үлдэгдэл 52 400 000 төгрөг  өгөх ёстой байсан. Үүнийгээ гүйцэд өгөөгүйгээс бидний хооронд маргаан гарсан. 2013 оны 12 дугаар сарын байдлаар 23 600 000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь 2014 оны 2 дугаар сард 1180 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2 019 600 төгрөг, мөн 800 000 төгрөгийг цувуулж өгсөн. Гэхдээ урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөөгүй байж сар бүрийн банкны зээлд 475 000 төгрөг Гульзира төлдөг байсан. Ингээд 2014 оны цагаан сарын баярын дараа урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөхгүй бол байраа буцааж авна гэхэд 2014 оны 4 дүгээр сард 8 000 000 төгрөг өгөөд үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж, утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 33 619 600 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш Гульзира нь сар бүр банкинд төлдөг байсан 475 000 төгрөгөө 2014 оны 9 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөхөө больсон. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд би өөрөө сар бүр 475 000 төгрөгөө төлж байсан. Ам.долларын зөрүү 1 400 000 төгрөг, дээр нь 4 750 000 төгрөгийн гал зуухны  тавилга хийсэн, тэндээ үлдэнэ гэхээр нь 40 000 000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд 3 хоногийн дотор байр чөлөөл, би 10 дугаар сарын 1-нд мөнгийг чинь өгье гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Би зун амраад явахдаа ажилчиддаа тэр байрыг түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500 000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байрыг маань чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн, тэгэхээр нь би байрыг чөлөөл, наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд байр зарах зар тавьсан. Зарын дагуу хүмүүст үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулахаар тооцоолж анх 62 933 850 төгрөг гаргуулна гэж бичсэн. Одоо  шаардлагаа өөрчилж, банкинд төлсөн хүү 19 000 000 төгрөг, бизнесийн зээлийн хүү 13 600 000 төгрөг, амь насны даатгал 780 000 төгрөг, зээлийн судалгаа 255 000 төгрөг, зээл судалгаанд 255 000 төгрөг, нотариат 260 000 төгрөг хүний барааны мөнгө 2 800 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 727 850 төгрөг, уг байрыг бусдад нэг сарын 500 000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олох байсан ашиг 20 500 000 төгрөг, нийт 57 922 850 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. 51 000 000 төгрөгний орон сууцны зээлд 19 000 000 төгрөгийн хүү төлсөн гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Мөн бизнесийн зээлийн хүү 13 600 000 төгрөг нь үндэслэлгүй. Яах гэж бизнесийн зээл авсан нь тодорхойгүй. Хариуцагч байрны мөнгөө төлсөн бол зээл авахгүй байсан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 103 400 000 төгрөгөөр байраа Б.Гд худалдахаар А.Т харилцан тохирсон. Нэхэмжлэгчийн хувьд бол орон сууцны 30 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 8 хувийн зээлд оруулж өгнө гэж амласан. Гэтэл нэхэмжлэгч 30 хувь биш түүнээс илүү 40 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд төлбөр барагдуулах гэрээнд бичсэн байна. Тэгэхээр Б.Г бүрэн төлөөгүйгээс болоод би зээл авсан, тэр зээлийн хүүг Б.Г төлөх ёстой гэж мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь насны даатгал 780 000 төгрөг, зээлийн судалгааны 255 000 төгрөг, нотариатын зардал 260 000 төгрөгүүд миний үйлчлүүлэгчид хамаагүй тул үүнийг төлөх үндэслэл байхгүй. Хүний бараа гэх 2 800 000 төгрөгийг мэдэхгүй байна. Тухайн байрны СӨХ-ийн мөнгө 727 850 төгрөг, тухайн байрыг бусдад нэг сарын 500 000 төгрөг гэж тооцон 41 cap түрээслүүлснээс олсон ашиг 20 500 000 төгрөг зэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг хийснээр өгсөн, авсан зүйлээ буцаая гэдэг тохиролцоонд хүрээд энэ өдрөө Б.Г байрны түлхүүрийг А.Тд өгсөн. Байр өөрөө хариуцагчийн нэр дээр байдаг тул хариуцагч өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг эдгээр төлбөрүүдийг төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Тгаас 60 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Гд олгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан 57 922 850 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 654 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 464 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн. Шүүх талуудын хооронд аман хэлбэрээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг хангахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад төлбөр барагдуулах гэрээний үүрэг шаардаагүй байхад дээрх гэрээг хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй гэж шүүх дүгнэн шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад орон сууцны зээлийг хариуцагч өөрийн нэр дээр гаргуулж нэхэмжлэгч нэг жилийн хугацаанд хувиарын дагуу төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч тухайн байрыг бусдад түрээслэн өөрөө амьдардаггүй байсныг гэрчийн мэдүүлэг болон сууц өмчлөгчдийн болбооны баримтуудаар нотолсоор байтал хангаж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд эхнээсээ худалдах худалдан авах гэрээ хуульд нийцүүлж хийгээгүй байгуулагдаагүй гэж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсон гэж үзэж тайлбарласаар байтал дүгнээгүй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.Тд холбогдуулан гэрээнээс татгалзсаны нийт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 57 922 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид  2013 оны 7 сард худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Т нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байр, 01 тоотод байрлах, 47 м.кв, 2 өрөө орон сууцыг  худалдах, нэхэмжлэгч Б.Г нь орон сууцны үнэ 103 400 000 төгрөг төлөх үүргийг  тус тус хүлээж, урьдчилгаа 40 000 000 төгрөг төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Талууд 2015 оны 6 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар, төлбөр барагдуулах хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Уг төлбөр барагдуулах хэлцлээр хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Б.Ггаас орон сууцны урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.25 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. /хх-ийн 5-р тал/

            Хариуцагч нь төлбөр барагдуулах хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар талуудын хэн аль нь маргаагүй тул анхан шатны шүүх үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

           Маргааны зүйл болох орон сууц нь хариуцагч А.Тгийн өмчлөлд байгаа болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгөө эрсдэлээс хамгаалж даатгалын төлбөр, орон сууцны зээлийн хүү, дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр, зээлийн судалгааны төлбөр төлсөн зэргийг нэхэмжлэгч Б.Г хариуцах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

           Түүнчлэн хариуцагч нь түрээсийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан боловч бусдад сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлснээс олох байсан орлогоо тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн нотариатын зардал, барааны үнэ зэрэгт дүгнэлт хийж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.                         

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                              

                                                          ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ                                                                                                    

                                                                                                       Г.ДАВААДОРЖ