Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0035

 

 

 

 

 

 

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай      

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:   

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа   

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У  

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  Н.А     

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.А-ыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай          

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэр      

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:   

Нэхэмжлэгч Н.А  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 159/2025/0078/3      

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч Н.А-аас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт  холбогдуулан “Н.А-ыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага болох Н.А-ын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.          

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У давж заалдах гомдолдоо:  

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 14.Нефть боловсруулах үйлдвэр кипа засварчин, лаборант, механик,... гэх мэт зөвхөн нефтийн салбарын ажил мэргэжил дотор байгаа нефтийн үйлдвэрийн лаборантын албан тушаал болохоос төмөр замын салбарын лаборант биш бөгөөд мөн сайдын 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”  Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөлд төмөр замын салбараас нэг ч албан тушаал байхгүй болно.     

...3.8 дахь хэсэг нь ажил албан тушаал, хөдөлмөрийн нөхцөлүүдийг, мөн тэтгэвэр тогтоох нас, ажилласан жилийн болзол зэргийг хольж хутган холбогдох хууль журмыг дүгнээгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 болон 5.1.5 дахь заалтуудыг хольж ойлгосон байна. Нэхэмжлэгч Н.А  нь одоогоор 49 настай бөгөөд 50 нас хүрээгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн хүнд нөхцөлөөр /5.1.5/ тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй буюу насны болзол хангаагүй гэтэл ажилласан албан тушаал нь нарийн хэмжүүрийн техникч буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлийн албан тушаал байх. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоох 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын нас хэдий хүрсэн боловч ажилласан албан тушаал нь хөдөлмөрийн ажил мэргэжлийн жагсаалтын хүндийн нөхцөлийн албан тушаалаар ажилласан байх. Энэ нь энэ насанд хүрсэн хүн бүр хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтооно гэсэн үг биш юм... зэргээс харахад холбогдох хууль болон журмыг судлан дүгнээгүй, харьцуулалт хийж хараагүй гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн 3.10-д заасан Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлын байрны нөхцөлийн тодорхойлолт гаргах тухай" 74/742 тоот албан бичиг, орон тоо, албан тушаал, үндсэн цалингийн жагсаалт, цалингийн картад хортой нөхцөлийн нэмэгдэл авдаг зэрэг нь тухайн байгууллагын үзэмжийн асуудал байх тул энэ нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт нь тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өргөдөл, хүсэлтээ өгч яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хэмжилт дүгнэлт, тайланг үндэслэн сайдын тушаалаар жагсаалтад орсноор дагаж мөрдөж ажилладаг. Аливаа хүний үйлдэл хуульд нийцсэн, хууль журамд нийцсэн үндэслэлтэй байх гэж үздэг учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

    

ХЯНАВАЛ:   

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.             

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.    

 

2.1. Нэхэмжлэгч Н.А-аас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт  холбогдуулан “Н.А-ыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Н.А  нь Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Дархан татах хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 08 жил 08 сарын хугацаанд лаборантаар, 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 10 жил 09 сарын хугацаанд нарийн хэмжүүрийн техникчээр ажилласан, хортой нөхцөлийн нэмэгдэл авч байсан зэрэг нь Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/1146 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг, цалингийн карт[1], тус хэсгийн даргын тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.

2.3. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/789 дүгээр тушаалаар Сүхбаатар депогийн лаборант- нарийн хэмжүүрийн техникч Н.А  нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, ажлаас чөлөөлжээ.

2.4. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “...Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан хугацааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19 буюу Нефть боловсруулах үйлдвэр..... лаборантын заалтын болзлыг хангахгүй байх тул хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохгүй” гэжээ.  

2.5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, “...”Лаборант” ажил мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41. Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй байна. Төмөр замын татах хэсгийн Сүхбаатар депод "Лаборант"-аар ажилласныг 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжилд хамааруулах боломжгүй байна.” гэж шийдвэрлэсэн байна.

2.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно.”, 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно.”,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 1-д “Цацраг идэвхт бодис агуулсан хүдэр, ашигт малтмал зөөдөг илчит тэрэгний жинхэнэ, туслах машинч, холбогч, найруулагч, пүүлэгч, зам засагч, вагон, машин механизм, …техникч, …лаборант, Илчит тэрэгний түлш шүүрийн цехийн засварчин” гэж тус тус заасан байна.

2.7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж хуульчилсан заасан.

2.8. Нэхэмжлэгч Н.А-ын ажлын байрны тодорхойлолтод “...ТО-3, ТР-1 төлөвлөгөөт засвар болон төлөвлөгөөт бус засвар, ТО-2 техник үзлэгт орж байгаа илчит тэрэгнүүдэд зэхэгдэж байгаа дизель түлш болон тосолгооны материалууд, илчит тэрэгний хөргөлтийн усанд лабораторийн шинжилгээ хийж шинж чанарыг тодорхойлох, ашиглалтад байгаа тос тосолгооны материалд шинжилгээг хийж лабораторийн дүгнэлт гаргах, илчит тэрэгний зэхэлтийн усны хатуулагт тогтмол хяналт тавьж зэхэлтийн усны найрлагыг технологийн дагуу хийж байх...” гэх зэргээр ажлын байрны гол үйл ажиллагаануудыг дурдсан байна.

2.9. Нэхэмжлэгч Н.А  нь Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод нийт 20-иос дээш, үүнээс лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр 7 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан нь Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын тушаалууд[2], тодорхойлолт гаргах тухай албан бичиг[3], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор[4] тогтоогдсон, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д “лаборант, нарийн хэмжүүрийн техникч” багтсан, мөн дээр дурдсан ажлын байрны тодорхойлолт зэргээс нэгтгэн дүгнэвэл хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүссэн гэж үзэхээр байна.  

2.10. Хариуцагчаас “...лаборант ажил мэргэжил нь ...хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41 төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй...” гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд аливаа хууль, журам нь бодит байдалтай нийцсэн, хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцэж байх ёстой.    

2.11. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нэхэмжлэгч Н.А-ын эрхэлж байсан ажил албан тушаал хамаарч байсан нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41 төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байхын зэрэгцээ, энэхүү журмын 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2.12. Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн баримтад[5] “өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авсан бүртгэлийн дэвтэр байгаагүй” гэж байгаа боловч нэхэмжлэгч Н.А  өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гаргасан[6] нь нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар нотлогдох ба талууд үүнтэй маргаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.” гэж заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр олгох хугацааг тооцох нь зүйтэй.

2.13. Хариуцагч байгууллагаас  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад заагдаагүй гэж үзэж Н.А-ыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа  эс үйлдэхүй нь хууль бус байх ба дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.    

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 115 дахь тал

[2] Хавтаст хэргийн 76-101 хуудас

[3] Хавтаст хэргийн 113 дахь тал

[4] Хавтаст хэргийн 102-107 хуудас

[5] Хавтаст хэргийн 70-71 хуудас

[6] Хавтаст хэргийн 49 хуудас