Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/00364

 

 

 

 

 

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-д холбогдох,

 

“А” өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, гэрч Ц.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З  миний бие тус байгууллагад техникийн хяналтын үзлэгийн инженер албан тушаалд 2009 оны 10 сарын 08-наас эхлэн 2019 оны 10 сарын 18 хүртэл тасралтгүй 10 жил ямар нэгэн сахилгын шийтгэл, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан.

Гэтэл 2019 оны 10 сарын 18-ны өдөр А төвийн уулзалтын өрөөнд тамгын хэлтсийн дарга, аудитын хэлтсийн дарга, мэргэжилтэн, хуулийн хэлтсийн мэргэжилтэн, техник хяналтын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн техник хяналтын үзлэгийн төвийн дарга нар манай төвийн инженер техникч ажилтнуудыг дуудан ирүүлж тусгайлан тус тусад нь өрөөнд байлгаж байгаад нэг нэгээр нь хуралд оруулан тайлбарлахдаа “Автобусны үзлэгт орсон цаг минут GPS системийг хяналттай тулгаж үзлэгт ороогүй автобуснуудыг үзлэгт орсноор бүртгэсэн байна. Энэ асуудлаар өөрийг чинь дуудсан” гэхэд нь би “Автобусны улсын дугаараар нь тулгая” гэтэл зөвшөөрөөгүй хэрвээ ажлаас халах тушаал гарах нь тодорхой байсан бол тулгалт хийж ямар автобуснуудыг миний кодоор үзлэгт оруулахгүйгээр бүртгэснийг бодитоор гарган хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Хурал дээр дээрх зөрчлийг тулгаж хүлээлгэхийг оролдсон. би үүнийг зөвшөөрөхгүй байна.

А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 10 сарын 18-ны Б/493 дугаар тушаал нь гаргаагүй зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалт, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж дүрэм журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тушаалын үндэслэх хэсэгт

1. Хөдөлмөрийн тухай зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг нэг зөрчилд зэрэг барьж ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргалаа. Энэ хоёр зүйл заалт нь тус тусдаа зүйл заалт болон арга хэмжээ авах заалтууд юм. Нэг хүнд нэг өдөр нэг зөрчилд Хөдөлмөрийн хуулийн хоёр зүйл заалтаар давхардуулан арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.

2. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.18.1, 11 дүгээр зүйлийн 11.6.1, 11.6.4, 11.6.11, 11.6.15% 11.6.23-т заасныг зөрчиж ноцтой зөрчил гаргаагүй.

3. Хөдөлмөрийн гзрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.23-т заасныг зөрчиж ноцтой зөрчил гаргаагүй.

4. Зам тзэврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батлагдсан Авто тээврийн хзрэгслийн лехникийн хяналт явуулах журмын 2 дугаар зүйлийн 2.2. 2.6-д заасныг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзсэн бол үзлэгт оруулаагүй бүртгэл хийгдсэн автобусны дугаараар нь тулгалт хийж ажлаас халсан бол би гомдохгүй. Шинэ томилогдож ирсэн дарга өөрийн хүмүүсийг ажилд авахын тулд Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч ажилтнуудыг олноор нь хавтгайруулан халсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.9-д Архивын сан, мэдээллийн цахим сантай харьцан ажиллладаг ажилтан, албан хаагчаас нууцын баталгаа авна. Гэвч АТҮГ-аас нэхэмжлэгчтэй нууцын баталгаа аваагүй байдаг, Ажлын онцлог, ачааллаас нэхэмжлэгч кодоо нээлттэй орхиод гадаа машинуудад үзлэг хийдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн кодоор ямар ч хүн нэвтрэх боломжтой байна гэсэн үг. Хариуцагч үнэхээр Б.З  өөрөө үзлэгт оруулсан тэмдэглэлийг шивж оруулсан эсэх, эсхүл өөр этгээд шивж оруулсан эсэхийг тогтоох шаардлагатай. Гэтэл тийм ажиллагаа хийгдээгүй байдаг.

Хэрэгт авагдсан аудитын дүгнэлт гэх 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Дамбадаваа, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Отгон нарын гарын үсэг бүхий захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст санал хүргүүлэх тухай албан бичиг болон түүнд хавсаргасан Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн ТХҮ-т хамрагдсан байдлыг шалгасан мэдээ гэх 2 хуудас баримтанд мэдээг байршил тогтоох төхөөрөмжийн мэдээ /GPS/, Төлөвлөлтийн тайлан /ТТS/, СХТХҮТ-ийн камерийн бичлэг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш/-ийг үндэслэн шалгав гэжээ. Гэтэл нийт 20 машины 4-өөс бусад нь камер шалгасан гэх огнооноос өмнө үзлэгт хамрагдсан байдаг бөгөөд ямар ч камерын бичлэг хэрэгт авагдаагүй байдаг.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АТҮГ-т хийсэн үзлэгээр 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үзлэгт хамрагдсан гэх 9990 УНЧ бүхий автомашин, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үзлэгт хамрагдсан гэх 0047 СҮЭ дугаар бүхий автомашин, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэгт хамрагдсан гэх 0600 ЗАН дугаар бүхий автомашин, мөн өдөр үзлэгт хамрагдсан гэх 6888 СЭҮ дугаар бүхий автомашинуудын байршил тогтоох төхөөрөмжийн мэдээ болон Төлөвлөлтийн тайланг шалгаж үзэхэд аудитын дүгнэлтэнд дурдсан буюу камер шалгасан гэх 09 дүгээр сарын 21 ний өдрөөс хойшхи, 2019 оны 09 дүгээр сарын 24 ны өдөр үзлэгт хамрагдсан гэх 0600 ЗАН дугаар бүхий автомашин, мөн өдөр үзлэгт хамрагдсан гэх 6888 СЭҮ дугаар бүхий автомашинуудын байршил тогтоох төхөөрөмж тухайн өдөр ажиллаагүй байсан болох нь тогтоогдсон.

Автомашиныг тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулахад тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь шалгах бөгөөд үзлэг хийж дууссаны дараа бүртгэлийн ажилтан тухайн өдөрт нь тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан тамгыг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр дардаг. Хариуцагч 0600 ЗАН бүхий тээврийн хэрэгсэл нь 09 дүгээр сарын 20-29-ний өдрийн хооронд Завханы Улиастайд байсан байхад 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэгт тэнцүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байх боловч уг автомашин нь 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэгт орсон болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэгт орсон болохыг тэмдэглэн, бүртгэлийн ажилтан баталгаажуулан тамга дарсан байна.

Дээрхээс харахад АТҮГ-аас нэхэмжлэгчийн буруутай гэдгийг тогтоосон үндэслэл болох байршил тогтоох төхөөрөмж GPS-ийн мэдээлэл нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийн бурууг хөдөлшгүй байдлаар нотолж чадахгүй байна.

Иймд А төвтөрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.З ыг Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн техникийн үзлэгийн инженерийн ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Б.З ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: нэхэхмжлэгч Б.З  нь Зам, тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг “явуулах журам”-ын 2.2, 2.6 дахь заалтууд, Үйлдвэрийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.18.1, 3.19.2, 11.6.1, 11.6.4, 11.6.11, 11.6.15, 11.6.23 дахь заалт, Хөдөлмөрийн  гэрээний 4.3.1, 4.3.23-т заасан заалтуудыг зөрчиж, хот хоорондын зорчигч тээвэрлэлт эрхэлдэг 20 автотээврийн хэрэгсэлийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь холбогдох баримт болон өөрийнх нь гаргасан тайлбараар тогтоогдсон.

А төвтөрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Иймд нэхэмжлэгч Б.З ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З  нь хариуцагч А төвд холбогдуулан А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.З  нь А төвийн захирлын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн Б/493 дугаар “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг 2019.10.18-ны өдөр гардан авч, шүүхэд 2019.10.30-ны өдөр гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

А төвийн захирлын 2019 ны 10 сарын 18-ны өдрийн Б/493 дугаар “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт, Зам тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар баталсан Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын 2.2, 2.6 дахь заалтууд, Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.19.2, 11.6.1, 11.6.4, 11.6.11, 11.6.15, 11.6.23 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.23 дахь заалтыг тус тус үндэслээд Тус үйлдвэрийн газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн Техник хяналтын үзлэгийн инженер Батжавын Зул нь автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах стандарт, журам зөрчин автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлэн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-38х/

 

Б.З ын Ажлын байрны үндсэн зорилт нь “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг өөрийн ур чадвар болон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан үнэнч шударгаар хийж, техникийн байдлын дүгнэлт гаргах, Автотээврийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж стандартуудыг хэрэгжүүлэн мөрдөж ажиллах” болох нь Ажлын байрны тодорхойлолт /хх-8-9х/-оор тогтоогдож байна.

 

Зам тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 1.5-д  “Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийг зөвхөн техникийн хяналтын үзлэгийн суурин төвд техникийн хяналтын үзлэгт хамруулна”, 2.6-д “Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэж тус тус заажээ. /хх-105-109х/

 

Б.З  нь Хот хоорондын зорчигч тээвэрлэлт эрхэлдэг автотээврийн хэрэгсэлийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн зөрчил гаргасан болох нь А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны Санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-32х/, Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн ТХҮ-т хамрагдсан байдлыг шалгасан мэдээ /хх-33-37х/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-63-85х/ зэргээр тогтоогдож байна.

А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Б.З тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах “Ноцтой зөрчил”-ийг заасан байх бөгөөд 4.3-ын 23/-д “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг, дүрэм, журам зөрчиж хийсэн, дүгнэлт гаргасан” гэж заажээ.

“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6-д автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглосон тул Хөдөлмөрийн гэрээний 4.3-ын 23/-д Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг, дүрэм, журам зөрчиж хийсэнийг сахилгын “ноцтой зөрчил”-д тооцохоор талууд тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.З ыг сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн А төвийн захирлын 2019 ны 10 сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч талын дүгнэлт гаргах үед тээврийн хэрэгслийг бодитойгоор үзсэн гэх байдлаа Тээврийн хэрэгслийн гэрчилгээний үзлэгийн тэмдэглэгээний огноогоор тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа нь гэрч Ц.Нямын “Тээврийн хэрэгслийн гэрчилгээний үзлэгийн тэмдэглэгээг үзлэгт орсны дараа Техникийн хяналтын үзлэгийн програмаас харж хийдэг” гэсэн тайлбараар няцаагдаж байна.

 

Техникийн хяналтын үзлэгийн програмд нэвтрэх нууц үгээ Б.З  өөрөө солих боломжтой тул үүнийг нууцад хамруулаагүй, өөр этгээд шивж оруулсан эсэхийг тогтоогоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.З ын А төвд холбогдуулан гаргасан А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.З ын А төвд холбогдуулан гаргасан А төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалитай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.З ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ОЮУНТУЯА