Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Баярчимэг,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ч.Алтанцэцэг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Уд холбогдох эрүүгийн 1911 00731 1122 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ганбаатарын У, /РД: /,

Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул фермийн 1 дүгээр гудамжны 1а тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1091 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсон, овог сольсон гэх шалтгаанаар гүйцэтгэх хуудас бичигдээгүй байгаа.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ганбаатарын У нь 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” центр төвийн 5 дугаар давхарт байрлах “Кува Рось” ХХК-ны байранд байхдаа хохирогч Б.Цгаас “түүний нөхөр Ч.Батбаатар, охин Ц.Анхбаяр нарыг Бүгд Найрамдах Солонгос улсын Чэжү аралд 3 сараар ажиллуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 18,300,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт Оюу Дэлгэрэх” ХХК-ний байранд байхдаа хохирогч У.Хг “охиных нь хамт Бүгд Найрамдах Солонгос улсын аяллын виз 15,000,000 төгрөгөөр гаргаж өгөх боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа 2,500,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Оюунаагийн Хаан банкны 5077468167 дугаарын дансаар дамжуулан төрсөн хүү А.Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

Хохирогч У.Хгийн визийг Бүгд Найрамдах Солонгос ард улсын Элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсний дараа “Бүгд Найрамдах Солонгос ард улсын Элчин сайдын яаманд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулж сургалтын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнийг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 800,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрт байхад нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1,700,000 төгрөгийг төрсөн хүү А.Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч хохирогч У.Хд 5,000,000 төгрөг, хохирогч Б.Цд 18,300,000 төгрөг буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 593/а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “... Чэжү арал руу зөвхөн аяллаар явдаг бөгөөд урьд 40 хүн, 16 хүн явсан. 18,300,000 төгрөгийг хувь дансаар аваагүй, компанийн капитанз бичиж өгөөд авсан талаар мөрдөн байцаалтын шатанд байхаас мэдүүлсэн. Гэм буруу дээрээ маргах чадал, тэнхэл надад байхгүй. Эмчилгээний мөнгөөр 9,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулж, хохирогч гомдолгүй талаар хэлсэн. Мөн хэргээ нэгтгүүлж шийдүүлэх талаар удаа дараа хүссэн. Өдөрт таван удаа эм хэрэглэж, өвчин сэтгэцэд нөлөөлж, бүх бие өвдөж байна ...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Г.У нь 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” центр төвийн 5 дугаар давхарт байрлах “Кува Рось” ХХК-ны байранд байхдаа хохирогч Б.Цгаас “түүний нөхөр Ч.Батбаатар, охин Ц.Анхбаяр нарыг Бүгд Найрамдах Солонгос улсын Чэжү аралд 3 сараар ажиллуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 18,300,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт Оюу Дэлгэрэх” ХХК-ний байранд байхдаа хохирогч У.Хг “охиных нь хамт Бүгд Найрамдах Солонгос улсын аяллын виз 15,000,000 төгрөгөөр гаргаж өгөх боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа 2,500,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Оюунаагийн Хаан банкны 5077468167 дугаарын дансаар дамжуулан төрсөн хүү А.Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

Хохирогч У.Хгийн визийг Бүгд Найрамдах Солонгос ард улсын Элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсний дараа “Бүгд Найрамдах Солонгос ард улсын Элчин сайдын яаманд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулж сургалтын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнийг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 800,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрт байхад нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1,700,000 төгрөгийг төрсөн хүү А.Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч хохирогч У.Хд 5,000,000 төгрөг, хохирогч Б.Цд 18,300,000 төгрөг буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Батцэцэг нь над руу яриад “удахгүй Чэжү рүү явах гэж байгаа хүмүүстэй хамт явуулах боломжтой юм байна. Чи мөнгөө өгчих, гэрээ баталгаа байгуулаад явуулна” гэхээр нь түүнд итгээд өөрийн нөхөр Ч.Батбаатар, охин Ц.Анхбаяр нарын өмнөөс зуучлалын хөлс, онгоцны тийзийн мөнгө гэж хүн тус бүрийн 6,100,000 төгрөг, нийт 3 хүний 18,300,000 төгрөгийг “Кува Рось” гэдэг компанийн менежер Уд ажлын байран дээр нь буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Найман шарга” үйлчилгээний төвийн урд байдаг “Капитал центр” гэсэн барилгын 5 давхарт бэлнээр өгсөн...У нь надад мөнгө тушаасан баримт үйлдэж өгсөн...Хэдийгээр хэлээд явуулсан хүмүүс нь буцаж ирж байсан ч У болон Батцэцэг нар нь буцааж ирсэн хүмүүсээ бүгдийг нь буцааж явуулах болно. Удахгүй явуулах гэж байгаа болохоор тэр хүмүүстэй хамтдаа явах боломж.байна гэхээр нь итгээд яарч сандран мөнгөө өгчихсөн юм...” гэх / 1-р хавтаст хэргийн 69-р тал/,

Гэрч Ц.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У гэх хүн нь 90 хоногийн хугацаатай батлан даалт гаргаж БНСУ-ийн Жэжүдү хотод ажиллуулна гэж байсан болохоор ээж маань түүнд өөрийгөө оролцуулаад Ч.Батбаатар болон миний өмнөөс гээд нийт 3 хүний жуулчлалын хөлс болох бэлнээр 18,300,000 төгрөгийг гадаад паспортынхаа хамтаар өгч, “Зуучлалын гэрээ” байгуулсан..Үүнээс хойш одоог хүртэл бид 3-ыг БНСУ-руу огт явуулаагүй ба одоо мөнгөө буцааж авъя гээд ээжийг маань очихоор янз бүрийн шалтаг шалтгаан хэлдэг юм шиг байсан... гэх /1-р хавтаст хэргийн 73-74-р тал/,

Гэрч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сараас 2019 оны 3 дугаар cap хүртэлх хугацаанд Д.У менежер надаас итгэмжлэл гаргуулан авч өөрөө бүх ажлаа хийж байсан болохоор тухайн цаг хугацаанд гарсан асуудал нь надад хамаагүй юм...” гэх /1-р хавтаст хэргийн 75-76-р тал/,

Гэрч Х.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яг мөнгөө өгөхөд нь би хажууд нь байгаагүй. Мөнгө өгдөг өдрөө надтай Угийн оффис дээр ирээд “би мөнгөө бэлнээр нь бариад ирсэн, одоо хэнд өгөх вэ? гэхээр нь Угийн өрөө рүү нь дагуулж ороод “энэ хүнд мөнгө өгөх учиртай юм шүү” гээд тэднийг үлдээгээд гараад явсан. Намайг тэр өрөөнөөс гарax гэж байхад Ц мөнгөө цүнхнээсээ гаргаж байсан...” гэх / 1-р хавтаст хэргийн 79-80-р тал/,

Хохирогч У.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байхаа фэйсбүүк дээр гаргах боломжтой гэж хэлсэн. Ингээд очиж уулзсан өдөр болох 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр кино үйлдвэрт байхдаа захирал гэсэн Оюунаа гэх хүний Хаан банкны 5753561995 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5042453944 дугаарын данснаас ATM дээрээс 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр үедээ Оюунаа надтай огт харьцаагүй, харин У надтай дандаа харьцаж байсан ба БНСУ руу явахын тулд сургуулийн журмаар чи бас явах боломжтой юм байна, сурч байгаа сургуулиасаа бичиг аваад ир, мөн цагдаагийн тодорхойлолт, сургуулийн төлбөр төлсөн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, гадаад паспорт зэргийг аваад ир гэсэн...Материал өгсөн өдрөөс хойш 7 хоногийн дараа миний материалыг зорилго тодорхойгүй гэх үндэслэлээр 07 дараад, охины материалыг санхүүгийн баталгаагүй гээд 6 дараад татгалзсан хариу өгсөн. Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сард У өөрөө надтай утсаар холбогдоод БНСУ-ын ЭСЯ-д ажилладаг хүнтэй ярьсан байгаа материалыг чинь дахиад явуулъя, тэгэхээр нь надад одоо 800,000 төгрөг явуулчих гэхээр нь итгээд Угийн хэлснээр түүний хүү Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын данс руу 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр эгч Мөнхзаяагийн 5035494550 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд дахиад У надтай холбогдоод надаас дахин дахин гуйгаад байхаар нь...2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, улмаар би өөрийнхөө Хаан банкны 5042453944 дугаарын данснаасаа Угийн хэлснээр Мягмарнарангийн Хаан банкны 5751039061 дугаарын данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 184-р тал/,

Гэрч Б.Оюунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллага фэйсбүүк дээр зар байршуулаад зарын дагуу холбогдож ирсэн хүмүүсийн нэг нь У.Х байхаа. У.Х бол сургуулийн журмаар явах гэж байсан ба энэ асуудлыг Д.У хариуцаж байсан. Би дансаараа У.Хгаас 2,500,000 төгрөгийг аваад цаашаагаа Д.Угийн хүү Мягмарнарангийн данс руу хийсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 217- 218-р тал/,

“Бичин хүү” ХХК-ний Шуурхай тээвэр каргоны 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 04/22 дугаартай албан бичиг /2-р  хавтаст хэргийн 154-р тал/,

“Монгол шуудан” ХК-ний 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 10/111 дугаартай албан бичиг /2-р хавтаст хэргийн 156-р тал/,

Зуучлалын гэрээ /1-р хавтаст хэргийн 55-66-р тал/,

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн албан бичиг/1-р хавтаст хэргийн 189-р тал/,

Хаан банкны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт /2-р хавтаст хэргийн 43-109-р тал/,  

шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруу маргахгүй оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх, мөн хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Уг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн эрүүл мэнд зэргийг тал бүрээс нь харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч Г.Уд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 488 дугаар шийтгэх тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 716 дугаар магадлалаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч У.Х шүүгдэгч Г.Угаас нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх /3-р хавтаст хэргийн 225 дугаар тал/,

Хохирогч Б.Ц шүүхэд, Миний бие Ц шүүгдэгч Г.Угаас авах мөнгө төлбөрөө гүйцэт авч дууссан тул шүүх хуралд орох шаардлагагүй гэх,  түүний өмгөөлөгч Б.Цолмон 1,500,000 төгрөг дутуу түүнийг нэхэмжилж байна гэх боловч энэ талаар хохирогчоос баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхив.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уд энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 488 дугаар шийтгэх тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 716 дугаар магадлалаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД