Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0800/Э |
Дугаар | 2023/ШЦТ/957 |
Огноо | 2023-09-21 |
Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/957
2023 09 21 2023/ШЦТ/957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0800/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч: Б.Ууганбаяр,
Иргэдийн төлөөлөгч Э.Баттөр,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
Шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
Шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У, Х.Ж, Ж.Б нарт холбогдох эрүүгийн “2002005370003” дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, согог зүйч багш мэргэжилтэй, одоо “****” үйлдвэрт хүний нөөцөөр ажиллаж байгаа, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.О /РД:/
Монгол Улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын **** дунд сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл хоёр, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.У /РД:/
Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий
аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой сэтгэл зүйч мэргэжилтэй, “***” халамжийн төв, олон улсын байгууллагад ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Б /РД:/
Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын *** дунд сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Х.Ж /РД:/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.О нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ***-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр тус сургуульд химийн багшаар ажилд орсон М.С-г шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн танил Д.Э-н арилжааны Хаан банкны 5031***** тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,
Мөн Д.О нь нийтийн албан тушаалтан буюу ерөнхий боловсролын *** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.У-г тус сургуулийн сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800,000 төгрөг, Ж.Б-г сэтгэл зүйчээр ажилд ажилд авсны хариуд 2020 оны 10 дугаар сард “Пандора” гэх брэндийн гарын бугуйвч, Х.Ж-г бага ангийн багшаар ажилд авсны хариуд 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400,000 төгрөгийн хахууль тус тус авсан,
Шүүгдэгч Т.У нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ***-р сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний албан өрөөнд бэлнээр 500,000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Х.Ж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ***-р сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний албан өрөөнд бэлнээр 400,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Ж.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ***-р сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сард түүний албан өрөөнд 295,200 төгрөгийн үнэ бүхий “Пандора” брэндийн гарын бугуйвч буюу эд зүйлийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Д.О нь надаас бэлнээр 500.000 төгрөг, банкны дансаар дамжуулан 500.000 төгрөг авсан байгаа. Миний хувьд хохирол мөнгөө төлүүлчихвэл өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 217-218 дахь тал)
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөн тус сургуульд химийн багшаар ажиллаж байсан М.С-г анх тус сургуульд ажилд авахдаа Д.О нь 1 сая төгрөг нэхсэн байдаг ба М.С багш тухайн мөнгийг нь 2 хувааж өгсөн ба эхний 500.000 төгрөгийг дансаар, үлдсэн 500.000 төгрөгийг бэлнээр Д.О-д өгсөн талаар мөн бичгээр өргөдөл гаргаж миний гаргасан өргөдөл гомдолд хавсаргасан байгаа..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 113-114 дэх тал)
Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Сүхбаатарын дүүргийн *** дүгээр сургуулийн химийн багшаар 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон юм. Намайг тус сургуульд химийн багшаар ажилд орох үед тус сургуулийн сургалтын менежер Д.О нь "шинэ орж ирсэн багш болгон бүтээлийн сантай байдаг юм гэж хэлээд нэг гар утасны дугаар өгсөн ба тэр утсаар яриад хэдэн төгрөг, ямар дансанд явуулах талаар асуугаарай гэсэн юм. Тэгээд би тэр өгсөн дугаар руу нь залгахад эрэгтэй хүн байсан ба надад Хаан банкны дансны дугаар өгөөд 1 сая төгрөг байдаг гэхээр нь би " мөнгийг нь хувааж өгч болох эсэх талаар асуухад болно" гэхээр нь өөрийн нөхөр Бекболатын данснаас 500,000 төгрөгийг тэр данс руу нь шилжүүлж өгөөд дараа нь үлдсэн 500,000 төгрөгийг Д.О-д өөрийнх нь өрөөнд бэлнээр өгсөн. Сургалтын менежер Д.О-н хувьд багш ажилчдад ажлын байрны дарамт байнга үзүүлж загнаж дарамталдаг. Надад ч мөн адил тийм дарамт үзүүлж мөнгө нэхээд байсан учраас аргагүй эрхэнд 1 сая төгрөгийг өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн юм. Би тухайн үед ажилгүй болчихвол хэцүүдэх байх гэж бодоод Д.О-н хэлсэн мөнгийг өгсөн юм. Д.О-н энэ хууль бусаар мөнгө авдаг асуудлыг шалгуулахаар танай байгууллагад өргөдөл гомдол гаргасан юм. Намайг өнгөрсөн жил амралттай байх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ямар нэг үндэслэлгүйгээр ажлаас халсан байгаа. Энэ асуудлаар одоо би захиргааны хэргийг шүүхэд хандсан байгаа. Манай нөхөр Б Улаанбаатар хотод БЗДЦТС" ХК-д монтёроор ажилладаг. Би 2018 оны 11 дүгээр сард нөхөр Б-н Хаан банкны дансаар 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би энэ асуудалд нөхрөө оролцуулахыг хүсэхгүй байна. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор нөхрөөсөө гуйгаад цалингаас нь 500,000 төгрөг шилжүүлсэн юм. Д.О-н надад өгсөн утасны дугаарыг одоо би сайн санахгүй байна. Би тэр 500,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтыг гарган өгөх боломжтой. Би авчирч өгч шалгуулна..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)
Гэрч М.С-н дахин өгсөн: “..Би үлдсэн 500.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан би өөрийн хичээл заадаг химийн кабинетын арын өрөөнд Д.О-д бэлнээр 500,000 төгрөгийг өгч байсан юм. Би тухайн үлдэгдэл мөнгийг өөрийн цалингаа хурааж байгаад өгч байсан. Д.О нь тухайн үед намайг үлдэгдэл 500,000 төгрөгийг гүйцээж өгөхийг шаардаад байсан болохоор аргагүй эрхэнд өгсөн. Би Д.О-д үлдэгдэл 500,000 төгрөгийг өгчхөөд өөрийн хувьдаа хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэж байсан санагдаж байна. Би тухайн үед хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг Д.О-д өгсөн талаар тодорхой бичиж тэмдэглэсэн байгаа. Одоо би тэр тэмдэглэлийн дэвтрээ гэрийнхээ хашаанд байдаг хуучин эд зүйл, баримт бичиг зэргээ хадгалдаг амбаартаа хайж үзье. Намайг шинээр ажилд ороод Д.О-д 1 сая төгрөгийг 2 хувааж өгсөн талаар манай нөхөр Бекболат л мэдэж байгаа.." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 117 дахь тал)
Гэрч К.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны 5064**** тоот данс миний эзэмшлийн харилцах данс мөн байна. 2018 оны 9 дүгээр сарын 01-ээс манай эхнэр М.С нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн *** дүгээр сургуульд хими биологийн багшаар ажилд орсон юм. Гэтэл тус сургуулийн сургалтын менежер нь шинээр ажилд орсон багш нар хувиасаа сургуульд самбар авдаг юм гэсэн гээд мөнгө нэхсэн байсан. Манай эхнэр тухайн үед шинээр ажилд орсон цалин мөнгөгүй байсан болохоор надаас мөнгө асуухаар нь би өөрт байсан 500,000 төгрөгийг эхнэрийн өгсөн данс руу нь шилжүүлж өгсөн юм. Би бодохдоо *** дүгээр сургууль нь шинээр ажилд орсон багшаас хувиас нь зохих хэмжээний эд материал авхуулж байгаа юм байна гэж бодоод өөрт байсан мөнгөө өгсөн. Би тэр данс хэн гэх хүний данс болохыг сайн мэдэхгүй. Ямар ч байсан эхнэрийнхээ өгсөн данс руу нь шилжүүлчихсэн юм. Манай эхнэр өөр дахиад хэнд хэдэн төгрөг өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр М.С ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан талаар би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд ажиллаад халагдсан байгаа..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 131 дэх тал)
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны 5031***** тоот дансыг 2017 оноос хойш ашиглаж байна. Би тухайн дансыг өөр хэн нэг хүнд ашиглуулаагүй. Би К.Б болон М.С гэх хүмүүсийг огт танихгүй. Би тухайн гүйлгээг банкнаас авч байж саналаа. Энэ гүйлгээ нь болохоор Д.О гэх өөрийн танил эмэгтэйгээс би 50,000 төгрөг авах ёстой байсан юм. Би тухайн үед өөртөө эмчилгээ хийлгэж байсан болохоор мөнгөний хэрэгцээ ихтэй болоод Д.О руу утсаар яриад " боломжтой бол надад өгөх ёстой 50,000 төгрөгөө одоо өгөх боломж байна уу" гэж асуухад Д.О нь "одоо би хуралтай утсаар ярих боломжгүй байна. Би чам руу нэг хүн яриулчихъя тэр хүн чам руу мөнгө шилжүүлнэ, чи тэр мөнгөнөөс нь өөрийнхөө надаас авах ёстой 50,000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг нь над руу миний данс руу шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд удалгүй эрэгтэй эмэгтэйг нь одоо сайн санахгүй байна ямар ч байсан нэг хүн миний гар утас руу яриад "Д.О намайг яриуллаа мөнгө явуулах гэсэн юм" гээд миний дансыг надаас асууж аваад миний 5031***** тоот Хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс нь би Д.О-с өөрийн авах ёстой байсан 50,000 төгрөгийг дансандаа үлдээгээд бусад 450,000 төгрөгийг Д.О-н 5009***** тоот Хаан банкны данс руу мобайл банк ашиглан шилжүүлж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (2хавтаст хэргийн 129-130 дахь тал)
Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “..Би Д.Э-д 50,000 төгрөгийн өглөгтэй байсан юм. Тухайн үед Д.Э надаас 50,000 төгрөгөө өгөх боломж байна уу гэхээр нь би "манай сургуульд химийн багшаар шинээр ажилд орсон М.С багшид Д.Э-н гар утасны дугаарыг өгөөд 500,000 төгрөг шилжүүлээд өгчих" гэж хэлсэн. Гэтэл удалгүй Д.Э надаас авах ёстой байсан 50,000 төгрөгөө аваад үлдсэн 450,000 төгрөгийг миний 5009****** тоот Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Би химийн багшаар ажиллаж байсан М.С багшийг *** дүгээр сургуульд химийн багшаар анх ажилд ороход нь захирлын зөвлөлийн хурал дээр дэмжсэн санал өгч байсан болохоор багш нарын амралт зугаалгын үйл ажиллагаанд зарцуулахаар 500,000 төгрөг авсан юм. Тухайн мөнгийг багш нартайгаа амралт зугаалгад явахдаа хонины мах болон бусад хүнсний зүйл авахад зарцуулсан. Д.Э миний М.С багшаас ямар учиртай мөнгө авч байгаа талаар мэдээгүй. Би багш нарын амралт зугаалгад хэрэглэх гээд 500,000 төгрөгийг М.С багшид "сургуулийн ажилд зарцуулахад мөнгө хэрэгтэй байна гэж" хэлээд авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Харин дараа нь наурызын баяр болсон гээд М.С багш манай өрөөнд орж ирээд казах мөнгөний түрийвч, түлхүүрийн оосор өгч байсан санагдаж байна. Тухайн үед би тэр эд зүйлсийг нь бас хүнд дамжуулаад бэлэглэчихсэн. Тиймээ би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад маш их харамсалтай байна..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 128 дахь тал)
Гэрч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд сургалтын менежерээр ажилд орсон юм. Гэтэл манай сургуулийн захирал Д.О нь надаас "чамайг би ажилд авсан учраас надад 2 сая төгрөг өг" гэж шаардаж удаа дараа мөнгө нэхсэн. Миний хувьд тухайн нэхсэн мөнгийг нь шууд өгөх боломжгүй байсан учраас өгч чадаагүй. Тэгтэл Д.О захирал 2020 оны 09 дүгээр сарын сүүл цалин буусан өдөр манай өрөөнд орж ирээд "чиний цалин чинь буусан уу" гэж асуугаад тусгай сургуулийн нэмэгдлийн 20%, мөн дотоод хяналтын ажилтны ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 40% нэмэгдэж орсон юм чинь цалин чинь сайн орсон байгаа биз дээ" гэж хэлээд манай өрөөнөөс гарч явсан. Миний тухайн сарын сүүл цалин болох 1225,808 төгрөг Хас банкны 5003**** тоот дансаар орсон байсан. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн цалингийн данснаасаа 1,200,000 төгрөг АТМ-с аваад 500,000 төгрөгийг бэлнээр Д.О захирлын албан өрөөнд нь оруулж өгсөн. Үлдсэн 700,000 төгрөгөөс 200,000 төгрөгөөр гэртээ хоол хүнс аваад үлдсэн 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032**** тоот дансанд хийсэн байгаа. Мөн 2020 оны 10 дугаар сарын эхээр буюу багш нарын баярын үйл ажиллагааг манай бага ангийн заах аргын нэгдэл зохион байгуулахаар болсон юм. Тэгээд захирал Д.О-р багш нарын баярын үйл ажиллагааны зардлын төсөв болох 600 гаруй мянган төгрөг батлуулсан. Тэгээд сургуулийн нярав М-с баярын үйл ажиллагааны зардлын мөнгийг гаргаж өгсөн. Мөн захирал Д.О 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр надад хандаж "чи сая ажилд шинээр орсон Од багшаас удахгүй болох багш нарын баярын үйл ажиллагааны шагналд зарцуулах 200,000 төгрөг ав. Мөн чи өөрөөсөө нэмж мөнгө гаргаад “багш нарын баярын үйл ажиллагааг зохион байгуул” гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө 300,000 төгрөг гаргаад Д.О захиралд өрөөнд нь оруулж өгсөн, харин 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баяр болсон өдөр Од багш миний Хас банкны 5003**** тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн 200,000 төгрөгийг бага ангийн багш Н-н 5009**** тоот данс руу шилжүүлээд бэлнээр гаргуулж аваад мөн захирал Д.О-д бэлнээр өгсөн. Миний хувьд нийт 800,000 төгрөгийг захирал Д.О-д ажилд орсныхоо хариу болгож өгсөн. Мөн Од багш 200,000 төгрөгийг мөн өгсөн. Од багш бид 2-оос авсан 500.000 төгрөгийг захирал Д.О багш нарын баярын үйл ажиллагаанд огт зарцуулаагүй өөрөө авсан гэдгийг сүүлд нярав М-с олж мэдсэн. Багш нарын баярын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг сургуулийн спорт заалнаас олсон орлогоос авсан гэж нярав М надад хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр захирал Д.О надад хандаж "чи надад дахиж мөнгө нэмж өгч чадахгүй бол "Amway" гэх сүлжээний бараа аваач" гэж хэлэхээр нь 60,000 төгрөгийн бараа авсан. Тэгээд дээр нь цалингаасаа 240,000 төгрөг нэмээд 300,000 төгрөг болгоод захирал Д.О-с мөнгөө хэрхэн өгөх талаар асуухад өөрийнхөө Хаан банкны дансны дугаарыг өгөөд гүйлгээний утга дээр нь "барааны үнэ" гэж бичээд шилжүүл гэхээр нь хэлснийх дагуу мөнгийг шилжүүлсэн. Би сургуулийн захирал Д.О-г мөнгө нэхэхээр нь өгөхгүй бол ажлаасаа халагдчих болов уу гэж айгаад мөнгө өгдөг байсан юм. Мөн манай сургуулийн бага ангийн багш Х.Ж, сэтгэл зүйч Ж.Б, бага ангийн багш Б, эмч С нар нь захирал Д.О-д мөнгө болон өвлийн идэш, эд зүйл зэргийг өгсөн талаар өөрсдөө надад болон сургуулийн бусад багш нарт ярьж байсныг сонсож байсан. Миний бодлоор сургуулийн захирал Д.О нь сургуулийн багш ажилчдын "хөдөлмөрийн гэрээ"-г сунгахдаа хахуульд мөнгө авч байж сунгадаг юм байна гэж ойлгосон. Мөнгө өгөөгүй багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр ажлаас халдаг гэж анзаарагдсан. Д.О захирал нь албан тушаал ашиглан багш ажилчдыг дарамталж хахууль авч байгаа үйлдлийг хуулийн дагуу шалгуулах гэж танай байгууллагад өөрөө ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 132-134 дэх тал)
Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр *** дүгээр сургуульд сэтгэл зүйчээр ажилд ороод удаагүй байх үед захирал Д.О-н өрөөнд ажлын төлөвлөгөө батлуулахаар өрөөнд орж үед Д.О захирал нь надад хандаж "шинээр ажилд орсон хүмүүс надад бонус өгдөг юм...” гэж хэлсэн. Тухайн үед би тэр бонус гэдгийг нь сайн ойлгоогүй. Гэтэл манай сургуулийн багш ажилчдын ярьж байгааг сонсоход Д.О захирал шинээр ажилд орсон хүмүүсээс мөнгө зүйл нэхдэг өгөхгүй бол дарамт шахалт үзүүлдэг талаар ярьж байхыг сонссон. Миний хувьд хариуцсан ажлаа алдаа дутагдалгүй хангалттай хийж байсан. Гэтэл захирал Д.О нь надаас ямар нэг шалтаг хайгаад үг яриа үзүүлж байгаа үйлдлээрээ дарамт шахалт үзүүлж байгаа мэт санагдаад байсан. Тэгэхлээр нь би намайг ажилд ороход яриад байсан бонус гэдэг юмыг нь өгөөгүй болохоор ингээд байна гэж бодсон. Миний хувьд тухайн сургуульд сэтгэл зүйчээр анх ажилд орохдоо хэн нэгэн хүнээр дамжуулж ажилд ороогүй нээлттэй ажлын байрны зарын дагуу ажилд орж байсан болохоор тэр бонус гэж яриад байсан юмыг нь өгөхгүй гэж бодож байсан. Тэгээд арга буюу захирал Д.О-н гаргаад байгаа үйлдлээс болж өөрийн нөхрийнхөө БНХАУ-ын Шанхай хот руу яваад ирэхдээ надад бэлэг болгон авч ирж өгсөн "Пандора" брэндийн гарын бугуйвчийг 2020 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт багш нарын баярын өдрийг тохиолдуулан ажлынх нь өрөөнд оруулж өгсөн. Тэрнээс хойш Д.О захирал надаас дахиж бонус энэ тэр гэж юм нэхсэн асуудал байхгүй. Ер нь захирал Д.О нь шинээр ажилд орсон багш ажилчдаас ямар нэг байдлаар ажилд авсны хариу болгож бонус нэрээр мөнгө эд зүйл нэхэж авдаг юм шиг байна лээ. Надтай хамт ажилд орж байсан бага ангийн багш Х.Ж нь ярихдаа "...захирал Д.О нь дарамтлаад байна мөнгө нэхээд байх шиг байна тэрийг нь өгөхөөс..." гэж надад ярьж байсан. Миний Д.О захиралд өгсөн гарын бугуйвч нь Тайланд улсад үйлдвэрлэсэн, шармал өнгийн, 7 ширхэг чакратай бугуйвч байсан ба тухайн үед Монголд дэлгүүрүүдээр 700,000-800,000 төгрөгийн үнээр зарж борлуулагдаж байсан. Тухайн бугуйвчийг манай нөхөр Шанхай хотоос надад бэлэг болгон авч ирж өгсөн болохоор яг хэдэн төгрөгөөр худалдан авсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 135-139 дэх тал)
Гэрч Х.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд багшийн орон тоо байна гэхээр нь тус сургууль руу очиж захирал Д.О-той уулзсан. Тухайн үед би захирал Д.О-д тэтгэвэрт гартлаа тогтвор суурьшилтай 3 жил ажиллах хүсэлттэй байгаа талаараа хэлж уулзахад "манай сургуульд багшийн орон тоо байгаа ажиллаж болно гэсэн. Тэгээд би тухайн үед ажиллаж байсан Сэтгэмж цогцолбор сургуулиас гарах хүсэлтээ өгч тушаалаа гаргуулаад холбогдох баримт бичгээ авч ирж *** дүгээр сургуульд багшаар ажилд орсон. Гэтэл захирал Д.О нь намайг хэд хэдэн удаа надтай уулзаарай гэж хэлж байсан ч миний ажлын боломжоос шалтгаалаад уулзаж чадахгүй явж байтал Ковид 19 цар тахлын улмаас хичээл сургуулийн үйл ажиллагааг зогссон. Тэгээд хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж байхад захирлын нарийн бичиг эмэгтэй над руу утсаар яриад "та сургууль дээр ирж захиралтай уулзаж хөдөлмөрийн гэрээгээ сунгуулахгүй бол гэрээ чинь дууссан байгаа юм байна..." гэж хэлсэн. Тэгээд би сургууль дээр очиж захирал Д.О-той уулзахад "таны хөдөлмөрийн гэрээг яах вэ 1 жилээр сунгая, та баярлалаа гээд надтай нэг удаа уулзчихгүй юм аа.." гэж хэлсэн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээгээ сунгах үед гэрээн дээр ямар нэг он сар тавихгүйгээр надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би та яагаад он сар өдрийг нь бичихгүй байгаа талаар асуухад би тушаал гаргахдаа өөрөө тавина гэж хэлж байсан. Ер нь захирал Д.О нь надтай их ёс зүйгүй, хэцүү харилцаж байсан. Тэгээд би сургуулийн сургалтын менежер Т.Утай уулзаад "..анх ажилд ороход 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг юм уу" гэж асуухад Т.У нь "үгүй ээ хэдэн хүний гэрээг 3 сараар хийсэн байна лээ, Д.О захирал нь хахууль авч байж байж хөдөлмөрийн гэрээг сунгадаг юм шиг байна, хахууль өгөхгүй хүмүүсийн гэрээг сунгахгүй дарамт шахалт үзүүлдэг юм байна лээ..." гэж надад хэлсэн. Тэгээд би арга буюу 2020 оны 12 дугаар сарын цалин буусны дараа 400,000 төгрөг бичгийн цаасанд боогоод захирал Д.О-н албан өрөөнд оруулж өгсөн. Гэтэл захирал Д.О нь сайхан ааш зантай болоод инээж хөхрөөд байсан ба тэр асуудлаас хойш дахиж ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлэхээ больсон. Миний хувьд *** дүгээр сургуульд тогтвортой ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт сууя гэсэн бодолтой байсан учраас захирал Д.О-д мөнгө өгөхгүй бол ажилгүй тэтгэвэргүй болчих юм байна гэж бодоод мөнгө өгсөн. Тухайн үед би мөнгө өгөхгүй гээд ажлаасаа гарчихвал Ковид 19 цар тахлын үе байсан учраас дахиад ажил олдохгүй хэцүүдэх байх гэж айж байсан. Би өөрийн цалингийн картаасаа 500,000 төгрөг бэлнээр гаргаж аваад 100,000 төгрөгийг нь өөртөө авч үлдээд үлдсэн 400,000 төгрөгийг нь Д.О захиралд өгсөн. Уг нь 500.000 төгрөг өгөх гэж картаасаа авсан боловч надад хэрэглээний мөнгө үлдэхгүй болчхоод байсан болохоор 100,000 төгрөг авч үлдсэн юм. Би *** дүгээр сургуулийн сургалтын менежер Т.У, багш Н, сэтгэл зүйч Ж.Б нарт захирал Д.О нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй дарамт шахалт үзүүлээд байхаар нь цалин буусны дараа 400,000 төгрөг өгсөн талаараа хэлж байсан. Дээрх хүмүүс намайг Д.О захиралд мөнгө өгснийг мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 144-148 дахь тал)
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл баримт гаргуулан авах тухай тогтоолын дагуу арилжааны Хаан банкнаас гаргуулан авсан Д.О-н 5009**** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 32-58 дахь тал)
М.С-с гаргаж өгсөн К.Б-н эзэмшлийн Хаан банкны 5064**** тоот дансны 2018 оны 9 сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хүлээн авч хэрэгт хавсарган тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 241-248 дахь тал)
Д.Э-н эзэмшлийн Хаан банкны 5031***** тоот дансны 2018 оны 9 сарын 10-ны өдрөөс 2019 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 249-250 дахь тал)
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн Д.О-н ажилд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, хувийн байдлыг тодруулсан баримт бичгийн хуулбарууд (1хавтаст хэргийн 197-240 дахь тал)
М.С-с гаргаж өгсөн тэмдэглэл бүхий дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 108-111 дэх тал)
Яллагдагч Д.О-д Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийг танилцуулах үед хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох “PANDORA” гэх брэндийн гарын бугуйвчийг хавтаст хэрэгт тусгуулахаар өөрөө сайн дураараа гаргаж өгснийг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 212 дахь тал)
Т.У-н гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны 5032**** тоот дансны 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, мөн Т.Уын эзэмшлийн Хас банкны 5003**** тоот дансны 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 234-238 дахь тал)
Т.У-н эзэмшлийн Хаан банкны 5032****, Хас банкны 5003**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 239-242 дахь тал)
С.О-н гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хас банкны 5000**** тоот дансны 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 249-250 дахь тал)
С.О-ын эзэмшлийн Хас банкны 5000**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 1 дэх тал)
Х.Ж-н гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны 5026**** тоот дансны 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 243-244 дэх тал)
Х.Ж-н эзэмшлийн Хаан банкны 5026**** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 245 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн №В22-08 дугаартай "эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 295200 төгрөг.." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 2-16 дахь тал)
Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд сэтгэл зүйч Ж.Б бол манай эхнэр байгаа юм. Би 2019 оны 8 сарын 17-25-ны өдрүүдэд ажлын шугамаар Амгалан дулааны станцын ажилчдын хамт БНХАУ-ын Жин Жа Жи хот руу туршлага судлахаар яваад буцахдаа Шанхай хотоор дайрсан. Би БНХАУ-ын Шанхай хотоос өөрийн эхнэр Ж.Б-д бэлэг болгон ямар брэндийнх гэдгийг нь сайн мэдэхгүй шаргал өнгийн металл гоёлын гарын бугуйвчийг авч байсан. Тухайн бугуйвчийг Монгол төгрөгөөр 200,000 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юань нь 300 гаруй Монгол төгрөгтэй тэнцэж байсан санагдаж байна. Манай эхнэр Ж.Б миний бэлгэлсэн гарын бугуйвчийг хүнд өгсөн талаар хэлж байсан. Яг хэнд өгсөн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр өөрөө хэнд өгснөө мэдэж байгаа байх. Манай эхнэр 2020 оны 08 дугаар сард Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд сэтгэл зүйчээр ажилд орж байсан. Одоо 1 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Манай эхнэр Ж.Б өөрөөс нь хэн нэг албан тушаалтан ажилд авсны хариуд мөнгө эд зүйл нэхсэн талаар надад хэлж байгаагүй. Харин сургуулийн удирдлага нь ажилд шинээр орсон хүмүүсээс бонус нэрээр мөнгө эд зүйл авдаг байж болзошгүй талаар яриандаа дурдаж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 221-222 дахь тал)
Гэрч Е.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2020 оны 10 дугаар сард багш нарын баярыг тохиолдуулан сургуулийнхаа багш нараас баярын үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгийг өөрийн Хаан банкны 5009**** тоот дансаар болон бэлнээр хурааж авч байсан. 2020 оны 10 сарын 02-ны өдөр Багш нарын баярын үйл ажиллагаа эхлэхийн өмнө манай сургуулийн сургалтын менежер Т.У нь намайг дуудаад "надад бэлэн мөнгө хэрэг болоод байна, чамаас бэлэн 200,000 төгрөг аваад данс руу чинь бэлэн бусаар шилжүүлчихье" гэж хэлсэн. Тэгээд би Т.У багшид 200,000 төгрөг бэлнээр өгөөд өөрийн Хаан банкны 5009**** тоот данс руугаа 200,000 төгрөг шилжүүлж авсан. Т.У багш надаас бэлнээр 200,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар нарийн сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 225-226 дахь тал)
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *** дүгээр сургуулийн Түүх нийгмийн багшийн сул орон тоонд сонгон шалгаруулалт өгч ажилд орсон. Би ажилд орсныхоо дараа буюу 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар гарын шөрмөс залгах хагалгаанд ороод эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд буюу 2020 оны 10 сарын 02-ны өдөр сургуулийн сургалтын менежер Т.У над руу утсаар яриад " багш нарын баяртаа орж амжих уу, амжихгүй бол багш нарын баярын үйл ажиллагааны зарцуулах мөнгө хандивлах боломжтой байна уу, сургуулийн захирал Д.О-той уулзаж баярын арга хэмжээний төсөв зардлын мөнгийг шинээр ажилд орсон багш нараасаа аваад зохицуулаач гэнээ, чиний хувьд хэдэн төгрөг өгч чадах бэ" гэсэн. Тэхлээр нь би эмнэлэгт хагалгаанд орсон мөнгө төгрөгийн боломж муу байгаа учраас 200,000 төгрөг хандивлах боломжтой байгаа талаараа хэлсэн. Тэгээд Т.У-н Хас банкны данс руу өөрийн Хас банкны цалингийн данснаасаа интернэт банк ашиглаж 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 200,000 төгрөг интернэт банкаар Т.У багшийн данс руу шилжүүлсэн гэдгээ утсаар ярьж хэлсэн. Тэр үед Т.У багш "мөнгө чинь миний данс руу шилжиж орсон, би бэлэн мөнгө болгоод захиралд өгчихлөө гэж хэлж байсан. Тэгэхлээр нь би Т.У-д хандаж "та нар мөнгөө багш нарын баяртаа зарцуулаагүй юм уу" гэж асуухад "мэдэхгүй ээ захирал Д.О авсан, яг юунд зарцуулсныг мэдэхгүй" гэж байсан. Сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.О надаас бол ямар нэг мөнгө эд зүйл нэхсэн, авч байсан асуудал байхгүй. Бусад багш ажилчдаас мөнгө эд зүйл авсан, нэхсэн үйлдэл үзүүлж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь миний хувьд Д.О захиралтай хамт ажиллах хугацаанд ажигласнаар бол багш ажилчдаас гар хараад байгаа юм шиг хандлага гаргадаг байсан. Мөн захирал Д.О нь намайг өөрт нь хахууль өгөөгүй болохоор тэгсэн юм уу яасан юм бүү мэд 2021 оны 05 дугаар сард намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч байсан. Тухайн үед надад ажлаас чөлөөлөгдөх үндэслэл байгаагүй. Сургалтын менежер Т.У над руу 2020 оны 10 сарын 02-ны өдөр утсаар ярихдаа 200,000 төгрөгийг сургуулийн захирал Д.О-д шинээр ажилд орсны хариу болгож хахууль болгож өгнө гэж хэлээгүй. Би хэзээ ч хахууль өгч үзээгүй. Миний хувьд өөрөө олон жил сургуулийн захирлаар ажиллаж байсан хүн. Д.О-д ямар нэг хахууль өгөх шаардлага ч байгаагүй. Тухайн үед багш нарын баяр тохиолдож байсан учраас баярын үйл ажиллагаандаа зарцуулагдах юм байна гэж бодоод эмнэлэгт өвчтэй хагалгаанд орсон хэвтэж байхдаа 200,000 төгрөг сургалтын менежер Т.У руу шилжүүлсэн нь үнэн. Т.У сургуулийн захирал Д.О-д тэр мөнгийг юу гэж хэлж өгснийг бол мэдэхгүй байна. Миний хувьд *** дүгээр сургуулийн сургалтын менежер Т.Уын Хас банкны данс руу 2020 оны 10 сарын 02-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн банкны дансны хуулгыг гаргаж өгөх боломжтой...." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 227-231 дэх тал)
Яллагдагч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолд дурдсан ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн багш ажилчдаас мөнгө, эд зүйл авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин миний хувьд багш ажилчдад дарамт шахалт үзүүлж мөнгө, эд зүйл өгөхийг шаардсан асуудал байхгүй. Багш ажилчдын хувьд надад бэлэг гэж мөнгө, эд зүйл өгснийг авсан юм. Би багш М.С-с авсан мөнгийг багш нарын баярын агаар салхинд гарах үйл ажиллагааны үед зарцуулсан. Харин сургалтын менежер Т.У-с авсан мөнгийг багш нарын баярын арга хэмжээний үед багш ажилчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаанд зарцуулсан. Багш Одмандахаас би ямар нэг мөнгө эд зүйл аваагүй, сургалтын менежер Т.У юу гэж хэлж мөнгө авсныг мэдэхгүй байна. Сургалтын менежер Т.У-н хувьд манай өрөөнд орж ирээд миний зарж байсан "Amway" сүлжээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Багш Х.Ж-с авсан 400,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулснаа сайн санахгүй байна. Сэтгэл зүйч Ж.Б-н надад багш нарын баяраар бэлэг гэж өгсөн "Пандора" бугуйвч нь одоо надад байгаа. Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол би өөрөө гаргаж өгч болно. Би гэмт хэргийг улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 201-207 дахь тал)
Яллагдагч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 83 дугаартай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 09 сарын сүүлээр сургуулийн захирал Д.О намайг "..багш нарын баярт зарцуулах 500,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж баярын үйл ажиллагааг зохицуул..." гэсэн болохоор би өөрийнхөө цалингаас 500,000 төгрөгийг бэлнээр захиралд албан өрөөнд оруулж өгсөн. Би Д.О захиралд өгсөн 500,000 төгрөгийг багш нарын баярын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж ойлгосон боловч Д.О нь тэр мөнгийг өөртөө авсан гэдгийг сургуулийн нярваас сүүлд олж мэдсэн. Би болсон хэргийн талаар 2021 оны 04 сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн учраас өөр надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний хувьд Д.О-д өөр мөнгө, эд зүйл өгсөн асуудал байхгүй. Надад Д.О-той хувийн өр зээл өс хонзонгийн асуудал байхгүй. Би ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд сургалтын менежерээр анх ажилд орохдоо захирал Д.О-д мөнгө, эд зүйл өгөхөөр тохиролцсон асуудал байхгүй. Харин намайг ажилд орсноос хойш Д.О захирал намайг үг яриа, зан харилцаагаараа ямар нэг байдлаар өө хайгаад дарамтлаад байдаг байсан. Мөн надад яриан дундаа "сургалтын менежерээр ажилд ороход 2 сая төгрөг байдаг ш дээ гэх зэргээр мөнгө нэхээд байгаа байдал үзүүлдэг байсан. Миний хувьд ажлын байрны дарамт шахалтын улмаас аргагүй байдалд орсны улмаас Д.О-д мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 40-43 дахь тал)
Яллагдагч Х.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 84 дугаартай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 08 сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Д.О-той бага ангийн багшийн сул ажлын байранд ажиллахаар уулзсан. Тэр үед захирал Д.О намайг *** дүгээр сургуульд багшаар ажиллаж болно гэсэн учраас би өөрийн ажиллаж байсан БГД-ийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн багшийн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд *** дүгээр сургуульд 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Гэтэл сургуулийн захирал Д.О ямар нэг шалтгаангүйгээр өөрийн нарийн бичгээр дамжуулж "надтай нэг уулзаарай" гэж хэд хэдэн удаа дуудуулсан. Тухай бүрд нь хичээлтэй ажилтай байсан учраас уулзаж чадаагүй. Гэтэл Ковид 19 цар тахлын улмаас улсын хэмжээгээр хөл хорио тогтоосны улмаас багш нар цахимаар хичээл сургалт явуулж байх үед захирлын нарийн бичиг над руу утсаар ярьж "таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас захирал Д.О өөртэй нь ирж уулз" гэж дуудуулж байна гэхээр нь би сургууль руу очоод захирал байхгүй байна гэхээр нь сургуулийн үүдэнд 1 цаг орчим хүлээж байгаад захиралтай уулзсан. Гэтэл захирал Д.О надад хандаж "таны манай сургуульд ажиллах түр гэрээний хугацаа дууссан" гэсэн. Тэгэхлээр нь би захирал Д.О-д хандаж "би анх ажилд орохдоо тантай уулзахдаа тэтгэвэрт гартлаа тогтвор суурьшилтай ажиллуулна гэвэл ажлаасаа гараад танай сургуульд ирж ажиллана гэдгээ хэлж байсан ш дээ, та тухайн үед нь зөвшөөрч намайг ажилд авчхаад одоо болохоор яагаад надтай хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан гэж байгаа юм бэ" гэж асуусан. Гэтэл захирал Д.О "манай сургуульд угаасаа ажилд шинээр орж байгаа багш ажилчидтай хөдөлмөрийн түр гэрээ байгуулдаг" гэж хэлсэн. Тэгээд захирлын өрөөнд сууж байтал "чи ямар ч байсан ажилд орсноос хойш өөрийнхөө хийсэн ажлыг аваад ир" гэсэн. Тэгэхлээр нь би хийсэн ажлынхаа тайлан баримт бичиг судалгаа гээд бүх юмаа аваад өрөө рүү нь орсон. Гэтэл захирал Д.О "чи наад хийсэн ажлаа өөрөө тайлбарлаад яриадах" гэхээр нь өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнасан. Тэгтэл Д.О захирал их янзгүй байдалтайгаар "за за яах вэ нэг жил хөдөлмөрийн гэрээг чинь сунгая даа, нарийн бичигтэй одоо уулзаад гэрээгээ байгуулчхаад яваарай" гэсэн. Тэгээд би захирлын өрөөнөөс гарах гэж байтал "чи ядаж надад ажилд авсан гээд баярлалаа ч байхгүй юм аа" гэсэн. Тэгэхлээр нь би "баярлалаа башгаа" гэж хэлчхээд өрөөнөөс гарсан. Тэгээд захирлын нарийн бичгийн боловсруулсан хөдөлмөрийн гэрээтэй танилцаад гарын үсэг зурах гэтэл тухайн гэрээн дээр хугацаа болон он сар байхгүй байсан. Тэгэхлээр нь би "захирал надад хөдөлмөрийн гэрээг нэг жилээр сунгана" гэж хэлсэн ш дээ яагаад хугацаа болон он сар тавиагүй байгаа юм гэхэд нарийн бичиг "захирал өөрөө тэгж хэлсэн юм бол дараа нь хугацаа, он сарыг нь тавьчих байх, та зүгээр гарын үсгээ зурчхаад явахгүй юу" гэж хэлсэн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсгээ зурчхаад явсан. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Ковидын улмаас цалингийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шаардлага гарсан учраас банкны шаардлагын дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа цалингийн тодорхойлолт авах хэрэгтэй болохоор нь захирал Д.О руу утсаар ярьж тодорхойлолт авах талаараа хэлсэн. Тэгтэл "яах гэж байгаа юм, зээл авах гэж байгаа юм уу, чамд бол зээл олдохгүй шүү, хөдөлмөрийн гэрээ чинь юу билээ дээ, тууштай ажиллах ч юм уу үгүй ч юм уу" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхлээр нь би дахиад залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэгээд би захирлаас цалингийн тодорхойлолт авч чадаагүй учраас банкны зээлийн эргэн төлөлтөө хойшлуулж чадаагүй. Тэгтэл манай дүү банкнаас зээл авах шаардлага гараад мөн батлан даагчаар намайг оролцоод өгөөч гэсэн болохоор би захирал Д.О-н утас руу ярьж мөн л цалингийн тодорхойлолт хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд "та одоо ямар ядаргаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь "амьдралын шаардлага байна шүү дээ" гэсэн. Гэтэл маргааш ажил дээр ирээд тодорхойлолт ав гэхээр нь маргааш сургууль дээр очсон. Цар тахлын улмаас сургууль руу багш ажилчдыг нэвтрүүлэхгүй байсан болохоор би захирал руу утсаар яриад "би сургууль дээр тодорхойлолт авах гээд" ирчихсэн талаараа хэлтэл "хүлээж бай" гэсэн. Тэгээд 1 цаг гаруй хугацаанд хүлээгээд гарч хариу өгөхгүй болохоор нь дахиад утас руу залгахад авахгүй байж байгаад нэг юм утсаа аваад "ажилтай байхад ямар ядаргаатай юм" гэсэн. Тэгээд би захирлын нарийн бичгийг нь гуйж байгаад цалингийн тодорхойлолт хийлгэж авч байсан. Тухайн үед цар тахлын улмаа хөл хорио тогтоосон ажлын ачаалал бага байсан. Захирлын хувьд надад цалингийн тодорхойлолт гаргаж өгөхгүй хясаж боогдуулаад байсан. Тэгээд би сургуулийн сургалтын менежер Т.У-с "захирал Д.О харьцахад их хэцүү хүн байна, яах ёстой юм болоо" гэж асуухад сургалтын менежер Т.У надад хандаж "захирал Д.О угаасаа мөнгө аваад сурчихсан, өгөхгүй болохоор ажлаас халчихдаг юм шиг байна" лээ гэсэн. Тэгээд би цар тахлын хүнд хэцүү үед цалингийн зээлтэй, түрээсийн байранд амьдардаг, оюутан хүүхэдтэй, өрх толгойлсон амьдрал хэцүү учраас ажлаас халагдаад ажилгүй болчихвол хэцүүдэх юм байна гэж бодоод өөрийн цалинг буухаар картнаасаа 400,000 төгрөг бэлнээр авч бичгийн цаасанд боогоод захирлын өрөө рүү авч ороод өөрт нь ажилд авсанд баярлалаа" гэж хэлээд өгсөн. Тэгтэл захирал Д.О миний авсан мөнгийг аваад өөрийнхөө цүнх рүү хийгээд надтай харилцах ааш зан нь шал өөр болоод инээд алдаад байсан. Миний хувьд захирал Д.О-н надтай харьцаж байсан харилцаа, ааш аяг, дарамт шахалтын улмаас л 400,000 төгрөгийг өгөх шалтгаан байсан. Би урьд өмнө Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 8 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 65-72 дахь тал)
Яллагдагч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 85 дугаар Прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд *** дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.О-н надад болон бусад багш, ажилчдад үзүүлж байсан дарамт шахалтын улмаас өөрт байсан "Пандора" гарын бугуйвчийг өгсөн. Би урьд өмнө Авлигатай тэмцэх газрын 2021 оны 8 сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой мэдүүлсэн байгаа учраас одоо дахиж өмнөх мэдүүлгээ давтах шаардлага байхгүй. Харин *** дүгээр сургуулийн захирал Д.О нь өөрт холбогдох асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш буюу 2021 оны эхээр тус сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш ажилчдыг өөрийнхөө албан өрөөнд дуудсан. Тэгээд захирал Д.О нь өөрийн албан өрөөндөө нэг нэгээр нь ганцаарчилж уулзаад "надад ямар нэг мөнгө, эд зүйл өгч байгаагүй гэсэн тайлбар гараар бичиж өгөөд гарын үсгээ зур" гэж хэлээд багш ажилчдаас тайлбар бичүүлж авсан. Миний хувьд тэр тайлбар гэх зүйлийг бичиж өгөөгүй. Миний хувьд сургуулийн захирал Д.О-д өөртөө давуу байдал бий болгох зорилгоор
болон хувийн ашиг сонирхлын улмаас хахуульд эд зүйл өгсөн асуудал байхгүй. Захирал Д.О-н харилцаа хандлага нь шинээр ажилд орсон багш
ажилчдаас өөрт нь бонус буюу мөнгө, эд зүйл өгөөгүй хүмүүст дарамт шахалтыг
үзүүлж, хясан боогдуулж байсан учраас аргагүй байдал үүсэн учраас нөхрийнхөө
надад бэлэглэж байсан гарын бугуйвчийг өгсөн..." гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 48-56 дахь тал)
Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 153, 3-р хх-ийн 136-138 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
-Шүүгдэгч Д.О нь Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр тус сургуульд химийн багшаар ажилд орсон М.Сийг “шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг” гэж хуурч 2018.09.12-ны өдөр өөрийн танил Д.Э гэгчийн Хаан банкны 5031***** тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг, 2018.12.07-ны өдөр бэлнээр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,
Мөн Д.О нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.У-г тус сургуулийн сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800,000 төгрөг, Ж.Б-г сэтгэл зүйчээр ажилд ажилд авсны хариуд 2020 оны 10 дугаар сард Пандора брэндийн гарын бугуйвч, Х.Ж-г бага ангийн багшаар ажилд авсны хариуд 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400,000 төгрөгийн хахууль тус тус авсан,
-Шүүгдэгч Т.У нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020.10.01-ний өдөр түүний албан өрөөнд бэлнээр 500,000 төгрөг, мөн 2020.10.02-ны өдөр 300,000 төгрөг буюу нийт 800,000 төгрөгийн хахууль өгсөн,
- Шүүгдэгч Х.Ж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020.12. 23-ны өдөр түүний албан өрөөнд бэлнээр 400,000 төгрөгийн хахууль өгсөн,
-Шүүгдэгч Ж.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сард түүний албан өрөөнд 295,200 төгрөгийн үнэ бүхий Пандора брэндийн гарын бугуйвчийг хахуульд өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.О, холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нар нь “бидэнд Д.О захиралд авлига өгье гэсэн санаа бодол байгаагүй, хэрвээ бонус гээд байгаа зүйлийг нь өгөхгүй бол ажлаасаа халагдчих байх гэж айгаад, мөн Д.О захирал ажил тайван хийлгэхгүй элдэв ааш аяг гаргаад, үг үйлдлээрээ дарамтлаад, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байна, хөдөлмөрийн гэрээг цааш сунгахгүй гэх зэргээр хясан боогдуулаад байсан тул аргагүйн эрхэнд мөнгө буюу авлига өгсөн” гэж мэдүүлцгээж байна.
Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Д.О нар нь багш нарыг хясан боогдуулсан учраас ялаас чөлөөлөх үндэслэлтэй” гэж маргадаг боловч Д.О-н хувьд багш нарыг хясан боогдуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэхийг Төрийн албаны хуульд хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.
Хахууль өгөгчид буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн багш, менежерээр ажиллаж байгаа Т.У, Х.Ж, Ж.Б нар нь өөр өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор захирал Д.О-д хахууль өгсөн тухайгаа хүлээн зөвшөөрч Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж эхэлсний дараа ирж мэдүүлцгээсэн бөгөөд энэ байдал нь тэдний хувьд тухайн холбогдсон гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.О-г 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдсэн;
Шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.О-н хувьд менежер болон захирлын албан тушаалын давуу байдлаа ашиглан хөдөлмөрийн харилцаанд ялгавартай хэвийн бус уур амьсгалыг бий болгон сургууль, ажлын байрны орчинд авлигажсан нөхцөл байдлыг зориудаар үүсгэн албан тушаалын дарамт шахалт үзүүлэх аргаар өөрийнхөө удирдлага доор ажиллаж байгаа хүмүүсээс мөнгө, эд хөрөнгийн ашиг хонжоо олж амьдрах гэсэн түүний явцуу ашиг сонирхол, гэмт зан байдал нь нөлөөлсөн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд бусад шүүгдэгч нарын тухайд түүний энэ ашиг сонирхол, бодлого үйл ажиллагаанд нийцүүлэн хохирохгүй байх, ажлын байртайгаа үлдэх өөр өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдэх болсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Д.О нь хохирогч М.С-д 1 сая төгрөгийг төлж барагдуулсан байна.
Харин шүүгдэгч Д.О-ын шүүгдэгч Х.Ж-с хахуульд авсан 400 000 төгрөг, Т.У-с хахуульд авсан 800 000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн түүнээс уг мөнгийг гаргуулан улсын орлого болгох, шүүгдэгч Ж.Б-с хахуульд авсан Пандора бугуйвчийг улсын орлого болгуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан,
Шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч нарт дээрх зүйл ангиудад заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэх төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах;
шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох,
шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох,
шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Д.О-н тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн холбогдсон хэргийг нийгмийн аюулын шинжийг харгалзан, шүүгдэгч Т.У, Ж.Б, Х.Ж нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар илчлэн ирсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, тэдний хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.О-г албан тушаалын байдлаа ашиглаж залилах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 /нэг жил зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-д оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Х.Ж-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Ж.Б-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.У, Ж.Б, Х.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.О-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Pandora” брэндийн 1 ширхэг бугуйвчийг улсын орлого болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, М.С-с гаргаж өгсөн тэмдэглэлийн 1 ширхэг дэвтрийг устгаж, хэрэгт өөр битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.О-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Г.ТҮВШИНТӨГС
Э.ЧАНЦАЛНЯМ