Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00060/и |
Дугаар | 181/ШШ2020/00723 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2020/00723
2020 03 25 181/ШШ2020/00723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Зээлийн гэрээ байгуулж өгсөн 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.О нь Б.Б тэй “Зээлийн гэрээ”-г байгуулж 2 000 000 (хоёр сая) төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.Б нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлээ төлөөгүй, Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгийн 0,5% алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон.
Иймд гэрээний үндсэн төлбөр болох 2 000 000 төгрөг, гэрээний 2.2-т заасны дагуу алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б өөс гаргуулж өгнө үү
Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн 8 хороо 64-р дэлгүүрийн гудамжид ТҮЦ ажиллуулдаг бөгөөд 2019 оны 5 сард зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг ачих арга хэмжээ явагдаж байсан. Энэ үед Б.Б нь дүүргээс ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг гаргаж өгөхөөр тохиролцож гаргаж өгсөн тохиолдолд зээлсэн 2,0 сая төгрөгийг буцааж авахгүй нэмж 2 сая төгрөгийг өгөх, гаргаж өгч чадаагүй тохиолдолд 2,0 сая төгрөгийг алдангийн хамт төлөхөөр тохиролцсон. Б.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг авч өгнө гэж Ж.О ын мэдлэггүйг далимдуулан худлаа ярьсан байдаг бөгөөд “Хүнс худалдаа үйлчилгээний гэрээ”-г дүүргийн Засаг даргатай байгуулдаггүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулдаг журам байдаг. Ж.О нь хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа Ё.Отгончулуун гэдэг хүнийг огт танихгүй энэ хүнээр зөвшөөрөл авхуулах талаар огт ярилцаагүй. Б.Б нь хэнээр дамжуулж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсныг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлд дурдсан 2 000 000 төгрөгийн гэрээ нь нэхэмжлэгч Ж.О ын хүсэл зорилго, саналын дагуу хийгдсэн бөгөөд ажлын байраа хадгалж үлдэх, тэндээ амьдрах сонирхолтой байсан. Бид Сүхбаатар дүүргийн Засаг даргаас зөвшөөрлийг нь авч өгөхөөр зөндөөн хөөцөлдөж бичиг баримт бүрдүүлж байсныг Ж.О мэдэж байгаа, даанч ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг нь бүтээж өгч чадаагүй хөөцөлдөж байгаад орхисон. Миний дүү Б.Б нь мөнгө аваагүй бөгөөд тухайн үед Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 64-р дэлгүүрийн автобусны буудал дээр хүнсний мухлагын зөвшөөрөл авч бүтээж өгөх зорилгоор дээрх мөнгийг урьдчилгаа болгон манай дүүгийн дансаар миний данс руу 1 000 000 төгрөгийн гүйлгээг нь хийсэн. Тухайн үед хийсэн зээлийн гэрээ нь халхавч байсныг аль аль тал нь мэдэж байсан бөгөөд иргэн Ё.Отгончулуун нь өөрөө гэрээ хийх хувийн сонирхол байгаагүй бөгөөд манай дүүгээр гэрээ хийлгэж, мөнгийг авах шууд сонирхол байсан. Сүүлд ямар нэгэн асуудал болвол хариуцлагаас зайлсхийх далд санаа байсан болов уу, иргэн Ё.Отгончулуун нь иргэний үнэмлэхний хаягаар өнөөдрийн байдлаар оршин сууж, амьдрахгүй байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн ах болох Баадайгийнд амьдарч байгаа ба 1 сарын 11-ний өдрөөс утас /85986488/ дугаар холбогдохгүй болсон ба холбогдохыг оролдсон ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд зээлийн гэрээ хийж авсан мөнгийг Б.Б төлөх ямар ч үндэслэлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Б.Б өд холбогдуулан зээлийн гэрээ байгуулж өгсөн 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Б тэй Зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг гаргаж өгөхөөр Ё.Отгончулуун 2 000 000 төгрөгийг авсан гэж маргаж байна.
Хариуцагч Б.Б нь Ж.О д Сүхбаатар дүүргийн 8 хороо 64-р дэлгүүрийн гудамжид ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргатай “Хүнс худалдаа үйлчилгээний гэрээ”-г байгуулж өгөхөөр 2 000 000 төгрөгийг авсан болох нь талуудын тайлбар, “Зээлийн гэрээ”-ний ар талд “2019.08.10-ны дотор СБД 8-р хороо 64-р дэлгүүрийн буудал дээр хүнсний мухлагийн зөвшөөрөл авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ хийв. Зөвшөөрөл гарсны дараа үлдэгдэл 2 сая төгрөгийн тооцоо хийнэ. Урьдчилгаа 2 сая төгрөгийг 2019.06.10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 410061218 дансанд шилжүүлнэ гээд хариуцагч Б.Б гарын үсгээ зурсан” гэж бичсэн зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан 2019.06.10-ны өдрийн “Зээлийн гэрээ” нь мөнгө зээлэх, зээлдүүлэх болон гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх хүсэл зориггүй, дээрхи тохиролцоогоо халхавчлах зорилгоор хийсэн байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгч Ж.О нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн 8 хороо 64-р дэлгүүрийн гудамжид ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл гаргуулах зорилгоор 2 000 000 төгрөгийг төлсөн, хариуцагч Б.Б үүнийг нь үгүйсгээгүй бөгөөд харин мөнгийг өөрөө аваагүй гэх үндэслэлээр маргаж байх тул талуудын хооронд Гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: гэрээний талууд үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодит боломжтой, нөгөө тал нь уг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байдаг. Харин бусад этгээдээс хамаарах эрх, үүргийн асуудлыг гэрээгээр талууд тохиролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Б.Б нь Ж.О д ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл болох “Хүнс худалдаа үйлчилгээний гэрээ”-г байгуулж өгөх боломжгүй буюу энэ үүргийг Ж.О ын шаардсанаар гүйцэтгэх боломжгүй байна. Иймээс Ж.О болон Б.Б нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй.
Нэхэмжлэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн 8 хороо 64-р дэлгүүрийн гудамжид ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг гаргуулах тодорхой үйлдлийг хийлгэхээр тохиролцон 2 000 000 төгрөгийг Б.Б өд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын “2019.08.10-ны дотор СБД 8-р хороо 64-р дэлгүүрийн буудал дээр хүнсний мухлагийн зөвшөөрөл авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ хийв. Зөвшөөрөл гарсны дараа үлдэгдэл 2 сая төгрөгийн тооцоо хийнэ. Урьдчилгаа 2 сая төгрөгийг 2019.06.10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 410061218 дансанд шилжүүлнэ” гэж бичсэн тохиролцоо /хх-4х ар тал/-гоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан.
Хариуцагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 хороо 64-р дэлгүүрийн гудамжид ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг гаргаж өгөөгүй нь түүний үйлдэл Ж.О ын хүсэл зоригт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ж.О нь дээрх хуульд заасны дагуу 2 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Б нь Ж.О ыг Ё.Отгончулуунаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг гаргуулахаар тохиролцсон, Ё.Отгончулуунд мөнгийг шилжүүлэх зорилгоор Б.Б ийн дансанд шилжүүлсэн, Б.Б нь 2 000 000 төгрөгийг Ё.Отгончулуунд өгсөн гэх нөхцөл байдлыг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул түүний татгалзал үндэслэлгүй байна.
Мөн Ё.Отгончулууны 2019.11.15-ны өдөр Б.Б өд гэсэн тайлбараас дүгнэхэд Б.Б нь тодорхой ажлыг Ё.Отгончулуунаар хийлгэхээр тохирсон гэж үзэхээр байх тул Ж.О тай хамааралгүй байна.
Иймд хариуцагч Б.Б өөс 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О д олгож, Ж.О ын алданги 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б өөс 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О д олгож, Ж.О ын алданги 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.О аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б өөс 46 950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА