Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01679

 

 

 

 

2020          05           12                                        101/ШШ2020/01679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЖДҮХСан,

 

Хариуцагч: Б.М

 

Хариуцагч: Б.Ө

 

Зээлийн гэрээний үүрэгт 212,924,231 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон Итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “*******,*******гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам”-ын 6.5 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-55 дугаар тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн зээлдэгч “иргэн Б.М нь “*******,*******” /цаашид “Сан” гэх/-аас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2016/3-34 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Үхрийн ферм” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1.  Д.Б-гийн өмчлөлийн Хдүүргийн  тоот хаягт байрлалтай Ү-00000050улсын бүртгэлийн дугаартай 224 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.    Д.Б-гийн эзэмшлийн Хдүүргийн  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 9м.кв /га/ 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

3.  Ш.С-гийн өмчлөлийн Хдүүргийн тоот хаягт байрлах Ү-0000000001улсын бүртгэлийн дугаартай, 75.25 м.кв хувийн сууц,

4.    Ш.С-гийн өмчлөлийн Хдүүргийн тоот хаягт байрлах Ү-0000040 улсын бүртгэлийн дугаартай 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүүд 6,060,500 төгрөг төлж нийт 6,060,500 төгрөгийг төлж үндсэн зээл төлөгдөөгүй.Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 748 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,613,431 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 53,646 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 210,687,077 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.  Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: тус шүүхэд “*******,*******”-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Мд холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,832,075 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,156 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 212,924,231 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас ярьж байгаа зээлийг авсан үнэн. Би зээлээ хугацаандаа төлж чадахгүй байгаа. Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өөрөө зээлээ төлөх гэж хичээсэн. Зээлээ төлж чадахгүй байгаа тул ах дүү нараасаа тусламж хүссэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зэлээ шууд төлж чадахгүй байгаа. Нэг сардаа зээлийн зөрчлөө арилгаад зээлээ цааш нь хэвийн явуулах хүсэлтэй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан Ш.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй.Шүүхийн хэлэлцүүлэгт бие даасан шаардлагаа хэлэлцүүлнэ гэв.

 

Гуравдагч этгээд Ш.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлагадаа: тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа *******,*******гийн нэхэмжлэлтэй, иргэн Б.М, Б.Ө нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 210,687,077 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн Ш.С- миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн бие даасан шаардлага гаргаж байна. Бие даасан шаардлага нь: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон Хдүүргийн 9, Б-У 17 дугаар гудамж, 003тоот хаягт байрлах Ү-0000000001улсын бүртгэлийн дугаартай 72,25 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанд тавих эрхийг Б.Мд олгосон итгэмжлэл /хэргийн материалын 28 дугаар хуудас/, мөн хаягт байрлах Г-0000040 дугаартай 350 м.кв талбайтай газрын барьцаанд тавих эрхийг Б.М-д олгосон итгэмжлэл /хэргийн материалын 30 дугаар хуудас/-ийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргаж байна.

 

Үндэслэл нь: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “...зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” ба 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2016/3-34 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож 2016/Б-34 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулсан. Тус барьцааны гэрээний 3.2-т иргэн Ш.С- миний нэр дээрх өмчлөлийн дээрх хөрөнгүүд барьцаанд тавигдсан. Уг хөрөнгийг барьцаанд тавихдаа миний бие 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон ба энэхүү итгэмжлэлийн хугацаа 2016-2018 оны хооронд үйлчилж байгаа болно. Энэхүү итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноос хойш өнөөдрийг хүртэл миний бие итгэмжлэлийг сунгасан болоод дахин итгэмжлэл олгосон зүйл огт байхгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон Хдүүргийн  дугаар гудамж, 003тоот хаягт байрлах Ү-0000000001улсын бүртгэлийн дугаартай 72,25 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанд тавих эрхийг Б.М-д олгосон итгэмжлэл /хэргийн материалын 28 дугаар хуудас/, мөн хаягт байрлах Г-0000040 дугаартай 350 м.кв талбайтай газрын барьцаанд тавих эрхийг Б.Мд олгосон итгэмжлэл /хэргийн материалын 30 дугаар хуудас/-ийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн Б.Учралбаяр бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******,*******гийн нэхэмжлэлтэй, иргэн Б.М, Б.Ө нарт холбогдох хэргийн гуравдагч этгээд Ш.С-гийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлтуяа нар бие даасан шаардлага гаргаж Б.Мд олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ш.С-гийн олгосон итгэмжлэл нь итгэмжлэл олгосон хугацаанд барьцаанд тавихыг зөвшөөрсөн байх бөгөөд барьцааны гэрээг уг итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд гэрээнд талууд тус гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус байхыг хуульчлан зохицуулсан байх бөгөөд гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь тус хуулийн зохицуулалт заагдсан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй байна.

Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан энгийн хэлбэртэй барьцааны гэрээ юм. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх нөхцөл үүсвэл зээлдүүлэгч буюу *******,******* нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна. Би уг заалтыг мэдээгүй байсан гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа *******,******* нь хариуцагч Б.М, Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210,687,077 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,237,154 төгрөгөөр нэмэгдүүлж шүүхэд гаргасан бусад шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 212,924,231 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Б-, Ш.С- нарыг татан оролцуулж, Д.Б- 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын хилээр гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээс татгалзсан болно.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Зээлийн гэрээний үүрэгт 212,924,231 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

Иргэн Д.Б-:

 

 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээрх эзэмшлийн 000434097 дугаартай гэрчилгээтэй, 000000000нэгж талбарын дугаартай, Х дүүрэг,   хаягт байрлах, 9м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээлийн гэрээ, барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг, барьцааг бүртгүүлэх эрхийг 1 жилийн хугацаатай, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр;/хх-ийн 25-26 дугаар тал/

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000050тоот улсын бүртгэлтэй, 000153517 дугаартай гэрчилгээтэй Х дүүргийн тоот хаягт байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээлийн гэрээ, барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг, барьцааг бүртгүүлэх эрхийг 1 жилийн хугацаатай, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр;/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Иргэн Ш.С- нь:

 

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээрх өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-0000040, 0000026 нэгж талбарын дугаартай, Х дүүрэг, дугаар гудамж, 003тоот хаягт байрлах, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээлийн гэрээ, барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг, барьцааг бүртгүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр;/хх-ийн 27-28 дугаар тал/

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001дугаарт бүртгэгдсэн, Хдүүрэг, дугаар гудамж, 003тоот хаягт байршилтай, 75,25 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээ, барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, барьцааг бүртгүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай бусдад шилжүүлэх эрхгүйгээр хариуцагч Д.М “Итгэмжлэл”-ийг тус тус олгожээ./хх-ийн 29-30 дугаар тал/

 

    Нэхэмжлэгч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа *******,*******, хариуцагч Б.М хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ө нартай харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Үхрийн ферм” төслийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийг 2016/З-34 дугаартай Зээлийн гэрээг байгуулжээ./хх-ийн 7-12 дугаар талууд/

 

Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож “Итгэмжлэл”-ийн талууд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2016/Б-34 “Барьцааны гэрээ”-гээр  дагуу иргэн Д.Б-, Ш.С- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ./хх-ийн 13-17 дугаар тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д ”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу талууд баталгаат барьцааны гэрээг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн байна. /хх-ийн 13-17 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн болон баталгаат барьцааны гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэв.

 

Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №2016/3-34 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, зээлийн хүүд 6,060,500 төгрөгийг төлсөн талаар хэн аль маргаагүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Б.Ө-ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын   15-ны өдөр, 60 сарын хугацаатай байгуулагдсан, гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох, гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ хугацаандаа төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээр шийдвэрлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн журмаар захиран зарцуулах, 7 дугаар зүйлийн 7.1.4-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг бүрэн дүнгээр төлөхийг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2016/3-34 тоот зээлийн гэрээний хугацаа 60 сар, тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, талууд хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

 

Нэхэмжлэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүрэг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1/463 тоот зээл буцаан дуудах мэдэгдлийг хариуцагч Б.Мд хүргүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 207,397,336 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх тул шүүх энэ мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ./хх-ийн 31 дүгээр тал/

 

Энэ нөхцөл байдал нь зээлийн гэрээний 8.1.1-д “зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээний үүрэг зөрчсөнд тооцно”, 10.2.1-д “энэхүү гэрээний 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцална” гэж тус тус заасны дагуу буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болжээ.

 

Зээлдэгч нар нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр шүүхэд тооцож гаргасан тул энэ өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагад үндсэн зээлд 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,832,075 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,156 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 212,924,231 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар зээлдэгч Д.Мягмарцэрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ө нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт болох гэрээний үүргээ тохирсон хугацаанд зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүүг төлөхийг, нотариатын зардал  гаргуулах шаардлагыг  бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд хариуцагч Д.М, Б.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээлд 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,832,075 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,156 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 212,924,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2016/3-34 тоот “Зээлийн гэрээ”, №2016/Б-34 тоот барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Б.М, Б.Ө нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2016/Б-34 тоот “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

2. Бие даасан шаардлага болох “Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5-д зааснаар хариуцагч Б.Мд олгосон Итгэмжлэл-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан Ш.С- 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээрх өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-0000040, 0000026нэгж талбарын дугаартай, Х дүүрэг, дугаар гудамж, 003тоот хаягт байрлах, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 1 жилийн хугацаатайгаар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001дугаарт бүртгэгдсэн, Х дүүрэг, , 003тоот хаягт байршилтай, 75,25 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээ, барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, барьцааг бүртгүүлэх эрхийг 2 жилийн хугацаатай бусдад шилжүүлэх эрхгүйгээр хариуцагч Д.М “Итгэмжлэл”-ийг олгожээ./хх-ийн 27-28, 29-30 дугаар тал/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож “Итгэмжлэл”-ийн Ш.С-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2016/Б-34 “Барьцааны гэрээ”-гээр хариуцагч Б.М  барьцаалжээ. /хх-ийн 13-17 дугаар тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д ”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу талууд баталгаат барьцааны гэрээг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн байна. /хх-ийн 13-17 дугаар тал/

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т ”Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.” гэж зааснаар Ш.С-гаас хариуцагч Б.Мд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, бүртгүүлэх эрхээ шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.   

 

Зээлдүүлэгч, зээлдэгч нарын хороонд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2016/Б-34 дугаартай  Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Барьцаалуулагч нь Сангаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд энэхүү гэрээний 3.2-т заасан барьцааны хөрөнгийн чанар, үнэлгээг бууруулахгүй байх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үл маргах журмаар Санд шилжүүлэх”, 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Бусдаас олгосон зөвшөөрөл буюу итгэмжлэлийн хугацаа дуссан тохиолдолд барьцаалуулагч итгэмжлэлийг шинээр хийлгэх эсхүл уг зээлийн үлдэгдэлтэй дүйцэхүйц барьцаа хөрөнгөөр солих үүрэгтэй.

 

Итгэмжлэлийн хугацаа дууссан нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл хугацаанд барьцааны зүйлийг барьцаалуулагч, өмчлөгч нь өөрийн зардлаар сунгуулна.”, 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Барьцааны гэрээнд хуульд заасан дагуу төлөөлөгч өмчлөгчийн төлөөлж гарын үсэг зурсан бол энэхүү гэрээний зүйл заалтуудыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид нэг бүрчлэн танилцуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа хохирлыг барагдуулах” гэж тохиролцжээ.

 

 Зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд хийсэн барьцааны гэрээнд зааснаар Ш.С-гаас Д.М олгосон итгэмжлэлийн хугацаа дуусан тохиолдолд шинээр итгэмжлэл хийлгэх эсхүл барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солих үүрэг нь хариуцагчид байсан атал тэрээр үүргээ гүйцэтгээгүй нь барьцаа хөрөнгөөс  чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх байдал тогтоогдохгүй, нотлох баримтгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийг хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.1., 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Тулгат овогт Б.М/рд: Тулгат овогт Б.Ө /рд: нараас зээлийн гэрээний үүрэгт 212,924,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******,******* УТҮГ-т олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.С-гийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

 

а. иргэн Д.Б-гийн эзэмшлийн 000434097 дугаартай гэрчилгээтэй, 000000000нэгж талбарын дугаартай, Х дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 1-7-10А  хаягт байрлах, 9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар;

 

б. иргэн Д.Б-гийн өмчлөлийн Хдүүргийн  тоот хаягт байрлалтай Ү-00000050улсын бүртгэлийн дугаартай 224 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

в. иргэн Ш.С-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-0000040, 0000026нэгж талбарын дугаартай, Х дүүрэг, 003тоот хаягт байрлах, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар

 

г. иргэн Ш.С-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001дугаарт бүртгэгдсэн, Х дүүрэг,  дугаар гудамж, 003 тоот хаягт байршилтай, 75,25 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******,******* УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.М, Б.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,222,571 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Ш.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ