Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар   2023/ШЦТ/1248

 

 

 

 

 

 

      2023      10          04                                  2023/ШЦТ/1248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзаяа,

улсын яллагч Г.Чанцалдулам /томилолт/,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А т холбогдох эрүүгийн 2306 03639 2557 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

  Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ibiza” бааранд зөөгчөөр ажиллаж байсан А.Б тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар пивоны шил авч шидсэний улмаас толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

Хохирогч А.Б ийн “Би Ibiza бааранд ажлаа хийгээд ширээ арчиж байсан чинь нэг эмэгтэй өөр ширээ рүү шилжсэн байсныг мэдээгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний пиво хаана байна гээд уурлаад намайг алгадсан. Дараа нь нүүр рүү өшиглөөд пивоны шил шидсэн. Тэгээд зүүн гарыг минь маажсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Нүүр царай ийм болсонд гомдолтой байна”,

“... ширээгээ цэвэрлээд явж байтал нэг согтуу эмэгтэй араас миний пиво хаана байна гээд хашхирахаар нь би мэдэхгүй гэтэл миний зүүн хацар руу алгадахаар нь би аяганд байсан пивыг өөдөөс нь цацсан. Тэгээд би заалаа тойроод ширээ цэвэрлээд явж байтал нөгөө согтуу хүүхэн гэнэт өөдөөс пивоны шил шидээд миний духны баруун хэсэгт оносон. Тэгэхээр нь би уурандаа зүүн хацар руу нь алгадсан. Духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралтыг тухайн бааранд маргалдсан гэх согтуу эмэгтэй пивоны шил шидэж учруулсан. Зүүн сарвууны ард цус хуралт зулгаралтыг бас согтуу эмэгтэй хумсаараа маажиж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8596 дугаартай “А.Б ийн биед духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны ард цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Таних гэрэл зургийг зүүн талын дээд өнцгөөс 1-4 гэж дугаарт тэмдэглэн, 1-4 хүртэл дугаарласан 4 ширхэг гэрэл зургийг хохирогч А.Б д үзүүлэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ибиза бааранд таныг зодсон гэх хүнийг та хараад таних уу гэхэд хохирогч А.Б  нь тэр хүнийг хараад танина №1 гэж дугаарласан хүнийг зааж, мөн дээрх гэрэл зургуудын байрлалыг сольж Б.А ын гэрэл зургийг №3 гэж дугаарлан 1-4 хүртэл дугаарласан гэрэл зургийг хохирогч А.Б д дахин үзүүлэхэд №3 гэж дугаарласан гэрэл зургийг энэ хүн мөн байна гэж заав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 дэх тал/, 

Яллагдагч Б.А ын “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ибиза бааранд сууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Тэгтэл миний сууж байсан ширээн дээр байсан пиво болон ууж идэж байсан юмыг хураагаад ширээг цэвэрлэсэн байхаар нь зөөгчөөс ширээн дээр байсан юмнуудыг яасан гэтэл нөгөө зөөгч охин би яаж мэддэг юм гээд муухай харьцсан. Тэгэхээр нь маргалдаж байгаад хэрэлдэхээ болиод салсан. Тэгээд эргээд нөгөө зөөгч охин руу би ууж байсан пивоны шилээ шидтэл духан дээр нь оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А аас гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 2 хуудас баримт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ibiza” бааранд үл ялих зүйлээр шалтаглан зөөгчөөр ажиллаж байсан А.Б тэй маргалдаж улмаар пивоны шил авч шидсэний улмаас духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Б , яллагдагч Б.А  нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  Б.А  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А  нь хохирогч А.Б  рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Б.А ын үйлдэл нь хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Б.А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой 123.500 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба энэ хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч А.Б ээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул Б.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

            Б.А ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

  Шүүхээс Б.А ын анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой гэх хувийн байдал, согтуугаар пивоны шил шидэж хүний эрүүл мэндэд халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан

  Шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Б.А ын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.А т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ