| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2025/0367/З |
| Дугаар | 221/МА2025/0727 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0727
,
Д.П-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч
Нэхэмжлэгч: Д.П
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0611 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0367/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 611 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар:
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийг эрх ашгаа хамгаалах боломжийг хариуцагчийн зүгээс олгоогүй гэж маргасан.
Гэтэл анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хууль ёсны дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй болно.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тодорхой тусгасан байгаа. Мөн хуулийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тусгасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа төрийн албан хаагч Д.Пд урьчилж мэдэгдээгүй, холбогдох тайлбар саналыг авалгүйгээр зөвхөн гомдол гаргасан Догсмаа гэдэг хүний мэдүүлэг холбогдох материал дээр тулгуурлан шийдвэрлэсэн болох нь зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон шийдвэрээс тодорхой харагдаж байгаа болно. Нэхэмжлэгч нь түүний үр дагавар болсон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсний дараа мэдсэн болно.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 75.4-т Төрийн албаны хянан шалгах комиссын бүрэн эрхийг тусгасан бөгөөд 75.4.1-т заасны дагуу "холбогдох этгээдээс тайлбар авах"-ийг тусгасан энэ үүргийг хэрэгжүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байхад анхан шатны шүүхээс түүнийг үнэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг хангасан шийдвэрийг гаргаагүй болно.
3.2. Нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн талаар:
Анхан шатны шүүхээс Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны срөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "илт хууль бус захиргааны акт"-ын шинжийг агуулсан, түүнчлэн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1-д заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн тушаалуудыг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэхдээ тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байсан буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Д.Пг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, тухайн захиргааны акт нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Гэтэл нэхэмжлэгчийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тушаалаар ТАХ-ийн 46.1.2-т заасан буюу "зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон" шалтгаанаар түр чөлөөлсөн. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 46.6-т зааснаар “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” тусгасны дагуу нөөцөд бүртгэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 38.1.8-д “төрийн албанаас чөлөөлөгдөх, Хөдөлмөрийн хуулийн 83.1.Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна.
2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/66 тушаалаар 42.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 42.1.6-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;”, 43.3.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” гэсэн заалтыг баримтлан томилсон.
Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр П-г нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б66 тушаалаар томилсон.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасан тухайн үед сургалтын чөлөө авсан байсан, нөөцөд байгаа иргэнээс төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон үйл баримт юм.
Ингэснээр Д.П нь төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг эдлэх эрх хэмжээ нь сэргэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 38.1.3-т заасан цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих эрх хэмжээг эдлэх эрхтэй болсон.
Үүнийхээ дагуу Ж сумын засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн Б/01 тушаалаар өөрийн хүсэлтээр Аймгийн санхүү хяналт, дотоод аудитын газрын дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, шилжүүлэн ажиллахыг томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчаар буцаан томилогдсон болохыг баталгаажуулж байгаа юм.
Мөн Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаартай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 44.1-ийг баримтлан төрийн сангийн мэргэжилтэн П-г хяналт дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүссэн нь төрийн албан хаагчийн томилогдсон болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг шилжүүлэн авах хүсэлт илгээсэн болох нь тодорхой харагдаж байгаа юм.
Гэтэл уг шийдвэрийг илт хууль бус гэж үзэж тусгай шалгалт өгөх ёстой байсан, төрийн албаны ангилалыг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/07 тоот хуралдааны тэмдэглэлээс
Нэгт: Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөн.
Хоёрт: Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол шаардлагыг хангаагүй томилогдсон гэж үзсэн байдаг.
Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөл байдалтай нийцээгүй учраас Захиргааны еронхийн хуулийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гэж үзэх болохоор байгааг анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан боловч шүүхээс уг үндэслэлд дугнэлт өгч, нотлох баримтыг үнэлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн сангийн мэргэжилтэн, дотоод аудитор албан тушаалууд нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-нд тусгагдсанаар дэс түшмэл буюу гүйцэтгэх чиг үүрэг бүхий ижил төрлийн албан тушаал юм. Гэтэл дээрх хуралдааны тэмдэглэлээс харахад Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 дэх заалт буюу "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;" гэсэн заалтыг баримталсан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Томилж байгаа албан тушаал нь удирдах албан тушаал биш юм.
Мөн дээрх хуралдааны үед дурдаад байгаа үндэслэл болгоод байгаа 2023 оны 25-р тогтоол нь 2023 оны 01 сарын 25-ний өдөр батлагдаж хэрэгжиж байгаа тогтоол. Гэтэл нэхэмжлэгчийг томилсон тушаал нь 2023 оны 01 сарын 20-ны өдөр гарсан тухайн үед дээр дурдаад байгаа Засгийн газрын 25 дугаар тогтоол хэрэгжиж эхлээгүй байсан. Хуулийн буцаан хэрэглэх боломжгүй тул Төрийн албаны зөвлөлийн хяналтын шалгалын ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг хянаж шийдвэр гаргасан 2025 оны 01 сарын 15-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн хуралдаан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т заасан бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хууль зөрчсөн болохыг тодорхой харуулж байна.
3.3. Илт хууль бус захиргааны акт гаргасан гэдэг нь үндэслэлгүй тухайд:
Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б01 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “илт хууль бус байх/захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/” гэж дүгнэсэн. 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гаргасныг ойлгох бөгөөд илт хууль бус захиргааны акт аливаа этгээд хэн ч харсан илэрхий алдаатай тохиолдолд хэрэглэнэ.
Өөрөөр хэлбэл Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 37-р тогтоолын 6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт Захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийг заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэдэгт хамааруулж үзнэ гэж тус тус заасан байдаг.
Захиргааны чөлөөтэй байж байгаад төрийн албаны ижил төрлийн ажилд нөхөн томилогдон ажиллаж байсан ажилтныг нь өмнө эрхэлж байсан ижил төрлийн ажилд шилжүүлэн авах тухай хүсэлтийг төрийн захиргааны өөр байгууллагын өөр байгууллагын удирдлагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 44.1-ийг баримталж гаргасан нь дээр дурдсан илт хууль бус шийдвэр болох үндэслэл болохгүй юм.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 48-р тогтоол нь Төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг дордуулж Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 4.2.8-т заасан зарчмуудыг зөрчсөн гэсэн хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 48-р тогтоол нь нэхэмжлэгчийн төрийн албан хаагчаар томилогдсон тушаалуудыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үр дагавар үүсгэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8-т заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь тухайн асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тайлбарыг авах, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ажиллагааг хийгээгүй болох нь нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Мөн нөгөө талаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн Тайлбарт: "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно..." гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүрээн дэх төрийн буюу захиргааны үйл ажиллагаа урьдчилан тооцоолох буюу урьдаас харах боломжтой байх" юм. Үүний агуулга нь эдийн засгийн харилцааг зохицуулсан төрийн үйл ажиллагааны талаар, тухайлбал хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актын талаар холбогдох этгээдүүд мэдсэн байх /хууль, хэм хэмжээний актыг албан ёсоор нийтэлсэн/ бөгөөд тэдэнд тухайн шийдвэрт нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулах, дасан зохицох боломжит хугацаа олгосон байхыг ойлгодог. Энэхүү зарчим нь эдийн засгийн харилцаанд оролцож буй этгээдүүд нь төрийн үйл ажиллагаанд буюу хууль тогтоогчийн тогтоосон хуульд, захиргааны гаргасан шийдвэрт хэр хэмжээгээр итгэж болох тухай асуудалтай холбогддог. Эдийн засгийн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээд нь төрийн хууль тогтоомж, шийдвэрт итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулалт, худалдан авалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх, төлөвлөх зэргээр тодорхой хэмжээний зарлага гаргадаг, иймд энэхүү иргэдийн "итгэл хамгаалагдах” ёстой гэж үздэг
Төрийн алба хаана гэдэг Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж байгаа үйл явц бөгөөд түүнийг дагаад тухайн иргэний нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдаж амжиргааны эх үүсвэрээ залгуулж байгаа эдийн засгийн хамгийн чухал хөшүүрэг. Тиймдээ ч нэхэмжлэгч нь 2016 оноос хойш тасралтгүй төрийн албанд ажиллаж, ажил үүрэгтэй хоёргүй сэтгэлээр хандаж, төрийн албаны сул орон тоо, шилжин ажиллуулах, эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэрийг дандаа хэрэгжүүлж ажилласан атал, тухайн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтнуудын ойлгомжгүй хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж 2 жил ажиллаж байсан ажлаасаа гэнэт чөлөөлөгдөх болсон нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан ноцтой үр дагаварыг үүсгэж байна. Төрийн албаны зөвлөлөөс шууд тухайн тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгох бус, дутуу орхигдуулсан шийдвэр тушаал байгаа бол түүнийг засаж залруулж, даалгавар чиглэл өгөх боломж Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасны дагуу боломжтой байсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хууль зүйн үндэслэлд шүүхээс хууль хэрэглээний үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд хэт нэг талыг баримталсан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүхээс “... Төрийн албаны зөвлөл тухайн хяналт шалгалтыг хийсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна, ... Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт-ын шинжийг агуулсан, түүнчлэн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1-д заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн тушаалуудыг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ... тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Д.П-г шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, тухайн захиргааны акт нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь:
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 02 өдрийн дугаар Б/03 дугаар тушаалаар[1] Д.Пг ЗДТГазар, ЭМТөв, Сум хөгжүүлэх сан, Байгаль орчныг хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан бодогчоор 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэлх хугацаанд түр томилж, сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар[2] Д.Пг Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн томилж, сумын засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар[3] Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон байна.
3.2. Мөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар[4] “... Өөрийн өргөдөл, санал хүсэлтийг нь үндэслэн ...” гэсэн үндэслэлээр Д.Пг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн байна.
3.3. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 сарын 18-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар[5] “... Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Нармандахын Алтанзулыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Үндсэн ажилтныг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ж сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Д.П-г өөрийнх нь хүсэлтийг харгалзан Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ...“ томилсон байна.
3.4. Улмаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар албан бичгээр “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу танай байгууллагын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Пг Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа тул саналыг үүгээр хүргүүлж байна ...” гэсэн саналыг Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлсэн байна.
3.5. Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[6] “... Төрийн сангийн мэргэжилтэн, Д.П-н өөрийн хүсэлтээр Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн ...“ гэсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар[7] Д.Пг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн Дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн үйл баримтууд тогтоогдож байна.
3.6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;” 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заасан.
3.7. Энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч Д.П-н хувьд өөрийн хүсэлтээр сургуульд сурах гэсэн үндэслэлээр ажлаас түр чөлөөлсөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалтай маргаагүй байх бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн нь тогтоогдож байх тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.
3.8. Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч гурван сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцох, улмаар төрийн албаны сул орон тоог нөхөхдөө шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуульд заасан нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр заасан.
3.9. Гэтэл төрийн албан хаагчийн нөөцөд байгаа нэхэмжлэгч П.П-г Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар “... дотоод аудиторын сул орон тоо гарсан ...” гэсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дотоод аудитораар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль бус байна.
3.10. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 66 дугаар зүйлийн 66.1-т “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасан.
3.11. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1-д “Зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ:”, 2.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх”, 3.1-д “Зөвлөл доор дурдсан чиг үүргийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу дараах хүрээнд хэрэгжүүлнэ:”, 3.1.2-д “Хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх хүрээнд”, 3.1.2.в-д “төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх” гэж тус тус заасан.
3.12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 дугаар албан бичгээр[8] “... 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн дотоод аудиторын албан тушаалд шилжин ажилласан Д.П нь төрийн албаны шилжин ажиллах шаардлага шалгуурыг хангаагүй байх үндэслэл бүхий эрх зүйн актууд байх тул томилгоог хянаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дүгээр тушаалаар[9] ажлын хэсгийг байгуулсан байна.
3.13. Тус ажлын хэсгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тайланд[10] “... Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдөн төрийн албаны нөөцөд байгаа Д П-г мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн дагуу шилжүүлэн төрийн албаны тусгай шалгалтгүй томилсон байна, иймд Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул дээрх тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, биелэлтийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг...үүрэг болгох ...” тогтоолын төсөл танилцуулсныг тус зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/07 дүгээр хуралдаанаар хэлэлцээд тогтоолын төслийг дэмжсэн байна.
3.14. Улмаар Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор[11] “... Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д. П-г ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар (Ж.Амартүвшин)-т, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба (А.Догсмоо)-нд тус тус үүрэг болгож, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг урьдчилан мэдэгдэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлэхийг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд даалгаж” шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хариуцагчийн бүрэн эрх, чиг үүрэгт нийцсэн байх тул шүүх маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
3.15. Ийнхүү хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдийг сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нөхцөлд томилох боломжтой байтал түүнээс өөрөөр нэхэмжлэгчийг шууд томилох, шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байтал Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал болон тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д.Пг ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
3.16. Энэ талаарх Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн “... сургалтын чөлөө авсан байсан, нөөцөд байгаа иргэнээс төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон үйл баримт, ... Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг хангаагүйг анхан шатны шүүх анхаараагүй, дүгнэлт өгөөгүй, ... Томилсон тушаал нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол нэхэмжлэгчийг томилогдсоны дараа гарсан тул хуулийг буцаан хэрэглэсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 59 дэх тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 60 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтас, 61 дэх тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 62 дахь тал
[5] Хэргийн 1 дэх хавтас, 68 дахь тал
[6] Хэргийн 1 дэх хавтас, 71 дэх тал
[7] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал
[8] Хэргийн 1 дэх хавтас, 74-75 дахь тал
[9] Хэргийн 1 дэх хавтас, 47 дахь тал
[10] Хэргийн 1 дэх хавтас, 102 дахь тал
[11] Хэргийн 1 дэх хавтас, 49 дэх тал