Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1340

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00655 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ИМҮ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 307 327 387 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний урьдчилгаанд төлсөн 124 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Урангуа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “ИМҮ” ХХК-тай 2014 оны 8 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, манай тал 1 цагт 60 тонн асфальт гаргах хүчин чадалтай асфальтын үйлдвэрийг БНХАУ-аас оруулж ирэн хүлээлгэн өгөх, “ИМҮ” ХХК нь гэрээний үнэ 1 039 500 юань төлөхөөр харилцан тохирсон. “ИМҮ” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 350.000 юанийг манай компанид төлсөн бөгөөд манай компани асфальтын үйлдвэрийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн. “ИМҮ” ХХК-д үлдэгдэл төлбөр 689 500 юанийг төлөхийг манай зүгээс удаа дараа шаардсаны дагуу бид харилцан тохиролцож, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 3 сарын 20-ны дотор төлж барагдуулах, сар тутам алданги болох 6 000 000 төгрөгийг манай компанид төлөхөөр болсон. 2014 оны 6 сард “ИМҮ” ХХК нь тендерээр авсан замын ажлаа дууссан ба цаашид асфальтын үйлдвэрээ ашиглахгүй болсон тул бусдад асфальтын үйлдвэрээ зарж, гэрээний төлбөрийг барагдуулъя гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч, 2 талаас ажилчид гарган Дархан-Уул аймгийн Хонгор сумаас асфальтын үйлдвэрийг хураан ачиж Улаанбаатар хотод авчирсан. Үүнээс хойш “ИМҮ” ХХК нь утасны дугаараа сольсны улмаас бид холбогдож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Асфальтын үйлдвэрийг бид өөрийн хадгалалт, хамгаалалтанд байлгаж байгаа бөгөөд тухайн үйлдвэрийг байрлуулах хашааны түрээсийн төлбөр болон харуулын цалинг манай компани төлсөөр ирсэн. “ИМҮ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 689 500 юань буюу 204 884 925 төгрөг, алданги 344 750 юань буюу 102 442 462.5 төгрөг, нийт 1 034 250 юань буюу 307 327 387.5 төгрөгийг нэхэмжилж байна. Юаны ханшийг гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцон гаргасан гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний дагуу асфальтны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 350 000 юань шилжүүлсэн. Хэргийн материалд 300 000 болон 50 000 юань гэсэн үнийн дүнтэй баримт авагдсан байгаа. Монголбанкны тухайн өдрийн албан ёсны ханшаар тооцоход 104 002 500 төгрөг болсон. Үнийн дүн дээр маргаан байхгүй байгаа. Бид урьдчилгаагаа өгөөд бүтээгдэхүүнээ хүлээн аваад ажиллуулах гэтэл доозлогч нь эвдэрхий асфальтны үйлдвэр байсан. Эвдрэл гэмтлийн асуудал нь манайхаас хамааралгүй үйлдвэрийн эвдрэл байсан. Худалдагч тал үйлдвэрийн гэмтлийг засах үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн доозлогч нь эвдэрхий хэвээрээ байсан. Гэтэл “С” ХХК нь манай мэдэлд байсан уг асфальтны үйлдвэрийг бидний зөвшөөрөлгүйгээр, манай компанийн эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр авч явсан байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 350 000 юань буюу 104 002 500 төгрөг нэхэмжилж байна. Харин үлдэгдэл 20 000 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Доголдлын шаардлага гаргах хугацаа нь өнгөрсөн. 2 хоногийн хугацаанд шалгаж авах бөгөөд түүнээс хойших хугацаанд гарсан доголдлыг худалдагч тал хариуцахгүй гэж гэрээгээр талууд тохиролцсон. Хэрэв энэ хугацааг богино хугацаа гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 6 сарын хугацаанд дотор шаардлага гаргах боломжтой байсан. Гэтэл ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй. Авсан даруйдаа ажиллахгүй байсан гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан бичиг явуулж, бид 2015 оны 3 дугаар сарын 20-ны дотор багтаан үлдэгдлийг төлбөрийг алдангийн хамт төлнө гэсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байдаг. Иргэний хуульд зааснаар тухай эд хөрөнгийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжиж байгаа. Хариуцагч тал тухайн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр буюу өөрөөр хэлбэл хулгайгаар авсан гэж тайлбарладаг. Хэрэв хууль бусаар авсан бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм. Хариуцагч тал Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1717 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хариуцагч тал хэлэхдээ танайх тоног төхөөрөмж зардаг газар юм чинь худалдан авах хүн олоод өгөөч гэсний дагуу бид авчирсан. Бид өнөөдрийг хүртэлх 3 жилийн хугацаанд хадгалалтын түрээсийг төлөөд явж байгаа ч бид нэхэмжлээгүй. Тиймээс бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан хариуцагч “ИМҮ” ХХК-нд холбогдох 307 327 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-аас 104 002 500 төгрөг гаргуулж хариуцагч “ИМҮ” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     1 694 587 төгрөг, хариуцагч “ИМҮ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 677 962 төгрөг гаргуулан “ИМҮ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “С” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамааралтай. Харин шүүхээс “С” ХХК-ийн үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэхдээ нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах хүсэл зориг байсан эсэх, хариуцагч “ИМҮ” ХХК нь сайн дурын үндсэн дээр тоног төхөөрөмжөө шилжүүлсэн байж болох нөхцөл байдалд үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Тухайлбал нэхэмжлэгч “С” ХХК нь “ИМҮ” ХХК-д гэрээнээс татгалзах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, үүрэг гүйцэтгэх талаар ямарваа нэгэн нэмэлт хугацаа тогтоож байгаагүй. Харин хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан, нэхэмжлэгч “С” ХХК нь доголдлыг арилгаж өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна гэж үндэслэл, тайлбараа тодорхойлсоор байтал шүүхээс нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно. Мөн шүүхээс “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэхдээ 2015 оны 6 сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл 2 жил 4 сарын хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдан авагч “ИМҮ” ХХК-иас шаардсан баримт хэрэгт байхгүй байна гэжээ. Гэтэл “С” ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, мөн худалдан авагч “ИМҮ” ХХК нь анх гэрээ байгуулсан хаягаа өөрчилсөн учир урьд шүүхэд хандаж чадаагүй ба ийнхүү хаягаа өөрчилсөн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Иймд “С” ХХК нь 2015 оны 6 сарын 06-ны өдрөөс хойш 2 жил 4 cap нэхэмжлэл гаргаагүй нь гэрээнээс татгалзсан гэж дүгнэх үндэслэл болохгүйг анхааран үзэхийг хүсч байна. Хариуцагч “ИМҮ” ХХК нь өөрийн хүсэлтээр худалдан авах этгээдтэй зуучлуулахаар тоног төхөөрөмжийг “С” ХХК-н эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ хэлцэл, хүсэлт байхгүй нөхцөл байдлыг урвуулан ашиглаж тоног төхөөрөмжийг бидэнд мэдэгдээгүй, зөвшөөрөлгүй авч явсан талаар маргадаг. Энэ тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийг хэрэглэж хэлцлийн агуулгыг хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах боломжтой байсан боловч тус заалтыг хэрэглээгүй. Тодруулбал хариуцагч “ИМҮ” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө худалдсан тоног төхөөрөмжийг, эсхүл гэрээний урьдчилгаа төлбөрийг “С” ХХК-иас шаардаж байгаагүй, “С” ХХК нь эхэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан, нөгөө талаас “С” ХХК нь тухайн тоног төхөөрөмжийг эзэмшилдээ авсан цагаасаа ямар нэг байдлаар эзэмшиж, захиран зарцуулаагүй одоог хүртэл хадгалж, хамгаалж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Уранчимэгийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн “С” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 350 000 юань өгсөн болохоо анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, холбогдох орлогын баримтаа шүүхэд бүрэн гаргаж өгсөн байдаг. Гэтэл “ИМҮ” ХХК нь шүүхэд хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахдаа “худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 300 000 юань өгсөн, уг мөнгийг нэхэмжилж байна" гэсэн шаардлагыг шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гаргасаар ирсэн нь “ИМҮ” ХХК, “С” ХХК-ийн хооронд хийсэн тоног, төхөөрөмжийг бусдад зуучлан худалдаалах талаар одоогийн тус компанийн эрх бүхий этгээд мэдээгүй байж болох  үндэслэл тогтоогддог. Сөрөг нэхэмжлэлийн 124 410 000 төгрөгийн нэхэмжлэлээс 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан гэж дүгнэсэн боловч 104 410 000 төгрөг бус 104 002 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэт нөгөө талын эрх ашигт нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлээ болгож худалдсан тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой байсан, засан сайжруулж өгөөгүй, тоног төхөөрөмжийг бидэнд мэдэгдэлгүй авсан гэж маргадаг боловч ийнхүү гаргасан тайлбараа шүүхэд нотолж чадаагүй. Мөн шүүх Д.Оюунчимэг гэгчийг гэрчээр асуугаагүй хэрнээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Д.Оюунчимэг нарын" мэдүүлэг гэж үзсэн байгаагаас үзвэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, хэргийн материалд авагдаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч “ИМҮ” ХХК нь “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсан талаар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоогүй, бөгөөд харин ч эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх диспозитив зарчмыг зөрчиж нэхэмжлэгч “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн. Хэрэв хариуцагч талаас “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсантай холбогдуулан сөрөг нэхэмжлэлээ гаргасан бол нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзсан хохирол, эд хөрөнгийн элэгдэл хорогдол зэргийг тооцон нэхэмжлэх эрхтэй байсан. Гэтэл хариуцагч энэ талаар маргаангүй байхад шүүхээс “С” ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь зохигчдын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “ИМҮ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ИМҮ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 307 327 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны 124 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

 Зохигчид 2014 оны 8 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “С” ХХК нь асфальтын үйлдвэр /тоног төхөөрөмж/-ийг шилжүүлэх, “ИМҮ” ХХК нь тоног төхөөрөмжийн үнэ 1 039 500 юань төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/

 

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

 Гэрээний дагуу худалдагч нь тоног төхөөрөмжийг худалдан авагчид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 50 000 юань, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 300 000 юань, нийт 350 000 юань буюу 104 002 500 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

 Харин 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдагч “С” ХХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг буцаан авсан болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1717 дугаартай тогтоол зэргээр тогтоогдсон байна.

 

  Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг буцаан авсан үндэслэлээ “ИМҮ” ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул төлбөр төлөх хүртэл хугацаанд өөрийн хадгалалтад авсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

  

Учир нь худалдагч “С” ХХК нь үлдэгдэл төлбөрийг худалдан авагч “ИМҮ” ХХК-иас шаардсан, тоног төхөөрөмжийг буцааж авах тухай мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч ”С” ХХК нь худалдсан тоног төхөөрөмжөө буцаан авсан нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэн худалдан авагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн 104 002 500 төгрөгийг худалдагчаас буцаан гаргуулж хариуцагчид олгох байдлаар сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 372 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                             

                                                          ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ                                                                                                              

                                                                                                       Г.ДАВААДОРЖ