| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0235/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/239 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/239
2023 06 28 2023/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг
Улсын яллагч Т.Төгөлдөр
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 2325000000327 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У овогт Н-ийн Н нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, тоотод хохирогч М.Мтай түлхүүр алга болсон гэсэн шалтгаанаар маргалдаж, хохирогчийн толгойн тус газар нь архины шилээр, нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хуйханд шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Н.Нгийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч М.Мын ..2023 оны 05 дугаар сарын 21-ний 16 цагаас эхлэн манай гэрийн ойролцоо байдаг Н ах бид хоёр нийт 3 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Сүүлийн 1 архиа бараагүй дөнгөж задлаад л орхисон байсан. Орой 21 цагийн орчим би нэлээн согтчихсон орон дээрээ хэвтэж байтал Н ах манай гэрт орж ирээд надаас түлхүүр нэхээд уурлаад байсан. Надад танай гэрийн түлхүүр байхгүй шүү дээ би яахаараа авдаг юм бэ гэхэд Н ах хуц хүүрээ түлхүүр өгөөдөх гэж хэлээд үгийн зөрүүгүй ууж байсан архины шилээр миний толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл тас гээд л явчихсан. Тэгээд толгойноос их хэмжээгээр цус гарсан. Тэгсэн Н ах чамайг ална шүү гэж хэлчихээд манай гэрээс гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6-8-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05-р сарын 23-ны өдрийн 467 дугаартай... М.М-ын биед хуйханд шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3. Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт.... гэх дүгнэлт /хх-н 13-14-р тал/
-Шүүгдэгч Н.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш би хуурай дүү Мын гэрт очсон юм... Тэгээд бид хоёр 0,75 литрийн 3 шил архийг хувааж уусан бөгөөд сүүлийн архийг дуусгалгүй би согтоод ухаанаа алдчихсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь би 2023.05.22-ны өдөр гэрийнхээ хашаан дотор ногооны хүлэмжин дотор унтаж байгаад сэрсэн юм. Ингээд би гэртээ орох гэтэл гэрийн түлхүүр байхгүй болохоор нь би Мын гэрт очсон... Миний хувьд согтоод ухаанаа алдаад тасарчихсан учраас юу болсоныг мэдэхгүй байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Н.Н нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 456-26 тоотод очиж хохирогч М.Маас “түлхүүр хаана байна” гэж маргалдаж улмаар хохирогчийн толгойн тус газар нь архины шилээр, нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хуйханд шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Нгийн үйлдлийн улмаас М.Мын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Н.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Н.Нгийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч М.М нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Н-ийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 2/хоёр/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ