Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0783

 

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0783

Улаанбаатар хот

 

“”ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “ГМ” ХХК-ийн төлөөлөгч Ш.Энхцэцэг;

 

Нэхэмжлэгч: “ГМ” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 602 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, П.Г, Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч З.Ц, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0443/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ГМ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-252400002ХХ дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 602 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.2, 15.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 29.1.5, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э давж заалдах гомдолдоо:

3.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, Б.М нар манай компанийн 2018, 2019, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд (хэсэгчилсэн) хяналт шалгалт хийж үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Танилцуулгад: “... Гурав... 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 222 ширхэг төлбөрийн баримтаар 7,139,666,309.08 төгрөгийн худалдан авалт хийснээр...төлбөл зохих албан татварыг 713,966,630.91 төгрөгөөр бууруулсан байж болзошгүй байна...” гэж үзэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсныг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.О “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 364 дугаартай тогтоол гаргасан байдаг.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.О-ын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 364 дугаартай Тогтоол гараагүй байхад буюу 4 сарын өмнө Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.Б-О, Б.Л нар өмнөхтэй ижил асуудлаар манай компанийн 2019, 2020, 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин (хэсэгчилсэн) хяналт шалгалт хийж татварын зөрчил илэрлээ гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Танилцуулгад: “2. 2019 онд 7,139,666,309.08 төгрөгийн худалдан авалтаар төсөвт төлөх албан татвараа бууруулсан... байж болзошгүй...” гэж үзсэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Н хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг явуулж хэргийг хаах санал гарган ирүүлснийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Б-О хянаад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1125 дугаартай Тогтоолд: “...Олсон нь... 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 364 дугаартай Тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн буюу урьд нь хаасан тогтоол хүчинтэй байна... ТОГТООХ НЬ... хэргийг... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай...” гэж шийдвэрлэсэн байдаг.

Харин Татварын улсын байцаагч нарын хоёр дахь буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Танилцуулгад “... Хоёр...Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 67,375,705.39 төгрөгийн төсвөөс буцаан авах үлдэгдлийг хэвээр нь баталгаажуулав.” гэж манай компанийн 2019-2021 оны хувьд өссөн дүнгээр шалгалт хийсэн Татварын улсын байцаагч Т.Б-О, Б.Л нар хууль хяналтын байгууллага шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тохиолдолд дахин шалгаж нөхөн ногдуулалтын акт үйлдэх шаардлагагүй буюу зөрчилгүй гэж үзэхээр шийдвэрлэсэн татварын улсын байцаагч нарын шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байхад 2024 оны 11 дүгээр сард 3 дахь удаагийн шалгалтаар татварын улсын байцаагч Г.О, өмнө нь манай компанийг шалгасан татварын улсын байцаагч 3.Ц нар 2021 оны Танилцуулгаа үндэслэн манай компанид нийт 1,070,949,946.36 төгрөгийн төлбөрийг 2024 оны №НА-252400002ХХ  дугаартай нөхөн ногдуулалтын актаар үндэслэлгүйгээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд татварын хяналт шалгалт тодорхой байх, шударга байх зарчимд нийцэхгүй байна.

Манай компани нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;...” гэж заасны дагуу “АБ ” ХХК, “Э” ХХК, “ИЗ” ХХК-аас 7,139,666,309.08 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан бөгөөд энэхүү ажил гүйлгээ нь нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн “Е” баримт, нягтлан бодох бүртгэлийн бараа материалын худалдан авалтын журнал зэргээр нотлогддог.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.34-т ““татварын цахим баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан, цахим гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг....”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”; мөн зүйлийн 4.1.14-т “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг....” гэж тус тус заасан.

Манай компани нь 2019 онд 10.1 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой ажилласан бөгөөд 7.1 тэрбум төгрөгийн худалдан авалтгүйгээр энэхүү орлогыг олох боломжгүй нь хэн хүнд ойлгомжтой билээ.

3.2. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Маргаан таслах зөвлөл нь ес... ... хүний бүрэлдэхүүнтэй байна. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална”, 46.5-т “Маргаан таслах зөвлөлийг тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:”, 46.5.1-д “аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл;” 46.7-д “Маргаан таслах зөвлөлийн дэргэд татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий хараат бус магадлагч ажиллах бөгөөд магадлагч нь тухайн шатны татварын албаны дарга томилсон татварын улсын байцаагчийн эрхтэй этгээд байна”, 47.7-д “Маргаан таслах зөвлөлийн хуралдаан нь бүх гишүүний гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно.”, 47.15-д “Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна.”, 47.16-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 11, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна”, 2.6-т “Татварын ерөнхий хуулийн 46.7-д заасны дагуу Маргаан таслах зөвлөлийн магадлагчийг тухайн шатны татварын албаны даргын тушаалаар 3 жилийн хугацаагаар томилно”, 2.7-т “Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн дотоод ажлыг хариуцан, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтөлнө.” гэж заасныг бүгдийг зөрчсөн.

Тодруулбал, Маргаан таслах зөвлөл хуульд заасан хугацаанд хуралдаагүй 5 /таван/ сар гаруй болсон, томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулах боломжоор хангаагүй, хурлын товыг огт мэдэгдээгүй, хуралдааныг гэнэт тулгаж зарласан, манай компанид томилогдон ажилласан хараат бус магадлагч нь МТЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Т гэгч этгээд өөрөө давхар ажилласан зэрэг нь тус тусдаа чиг үүрэг, эрх хэмжээ нь хуульчлагдсан этгээдүүдийн чиг үүргийг нэг этгээд нэгэн зэрэг давхар хэрэгжүүлсэн нь процессын ноцтой зөрчил мөн.

Магадлагч нь Маргаан таслах зөвлөлийн гишүүдэд актыг хэвээр үлдээх талаар хууль зүйн болоод бодит байдалтай нийцээгүй санал, дүгнэлтийг танилцуулсан, түүнчлэн мөн тэрээр тухайн өдрийн маргаан таслах зөвлөлийн хуралд гишүүний эрх, үүрэгтэйгээр оролцож Маргаан таслах зөвлөлийн хурлын ирцийг 6 болгож хүргэсэн, санал хураалтад оролцохгүй байх зэргээр ашиг, сонирхлын илтэд зөрчил гаргаж, Нийслэлийн татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл хүндэтгэн, хэт нэг талыг барьсан буюу зөвхөн буруутгах, өндөр төлбөрийн дүнтэй актыг хэвээр үлдээхийг урьтал болгож байгаа нь эндээс тодорхой харагдаж нотлогдож байгаа болно.

Дээрх хууль болоод үндэслэлүүдийг хангалттай тайлбарлаж, мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх хэргийн бодит байдалд бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлтийг хангалттай өгч чадаагүй, гаргасан шийдвэр нь алдаатай болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэл, нотлох баримтуудад тулгуурлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0602 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

  1. Маргааны үйл баримтын тухайд:

 

    1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-252400002ХХ  дугаар нөхөн ногдуулалтын актаар “ГМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  713,966,630.91 төгрөгийн нөхөн татвар, 214,189,989.27 төгрөгийн торгууль, 142,793,326.18 төгрөгийн алданги, нийт 1,070,949,946.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

    1. Уг акт гарах болсон үндэслэл нь “ГМ” ХХК нь

-2019 оны 3 сард ... “АБ ” ХХК-иас ... дугаартай төлбөрийн баримтаар 11,690,909.09 төгрөгийн дүнтэй 1 ширхэг баримт,

-11 сард ... “Э” ХХК-иас 5,008,066,309.07 төгрөгийн үнийн дүнтэй 165 ширхэг,

-12 сард ...“ИЗ” ХХК-иас 2,119,909,090.92 төгрөгийн үнийн дүнтэй 56 ширхэг нийт 7,139,666,309.08 төгрөгийн үнийн дүнтэй 222 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг татварын хяналт шалгалтаар илрүүлж нийт 7,139,666,309.08 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт оногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Тус зөвлөл татварын маргааныг хэлэлцээд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоолоор дээрх маргаан бүхий татварын улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээсэн байна.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

3.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нар нь “ГМ” ХХК-ийн 2018-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд нэхэмжлэгч нь 2019 онд   “АБ ” ХХК, “Э” ХХК, “ИЗ” ХХК-иудаас 222 ширхэг хий бичилттэй төлбөрийн баримтаар худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн Худалдаа хөгжлийн банкин дахь 404234261 тоот төгрөгийн харилцах дансны 2018.01.01-2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны хуулга /1хх-ийн 74-94/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 11-и-1/622 тоот албан бичгээр ирүүлсэн татвар төлөгчийн НӨАТ-ын хий бичилттэй падааны мэдээллийг тулгалт хийсэн байдал /1хх-ийн 67-70/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 364 дугаартай тогтоолд “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байж болзошгүй ...” гэж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоол /1хх-ийн 22-30/, хариуцагч нарын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

3.2. Дээрх татварын хяналт шалгалтаар илэрсэн нийт 7,139,666,309.08 төгрөгийн зөрчилд “ГМ” ХХК-д 713,966,630.91 төгрөгийн нөхөн татвар, 214,189,989.27 төгрөгийн торгууль, 142,793,326.18 төгрөгийн алданги, нийт 1,070,949,946.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж /энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж /энэ зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ тус тус заасантай нийцсэн, зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тооцож хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.3. Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 28 дугаар зүйл “Татварын албаны бүрэн эрх”, 29 дүгээр зүйл “Татварын улсын байцаагчийн бүрэн эрх”, 32 дугаар зүйл “Мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх журам”, 33 дугаар зүйл “Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг”, 34 дүгээр зүйл “Акт, дүгнэлт бичих үндэслэл”-д заасан журам, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-ийн дагуу татварын хяналт шалгалтыг хийсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

3.4. Дээрхээс үзэхэд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Г.О нар татварын ногдуулалт, татварын төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-252400002ХХ дугаар нөхөн ногдуулалтын акт гаргахдаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 онд гаргасан зөрчилд Татварын ерөнхий хууль /2008/-ийг буцаан хэрэглэсэн нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасантай нийцсэн бөгөөд энэ нь татвар төлөгч буюу нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

 

3.5. Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “ГМ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн танилцуулгыг 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаа нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн татварын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

3.6. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                  О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА