Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 61

 

     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0050/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***овогт *** ***д холбогдох 201609000564 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
                 
Шүүгдэгч ***нь иргэн ***т Япон улсад ажиллаж амьдарч байсан гэж танилцуулан, ***, ***, ***нарыг Япон улсад ажилд зуучилж өгье гэж 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2500000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7000000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 276000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэн авч залилан мэхлэж иргэн ***т 12776000 төгрөгийн хохирол учруулсан, 
мөн иргэн ***т Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нөхрөөс чинь гэрлэлтийн баталгааг салган Япон улсад ажилд зуучилж өгнө гэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1000000 төгрөг, нөхрийн чинь Солонгос улс руу гарахдаа байршуулсан 5000000 төгрөгийг авч өгье гэж 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2000000 төгрөг хуурч  мэхлэх аргаар өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэн авч залилан мэхлэж иргэн ***т 3000000 төгрөгийн хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж, нийт 15776000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Purewsuren 148.2.docx
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний ээж ***, аав *** нар нь намайг 2 настай байхад салж тусдаа амьдрах болсон. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Хонгорт очиж аав ***гийн гэрт нь очиж түүнтэй уулзсан. 
...аавын эхнэр *** болон хүүхдүүдэд нь би өөрийгөө хувиараа юм хийж байгаа, өөрийнхөө амьдралыг болгож байгаа, урьд нь Япон улсад ажиллаж амьдарч байгаад Монголд ирсэн. Японы ажиллаж байсан байгууллагынхаа Монгол талыг Монголдоо би хариуцан ажиллаж байгаа гэж хэлсэн. Япон руу анх ***ийг ажилд зуучилж өгөх санааг би өөрөө гаргаж, ээж ***т нь хэлэхэд *** эгч надад “болохоор бол тэр нь дээр юм байна, чи чадахаар бол наад асуудлаа бүтээгээд өгөөч” гэсэн. ***ийг Япон руу ажилд зуучилж өгөхөд эхний ээлжинд Монголоос Япон руу очих онгоцны тийзний зардал Монгол мөнгөөр 2.5 сая төгрөг, Японд очоод ***ийн байрлах байрны мөнгө 1 хүний байрны 500 америк доллар, Япон элчин сайдын яаманд виз мэдүүлэх нэг хүний 276000 төгрөг гэх мэт зардлууд эхний ээлжинд хэрэгтэй гээд би тэдгээр хүмүүсээс бүрдүүлэх ёстой бичиг баримтуудыг нь тэр хүмүүст хэлж бичиг баримтуудын хуулбарыг факсаар авсан. Гэтэл *** эгч надад “***ийн материал дээр чи хамт миний дүүгийн хүүхэд ***г мөн Япон руу ажилд зуучилж өгч чадах уу?” гэж надаас асуухаар нь би “чадна, болно” гэсэн. *** эгчид би ***г бас Япон руу ажилд зуучлуулах юм бол ***этэй адил дээрх мөнгөнүүдийг миний хэлсэн материалуудын хамт над руу явуул гэсэн.  Мөнгийг *** эгч өөрөө хариуцаж миний ХААН банкны *** тоот дансанд нийт 4 удаа тасалж нийт 15776000 төгрөгийг шилжүүлсэн. 
...Японд ажиллаж байсан боловч Монгол дахь салбарыг хариуцаж байсан гэдэг нь худлаа, бусад зүйл нь үнэн. Өөрийнхөө бурууг ойлгож гэмшиж байна. Би хувиараа бэлэн хувцас зардаг байсан. Наймаагаа эргэлдүүлэхэд хүмүүсээс авсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн. 
…хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч ***ийн  өмнө гэм буруугаа хүлээж байна. Цаашид сайхан холбоотой байх боломж байсан боловч би өөрөө ийм байдал үүсгэсэн, миний буруу маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би өмнө нь нөхрийгөө охинтой гэж мэддэг байсан. Багад нь нэг удаа хальт харж байсан. Өнгөрсөн зун намайг Улаанбаатар хот явсан хойгуур *** манайд ирээд явсан байсан. Тэрнээс хойш 3-4 удаа уулзалдсан. Тэгж уулзахад *** нь “Япон гаргаж өгнө, би Монгол дахь салбарыг хариуцаж байгаа” гэхээр нь би итгээд хүүхдүүдийг минь дээшээ татчих юм болов уу, Япон явчихвэл хүүхдүүд минь гайгүй амьдрах байх гэж бодоод хүн амьтнаас зээл авч цуглуулж, нийт 12766000 төгрөгийг ***д өгсөн. Энэ мөнгийг ***гийн эгч нь гэж хүн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр авчирч өгсөн. Одоо надад санал гомдол байхгүй, Энэ мөнгийг хүнээс зээлээд өгсөн байсан учир надад төлөхөд хэцүү байсан. Гэтэл ***гийн утас нь холбогдохгүй хаяг нь тодорхойгүй, холбоо барихгүй байсан учир цагдаад өгсөн. 
… Амьдрал минь хэцүү байж байгаад сүүлийн 4-5 жилээс арай л гайгүй болж байна. Би энэ  мөнгийг ***д өгөхөөс өмнө 80000000 төгрөгийг хүнд өгч залилуулаад тэр шокноосоо гараагүй байсан. Тэр мөнгөө би одоо болтол авч чадаагүй сар болгон банкинд мөнгө төлдөг. Тэр тухайгаа би ***д өөрт нь хэлж “ийм байдалтай байгаа шүү, боломжгүй юм битгий хийгээрэй” гэж гуйж байсан. Энэ мөнгийг хүнээс зээлээгүй, эргэн төлөгдөх боломжтой байсан бол би ***гээс энэ мөнгийг нэхэмжлэхгүй байх байсан.” гэх мэдүүлэг
    
          -***ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 13-15/, 

          -Хохирогч ***ийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн: “...Миний нагац ах ***гийн урьд эхнэрээс нь гарсан өөрийнх нь охин гэх *** гэх эмэгтэй 2016 оны 7 дугаар сарын дундуур наадмаар 5 хоног амарсан үеэр  *** ахынд ирсэн. Энэ үед *** ах надтай ***г танилцуулсан. ***тэй танилцаад ярилцах явцад миний яриан дундаас л *** “өө, танай нөхөр Солонгос гараад харласан юм уу?” гэснээ “чи өөрөө гадагшаа гарахгүй байсан юм уу?” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “боломжтой бол гадагшаа /өөр улс руу/ л гармаар л байна, гадагшаа гарчихвал тэндээ ажиллаж амьдраад өөрийнхөө биеийг ч гэсэн эмчлүүлмээр байна” гэсэн. Тухайн үед би савны хавдартай байсан эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгсэн *** надад “би ***д /*** ахын хүү/ нэг л удаа тус болно, түүнийг би Япон руу гаргаж өгч ажилд оруулж өгөхөөр хөөцөлдөж байгаа” гэж надад хэлсэн. Би “гадагшаа гармаар байна, гэвч манай нөхөр Солонгос гараад харласан учраас би гадагшаагаа гарч болохгүй л байх даа” гэхэд *** “нөхрөөс чинь чиний гэрлэлтийг чинь салгаад өгье, тэгээд чи гадагшаа гарч болно шүү дээ” гэсэн. Гэрлэлтийг чинь салгаад өгчих таньдаг хүн надад байгаа гэсэн. 
...Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа *** өөрөө эхэлж утсаар яриад  “Шинээ, нөгөө гэрлэлт салгах асуудал чинь бүтэхээр боллоо шүү, гэрлэлтийг чинь салгаж өгөх гэж байгаа хүний нэр, ус, ажил албыг нь чамд хэлээд яахав, дараа нь дэмий биз, харин чи над руу яг одоо 1 сая төгрөг шилжүүлчих, тэгвэл яг одоо бүтлээ” гэсэн.
…Тухайн үед би банкнаас 5 сая төгрөгийн цалингийн зээл авсан бэлэн мөнгөтэй байсан учир түүнд итгээд ***гийн хэлсэн 1 сая төгрөгийг Хонгор сумаас ***гийн өөрийнх нь өгсөн Хаан банкны *** гэсэн данс руу шилжүүлсэн.  
        ...Үүнээс хойш ***тэй би утсаар хааяа ярьдаг ба ярихдаа “нөгөө гэрлэлт салгах асуудал юу болж байна” гэхэд “салгасан” гэсэн. 
…*** “танай нөхрийн Солонгос руу явахдаа байршуулсан 5 сая төгрөгийг авч болдог шүү дээ, тэрийг би чамд аваад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “тэгж тус болооч, тэгвэл их л сайн байна” гэхэд *** “надад таньдаг хүн байгаа, асууж сураглаад өгье” гэсэн. Тэгээд дахин хэд хоногийн дараа *** өөрийнхөө *** дугаараас миний *** дугаар руу эхэлж залгаад “дээрх асуудлыг бүтээж өгөх хүнтэйгээ яриад тохирчихлоо. 5 сая төгрөг авахын тулд тухайн дансанд үүнтэй адил 5 сая төгрөг дахин байршуулдаг юм байна, чи өнөөдөр 14 цагаас өмнө маш яаралтай 2 сая төгрөгийг над руу шилжүүл, би чиний шилжүүлсэн 2 сая төгрөг дээр өөрөөсөө 3 сая төгрөг нэмж байгаад тухайн 5 сая төгрөг байгаа дансанд нь байршуулж байгаад нөхрийн чинь Солонгос явахдаа байршуулсан 5 сая төгрөгийг чамд аваад өгье, харин чи над руу 2 сая төгрөгийг яаралтай шилжүүл, гол нь маш хурдан шүү 14 цагаас хойш хоцроов” гээд байсан. Тухайн үед би ***д итгэсэн боловч надад мөнгө байхгүй байсан арай гэж хүнээс асууж сураглаж байж мөнгө олоод төрсөн дүү ***т хэлж байгаад түүний ХААН банкны *** тоот данснаас 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2 сая төгрөгийг ***гийн *** тоот данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/, 

-***, *** нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 14, 32-33/, 

           -Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хадам аавын охин гээд 2016 оны 6 дугаар сард *** гэх эмэгтэй Хонгорт хадам аав, ээжийн гэрт ирж уулзсан байсан. Энэ талаар би сонссон. 
…Тэгээд манай нөхөр ***эд *** эгч анх “Япон руу гарч ажиллаж амьдрах уу?, би өөрөө Японд ажиллаж амьдарч байсан, Япон түнштэй гэж” хэлсэн байсан. 
…хадам ээж *** маань ***э бид хоёрыг Япон гарахад шаардлагатай гэх *** эгчийн нэхсэн бүх мөнгийг өөрөөсөө *** эгч рүү бүгдийг нь шилжүүлж байсан. 
...Япон элчингийн гадаа 09 цагт *** эгчийг 2 цаг хүлээсэн боловч өөрөө ирээгүй. Тэгтэл *** эгч утсаар бид хоёр руу яриад “та 2 явж бай, эгч нь өөрөө болгоно” гээд “харин та 2 явахдаа визний мөнгө болон гадаад паспортоо үлдээгээд яв” гэсэн. ***эгч ***э бид хоёрыг Япон явуулахаар хөөцөлдөж байгаа гэж их үнэмшилтэй ярьдаг байсан. гэх мэдүүлэг /хэргийн 35-36/, 

             -Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сард ээж бид 2 Улаанбаатар хот руу яваад Хонгорт гэртээ ирсэн чинь аав *** маань бага зэрэг халамцуу сууж байсан. Аав ярихдаа миний урьдны эхнэрийн охин ирсэн гэж ярьсан. 
...тэгээд анх *** эгч өөрөө надад “эгч нь Японд ажиллаж байсан. Японы аялалын компанид Монгол дахь менежерийг хийдэг, танай эхнэр  та хоёрыг Япон гаргаж өгч тус болъё, ер нь та хоёрын амьдралыг хараад байсан чинь бүтэхгүй юм байна” гээд байхаар нь нээрээ л эгч маань тус болох нь гэж бодоод энэ талаар ээж ***т хэлэхэд ээж “үнэн бол сайн байна, тэгье” гэсэн. *** эгчид зөвшөөрч байгаагаа хэлэхэд *** эгч Япон гарахад ийм бичиг баримт шаардлагатай мөн мөнгө хэрэгтэй гээд нарийн зүйлийг ээж ***тэй ярьсан. 
…Надаас гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт бичиг баримтуудын хуулбарыг нэхээд байсан ба би шаардсан материал бүрийг цахимаар түүн рүү явуулсан. Япон руу явуулж ажилд оруулж өгөхөд тийм ч юманд тэдэн төгрөг хэрэгтэй, ийм ч зүйлд тэдэн төгрөг хэрэгтэй гээд мөнгө аваад байгаа сураг гарсан. Нарийн ширийн зүйл болох яг юунд хэдэн төгрөгийг нэхэж авсныг ээж л мэдэж байгаа. Ээж бүх мөнгийг эхнэр бид хоёрын өмнөөс өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...*** гэдэг хүн түрүүлж над руу 9917-той сүүлийн 4 оронтой тоог нь санахгүй байна. Дугаараас яриад “*** эгч нь байна, чи Япон улс руу явж ажиллаж амьдрах бодол байна уу?” гэсэн.  Эхлээд би үүнийг сонсоод баярлаад “үнэхээр боломжтой бол явъя” гэсэн. Тэгсэн чинь “энэ асуудлыг би өөрөө хариуцаж хөөцөлдөнө, баараггүй бүтнэ, санаа зоволтгүй, харин надаар Японы виз болон очоод ажиллах ажил, амьдрах байраа хөөцөлдүүлж бүтээлгэх бол эхний ээлжинд яаралтай 7 сая төгрөг олоод өгчих. Энэ мөнгийг яаралтай 2 хоногийн дотор олоод өгвөл Япон явах асуудал чинь бүтнэ гээд байсан”.
 ... миний өмнөөс ***д *** эгч Япон явуулах мөнгө өгсөн.” /хэргийн 40-42/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** гэдэг төрсөн эцэг нь ***г бага байхад нь эхтэй нь хамт орхиж яваад амьдралд нь ямар ч дэм болоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 47-48/, 
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 56/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 59-60/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 86/, 
       
-Яллагдагч ***гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 107-112/, 
-Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 113/, 
-Хохирогч ***ийн хохирол төлбөрөө авсан гэх шүүхэд гаргасан хүсэлт /хэргийн 167/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь хохирогч ***т өөрийгөө Япон улсад ажиллаж амьдарч байсан гэж танилцуулан түүний хүү ***, бэр ***, нагац дүү ***нарыг нь “Япон улсад ажилд зуучилж өгье” гэж хуурч мэхлэх аргаар 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2500000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7000000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 3000000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 276000 төгрөг, нийт 12776000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэн авч 12776000 төгрөгийн, хохирогч ***т “Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нөхрөөс чинь гэрлэлтийн баталгааг салгаж өгнө, Япон улсад ажилд зуучилж өгнө” гэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1000000 төгрөг, “нөхрийн чинь Солонгос улс руу гарахдаа байршуулсан 5000000 төгрөгийг авч өгье” гэж 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2000000 төгрөг, нийт 3000000 төгрөгийг хуурч  мэхлэх аргаар өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлэн авч залилан мэхлэж, бусдад 15776000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…*** эгчид би ***г бас Япон руу ажилд зуучлуулах юм бол ***этэй адил дээрх мөнгөнүүдийг миний хэлсэн материалуудын хамт над руу явуул гэсэн.  Мөнгийг *** эгч өөрөө хариуцаж миний Хаан банкны *** тоот дансанд нийт 4 удаа тасалж нийт 12776000 төгрөгийг шилжүүлсэн.”, хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Япон явчихвэл хүүхдүүд минь гайгүй амьдрах байх гэж бодоод хүн амьтнаас зээл авч цуглуулж нийт 12766000 төгрөгийг ***д өгсөн. Энэ мөнгийг ***гийн эгч нь гэж хүн 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр авчирч өгсөн. Одоо надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч ***ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 13-15/, хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***гийн хэлсэн 1 сая төгрөгийг Хонгор сумаас ***гийн өөрийнх өгсөн Хаан банкны *** гэсэн данс руу шилжүүлсэн. ...надад мөнгө байхгүй байсан арай гэж хүнээс асууж сураглаж байж мөнгө олоод төрсөн дүү ***т хэлж байгаад түүний ХААН банкин дахь *** тоот данснаас 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2 сая төгрөгийг ***гийн *** тоот данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27-28/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хадам ээж *** маань ***э бид хоёрыг Япон гарахад шаардлагатай гэх *** эгчийн нэхсэн бүх мөнгийг өөрөөсөө *** эгч рүү бүгдийг нь шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Япон руу явуулж ажилд оруулж өгөхөд тийм ч юманд тэдэн төгрөг хэрэгтэй, ийм ч зүйлд тэдэн төгрөг хэрэгтэй гээд мөнгө аваад байгаа сураг гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...*** гэдэг хүн түрүүлж над руу 9917-той сүүлийн 4 оронтой тоог нь санахгүй байна. Дугаараас яриад *** эгч нь байна, чи Япон улс руу явж ажиллаж амьдрах бодол байна уу? гэсэн, тэгсэн энэ асуудлыг би өөрөө хариуцаж хөөцөлдөнө, баараггүй бүтнэ, санаа зоволтгүй харин надаар Японы виз болон очоод ажиллах ажил, амьдрах байраа хөөцөлдүүлж бүтээлгэх бол эхний ээлжинд яаралтай 7 сая төгрөг олоод өгчих. Энэ мөнгийг яаралтай 2 хоногийн дотор олоод өгвөл Япон явах асуудал чинь бүтнэ гээд байсан. ... миний өмнөөс ***д *** эгч Япон явуулах мөнгө өгсөн.” /хэргийн 40-42/, яллагдагч ***гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 107-112/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.***г хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, 15776000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь “хохирол төлбөрөө авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, хохирогч *** нь “3000000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 167/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
 Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг өөрийн сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч ***гийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй байна.
Шүүгдэгч Б.***гийн энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Б.***гийн эзэмшлийн I phone S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн /хэргийн 59/ мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч ***гийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгахаар шийдвэрлэснийг дурдаад

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***г хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгө залилан мэхэлж, бага бус хэмжээний буюу 15776000 төгрөгийн /арван таван сая долоон зуун далан зургаан мянга/ хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч *** ***д эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 65 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12480000 /арван хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгор ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.***гийн энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгдэгч Б.***гийн цагдан хоригдсон 70 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгтэй тэнцүүлэн тооцож, шүүгдэгч ***нь 12480000 төгрөгийн торгох ялыг эдэлж дууссан болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч Б.***гийн эзэмшлийн I phone S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***гийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгохыг Хил хамгаалах Ерөнхий газарт даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ