Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1359

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б”” ХХК, “Ө” ХХК, “Т” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 164 413 000 төгрөг гаргуулж, үерийн усны шуудууг техникийн нөхцлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Эрдэнэпүрэв,

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Түвшинбаяр,

Хариуцагч “Тэс петролиум” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд газар худалдан авч, үйлдвэрийн байр байгуулан авто угаалга, хуванцар хоолойн үйлдвэрлэлийн шугам тохиргооны ажил хийж, 2014 оноос бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл явуулж эхэлсэн. 2014 онд нийт 7 232 400 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. 2014 оны 4 дүгээр сараас манай үйлдвэрийн барилга байгууламжийн урд талд “Бат бүрдэл” ХХК нь шинээр барилгын ажил эхлүүлсэн бөгөөд замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5, 9 дүгээр саруудад удаа, дараа замын гадаргуугийн цугласан ус замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон. Энэ талаар 1900-1200 утсанд удаа, дараа хандан гомдол гаргасан ба барилгын захиалагч Ч.Өлзийсайханд утсаар ярьж, арга хэмжээ авахыг шаардсан. Энэ дагуу “Бат бүрдэл” ХХК ус зайлуулах хоолой хийсэн боловч тэр нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бөглөрч манай ажлын байр луу дахин ус орж ирснийг бид өөрсдийн хүчээр цэвэрлэж үйлдвэрлэлийн ажлаа үргэлжлүүлж байсан. Үүнээс гадна “Бат бүрдэл” ХХК-ийн урд талд “Өн цаг” нэртэй төв ажилладаг болсон бөгөөд өөрийн талбайд автомашин оруулахын тулд үерийн даланд суваг цутгаж гаргасан боловч тэр нь ус нэвтрүүлэхдээ хангалтгүйгээс үргэлж бөглөрч байдаг болсон. Тэр үед “Ө” гэдэг компани барилгаа барьсан, 70-ын диаметртэй сувгийн ус зайлуулах хоолойг хийсэн. Өөрийнхөө караоке болон дэлгүүр рүү машин оруулах зорилгоор хоолойг цутгаж хийсэн. Тэр нь бөглөрөөд усанд автаад байж байсан. Ингээд 2014 онд “Т” ХХК барьсан. Замын гадаргуу дээрх ус зайлуулах хоолойн чиглэлийг өөрчилсөн. Замын 2 талд нэлээн өргөн, нэлээн өндөр суваг замын доогуур шуудуугаар урсдаг байсан ба тэрийг “Бат бүрдэл” ХХК болон “Т” ХХК нар өөрчилсөн. “Т” ХХК 90 см хүрэх үгүйтэй төмөр хоолой тавьсан. “Бат бүрдэл” ХХК нь жалганы аман дээр 1500-ын диаметртэй хоолойг 1000 болгож нарийсгаад, 90 градусын огцом эргэлт хийсэн. Тэр үед хийж болохгүй, үер их ордог гэж Өлзийсайхантай би уулзаж байсан. 90 см-ын хоолойг өөрсдөө газар доор цутгасан. Тэгээд 1000-ын кольцонууд нийлүүлээд тавиад явсан. “Бат бүрдэл” ХХК өөрийн хашаагаа бариад, залгаад “Ө” ХХК байрладаг. “Ө” ХХК нь 50 см, 1000 диаметртэй кольцонууд өөрсдөө цутгасан. Гол зорилго нь төв замаас шууд өөрийн талбай руу автомашин тавих талбай бэлтгэсэн. “Ө” ХХК-ийн хийсэн кольцонууд хоорондоо их завсар зайтай, шороо ордог байсан. 2016 онд шороо асгаж дүүргээд бетондсон. Тэгээд үерийн усны даланг өөрсдийн машины зогсоол болгосон. 2016 онд 70 см-ын хоолойгоо дахин ухаж аваад өөд өөдөөс нь хавсраад тавьсан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бороо орж, тэр үед “Сүүтэй хайрхан уул” ХХК, “Бат бүрдэл” ХХК, “Ө” ХХК болон тэр хавийн айлууд бүгд усанд автсан. “Т” ХХК замын эсрэг талд өндөржилт ихтэй учир усанд автаагүй. Эдгээр байгууллагууд дур мэдэн шаардлага хангасан зураг төсөлгүй, өөрсдийн эзэмшил газар биш нийтийн эзэмшлийн шуудуу байсныг өөрчлөөд манайд хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч нар сувгийг өөрчлөхдөө техникийн нөхцөл авах ёстой байсан. Эндээс хэр зэрэг ус ирэх, тэр усыг хэдэн см-ын диаметртэй хоолойгоор дамжуулах уу гэсэн тооцоолол хийлгэх байсан. Замын доогуур байгаа хоолойноос нарийсгаж хийсэн. 90 градус эргүүлсэн нь үерийн үеэр даралттай ус дамжиж явахгүй хоолой нь буудсан. Хол зайтай хамааралгүй зүйл бол биш. “Ө” ХХК-ийн шуудуу өөрсдийнх нь хашаанд, зам дагуу ус зайлуулах шуудуу “Б”” ХХК-ийн хашаанд, замын нөгөө талд “Т” ХХК шуудууны аманд байрлаж байгаа. Мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлөө аваад олгосон нөхцөлийн нь дагуу зураг төслөө зуруулаад хийлгэхийг хүсэж байна. Замын доогуур явж байгаа диаметрээс буулгахгүй байх хэрэгтэй. Үүнийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Манайд учирсан гэм хорын хохирол 161 413 000 төгрөг юм. Тоног төхөөрөмжийн хохирлын үнэ 86 440 000 төгрөг, түүхий эд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ 69 113 000 төгрөг, ажлын байрны нөхөн сэргээгдэх өртөг 5 860 000 төгрөг болно. Энэ хохирлыг 3 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б”” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бат бүрдэл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 6 дугаар гудамж, иргэн Б.Өлзийсайхан, Л.Сансар нарын эзэмшлийн газар дээр 80 айлын орон сууцыг барьж гүйцэтгэн, иргэдийн оршин суух нөхцөлийг бүрдүүлэн Улсын комисст амжилттай хүлээлгэн өгч ажилласан. Манай компанийн барьсан барилга нь иргэн Б.Өлзийсайхан, Л.Сансар нарын эзэмшлийн газар байсан бөгөөд анх байсан үеэсээ эхлэн тухайн газар нь үер усны онцгой бүсэд байрладаг, байнгын үерт автдаг автозамаас нам дор газар байсан. Үер усны гамшиг олон жил болж байсан газар байсан бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшил газар мөн адил энэ аюултай бүс газарт байрлаж хэд хэдэн талаасаа усанд автаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин бид иргэд болон барилгын аюулгүй байдлыг хангахын тулд барилгын орчмын газрыг 2 метрээр өндөрлөж, “Өн цаг төв” ХХК-ийн хийсэн үерийн усны хоолойн төгсгөл хэсгийг автозамын доорх нүхэн хоолой руу холбон 2000-н шугам хоолойг барьж гүйцэтгэснээр тухайн орчинд үер усны аюул гарах эрсдэлийг бууруулсан тодорхой бодитой ажил болсон юм. Мөн автозамын ус зайлуулах сувгийг үерийн ус зайлуулах шугам руу холбосон зэрэг өөрсдийн хүч, хөрөнгөөр төрийн хийгээгүй ажлыг бид гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг “... замын хажууд байсан үерийн ус зайлуулах шуудууг барилгын суурийн нүх ухахад гарсан шороогоороо булж тэгшилсэн. Үүнээс болж 2014 оны 5 дугаар сар, 9 дүгээр саруудад удаа, дараа замын гадаргуугийн цугласан уг замын хашлага даван үйлдвэрийн байр луу орж ирэх болсон" гэж үндэслэлгүй гүтгэж байнгын үерт автдаг, нэн аюултай бүсэд байрладаг байснаа мартаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани нэхэмжлэгч компанид аливаа гэм хор учруулаагүй, гэм буруутай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа “үерийн усны шуудууг холбогдох байгууллагын хяналтын дор техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг батлуулан, шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж, өөрчлүүлэх” хэмээн нэмэгдүүлсэнд хариуцагч “Б”” ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч “Б”” ХХК нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэм буруугүй бөгөөд байгалийн давагдашгүй хүчний улмаас бусдад учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн “Б”” ХХК нь орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгч бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл үерийн усны суваг шуудууг өөрийн хөрөнгө, мөнгөөр гүйцэтгэж учирч болох аюул, үерийн усны гамшгийг багасгах талаар арга хэмжээ авч ажилласан бөгөөд энэ нь хэн нэгний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ө” ХХК-ийн харьяа “Өн цаг” төв нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 2012 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тухайн орчиндоо хамгийн анх байгуулагдсан газар юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг “Өн цаг” төв нь “С” ХХК-ийн барилга байгууламж баригдсаны дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн газар биш болно. Хариуцагч болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газрын байдал нь нам дор, үер усны онцгой бүс ба ердийнхөөс илүү хэмжээний бороо ороход л байнга үерт автаж, борооны устай хамт урсаж орж ирсэн лаг шавар, хог хаягдлын улмаас байнга усаар дүүрдэг газар бөгөөд бид өөрийн хөрөнгөөр болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн уснаас хамгаалах сувгийг барилгынхаа урдуур хийж, хашаагаа бетон болгох гэх мэтээр хамгаалах бусад арга хэмжээг авч улмаар урсаж орж ирсэн хог хаягдлыг дан ганц өөрийн хүчээр зайлуулж, цэвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч болон тэр орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудаас тусалж, хамтран ажиллаж байсан удаагүй атлаа суваг бөглөсөн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж болзошгүй үер усны онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг хирнээ үерийн уснаас эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, үерийн уснаас учрах хор хөнөөлийг багасгах ямар ч арга хэмжээг аваагүй бөгөөд улмаар өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж учирсан хохиролдоо эргэн тойрондоо үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй явдал болно. Тухайн үерийн онцгой бүсэд “Өн цаг" төв, “Сүүтэйхайрхан”, “Бат бүрдэл” ХХК барьсан орон сууцны барилга, шатахуун түгээх станцын барилга гэсэн объектууд байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө л биш бол өөр хэн нэгэн, хэн нь ч хамаагүй надад учирсан хохирлыг төлөх ёстой гэсэн байдлаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэр бүхий байгууллагуудыг хариуцагчаар татсан байх бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан 2014 оны 5, 7, 9 дүгээр саруудад үйлдвэр нь усанд автах үед замын гадаргуугийн ус зайлуулах шуудуу чухам хаана бөглөрч, хэнийх нь буруутай үйлдлээс болсныг тухайн үед газар дээр нь шалгасан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид тогтоосон атлаа тус компанийг үндэслэлгүйгээр буруутган хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани өөрсдөө хууль зөрчин үерийн усны аман дээр байдаг бөгөөд үерийн усны хамгаалалт ус зайлуулах инженерийн байгууламжийг шийдэлгүй барилга байгууламжаа барьсан нь бусдыг буруутгах үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлдээ: “...дээрх газрууд зохих байгууллагын зөвшөөрөлгүй, ямар ч зураг төсөлгүй дур мэдэн өөрчилсөн үерийн далан шуудууг стандартын дагуу хийлгэхийг шаардан газруудад хандсан, албан шаардлагыг хүлээн авсан боловч огт ажил хийгээгүй...” гэжээ. Энэ нь бодит үнэн байдалд огт нийцэхгүй юм. Учир нь манай компани шатахуун түгээх станцаа барихдаа мэргэжлийн зураг төслийн компаниар хийлгэн холбогдох байгууллагуудаар батлуулсан. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн борооны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчидтай манай менежер уулзан зураг төсөл болон холбогдох бичиг баримтуудаа танилцуулсан бөгөөд байгууламжаа газар дээр нь үзүүлсэн ба манай компанид дахин энэ асуудлаар хандаагүй болно. Тухайн байршлыг товчхон хэлэхэд 3 замын уулзвар дээр байдаг. Үерийн усны онц аюултай бүс бөгөөд зүүн талдаа уулархаг, өндөр учир их ус орж ирдэг. Баруун талаасаа Баянхошуу, телевизийн уулзвар орж ирдэг байршилтай. Замын эсрэг талдаа “Т” ХХК байрладаг. Манай хойд талаар далан байдаг. 2015 оны 7 дугаар сард болсон бороо бол байгалийн гамшиг болсон гэж үздэг. Тухайн үеийн онцгой байдлын илтгэх хуудас, хавтас хэрэгт авагдсан бичлэг байгаа. Үндсэн нэхэмжлэлд дур мэдэн барилга байгууламж барьсан гэж буруутгадаг. Манайх газар эзэмших гэрчилгээний дагуу Шатахуун түгээх станцыг 2013 онд барьсан. Зураг төсөлгүй барьсан гэж байгаа нь үндэслэлгүй. Зохих байгууллагуудаас батлагдсан зураг төслийн дагуу хийсэн нь хавтас хэрэгт тайлбартайгаа байгаа. Манай зураг төсөл болон ус зайлуулах байгууламжийн зураг төслийг “Престиж инженеринг” ХХК гэх мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Тэр үед зураг төслийг баталгаажуулдаг байгууллага нь “Улаанбаатар нэгтгэл” гэж байгаагүй “Барилга хөгжлийн төв” гэж байсан. 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргасан байдаг. Энэ мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу Шатахуун түгээх станц болон ус зайлуулах байгууламжийг хийлгэсэн. Шатахуун түгээх станц нь өөрөө онцгой бүсэд хамаардаг. Энэ хавь өөрөө үер усны аюултай бүс учир албан байгууллага, айл өрхүүд бүгд дор бүрнээ хамгаалах арга хэмжээ авдаг. Хуулиар ч гэсэн ийм үүрэгтэй. Бодит байдалд “Т” ХХК замын эсрэг талд ус зайлуулах хоолойн гаралтын хэсгийг хариуцдаг. Дээрээс ирсэн усыг гаралт хэсэгт чөлөөтэй нэвтрүүлэх үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзээд хамааралтай хэсгийн даалгаврыг өгдөг. Бид үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлж ирсэн. Энэ үйл явдал болсны дараа мэргэжлийн байгууллагууд ирж шалгахад “Т” ХХК нь шууд хамааралгүй юм гэсэн. Хашлагаа давж ирж байгаа ус бол хуримтлагдсан хог, сул шороо зэрэг нь оролтын хэсэгт бөглөрөөд дамжуулах сувгийг хааснаар үүсэж байгаа учир хүний хүчин зүйлээс болсон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй зүйл байна. Учир нь ус зайлуулах байгууламжгүй зам тавигдсан. Энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага төсвөө батлаад шийдэх ёстой. Улаанбаатар нэгтгэлд үүрэг өгсөн байдаг. Одоо хүртэл шийдэж өгдөггүй. Мөн дүүргийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн газар хариуцах ёстой. Гэм хохирлын үнэлгээ тогтоохдоо эргэлзээтэй байна гэж үзэж байна. “Т” ХХК нь мэргэжлийн байгууллагаар зураг төслийн дагуу баригдсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шууд хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч “Б”” ХХК, “Ө” ХХК нараас гэм хорын хохиролд тус бүр 53 804 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 53 804 333 төгрөгийн, хариуцагч  “Т” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч “Б”” ХХК, “Ө” ХХК нарт үерийн усны байгууламжийг зохих хууль, стандартын дагуу барьж байгуулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 035 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б”” ХХК, “Ө” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 426 972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, шинжээчийн зардалд “С” ХХК, “Б”” ХХК, “Ө” ХХК нараас тус бүр 1 000 000 төгрөг гаргуулан шинжээч Г.Нансалмаа, С.Төмөрбат нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Б”” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тус иргэний хэрэг хэд хэдэн удаа шинжээч томилсон бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа шүүхийн тогтоолд заасан асуултад бүрэн дүүрэн хариулаагүй, ач холбогдолтой дүгнэлт гаргаагүй, үндэслэлгүйгээр хариуцагч нарыг илтэд буруутгах гэсэн дүгнэлт гаргасан. Хариуцагч “Б”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, шинжээч нараас тодруулах асуух замаар дүгнэлтийг хүлээн авна гэж шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилох эсэх асуудлыг шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас өмнө Г.Нансалмаа, С.Төмөрбат нар “Б”” ХХК-ийн ерөнхий захирал Д.Пүрэвсүрэн, Ерөнхий менежерээр ажиллаж байсан М.Энхшатар нар луу 2017 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд утсаар ярьж, дүгнэлт гаргасан тухайн газарт дуудаж уулзахаар болсон байсан. Өөрөөр хэлбэл шинжээчийг томилсон шүүхийн тогтоол гараагүй байхад эдгээр иргэд Г.Нансалмаа, С.Төмөрбат нар нь шинжээчээр ажиллахаар болсон гэж тайлбарлаж байгаа нь хуульд заасан шинжээчийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн шүүх эдгээр шинжээчээр ажилласан иргэдийг ямар үндэслэлээр нэр заан томилсон нь хариуцагч талд ихэд эргэлзээг төрүүлж байсан боловч шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн, мөн хэргийг шийдвэрлэхдээ тус дүгнэлтийг буруу үнэлсэн байна. Тус шинжээчийн дүгнэлт нь гурван хариуцагч нар нь үерийн усны барилга байгууламжийг барихдаа холбогдох, дүрэм стандарт нийцүүлж барьсан эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд хариулах ач холбогдолтой байсан ба шинжээч “Б”” ХХК-ийн барилга байгууламж шугам сүлжээ, кадастрын зураг зэрэг нь шаардлага хангасан стандартын дагуу хийгдсэн боловч ус зайлуулах зорилгоор барьсан худаг хоолой нь батлагдсан зураггүй хийгдсэн байна" гэж дүгнэлт гаргасныг шүүх үнэлээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл “Б”” ХХК нь холбогдох дүрэм, стандартын дагуу үерийн усны барилга байгууламжийг барьсан гэж үзэх үндэслэлтэй байсан ба шүүх хариуцагчийг буруутгахдаа зөвхөн зураг төсөлгүй барьсан гэх үндэслэлийг гаргаж бусад хэргийг үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн барилгын зоорийн давхарт борооны үерийн ус нэвтрэн орсон гэх үйл баримтыг тогтоосон, хариуцагч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан эсэхийг тогтоосон нотлох баримт биш юм. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн барилгад хоёр талаасаа үерийн ус орж ирдэг бөгөөд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайгаа 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулж байсан. Эндээс үзвэл “Б”” ХХК-ийн талаас үерийн ус нэхэмжлэгчийн барилгад орсон уу, эсхүл нөгөө талаас нь үерийн ус нэвтрэн орсон уу гэх асуудал зайлшгүй хөндөгдөж байгаа юм. “Б”” ХХК-ийн зүгээс тус шинжээч нарт  үзлэг хийж байхад нь үерийн усны гол үндэслэл, шалтгаан нөхцөлийг тайлбарласан байдаг. Уг нутаг дэвсгэр дэх уулын ус нь олон тоосгоны үйлдвэрийн нөхөн сэргээгээгүй орхисон том цүнхээл нүхэнд их хэмжээгээр цугларч, төвлөрч үерийн усыг үүсгэж урсгадаг ба доош төв зам руу чиглэн урсахдаа ойр орчны хог, айлуудыг бохир, газрын лаг шаврыг хамж урсаж шугам хоолойг бөглөх асуудал нь жинхэнэ үерийн усны шалтгаан болж байдаг. Мөн нэхэмжлэгч “С” ХХК-ийн барилга руу чиглэсэн үерийн ус нь зөвхөн “Б”” ХХК-иас чиглэж урсаагүй, нэхэмжлэгчийн барилга руу 3 газраас үерийн ус чиглэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шинжээчийн дүгнэлтэд үерийн усны шалтгаан нөхцөлийг автозамыг барихдаа үерийн усны шугам хоолойгүй түүнийг төлөвлөөгүй болохыг дурдсанч хариуцагчийг буруутгасан буюу эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн тоггоогоогүй. Хавтаст хэргийн 241 дүгээр талд шинжээч нарт тогтоолыг 2017 оын 12 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан боловч хууль сануулаагүй байхдаа дүгнэлт гаргуулсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Үүнээс улбаалан шинжээч нар нь илтэд үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан үзэх үндэслэлтэй байна. Тухайн газрын онцлог, нөхцөл байдал нь урьд өмнө нь үерийн усны аюултай орчин байсан ба зөвхөн үерийн усны барилга байгууламжийг сайжруулсан хариуцагч нарын үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учраагүй болохыг нотлох, хариуцагчийн татгалзлын үндэслэлийн нэгийг нотлох баримт болох хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үерийн усны аюулаас сэрэмжүүлэх шторк нэвтрүүлгийн бичлэгээс харагдана. Тус бичлэгт одоогийн нэхэмжлэгч, хариуцагч нарын оршин байгаа /СХД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр/ газар өмнө нь хэрхэн үерийн усанд автаж аюулд өртөж байгаа болохыг харуулсан байдаг. Энэхүү бичлэгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах шатанд судалсан. Гэвч 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаан болоход тус бичлэг хавтаст хэрэгт байхгүй байсан. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхойлсон ба хэрэгт хавсаргасан нотлох баримтыг устгаж хариуцагчийн татгалзлын үндэслэлийг үгүйсгэх гэсэн үйл ажиллагаа байна. Хэрэгт хамааралтай, эсхүл хамааралгүй ч нотлох баримтыг хавтаст хэрэгт цугласан бол түүнийг хэрхэн үнэлэх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу үнэлэх естой. Шүүхийн энэ үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэл байна. Шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьсан, хариуцагч нарыг үндэслэлгүй буруутгах гэж нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, шинжээчийг дахин шинжээчээр солих хүсэлтийг хүлээн аваагүй зэргийг хариуцагч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна. Тус иргэний хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон ба хариуцагчийн төлөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10 цаг 30 минутад болох М.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тул шүүх хуралдаанууд давхцаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаантай болох тухайгаа мэдэгдэж хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж мэтгэлцэх эрхээр хангаагүйгээс гадна хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн байна.  Тус иргэний хэргийн шүүх хуралдааныг өмнө нь зарласан боловч тухайн хурал болох өдрийн 10 цаг 30 минутад өөр шүүх хуралдааныг товлосон байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өмнө нь зарласан хурал бол 30 минутын өмнө өөр шүүх дээр хуралдаантай байсан ч шүүх хуралдааныг хийнэ гэж үзэж байгаа нь хариуцагч талын эрхийг зөрчсөн явдал юм. Хариуцагч “Б”” ХХК-ийн гэм буруутай үйлдлээс 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдар “С” ХХК-ийн барилгын зоорийн давхарт үерийн ус нэвтрэн орсон гэх асуудал нь бүрэн нотлогдохгүй, хариуцагч гэм буруугүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт гарган өгсөн боловч хүсэлт болон нотлох баримтыг үл харгалзан үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэж буй үйлдэл нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “шүүх хуралдаан давхацсан буюу өмнө нь зарлагдсан шүүх хуралдаанд оролцох нөхцөл байдал бий болсон” талаар хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар зохигч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зааж өгсөн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийг хязгаарлаж үл болох эрх гэж хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ойлгож байна. Мөн эрх хэрэгжсэний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчим хэрэгжих ба уг мэтгэлцэх ажиллагааны үр дүнд шүүх хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндэс юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “С”  ХХК нь хариуцагч “Б”” ХХК, “Ө” ХХК, “Тэс петролиум” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 164 413 000 төгрөг гаргуулах, үерийн усны шуудууг техникийн нөхцлийн дагуу зураг төсөл батлуулан шинэчилж, 2000 мм-ын диаметрийн хоолойгоор хийлгэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс 2017 оны 11 сарын 22-ны өдөр Г.Нансалмаа, С.Төмөрбат нарыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1-р хх-ийн 239-240 дүгээр тал/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасан.

 

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд шинжээчээр томилогдсон Г.Нансалмаа, С.Төмөрбат нар нь талуудын маргааны зүйл болох ус зайлуулах хоолой, үерийн байгууламжийг стандартын дагуу хийгдсэн талаар дүгнэлт гаргах тусгай мэдлэг, чадвартай болохыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай. Гэтэл шүүх шинжээчээр томилж байгаа этгээдийн хувийн байдлыг тодруулаагүйгээс гадна тэдгээрийн мэргэжил, ур чадварын талаар нотолсон баримтгүй байхад тэдгээрийг шинжээчээр томилсон нь буруу байна. /хх-ийн 246-250, 2-р хх-ийн 1-8 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх үндэслэлээр болон шинжээчийн дүгнэлт нь шүүхээс тавьсан асуултад бүрэн хариулаагүй үндэслэл зааж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хангаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасныг зөрчсөн ба уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б”” ХХК-иас төлсөн 427 000 төгрөг, “Ө” ХХК-иас төлсөн 427 000 төгрөгийг  тус тус буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                         

                                                          ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                       

                                                                                                          Г.ДАВААДОРЖ