Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/244

 

  2023         06            29                                  2023/ШЦТ/244

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 2325000000334 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь ........... тоот хашааны гадаа хохирогч Э.Бтой эгчийгээ өмөөрөх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, унагааж зодон эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, баруун нүдний урд булан, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Б.Гийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

       Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч Э.Бын  .. 2023.06.02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед гэртээ унтах гээд байж байсан чинь миний  утас руу найз Г залгаад мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгөө алдчихлаа 200,000 төгрөг зээлээч гэхээр нь байхгүй гэж хэлэхэд хэрэгтэй болохоор залгадаг хэрэггүй болохоор залгахгүй юм гөлөг чинь гэхээр нь юу яриад байгаа юм гээд ярилцаж байгаад, бид хоёр архи уухаар болж би эхнэрийн хамтаар эхнэрээрээ машин бариулаад Гийн гэр болох Эрдэнэ багийн 226-17 тоот хашааны гадна талд очсон.Дуудахад гэрээсээ 0.5 литрийн архи авч гарч ирээд манай машинд сууж бид хоёр архийг тал хүртэл нь уугаад сууж байсан чинь, манай аавын төрсөн дүү болох эгч О над руу залгаад ирж аваад хүргээд өгөөч гэсэн.Эхнэр болон Гийн хамт явж Эрдэнэ багийн “Дуурга” дэлгүүрийн гаднаас эгчийг авч машиндаа суулгаад цааш Гийг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очиж зогсоход машинаас буухгүй надтай юм яриад байсан чинь манай эгч О Гт хандаж “эгч нь хурдан хүргүүлэх гэсэн юм, мөн Э.Бын хоёр бага насны хүүхдүүд нь гэртээ унтаж байгаа юм байна, миний дүү одоо буугаад гэртээ орчих” гэсэн чинь “архиа ууж дуусаагүй байна, би яахаараа буудаг юм, балай авгай минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “манай эгчтэй хүндэтгэлгүй харьцаж болохгүй” гээд бид хоёр муудалцаж хоёулаа машинаас зэрэг буусан. Юм ярьж байсан чинь Г миний нүүр болон ам хэсэг рүү гараараа цохиход би түүнийг барьж авахад харилцан барьцалдаж бид хоёр газар унаж Г миний дээр гарсан байдалтай байж байхад Отггончимэг ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би босож ирэхэд миний үүдэн 1 шүд хугарч 1 шүд хөдөлгөөн орсон байсанг мэдсэн. Тэгээд Г нь хэрүүл хийгээд салахгүй миний уурыг хүргээд байхаар нь хашааны гадна талд байсан түүний Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг нь хөшөөд хугалчихсан. Тэгээд Цагдаад дуудлага өгч цагдаа ирээд маргааныг зогсоосон. Би Гийг цохиж зодсон үйлдэл гаргаагүй, түүний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Шүдээ янзлуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6-8-р тал/

-гэрч Т.Мийн мэдүүлсэн... Гийг гэрт нь буулгах гэсэн чинь буухгүй машинд суугаад байсан чинь эгч түүнд хандаж “Э.Б хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн байгаа юм байна, эгч нь бас яаралтай гэртээ хүргүүлэх” гэсэн юм гэсэн чинь “архиа ууж дуусаагүй байна, яахаараа буудаг юм балай, авгай минь” гэж хэлэхэд манай нөхөр эгчтэй хүндэтгэлгүй харилцлаа гээд уурлаж Б.Гтой хэрэлдэхэд нөхөр Э.Бат- Оргил, Б.Г хоёр машинаас буун дахин хэрэлдээд зогсож байснаа гэнэт харилцан барьцалдан авахад Б.Г нь манай нөхрийн нүүр болон ам хэсэг рүү гараараа цохисон, тэгтэл нөхөр маань Б.Гийг тэврэн авахад тэр хоёр газар унаж ноцолдоход эгч О бууж салгасан, тэгээд манай нөхөр босож ирээд шүд рүү цохиод шүд хугалчихлаа гэж хэлсэн......гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06-р сарын 06-ны өдрийн 504 дугаартай...Э.Бын бид нэг шүдний хугарал, баруун нүдний урд булан, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмлүүд байна. Нэг шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Баруун нүдний урд булан, цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй... Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 13-14-р тал/

-Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн.... Тухайн шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 226-17 тоот хаягтай хашааны гадна талд найз Э.Бын эгч намайг хөөгөөд байхаар нь би ядаргаатай юм бэ гээд уурласан чинь Э.Б эгчийгээ өмөөрч надтай муудалцаж машинаас буун бид хоёр харилцан нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү цохиж газар барьцалдан унаад босож ирсэн. Би тээврийн хэрэгслийнхээ толийг нэхэмжлэхгүй, миний зүгээс гаргах санал, хүсэлт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ баг, Жаргалантын 10-32 тоот гэрт нь хүргэхээр очсон Э.Бтой эгчийгээ өмөөрсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, унагааж зодон эрүүл мэндэд нэг шүдний хугарал, баруун нүдний урд булан, цээжинд зулгаралт  бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас Э.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Б.Гийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        2.Эрүүгийн хариуцлагын талаар.

       Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.            

        Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ургийн овогт Б-гийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б:Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ