Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/257

 

2023         07             03                                   2023/ШЦТ/257

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Шт холбогдох эрүүгийн 2325001850301 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Э-ын Шыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Н “хүүхдүүдээ орхиж явах гэлээ” гэсэн шалтгаанаар гараас нь татаж, чирж, өшиглөн зодож хохирогчийн эрүүл мэндэд нь баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

             -шүүгдэгч Э.Шын мэдүүлсэн: Тэр өдөр ажлаа тараад ирэхэд манайд нэг хүүхэн эхнэр 2 байсан. Нөхрөөсөө салж байгаа гэсэн юм яриад байсан. Маргааш нь дахиад архитай орж ирсэн. Тэгээд эхнэртэй 2-уулаа гарч явна гээд байхаар нь би хөөж гаргасан. Эхнэр араас нь гарна гээд, би зууралдаад тийм юм болсон. Дийлдэхгүй шат руу унасан. Гэрээс гаргахгүй гэж би зуурч, өшиглөсөн байх. Явна гээд дайраад байсан юм. Бид 2-6 насны 3 хүүхэдтэй. Эхнэр хүүхдүүдээ орхиод явчихдаг. 5 дахийн орой гараад бүтэн сайнд ирдэг. 4 сард хот яваад 26 хоноод ирсэн. Тийм зантай. Одоо бол хамт байгаа гэх мэдүүлэг,

 

            Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан ба талууд шинжлэн судалсан:   

             -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/

- Ярилцлагын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эсрэг нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 7-41-р тал/

            - Уурхайчин багийн Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 42-р тал/

            -хохирогч Д.Н мэдүүлсэн... Өнөөдөр манай нөхөр Ш 20 цаг 30 минутын үед гэрээсээ гарч яваад 1 шил 0.5 граммын архи аваад ороод ирэхээр нь бид 2 хувааж уусан. Тэгээд байж байсан чинь манай найз Э надруу залгаад нөхөртэйгээ маргалдаад асуудалтай байна гэхээр нь би чи хаана байгаа юм бэ би чамайг очоод авья гэсэн “Төгөл” дээр байна гэхээр очиж авсан. Тэгээд бид 3 дахиад нэг шил 0.5 граммын архи аваад хувааж уусан. Тэр хооронд манай нөхрийн дуу өндөрсөөд агсан тавиад намайг муу хар гичий чинь миний ярьж байгааг ойлгохгүй байна гээд байсан. Тэгээд манай найз Эг зайл гичий минь гээд хөөж туугаад байхаар нь манай найз гараад явсан. Тэгээд Ш намайг “чи ёстой засрахгүй янхан юм байна эрийн дон дуссан муу хар гичий зайл зайл” гээд хөөгөөд хэл үгээр доромжлоод байхаар нь чи намайг зүгээр явуулчих гэсэн чинь “чам шиг муу хар гичийг явуулахгүй” гээд толгой руу, нуруу руу маань цохиод, өмсөж байсан цамцыг маань ураад байхаар нь би гараад зугтаасан чинь араас гарч ирээд орцонд зүүн талын маань гуян дээр дэвсээд намайг гэрлүү чирч оруулсан. Тэгээд гэртэй ороод байж байсан чинь Ш цагдаад намайг хүүхдүүдээ хаяж явах гээд дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд бид 2 цагдаа дээр авч ирсэн. Өмнө намайг зодож байсан хэл үгээр доромжилж байсан. Тэгээд цагдаад гомдол гаргаад 1 удаа баривчлуулж байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй гэр бүл болоод 9 жил болж байна. Дундаасаа 1-6 насны 3 хүүхэдтэй... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэгт цус хуралт гэмтлийг тухай үед нөхөр намайг орцноос гэр рүү гарнаас татаж оруулахдаа учруулсан. Мөн зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлийг нөхөр маань хөлөөрөө 1 дэвсэж учруулсан юм. Намайг явуулахгүй гээд татахад нь миний ноосон цамц урагдчихсан юм. Гэхдээ би цамцны төлбөр нэхэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-н 44-45, 53-р тал/

-гэрч Б.Б-гийн мэдүүлсэн...  Миний бие 2023 оны 05 сарын 03-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг 24 цагаар гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг өнгөрч байхад жижүүрийн шуурхай албанаас уурхайчин баг 3-7-64 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу очиход тухайн айлд гэрийн эзэн залуу согтуу байсан бөгөөд эхнэр нь гэртээ байхгүй тэр залуугийн эгч нь болох эмэгтэй нөхөртэйгөө ирчихсэн байсан. Би тэр залуугаас болсон зүйлийн талаар асуухад манай эхнэр 26 хоног гэртээ ирэхгүй байж байгаад өчигдөр ирсэн юм. Би тэгэхлээр нь хүүхдүүдээ хайхрахгүй байна гээд 108 дугаар луу дуудлага өгсөн юм гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

-гэрч Л.Ш-ийн мэдүүлсэн.... Д.Н нь 2015 онд манай хүүтэй танилцаж манайд бэр болж ирсэн. Д.Н нь эхний жил тусархуу байдаг байсан.2016 оноос Д.Нандин- Эрдэнэ нь 9 сартай том хүүхдээ хаяж гадуур тэнэж байгаад 10 гаруй хоногийн дараа ирж байсан. 2018 онд хоёр дахь хүүхдээ 4 сартай байхад нь хаяж гадуур явчихаар нь 108 дугаарын утсанд дуудлага өгч Д.Н олж ирсэн бөгөөд тухайн үед нөхөр бид хоёроос уучлалт гуйж байсан. Д.Н нь хавар болохоор хувцасаа аваад гадуур хоноглож явж байгаад ирдэг бөгөөд гадуур тэнэж ирэхээрээ нөхөр бид хоёроос уучлалт гуйгаад байдаг. Хамгийн сүүлд 2023 оны 04 сарын 04-ний өдөр Д.Н нь Улаанбаатар хот руу явж 26 хоноод ирсэн. Д.Н Улаанбаатар хотоос ирсэний маргааш нь буюу 5 сарын 1-ний өдөр очиж уулзахад юм дуугарахгүй байсан. Д.Н Ш хоёр үе үе хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг. Эхнэр нь гэрээсээ явлаа гээд хэрүүл маргаан байнга хийгээд байдаг юм байна лээ. Нэг удаа автобусны буудал дээр хувцасаа аваад явах гэж байхад нь би очиж болиулж байсан. Би өмнө нь бэрийгээ өмөөрч хүүгээ буруутгаад байдаг байсан юм. Одоо бол Д.Нэс өөрөөс нь болдог юм байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/

-гэрч Д.Бы мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн үед манай эхнэр Э.Ө рүү хадам дүү Э.Ш залгаж ярьсан юм. Тэгээд тэрээр “эхнэр маань хот руу явна гээд байна, та 2 хүрээд ирээч, би харин явах гээд байхаар нь цагдаа дуудчихлаа” гэж ярьсан. Тэгээд эхнэр бид 2 Э.Шынд очиход Э.Шын эхнэр Н нь орилж хашгираад “би бол одоо явна, би энд амьдрахгүй, надад хүүхэд хамаагүй” гээд байсан. Н нь тэгээд хувцасаа чемодандаа хийгээд явна гэсээр байгаад гэрээс гарч явсан. Би түүний араас гадаа гарахад нэг хүүхэн Нтэй утсаар яриад байсан. Тэгээд тэр 2 яваад өгсөн юм. Ингээд байж байтал цагдаа ирсэн. Тухайн үед Н, Ш нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан юм. Би Нандин-Эрдэнийн биед ил харагдах гэмтэл шарх учирсан эсэхийг анзаараагүй бөгөөд эхнэр бид хоёрыг очсоноос хойш Э.Ш нь Н цохиж зодоогүй. Анх очиход Ш нь Н явуулахгүй гээд гарнаас нь зуурчихсан байсан юм... Гэхдээ Н нь хааяа гэрээсээ яваад хэд хоног алга болж байгаад ирдэг юм. Миний мэдэхийн хүүхэд болгон дээрээ л хаяж явсан бөгөөд тэднийх 3 хүүхэдтэй юм. Сүүлд Н нь гэрээсээ яваад бараг 1 сар болж байгаад гэртээ ирээд удалгүй ийм асуудал болсон юм. Э.Ш нь дуугүй, даруухан зантай, ажилсаг хүн байгаа юм. Тэрээр хэрэг төвөгт холбогдож байгаагүй бөгөөд нэг их архи уугаад байдаггүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 433 дугаартай...Д.Н биед баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62-р тал/

-шүүгдэгч Э.Шын яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад 5и гэртээ иртэл эхнэр Н нь надад хандан “чамд юм хэлмээр байна, хоёулаа салъя, надад чамайг гэсэн сэтгэл хөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан хоёулаа ярилцая гээд би дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авч эхнэртэйгээ хувааж уусан юм. Тэгтэл эхнэрийн утас дуугараад байсан бөгөөд эхнэр хэлэхдээ “найз Э залгаад байна” гэж хэлсэн. Архи дууссаны дараа эхнэр бид 2 Төгөл руу явж Этай уулзсан. Э тэгээд надад мөнгө өгч би дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авч бид 3 манайд очиж уусан. Э гэртээ харихгүй, хувцасаа авчихсан яваад байхаар нь би түүнд гэртээ очооч гэтэл тэрээр би шийдсэн, хот явна гэж хэлсэн юм. Намайг нойлд байхад Н, Э нар нь хоорондоо шивнэлдээд “наадахаа согтоогоод унтуулчих, тэгээд явъя” гэж яриад байсан юм. Би тэгээд Эг гэрээс яв, харь гэтэл эхнэр маань хонуулна гээд байсан. Тэгээд би Эг харь гэсээр байгаад гэрээс гаргасан. Тэгтэл эхнэр маань араас нь явна гээд хувцасаа баглаад бэлдчихсэн байсан бөгөөд би эхнэрийг явуулахгүй гээд зууралдсан юм. Тэгээд хүүхэд уйлаад байсан бөгөөд би хүргэн ах Батсайхан болон цагдаа руу залгаж дуудсан...Би тухайн үед эхнэрийгээ хүүхдүүдээ хаяад явчихвий гээд л түүнийг явуулахгүй гэж зууралдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ш нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-7 дугаар байрны 64 тоот гэртээ 2023 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Н “хүүхдүүдээ орхиж явах гэлээ” гэж гараас нь татах, чирэх, өшиглөх зэргээр ноцолдож зууралдаж хохирогчийн эрүүл мэндэд баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Э.Шын хохирогч Д.Н хүүхдүүдээ орхиж явах гэлээ гэж зууралдан ноцолдож улмаар зүүн гуя дээр нь 1 удаа дэвссэний  улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Н...  “чам шиг муу хар гичийг явуулахгүй” гээд толгой руу, нуруу руу маань цохиод, өмсөж байсан цамцыг маань ураад байхаар нь би гараад зугтаасан чинь араас гарч ирээд орцонд зүүн талын маань гуян дээр дэвсээд намайг гэрлүү чирч оруулсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Батхуягийн... Би эхнэрээс нь нэрийг нь асууж юу болсон талаар асуухад өөрийгөө Н гэж танилцуулаад манай нөхөр гэрт байхад хөл, гар руу өшиглөж, цохиж зодсон болохоор би гараад зугтаачихсан юм гэж хэлсэн...гэрч Д.Б ... Тэгээд эхнэр бид 2 Э.Шынд очиход эхнэр Н нь орилж хашгираад “би бол одоо явна, би энд амьдрахгүй, надад хүүхэд хамаагүй” гээд байсан...бөгөөд эхнэр бид хоёрыг очсоноос хойш Э.Ш нь Н цохиж зодоогүй. Анх очиход Ш нь Н явуулахгүй гээд гарнаас нь зуурчихсан байсан юм... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 433 дугаартай...Д.Н биед баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Э.Шын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

 

Хохирогч Д.Н нь бага насны хүүхдүүдээ орхиж гэрээсээ олон хоногоор явж байсан ба тухайн үед мөн гэрээсээ гарч явах гэсэн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүнийг хориглон гэрээсээ гаргахгүй гэж ноцолдон биед нь халдаж цохиж гэмтэл учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Э.Ш нь Д.Н биед санаатай халдаж гэмтэл хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э. Ш нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Д.Н “хүүхдүүдээ орхиж явах гэлээ” гэсэн шалтгаанаар гараас нь татах, чирэх, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд нь баруун гарын шуу, бугуй, эрхий хурууны хэсэг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж,

-Шүүгдэгч Э.Ш: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж тус тус  дүгнэлт гаргажээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн болон түүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Н нь шүүх хуралдаанд орлцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Энхбатын Шт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Энхбатын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ