| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/01128/И |
| Дугаар | 102/ШШ2020/01606 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/01606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 44 дүгээр байрны 144 тоотод оршин суух, эрэгтэй, регистр, Тэмээч овогт Г.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дунд Голын 104б байрны 51 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун Веллаж хотхоны 100 дугаар байрны 7 тоотод оршин суух, регистр, Г Г овогт Г.И-д холбогдох
2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буцаан авахыг хариуцагчид даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Надад 2013 оны намар зам засварын ажлын гэрээ байгуулахтай холбоотойгоор мөнгө олох хэрэг гарсан. Улмаар 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Ит 3 хоногийн хугацаатай мөнгө зээлэх саналыг тавьж хариуд нь Г.И 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх хариу саналыг тавьсанд аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрч 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Миний хөөцөлдөж байсан ажил хэрэг бүтэлгүйтэж Г.Иөд өгөх ёстой байсан зээлийг хугацаандаа төлж чадаагүй. Би 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Г.Иөд 15 00 0000 төгрөг хүлээлгэн өгч нотариатын мэдэгдэх хуудасны арын хэсэгт гарын үсэг зуруулсан, би үндсэн мөнгийг төлж хохиролгүй болгох зорилготой байсан бөгөөд дараа хүүний асуудлыг зохицуулах талаар хэлсэн. Г.И тухайн үед төлөх ёстой хүү, алдангийн хэмжээн дээр нарийн тохироогүй боловч 2014 оны 5 дугаар сард зээлийн хүүг баталгаажуулах нэрийдлээр тухайн үеийн хугацааны алданги болон хүүг миний өгсөн мөнгөнөөс нэмж суутгах байдлаар зээлийн гэрээ байгуулсан. Улмаар нотолсон нотариатчаас 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 011 дугаартай мэдэгдэх хуудас гаргуулан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж уг мэдэгдэх хуудсыг үндэслэж 6 жил гаруй хугацаанд хувийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчаар дамжуулан 9 080 000 төгрөгийг нэхэмжилсээр өдий хүрч байна. Иймд 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 3 хоногийн хугацаатай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлд хамрагдах бөгөөд мөн иргэний эрх зүйн гэрээний тэгш байдлын зарчим алдагдсан гэрээ байгуулагдсан гэж дүгнэдэг. Г.Итэй 2014 оны 5 дугаар сард байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан нөхцөлд хамаарч байгаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн 2014 онд шинээр байгуулсан зээлийн гэрээний хүрээнд Г.Иөөс би ямар ч бэлэн мөнгө хүлээж аваагүй нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4-т заасан нөхцөлийг хангахгүй байна. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд би хүү алдангид 2 000 000 төгрөг өгч асуудлыг хаах санал тавьсан боловч Г.И нь их хэмжээний хүү, алданги нэхэж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүг багасгах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Дээрх 2 зээлийн гэрээний хүрээнд нотариатчийн мэдэгдэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, өнгөрсөн хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 400 000 төгрөг шилжүүлж, гар утсыг хураан авч, ажиллаж байгаа байгууллагад хандаж цалин, хөлс, орлогоос суутгал хийх тогтоол хүргүүлэх зэрэг ажиллагаа явуулж байгаа тул эдгээр ажиллагааг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч Г.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буцаан авахыг хариуцагчид даалгахыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.Ц, Г.И нарын хооронд 2013 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу энэхүү 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл 2013 онд байгуулсан зээлийнхээ алдангийг 6,780,000 төгрөг гэж тооцоолоод үүн дээрээ зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч 2014 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу бэлнээр мөнгө аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 282 дугаар зүйлийн 282.4, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг 2013 онд хийсэн нотариатын мэдэгдэх хуудсаар нотолж болно. Г.Ц 2014 онд байгуулсан зээлийн гэрээгээр 6,780,000 төгрөгийг ерөөсөө бэлнээр аваагүй. Г.Ц тухайн үед санхүүгийн хүнд байдалтай байсан ба үлдсэн мөнгийг төлж чамайг алдагдалгүй болгоно гэж Г.Иөд хэлж байсан. Харин Г.И зээлийн гэрээ байгуулъя гэсний дагуу зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ийм учраас 2014 оны 6 сарын 20-ны өдрийн 11 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож, 2014 оны 7 сарын 7-ны өдрийн 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буцаан авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.И шүүхэд гаргасан тайлбартаа:Г.Ц нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр надтай 6 780 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй бэлнээр зээлж, гэрээний хугацаанд зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлөөгүй тул 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бид уулзаж үндсэн төлбөр хүүгийн хамт тохиролцон Баянгол дүүргийн нотариатад хандаж нотариатын мэдэгдэх хуудас гаргуулсан. Нотариатын мэдэгдэх хуудсын дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шүүх 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 8913/с дугаартай захирамж гарч 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч албадан гүйцэтгэхээр болсон. Гүйцэтгэх ажиллагааны хугацаанд Г.Цыг 2 удаа эрэн сурвалжилж, удаа дараа төлнө гэж хугацаа тохирон шийдвэр гүйцэтгэлийн материалд бичиж өгсөн байгаа. Би 6 жил Г.Цаас мөнгөө авах гэж удаа дараа холбогдож байгаа. Гэвч Г.Ц нь гэнэт миний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг ойлгохгүй байна, надад нотлох баримт байгаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь Г.Иөд холбогдуулан 2014 оны 5 дугаар сард байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2013 оны 9 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээний хүү алдангийг бууруулах, нотариатчийн мэдэгдэх хуудсыг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буцаан авахыг хариуцагчид даалгахыг хүсэж байна.
Баянгол дүүргийн 133 дугаартай нотариатчийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 011 дугаартай нотариатчийн мэдэгдэх хуудсанд: 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн төлбөрийг төлөх тухай баталгааг үндэслэн төлбөр төлөгч Г.Цаас 9 000 000 /есөн сая/ төгрөгийг төлбөр авагч Г.Иөд олгохоор нотариатчийн мэдэгдэх хуудас бичив, энэхүү мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэхийг Г.Цт даалгав, хэрэв дурдсан хугацаанд үүргийг үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Нотариатчийн мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай 8913/с дугаар захирамжаар Г.Иийн нотариатчийн мэдэгдэх хуудсыг баталгаажуулах хүсэлтийг хангаж, нотариатчийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 011 дугаартай мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Энэхүү нотариатчийн мэдэгдэх хуудас нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцэж байх бөгөөд 45.2-т заасан нөхцөлийг зөрчөөгүй байна.
Мөн дээрх нотариатчийн мэдэгдэх хуудас нь Нотариатын үйлдэл хийх зааврын 15 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцсэн байх бөгөөд Баянгол дүүргийн 133 дугаартай нотариатчийн үйлдсэн мэдэгдэх хуудсыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас буцаан авахыг хариуцагчид даалгах тухай шаардлага нь тодорхойгүй байх тул Г.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буцаан авахыг хариуцагчид даалгах тухай Г.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН